sonin.mn
Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.ЦЭРЭН
 
Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2019 онд хэдэн өргөдөл, гомдол ирсэн бэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-2019 онд Батлан хамгаалах яамны тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаандаа иргэдээс ирүүлсэн ажил хэрэгч санал, хүсэлтийг судлан тусгах, Засгийн газраас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, өргөдлийг хүлээн авах, зохих шийдвэр гаргаж, хариу өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд 2019 онд БХЯ болон харьяа байгууллага, албан тушаалтанд нийт 18796 иргэн өргөдөл, санал, хүсэлт, ирүүлснээс 17768 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж 654 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлсэн ба иргэнд эргүүлэн хариу өгсөн нь 98 хувийн үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар 61 өргөдлийн шийдвэрлэх хугацаа нь болоогүй, шалган тодруулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийн 75,4 хувь нь бичгээр, 0,2 хувь нь цахимаар, 0,05 хувь нь утсаар, 24,4 хувь нь биечлэн уулзаж өгсөн.
 
Дээр дурдсан өргөдлийн хэдэн хувь нь Батлан хамгаалах яаманд хаяглагдан ирсэн бэ?
 
-Батлан хамгаалах салбарын удирдах байгууллага учир Батлан хамгаалах яаманд хаяглагдаж ирсэн өргөдөл багагүй хувийг эзэлдэг. Тухайлбал, 2019 онд БХЯ-ны албан тушаалтанд иргэдээс нийт 980 өргөдөл, гомдол ирснээс 969 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 10 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэж, иргэнд хариу өгсөн нь 98,8 хувийн үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 11 өргөдлийг шалган тодруулж шийдвэрлэж байна. Ер нь иргэдээс ирсэн өргөдлийн 32,4 хувийг Батлан хамгаалахын сайдад, 1,7 хувийг Батлан хамгаалахын дэд сайдад, 17,9 хувийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад, 34,1 хувийг Төрийн захиргааны удирдлагын газарт, 2,2 хувийг бусад газар, хэлтсийн дарга нарт, 11,7 хувийг Орон сууцны комисст тус тус хаяглан ирүүлсэн байна.
 
Хамтран ажилладаг төрийн болон төрийн бус бусад байгууллагаас хэр их өргөдөл, гомдол ирсэн болоод хэрхэн шийдвэрлэсэн талаар ...
 
-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нутгийн болон захиргааны удирдлагын байгууллага, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагаас шилжин ирсэн өргөдлийг судлан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих шийдвэр гаргаж, хариу өгч ажилласан. Нийт шилжин ирсэн өргөдлийн 8,5 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас, 14 хувь нь Монгол Улсын Их Хурлаас, 26,5 хувь нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас, 4,9 хувь нь нутгийн болон захиргааны удирдлагын байгууллагаас, 46,1 хувь нь БХЯ-ны харьяа байгууллагаас тус тус ирсэн байна.
 
Өргөдлүүдийг агуулгаар нь ангилбал ямар асуудлын талаар дурдсан байдаг юм бэ?
 
-Батлан хамгаалах салбарын хэмжээнд хаяглагдан ирсэн өргөдлийн дийлэнх хувь нь амьдрах орон сууц болоод гэр, мөнгөн тусламж, дэмжлэг хүсдэг. 2019 онд иргэдээс ирсэн өргөдлийн 29,8 хувь нийгмийн асуудлаа шийдүүлэхийг хүссэн, 15,5 хувь нь ажлын байр болон шилжин ажиллахыг хүссэн, 14,8 хувь нь гадаад, дотоодын сургууль, дамжаанд суралцахыг хүссэн, 7,4 хувь нь цэргийн тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авахыг хүссэн, 16 хувь нь ахмад дайчны гэр бүл, үр хүүхдээс үнэмлэх, тэтгэмж, орон сууц хүссэн, 8,1 хувь нь хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлт, 8,4 хувь нь бусад асуудлаар тус тус хүсэлтээ ирүүлсэн байна.
 
Ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр ямар ажил зохион байгуулсан бэ?
 
-Батлан хамгаалах яамны нээлттэй байдлыг хангах, иргэдэд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох зорилгоор нийт зургаан сувгаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байна. Үүнд Иргэдийг хүлээн авах байранд биечлэн уулзах, утсаар буюу 458929 дугаарт, Засгийн газрын санал, хүсэлт хүлээн авах "11-11" төвөөс хуваарилагдаж ирсэн болон tseren@mod.gov.mn хаягаар зэрэг олон хэлбэрээр иргэдээс санал авч байна. 2019 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 92,3 хувь нь бичгээр, гурван хувь нь цахимаар, 4,7 хувь нь биечлэн уулзаж өгсөн.
 
Сүүлийн үед иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хурдан шуурхай болгох олон ажил улс орны хэмжээнд өрнөж байна. Энэ чиглэлээр БХЯ-наас ямар бодлого баримталж байна вэ?
 
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх чиглэлээр төрийн захиргааны албан тушаалтан иргэдийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хугацааг хоёр дахин бууруулж, хөнгөн шуурхай болгоно” гэж заасны дагуу богино хугацаанд шийдэх боломжтой өргөдлийг хуулийн хугацааг хүлээхгүйгээр шийдвэрлэж, хариуг өгч ажиллалаа. Энэ дагуу иргэдээс ирсэн өргөдлийг шийдсэн хугацаагаар нь харуулбал 1-3 хоногт 150 буюу 15,3 хувь, 4-7 хоногт 298 буюу 30,4 хувь, 7-14 хоногт 173 буюу 17,7 хувь, 14-30 хоногт 334 буюу 34,1 хувийг тус тус шийдэж хариуг өгсөн бөгөөд хуульд заасан хугацаа сунгаж шийдсэн 25 өргөдөл байгаа нь нийт өргөдлийн 2,5 хувийг эзэлж байгаа юм. Мөн шууд шийдвэрлэх боломжгүй, удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлууд байдаг. Тухайлбал орон сууц, мөнгөн тусламж, сургалт зэрэг юм. Эдгээрийг өргөдлийн тусгай бүртгэлд бүртгэн дараалалд оруулж, шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллахын зэрэгцээ яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй, албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газарт нь гурван хоногийн дотор шилжүүлэн энэ тухай иргэнд хариу мэдэгдэж ажиллалаа. Иргэдэд өргөдлийн хариуг ихэвчлэн албан бичгээр өгдөг боловч зарим тохиолдолд биечлэн эсвэл харилцах утсаар гэсэн аль болох түргэн шуурхай хүргэх тохиромжтой хэлбэрийг сонгон ажилладаг.
 
Монгол Улсын Засгийн газрын "11-11" төвд Батлан хамгаалах салбартай холбоотой ямар асуудлууд зонхилж ирдэг вэ? Мөн тэдгээрийн хэрхэн шийдвэрлэдэг талаар ...
-Засгийн газрын иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "11-11" төвөөс Батлан хамгаалах яаманд хуваарилагдан ирж буй санал, хүсэлт, гомдлын дийлэнх хувь нь эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ, цэрэг татлага зэргээр санал бодлоо илэрхийлсэн байна. Эдгээр иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг цаг тухай бүрт нь хүлээн авч тодотгон, шаардагдах арга хэмжээ авч шийдвэрлэн, хариу илгээж ажилласан. 2019 онд "11-11" төвөөс 29 санал ирсэн ба 13 нь гомдол, 16 нь санал хүсэлт байлаа.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин