sonin.mn

-2019 оны Нобелийн шагналыг юуны учир өгсөн бэ?-

 Нобелийн хороо энэ жилийн физикийн салбарын шагналыг хүн бүхэнд маш ойлгомжтой одон орны нээлт хийгээд нэгэн цагт “тэсэрсэн” Орчлон ертөнцөд далдлагдсан  материйн хувь хэмжээ их болохыг харуулсан од эрхэс судлалын салбарын онолын бүтээлд хамтатган олгожээ. Энэ талаар tass.ru-д Иван Шуниний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Швейцарийн одон орон судлаач Мишель Майор, Дидье Кело нар 1995 онд нартай төсөөтэй  оддын тойрог зам дахь өвөрмөц  гаригийг  түүхэнд анх удаа нээсэн бөгөөд тэр цаг мөчөөс Нартай адил улайссан аварга том хийн оддыг Нарны аймгийн гаригуудтай адил биетүүд тойрон эргэдэг нь бид бүхэнд тодорхой болсон.  Нобелийн шагналын хоёр дахь хэсгийг орчин үеийн орчлон  судлалын суурь үндсийг бий болгосон онолын бүтээл туурвисан орчлонгийн  үүсэл хөгжлийг судлаач  Жим Пиблст олгожээ. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнцөд тоо томшгүй олон од эрхэс байдаг болохоор мөн тийм тооны маш олон гариг байдаг нь туйлын гайхалтай зүйл хэмээх ойлголтын төлөө гэсэн үг. Орчлонгийн дөнгөж таван  хувь нь бидэнд харагдах бодисоор дүүрсэн, тэдгээр нь  нэгэнтээ Агуу тэсрэлтийн дүнд буй болсон, улам бүр хурдтайгаар өргөжин тэлсээр байгаа ажээ. Үүний шалтгаан чухам юу болохыг  бид одоо хүртэл мэдэхгүй. Гэхдээ энэ бол гарцаагүй болж байгаа зүйл, тэгэхдээ  од эрхсийн үүсэл хөгжлийг судлаачдын хийгээд  Жим Пиблсийн дүрслэн тайлбарлаж байгаагийн дагуу болж байгаа зүйл юм.

 Бусад ертөнц

 


Өөр гариг ертөнц оршин байгаа талаар хүн төрөлхтөн маш эртнээс мэддэг байсан билээ. Тэдгээр гариг эрхэс нь та бидний амьдран суугаа гаригийн нэгэн адил биет гэдгийг бид мөн л хэдэн зуун жилийн өмнөөс ухаарч ойлгосон. Бүр XVIII зуунд Кант өөр гариг ертөнц дээр  оюун ухаантнууд оршдог байх гэсэн санааг дэвшүүлж байжээ.

 

Түүний энэ санааг хүмүүс ерөнхийд нь ойлгон хүлээж авч байсан ажээ.1995 онд саран дээр хүн хэдийнээ  хөл тавьж, “Вояжер” хөлгүүд нарны аймгийн хил хязгаар руу нисч, сансрын бусад хөлөг Ангараг (Марс), Сугар (Венера) гаригуудад хүрч очсон байсан юм. Эд бүхэн бол манай гариг дэлхийн нэгэн адил Нарны тойрог замд байрлах бөмбөлөг хэлбэртэй, дагуулууд бүхий биетүүд гэдгийг бид мэддэг байв. Тэдгээрийн хувьд бүх зүйл ойлгомжтой байсан. Алсын оддыг ч бид  ерөнхийдөө манай Нартай  төстэй биетүүд гэдгийг   мэддэг байсан. Бөмбөлөг хэлбэртэй  аварга том хий, голд нь халуун цөмийн урвал явагддаг. Харин тэдгээрт өөрийн гэсэн гаригууд байдаг болов уу.  Эсвэл энэ тал дээр  манай нарны аймаг (тогтолцоо) цор ганцаараа маш ховор содон юм болов уу.  Чухам тийм болохоор бид өнөөг хүртэл “ногоон хүмүүстэй” таараагүй, өөр гариг эрхсээс ирэх ямар нэг дохио мэдээллийг хүлээж аваагүй юм болов уу.

Гэтэл 1995 онд энэ бүхэн өөрчлөгдсөн. Мишель Майор, Дидье Кело нар манай гариг дээр амьдарч байгаа хүн бүрт дэндүү ойлгомжтой нээлт хийсэн. Тэд нарны аймгаас гаднахь   гариг бүхий од олсон. “Од-51 Пегаса”  бол үндсэндээ манай нартай адил. “Гариг-51 Пегаса b” нь  харин Бархасбадь гаригтай төстэй  ажээ. Энэ өдөр хорвоо ертөнц ойлгомжтойгоор, өөрөөр хэлбэл  Нарны аймаг бол тийм ч ховор содон зүйл биш, бусад одыг ч бас гаригууд тойрон эргэлддэг юм байна гэдэг ойлголтоор баяжсан. Мөн  тэдгээр гаригийн зарим нь манай дэлхийтэй адилхан, заримд нь амьдрал үүсч (эсвэл байдаг) болох юм гэж хүлээх үндэслэл бий болсон.

 



© ESO/M. Kornmesser/Nick Risinger/CC BY 4.0/Wikimedia Commons

Үнэндээ бол тэдгээр  гаригийг 1992 онд нээчихсэн аж. Гэхдээ тэдгээрийг нээсэн хүмүүс Нобелийн шагнал хүртээгүй юм байна.
Москвагийн улсын их сургуулийн П. К. Штернбергийн нэрэмжит одон орон судлалын  хүрээлэнгийн одон орон судлаач (астрофизикч) Сергей Попов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа  хэрэв  нарны аймгийн гаднахь гаригуудыг  нээсний төлөө Нобелийн шагналыг хэзээ нэгэн цагт олгох ёстой байсан бол Майор, Кело нарт энэ шагнал очих ёстой гэдэгт ямар нэг эргэлзээ огт байгаагүй. Хэдэн жилийн өмнө тэднийг энэхүү шагналыг хүртэх боломжтой нэр дэвшигчид хэмээн шинжлэх ухааны хэмжилт хийж, Нобелийн шагнал гардуулахаас хэдхэн долоо хоногийн өмнө манай гаригийн “хамгийн нөлөө бүхий” эрдэмтдийн жагсаалтыг нийтлэх ажлыг эрхэлдэг компани /Clarivate Analytics/ -ийн  мэргэжилтнүүд нэрлэж байжээ.



“Нарны төрлийн одны тухай үг хэллэг Нобелийн хорооны томьёололд хаанаас гарав? Бусад өрсөлдөгчийг зайлуулахын тулд үүнийг бий болгосон. 1992 онд нейтрон оддоос гурван  гариг нээсэн юм.

 

Тэр үед нарны төрлийн одыг нартай төстэй од гэж үздэггүй байсан. Энэ бол нейтрон биш, харин жирийн л од гэж үзэж байсан” хэмээн астрофизикч Сергей Попов ярьж байна.

Нейтрон однууд бол Нартай огт адилгүй. Тэдгээр од маш өчүүхэн жижиг (диаметр нь дөнгөж хэдэн арван километр), гэхдээ маш нягт, масс ихтэй (нарны масстай харьцуулахуйц) аж. 90-ээд оны эхээр нээсэн Полтергейст дээр PSR 1257+12 пульсараас ионы маш хүчтэй урсгал байнга цацарч  байдаг бөгөөд энэ нь  хүнийг үхэлд хүргэх нөхцөл. Огт өөр од, огт өөр гариг учраас энэ  тогтолцоог  Нартай харьцуулах боломжгүй юм. Ийм одны дэргэд гариг үүсэх явдал маш ховор, зөвхөн нэр бүхий цөөн хэдэн пульсарын хувьд л гаригууд байдаг гэдгийг Нобелийн хороо өөрөө онцолж байгаа билээ.
Нарны аймгийн гаднахь гаригуудыг өнөөдөр сард хэдэн арваар нь нээж байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Нээсэн гариг ертөнцийн тоо өнөөдөр хэдэн мянгаар тоологдож, дэлхийн араас нисч, тэнгэр огторгуйн зургийг эргэн тойронгүй (панорам зураг) авдаг ТESS дуран авайг сансарт гаргаснаас хойш шинэ од гаригийг нээж илрүүлэх хурд эрс  нэмэгдсэн ажээ. NASA-гаас нийтэд ил тод гаргадаг одон орны ажиглалтын өгөгдөл баримтуудыг сайтар нягталж үздэг жирийн сонирхогч хэн боловч өнөөдөр тийм гаригийг нээж илрүүлэх боломжтой болжээ.
Харин одоо тэдгээр гаригуудыг ердийн од хийгээд тэдгээрийг  ажиглаж байгаа дуран авайн дундуур одыг тойрон эргэх гариг явж өнгөрөх зуур хэд хэдэн цуврал гэрэл зураг дээрх оддын гэрэл бүдгэрэн буурч байгаагаар нээн илрүүлж байна.
Гэрэлтэж байгаа одны график зураг дээр толбо  үүсэхийг олж илрүүлэхийн тулд техникийн өндөр бэлтгэлтэй одон оронч байх шаардлагагүй болсон байна.

Гэхдээ Майор, Кело нар өөрсдийн нээлтийг иймэрхүү дуран авай бий болохоос өмнө хийсэн аж. Тэдний нээлтийг спектрографын тусламжтайгаар хийсэн. Ажиглаж байсан оддын нэг болох “51. Пегаса”-гийн спектрограмм дөрөв хоногийн давтамжтайгаар хэлбэлзэж байгааг эрдэмтэд олж илрүүлснээр тухайн од нь дэлхий рүү нэг ойртож, нэг холдож байгааг харуулж байгаа хэрэг. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ.  Жишээлбэл, Дэлхий ван (Плутон) гаригийн нэг цэгийг тойрон түүний дагуул Харон эргэдгийн нэгэн адил тэрхүү од хангалттай масс ихтэй ямар нэг обьектын гол төвийг тойрон эргэж байгаагаар үүнийг тайлбарлана. Гариг өөрийнхөө одыг “даялуулж”, одны спектр нь тэр хэрээр одыг холдоход “улаарч”, ойртоход “цэнхэртэх” ажээ.
Майор, Кело нар урьд өмнө нь танигдаагүй, тэгэхдээ маш түгээмэл хэв шинж болох  манай Бархасбадь гариг шиг  том, Буд гаригаас илүү  наранд ойрхон, мөн  масс ихтэй агуу том хийн   халуун бархасбадийг нээжээ гэдгийг одоо бид мэдэх болов. Энэхүү гаригийн гадаргуугийн температур нь Кельвины 1300 орчим градус, энэ бол Бархасбадийнхаас 100 дахин илүү гэсэн үг.  Майор, Кело нар өгүүллээ нийтлүүлснээс хойш нэг жилийн дараа бусад иймэрхүү  гариг болох “70 Охин” (Дева), “47 Их долоон бурхан” одын  халуун бархасбадийг тус тус нээжээ. 2000 он гэхэд шинээр нээсэн Нарны аймгийн гаднахь гаригийн тоо 34 болов. Одоо энэ тоо дөрвөн  мянгыг давжээ. Тэдгээрийг нээсэн тухай мэдээ одоо гайхаш төрүүлэхээ нэгэнт больжээ. Сэтгүүлчид ч тэдгээр одны тухай бичиж нийтлэхээ больсон байна.

 Тайлагдашгүй  Орчлонгийн төлөө олгосон шагнал
 


Нобелийн шагналын хоёр дахь хэсгийг “Орчлон  судлалд онолын нээлт хийсэн учир” гэсэн томьёоллоор Жим Пиблст олгосон. Пиблст хамааруулж болох тэрхүү нээлтүүд нь ямар нэг зүйлээр бидэнд бүр хэвийн зүйл болсон маш ойлгомжтой нарны аймгийн гаднах  гаригуудыг бодвол зарим талаараа судалгааны нөгөө зах нь юм.


The Astrophysical Journal Letters сэтгүүлийн 1965 оны тавдугаар сарын дугаарт радиоастрономч Арно Пензиас, Роберт Вильсон нар /it starts with a bang/ Их тэсрэлтийн цуурайг сонсох боломж олдсон тухайгаа тайлагнажээ.
Пензиас, Вильсон нар өмнөө ийм  том зорилт тавиагүйг анхаарууштай. Тэд эхэндээ “Эхо” хиймэл дагуултай холбоо барих зорилгоор ашиглаж байгаад дараа нь өөр хиймэл дагуул хөөргөсний улмаас Беллийн лабораториудад (тухайн үеийн теле холбоо харилцааны томоохон компани, одоо Nokia-д хамаарах) хэрэггүй болсон радиоантенныг өөрсдийн мэдэлд авмагцаа галактик (оддын ай) хоорондын орон зайг ажиглахаар бэлтгэж байжээ.

 Эрдэмтэд төхөөрөмжийг боловсронгуй болгож  ажиглалт явуулахаар оролдож эхэлжээ. Гэтэл тэдний хэмжилтэд эх сурвалжийг нь тодорхойлж чадаагүй богино долгионы дуу чимээ байнга саад болсоор байжээ. Одон орон судлаачид хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Эхэндээ тэд Нью-Йоркийн цахилгаан соронзон бохирдол  эфирийг  дүүргэж байна гэж бодсоноо дараа нь ойролцоо хаа нэгтээ цэрэг дайны туршилт  хийж байгаа байх гэж үзэв. Эцэст нь антеннууд дээр тагтаанууд үүрлэснээс хамаг хэрэг болж байна  гэж ч  таамаглаж байв.

Антенныг угааж цэвэрлэн тагтаануудыг буудаж устгасан ч тус болсонгүй

Харин Их тэсрэлтийн онолыг туршилтаар баталгаажуулах эрэл хайгуул хийж байсан мэргэжил нэгт одон орон судлаач нөхөд – Роберт Диккегийн бүлэг тэдэнд тус болжээ. Пензиас, Вильсон нарын баримт сэлтийг өнгөц хараад Дикке багийнхныхаа хамт өндөр давтамжтай сансрын туяаны араас нэхэн хөөх ажлаа эхлүүлэлгүйгээр зогсох хэрэгтэй болжээ гэдгийг ойлгосон.  Учир нь алсын оддыг ажиглах гэсэн юунд ч эргэлзээгүй радиоастраномчдод саад болж байсан зүйл нь харин энэ л байжээ.
Вильсон, Пензиас нарын баримт сэлтийг Орчлон судлалын үүднээс тайлбарласан Диккегийн бүлгийн өгүүлэл “Астрофизикийн сэтгүүл”-ийн нэгэн дугаарт нийтлэгджээ. Түүгээр ч барахгүй Беллийн радиоастрономчдын баримт сэлтэд аль эртнээс эрэн сурвалжилж байсан Их тэсрэлтийн “цуурай” буюу өндөр давтамжтай сансрын туяа бүртгэгдэж  байна гэсэн дүгнэлтийг чухамхүү онолчид хийжээ, Пензиас, Вильсон нарын өгүүлэлд “Температурын баримт сэлт дэх ажиглагдаж байгаа дуу чимээний талаарх боломжит тайлбарыг Дикке, Пиблс, Ролл, Вилькинсон нарын өгүүлэлд өгсөн байна” хэмээн бичсэн байна.

 
Радиоастрономчдын баримт сэлт нь Георгий Гамовын “халуун Орчлон ертөнц” -ийн орчлонгийн  загварт багтаж байгаа болохыг өөрийнхөө бүтээлд онолчид харуулжээ. Орчлон өөртөө агуулагдах бүхий л элементүүдийн хамт үүсэн буй болохын тулд эхлээд тэрээр өөрийнхөө түүхийн эхэнд Кельвины хэдэн мянган градус температурт халаагдсан байх шаардлагатай байсан хэмээн 1948 онд Гамов өгүүлсэн байдаг. Тэрээр мөн энэхүү төлөв байдлын “цуурай” өнөөг хүртэл ажиглагдах ёстой, бүдүүвчилж хэлбэл, Орчлон ертөнц, түүний алив цэгийн хувьд тэгтэй ойролцоо температур байх ёстой хэмээн урьдчилсан таамаг дэвшүүлж байв. Энэ нь хий хоосны температур гэсэн үг. Тухайлбал энэ температур нь Гамовын үнэлгээгээр абсолют тэгээс Кельвины гурван  градусаар илүү байх ёстой. Түүнийг Вильсон, Пензиас нар барьж авсан бөгөөд харин Дикке Пиблстэй хамтарч тодорхойлжээ.
 
Энэхүү өгүүллийн хоёр дахь зохиогч нь Пиблс, бодит үнэнээрээ бол онолын бүхий л ажлын гол “зүтгүүр” нь байсан бөгөөд Нобелийн шинэхэн шагналтан маань эрдэм шинжилгээний удирдагчийнхаа дэвшүүлсэн санааны бартаат жимээр урагшилсаар байсан аж. Туршин судлаач Вильсон, Пензиас нар 1978 онд Нобелийн шагналтан болцгоосон.  Дашрамд тэмдэглэхэд тухайн оны шагналын хоёр дахь хэсгийг хэт бага температурын физикийн бүтээлд нь Петр Капицад олгож байжээ. Өндөр давтамжит сансрын туяаны бүтээлээр онолчид өнөөг хүртэл шагнал хүртээгүй байгаа билээ. Дээр дурдсан  өгүүлэлд эрдэмтэд ихэнх хэсгийг нь бид ажиглаж байгаа орчлон ертөнцөд бид бүхний дассан материйн хэлбэрийн ямар хувь хэмжээ байх ёстой вэ гэдгийг үнэлжээ. Матери гэдэгт хэдийгээр бид бүрэн дүүрэн итгэл үэмшилгүй ч гэсэн хар биш бүх зүйл орно гэдгийг хэлэхийг хүсэх боловч хэрэв матери нь далдлагдсан энергийн  бүрэлдэхүүнд орж байгаа бол эрт орой нэгэн цагт бид тэдгээрийг илрүүлэх  бололцоотой. Мөн онд бичсэн өгүүлэлдээ Пиблс “галактикийн бүрдэлтэд чухал хүчин зүйл нь Орчлон ертөнц дэх хар биеийн туяа цацрах явдал байж болох юм” (black body-radiation content in the universe) – хэмээн өгүүлжээ. Ер нь та бүхэн хэзээ нэгэн цагт хар матери, далдлагдсан  энергийн тухай сонсож байсан уу? Тийм ээ, Пиблс яг л тэдгээрийн тухай өгүүлж байгаа юм. Орчлон ертөнцийн тухай төсөөллийн орчин үеийн стандартыг ΛCDM (“лямбда-сидиэм” хэмээн уншигддаг) загвар хэмээн нэрлэдэг. Онолч Пиблсийн бүтээлүүд энэхүү загварын үндэс болсон юм. Уг загварыг орчин үеийн төлөв бай­далд хүргэсэн хүмүүсийн нэг нь тэр мөн бө­гөөд сүүлийн арваад жилийн дотор астро­фи­зикийн ухааны дэвшүүлсэн онолын олон санаа чухамхүү түүний гараар бичсэн бүтээлүүдтэй холбоотой ажээ.

 



Орчлон ертөнцийн агуулж байгаа бүх зүйлийн тав  орчим хувь нь бидий ажигладаг матери  юм. Одод, мананцрууд, та биднийг оролцуулсан өчүүхэн жижиг бүх обьект бодитой.Үлдсэн нь 95 хувь нь өнөөх  “лямбда-сидиэм” буюу  далдлагдсан энерги юм. “Ердийн” материйн зэрэгцээ Орчлон ертөнцийн 69 хувийг далдлагдсан  энерги, 26 хувийг далдлагдсан  матери дүүргэдэг.

 



Нэгэн цагт Орчлон ертөнц үүссэн бөгөөд энэ үзэгдлийг Их тэсрэлт хэмээн нэрлэдэг. Их тэсрэлтийн “цуурай” энэ бол абсолют тэгээс ялгаатай температур, өргөжин тэлсээр байгаа Орчлон ертөнцийн бүхий л орон зайд түгэн тархсан өндөр давтамжтай сансрын туяа юм. “Тэсэрч  тэлсээр байгаа” Орчлон ертөнц халуун бөгөөд жигд бус өргөжин тэлсээр байсан, чухам тийм болохоор түүний хаа нэгтээ бодис их,  зарим хэсэгт хов хоосон байна.

 



© NASA/WMAP Science Team/Public domain/Wikimedia Commons

Орчлон ертөнц өргөжин тэлсээр байна, тэхдээ улам бүр өсөн нэмэгдэх хурдаар тэлж байна, үүнд далдлагдсан  энерги, “лямбда” буруутай. Энэ бол оргүй үг биш,  яагаад гэвэл энэхүү өргөсөлтийн хурд жигд бус, өөрөөр хэлбэл, Орчлон ертөнцийн янз бүрийн цэг хэсэгт ялгаатай байна.
Далдлагдсан  матери (cold dark matter, CDM) “хар” байдаг нь ердийн бодистой огт харилцан үйлчилдэггүй, тийм учраас манай багаж хэрэгсэлд яагаад ч бүртгэгддэггүй, харин “хүйтэн” байгаа нь гэрлийн хурдаас бага хурдаар хөдөлж байгаа учраас тэр. Тэрээр “хүйтэн”, удаан болохоор галактикууд “ямар нэг” агуу том зүйлийн хэлтэрхий шиг бус, харин бодис, массыг хуримтлуулан томорсоор байдаг. Эцэст нь хэлэх зүйл. Их тэсрэлтийн улмаас үүсч, бодис, далдлагдсан  матери, далдлагдсан  энергиэс бүрдэж, улам бүр өргөжин тэлсээр байгаа Орчлон ертөнц бол нэгэн төрөл. Тийм учраас  улам  хурдан, эцэс төгсгөлгүй өргөжин тэлсээр байх болно.

Энэ бүх дүр зургийг тайлбарлан таниулахад маш олон тооны онолч эрдэмтэн оролцсоны дотор Оросын эрдэмтэд ч бас бий. Пиблсийн нэрийн хамт нэгэн эгнээнд Фридман, Гамов, Зельдович, Сюняев, Лифшиц нарын нэр бас орно. Өнөөдөр Пиблс зарим талаар бүгдийн өмнөөс шагнал хүртсэн нь тэр зүгээр л орчин үеийн Орчлон  судлалын бүхий л суурь судалгаагаар  идэвхтэй ажиллаж, бүгдэд нь өөрийн хувь нэмрээ оруулсантай холбоотой. Дан ганц Жим Пиблсийн бодож олсон Орчлон ертөнцөд бид амьдраагүй нь мэдээж. Тэрээр “аварга том гигантуудын” мөрөн дээр зогссон төдийгүй, бусадтай нэгэн эгнээнд зогсч  байсан юм. Гэхдээ тэр энд ч, тэнд ч, бас өөр хаа нэгтэйд ямар нэг зүйл хийж чадсан. Тэр нэгэн өглөө Нобелийн хорооны төлөөлөл болон сэтгүүлчидтэй утсаар ярилцахдаа Пиблс ямар нэг тодорхой ганц зүйлээр онцолж түүнийг гавьяа байгуулснаар тооцох нь төвөгтэй: – “Энэ бол насан турш үргэлжилсэн урт удаан хугацааны ажил байсан” – гэж хэлсэн.

 

Орчлон ертөнцөд болж байгаа чухам тэр бүх зүйл ямаршуу байдлаар явагдаж байгаа талаар бид өнөөг хүртэл бараг ойлголтгүй шахам байгаа. Ажиглалтын  янз бүрийн аргуудаар  бол түүний өргөжин тэлэлтийн хурд ялгаатай.  

 

Манай галактикийн хувьд илүү хурдтай юм шиг байвч бусад галактикийн хувьд  удаан байх жишээтэй. Тийм байх ёсгүй атал  баримт сэлт ийм  л байна. Далдлагдсан  материйн тасархайг барьж авч чухам юу болохыг нь олж таних боломж одоо хүртэл бидэнд олдоогүй.
Гэхдээ бид Орчлон ертөнц өргөжин тэлж байгааг мэднэ. Ямар нэг зүйл галактикуудыг тал тал тийш нь түлхэж байгааг, тэгэхдээ улам бүр хүчтэй түлхсээр байгааг бид мэднэ. Бидний мэддэг материас ялгаатай өөр ямар нэгэн зүйл байгааг бид бас мэднэ. Бидний ажиглаж болдог таван  хувийн материд яг юу болоод байгааг бид бүр илүү сайн мэднэ. Тэдгээрийн тоонд оддыг тойрон эргэх гаригууд хамаарна. Эдгээр гаригууд бол Нарны аймгийн хувьд тийм ч сонин содон зүйл биш ээ. Тэд яг л манай гаригуудтай адилхан. Тэгэхээр, магадгүй, Орчлон ертөнцийн байгууламжийн талаар бид ганцаараа толгой өвтгөөгүй юм биш үү.



Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Орчуулгын редактор Л.Бямбажаргал


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин