sonin.mn
Гэрэл зургийн төрөлжсөн сайт "MPA.mn"-ийг үүсгэн байгуулагч Б.Бямба-Очиртой ярилцлаа.
 
Та хамгийн сүүлд ямар онцгой үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгасан бэ?
 
-Өдөр бүр л үйл явдал болж байна. Онцолбол, саяхан “Газар шим” компани үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн баярыг тэмдэглэж шинэ үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн. Би зургийг нь авч баримтжуулсан.
 
“Washington post”, “NYT” зэрэг томоохон хэвлэлд нийтлэгдсэн манай улстай холбоотой мэдээллүүдэд таны авсан гэрэл зургууд голлодог юм билээ. Энэ тухайд ...
 
-Би Монгол Улсдаа болж буй томоохон үйл явдлуудын гэрэл зургийг авч "AFP" агентлаг руу явуулдаг. Тус агентлагаас гаднын орнуудын сайт, сонин, хэвлэлүүд нь хэрэгтэй гэснээ аваад нийтэлдэг юм.
 
Технологийн дэвшил хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг давуу талтай. Гэхдээ л түүнийг дагаад бид залхуу хойрго болдог эсвэл шинийг эрэлхийлэх идэвх, санаачилга буурдаг гээд шүүмжлэл ч бас байдаг. Уг нь технологийн дэвшил, хүний бүтээлч үйл ажиллагаа хоорондоо хоршиж байвал сайн бүтээл төрнө. Тийм үү?
 
-Техник хичнээн сайн байлаа ч ашиглаж дадахгүй бол харамсалтай. Тийм жишээ цөөнгүй байна. Ер нь техникийн хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрсдөө боловсрох хэрэгтэй. Тархиа цэнэглэ, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүл гэж хэлмээр байна.
 
Гэрэл зургийг сэтгүүл зүйн үүднээс үйл явдлын баримт, олон асуултын хариулт гэдэг. Бас хүний мэдрэмж, сэтгэхүй, бодролын нэгдэл болдгоороо урлагийн бүтээл ч гэж хэлэгддэг. Таны зүгээс ямар тодорхойлолтыг дэвшүүлэх вэ?
 
-Төрлөөрөө тэгж ялгардаг байх. Миний хувьд хэвлэл талдаа буюу баримтат гэрэл зургийг голлож авдаг гэхэд болно. Гэхдээ гэрэл зургийн бүхий л төрлийг илэрхийлэхийг зорьдог.
 
“Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхлүүлж байсан гэсэн ...
 
-2005 онд Хэвлэлийн хүрээлэнгийн "Сэтгүүлч коллеж"-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн оператороор ажиллах болсон. Хальсны камер бариад л гүйдэг байлаа. Анхны цалин гэж 8000 төгрөг авсан шиг санагдаж байна. Цалингийнхаа 2500 төгрөгөөр нь хальсаа худалдаж авна. Ер нь хальсаа өөрсдөө худалдаж авдаг тийм л үе байлаа. Уг нь миний сонгосон мэргэжил сэтгүүлч. Одоогийн “Монголын гэрэл зурагчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Батбаатар ахыгаа сурагч байхаасаа дагаж баримтат гэрэл зураг гээчийг ойлгож, бага зэрэг туршлагажсан юм. Ирээдүйд хэвлэл, мэдээллийн байгууллагад ажиллана гэсэн төсөөлөлтэй байсан учраас салбараа таньж, мэдье гээд сэтгүүлч мэргэжлийг сонгосон.
 
Онцгой, содон үед гэрэл зургийн сурвалжилга хийж байсан тохиолдлоосоо дурсахгүй юу?
 
-2005 оноос иргэний нийгмийн байгууллагууд идэвхжиж жагсаал, цуглаан ихээр зохион байгуулагдах болсон. Тэгж явсаар 2008 онтой золгосон доо. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон үймээн самууны үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад чулуунд оногдоно гэдгээ яаж мэдэх вэ дээ. Толгойдоо их хүнд гэмтэл авсан. Энд, тэндээс завсаргүй чулуу нүүлгээд их хүнд нөхцөлд байсан хэдий ч бусад хэвлэлээс давсан сайн зураг дарах хүсэл намайг үймээн самууны гол руу, халуун цэг рүү нь хөтөлсөн хэрэг. Эмнэлгээс гараад шууд л ажилдаа орсон. Залуу байсан болоод ч тэр үү зориг, зүрхтэй байсан юм уу даа гэж одоо боддог. Болж өнгөрсөн тэр үйл явдлаас болж ажлаасаа гарах, шантрах, ухрах тухай бодол нэг ч удаа төрж байгаагүй шүү. Харин ч эсрэгээрээ улам л цаашаа ахиж, илүү хөдөлмөрлөе гэсэн бодолд тушигдсан.
 
Эрсдэл, хүндрэл, бэрхшээлийг үл ажран байж ажилладаг хэвлэлийн салбарынханд нэг тийм нийтлэг үнэт зүйл байдаг даа ...
 
-Цалин багатай, цаг наргүй ажилладаг хэдий ч ард түмэн, олон нийтийн эрх ашиг, энэ нийгмийн сайн сайхны төлөө гээд бараг тунхаг болгосон зүйл байдаг. Хийж байгаа ажлаа өөрийнхөө төлөө гэж хардаггүй. Харин үүнийг ойлгодог хүн хэд билээ. Их зориг, зүрхтэй хүмүүс энэ салбарын тогоонд буцалдаг. Мэдээж бид хэзээ ч өөрсдийнхөө төлөө тэр их эрсдэлтэй нүүр тулахгүй нь тодорхой. Ер нь хамгийн эрсдэлтэй ажил, мэргэжлийн жагсаалтад манай хэвлэлийнхэн багтах болсон. Ажлынхан маань хэд хэдэн дуулга худалдаж аваад ханандаа зүүчихсэн. Зарим нэг эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах гэж тэр л дээ.
 
Баримтат гэрэл зургийг хөгжүүлэх талаар “Монголын гэрэл зураг сонирхогчдын холбоо” онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан “World of the press” үзэсгэлэнг ч үүнд хамаатуулж ойлгох нь зөв байх ...
 
-Хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг гэрэл зурагчдын маань үнэлэмж бага байдаг. Гэтэл нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг нь эсрэгээрээ. Рекламны зурагчдын үнэ хөлс ямар байдгийг бид мэднэ шүү дээ. Тус үзэсгэлэнгийн тухайд гэвэл, баримтат гэрэл зурагчдынхаа үнэлэмжийг дээшлүүлэх, баримтат гэрэл зургийн ач холбогдлыг нь олон түмэнд ойлгуулахыг л хүссэн. Ер нь нийгэмд болж байгаа бүх үйл явдлын талаарх мэдээллийг ямар ч нэмэлт хачиргүйгээр харуулахад баримтат гэрэл зургийн гүйцэтгэдэг үүрэг их. “World of the press” үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах хүсэлтэй байдаг ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод тэр бүр чаддаггүй.
 
Нийтэд хүргээгүй хав дарчихсан зураг бий юу? Хожим хэрэг болно гээд үлдээсэн ч юм уу?
 
-Тухайн цаг үед нь л нийтэд мэдээлж явсан болохоор өөрийн тань асуусан шиг зураг байхгүй.
 
Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн балчир хүү болон түүнийг отож буй тас шувуудыг нэгэн гэрэл зурагчин өөрийн дурандаа буулгасан байдаг. Гэрэл зурагчин тэрхүү бүтээлээрээ Пулитцерийн шагнал авсан хэдий ч хүү яасан бол гэсэн бодолдоо шаналсаар амиа хорлосон гэдэг. Энэ гунигтай түүхийг та ч бас сонссон байх. Нэг талаараа тухайн зурагчнаас сайн бүтээл гарсан хэдий ч ёс зүй, хүн чанарын тухай асуудал хөндөгдөж, хүчтэй шүүмжлэл дагуулсан ...
 
-Мэднэ. Кино нь байдгийг ч саналаа. Мэдээж ажил үүргээ сайн гүйцэтгэсэн, ховор агшныг алдалгүй дарсныг нь буруутгах аргагүй. Гэхдээ тэр хүүд санаа тавих хэрэгтэй байсан гэж бодож байна. Тухайн зурагчин ажил үүргээ гүйцэтгээд даруй буцах шаардлага байсан эсэхийг мэдэхгүй юм.
 
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд болж буй үйл явдлуудыг сурвалжлах үед танд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрдөг вэ?
 
-Бусад салбарынхтай харьцуулбал арай өөр шүү. Эр хүн болоод ч тэр үү, жагсаалд байгаа олон цэргүүдээ хараад сүрдэж, бас омогшдог. Ер нь цэргийнхнийгээ хараад бахархахаас гадна зориг ороод явчих шиг болдог юм. Бас уярч, сэтгэлийн нандин утсаа хөндүүлэх үе ч бий. Гаднын орнуудад үүрэг гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатнууд, онгоцны буудал дээр тэднийгээ хүлээсэн эцэг, эх, хань, үр хүүхдүүдийнх нь догдолсон харц, хайр дүүрэн тэврэлт нь камерын дуранд буухдаа яг тийм мэдрэмж өгдөг. Гоё, сайхан гэхээс өөр юу гэх вэ.
 
Сэдвийнхээ санааг хаанаас олдог вэ?
 
-Юуны өмнө сэдвээ бодож төлөвлөдөг. Мэдээж хэрэг нийгэмд болж байгаа янз бүрийн асуудалд дүгнэлт хийнэ. Заримдаа алхах үед ч санаа орж ирнэ.
 
Аль ч үед ахмадууд нь залуу үеэ сургасаар ирсэн. Таныг энэ залуухан /MPA.mn/ сайтын "ахмад"-ын тоонд багтдаг гэдэгт эргэлзэхгүй байна ...
 
-Сүртэй багшлаад ном айлдаад байсан ч юм алга. (Инээв) Манай сайтад оюутны ширээнээс дөнгөж салаад ирсэн ганц нэг залуус бий. Өөрийнхөө хэмжээнд зааж, зөвлөнө, тодорхой чиглэл өгнө. Нэг ёсондоо ажлын байран дээрх сургалтыг л явуулж байгаа гэж болно. Сүүлийн үеийн хүүхдүүд үг сонсдоггүй, даадаггүй гэдэг нь огт худал биш. Надад тохиолдсон жишээ биш хэдий ч зарим залууст бага зэрэг шаардлага тавиад ирэхээр үглэлээ гээд ад үзэгдэх нь холгүй болсон цаг юм билээ. Би ч залуустаа олон зүйл нуршилгүй голыг нь олоод хэлчих юм сан, өөрсдөө тунгаагаад шүүчихээсэй гэж боддог.
 
Таны зургуудыг зарим сайт, сонинууд зөвшөөрөлгүй хуулбарлаж нийтэлсэн тохиолдол байдаг уу? Тийм бол энэ асуудалд яаж ханддаг вэ?
 
-Оюуны өмчийг хамгаалах газарт шууд ханддаг. Асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлэхийг л чухалчилдаг. Одоогоор зураг хуулбарлах асуудал арилсан. Ер нь зохицуулалт хэрэгтэй юм шиг санагдсан учраас "MPA.mn"-ийг үүсгэн байгуулаад тэндээсээ гэрээтэй байгууллагууддаа шаардлагатай зургийг нь өгдөг болсон.
 
Гайхалтай агшны зургийг алдаад халаглаж суусан үе цөөнгүй биз ...
 
-Бий. Үйл явдлуудад янз бүрийн л камертай явж таарна. Нэг удаа гарын үсэг зурах ёслолын ажиллагааг сурвалжлахаар очсон юм. Гэтэл надад байгаа нь хүчин чадал тааруухан, нэг дор олон зураг дарж болдоггүй тийм камер байв. Тэгээд л холбогдох албаны хүмүүс хоорондоо гар барих хоёрхон секундын агшныг алдчихсан. Өөр камертай байсан бол гайгүй сайн зураг гарах байж дээ гэж бодогдсон.
 
Гэрэл зурагчид авсан зургаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд зарж борлуулдаг юм билээ. Тогтсон үнэ гэж байдаг уу?
 
-Тохиролцдог байх. Миний хувьд ч тийм. Ихэвчлэн найз, нөхдөөс ийм, тийм зургаа өгөөч гэсэн хүсэлт ирдэг учраас аль болох хямдруулахыг хичээдэг.
 
Хамгийн олон жил тантай нөхөрлөсөн нь ямар камер вэ?
 
-Хоёроос гурван жил тутамд техник хэрэгслээ шинэчилдэг л дээ. Тэгэх ч ёстой. Гэрт бэлгэдлийн чанартай нэг хальсны камер бий. Анх Бээжин хотын дэлгүүрээс авсан. Дурсгалтай санагдаад удаан ашиглалгүй үзмэр болгочихсон юм.
 
Гэр бүлдээ зарцуулах цаг ямар байдаг вэ?
 
-Байхаасаа байхгүй нь л их. Анхны хүүхдийнхээ өлгийтэй байх үеийг нь ч бүдэг санадаг. Ажил, ажил гэсээр гэрийн бараа бага харна. Гэхдээ хань минь бас энэ салбарт ажилладаг учраас намайг сайн ойлгож дэмждэг. Миний хань Д.Эрдэнэцэцэг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч. Бид хоёр хэн хэн нь зав чөлөө багатай. Өөр хүнтэй суучихсан бол яах байсан бол гэж бодогддог. Намайг одоогийнх шиг тэгж их ойлгохгүй л байх болов уу.
 
Ойрын зорилтын тухайд тодруулна уу?
 
-“World of the press” буюу гэрэл зурагчдын олимп гэгдэхүйц том тэмцээн бий. Тун удахгүй зохиогдоно. Тус тэмцээнд л амжилт үзүүлье гэсэн ойрын зорилго байна даа.
 
БНХАУ-ын “Жүн Юн” группээс зохион байгуулагдсан олон улсын гэрэл зурагчдын уралдаанд манай улсын уран бүтээлчид амжилттай оролцсон. Та мэргэжил нэгт нөхдөө манлайлж хүрэл медаль хүртсэн шүү дээ. Дараа дараагийн тэмцээнүүдэд оролцоход бидэнд ямар нөөц бололцоо байна вэ?
 
-Бусад орны гэрэл зурагчид аливаа нэг тэмцээнд сар цаашлаад жил гаруйн хугацаанд бэлддэг юм билээ. Өөрөөр хэлбэл удаан хугацааны туршид сойсон бүтээлээрээ оролцдог гэсэн үг. Харин манайхан 1-7 хоног л "нухдаг". Наймдугаар сард болж өнгөрсөн тэмцээнд иймэрхүү байдалтай оролцоод л шагналт болон тусгай байруудыг эзэлчихсэн. Тэгэхээр бидэнд маш их нөөц бололцоо байгаа гэдэг нь илт байна шүү дээ.
 
Тус тэмцээнд та ямар бүтээлээр оролцсон бэ?
 
Бяцхан хүүгийн адууны нуруун дээр мордоод явдал дунд нь буцаад бууж байгаа зураглалыг харуулахыг зорьсон.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин