sonin.mn
Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагаа, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны тод илэрхийлэл нь 1975 онд Агуу их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан босгосон “Орос цэргийн алдар” хөшөө цогцолбор билээ. Анх Зөвлөлтийн цэргүүд бүтээн байгуулсан тус цогцолбор нь түүх, соёлын үнэт өвийг таниулах, залуу үеийг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
 
Тус цогцолборыг 2017 оноос хойш үе шаттайгаар сэргээн засварлаж ирсэн бөгөөд 13 метр өндөр нэргүй баатрын хөшөө, Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их бууг суурилуулсан бөгөөд одоогоор усан оргилуур, авто болон дугуйн замын ажил хийгдэж байна. Тус цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт боллоо.
 
 
Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг-агаарын атташе, хурандаа Г.М.Сулимук, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ-ын ерөнхий захирал, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал, хурандаа Ж.Цэрэнчимэд, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо. Энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхуулж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэлээ.
 
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлсэн үгэндээ “Дайны хүнд жилүүдэд болон тайван цагийн бүтээн байгуулалтын үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Монгол-Зөвлөлтийн дайчин эрсийн ган бат нөхөрлөл, алтан амиараа байгуулсан түүхэн гавьяаг хүндэтгэн алдаршуулах, хойч үедээ таниулан сурталчлах эрхэм зорилгын дор Говьсүмбэр аймгийн удирдлага энэхүү цогцолборыг сэргээн засварласан” гэдгийг онцолсон бол хурандаа Г.М.Сулимук “Халхын голын байлдааны ялалтын 80 жил, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 98 жилийн ой тохиосон энэ цаг үед “Орос цэргийн алдар” хөшөө цогцолборын нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна” гэж нутгийн удирдлагуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин