Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран жил бүр уламжлал болгон Монгол түмний үндэсний өв соёл, дуу хуур, тоглоом наадгай, түүх шастир, утга зохиол, бичиг соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, үндэсний соёл урлагийг сурталчлан, Монголын үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээний тов гараад удаагүй байгаа бөгөөд тэмцээний зохион байгуулалт, онцлогийн талаар ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга, хошууч Р.Өнөржаргалаас тодрууллаа.
 
18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Цагаан сар-Монгол түмний уламжлалт баяр” тэмцээн энэ удаа ямар онцлогтойгоор явагдах бол ...
 
-XVII жарны “Хулгана жил”-ийн сар шинийн баярыг угтан 18 дахь удаагаа явагдах "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээний удирдамж нь төрийн цэргийн анги, байгууллагуудад хэдийнээ хүрсэн бөгөөд энэ жилийн тэмцээнийг 2020 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/313 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах байгууллагуудад хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний дэд төлөвлөгөө”-ний хүрээнд энэхүү тэмцээн маань зохион байгуулагдахаар болсон бөгөөд ийнхүү бодлогын баримт бичигт тусгагдаж байгаа нь тус тэмцээний ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Дараагийн нэг онцлог нь тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэх, олонд илүү таниулах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэ жилээс төрийн цэргийн байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын дунд зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас гадна Онцгой байдал, Дотоодын цэргийн алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 30-аад баг өрсөлдөх магадлалтай байна.
 
Оролцогч байгууллагуудад хандаж мэдээлэл өгөхгүй юу? Энэ жил юун дээр илүү анхаарвал зохилтой бол ...
 
-Уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс ардын авьяастнуудыг илүү мэргэжлийн байлгах бодлогыг баримталж байна. Тиймээс ЦДБЭЧ-ын үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолтыг тэмцээний өмнө толилуулахаар бэлтгэсэн. Энэхүү тоглолтыг тэмцээнд оролцогчид үзсэнээр тайз засалт, бүтээлийн илэрхийлэл, оролт гаралт, жүжигчилсэн тоглолт, хувцаслалт, биеэ авч явах байдал гээд санаа авах боломжийг олгож байгаа юм.
Мөн “Ардын дууны хүүхнүүд” тэмцээнд оролцогчид дуулалт дээр илүү анхаарах хэрэгтэй. Ардын дуу нь их олон бадагтай байдаг. Тухайлбал “Алгирмаа” л гэхэд дуулалт жүжгийн хэмжээний бүтээл. Тиймээс энэ дууны 3-4 бадгийг л зөв сайхан дуулах нь чухал. Түүнчлэн Үндэсний найрал хөгжимчидтэй бэлтгэлээ хийх боломжийг бүрдүүлэн өгч байгаа учир бэлтгэлийн цагаа урьдчилан тохирох хэрэгтэй. Бид өмнөх жилүүдэд асуулт хариултын төрөлд үндэсний бахархал болсон эртний уран зохиолуудаас сонгож байсан бол энэ удаад Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн зохиолуудаас сонголт хийлгэхээр удирдамжид тусгасан байгаа. Тиймээс зохиолоо унших явцдаа тухайн зохиолчийн намтар, ямар бүтээлээрээ хэдэн онд Төрийн шагнал хүртсэн, зохиолын онцлог зэргийг сайтар тогтоож унших хэрэгтэй гэж зөвлөе.
 
Шүүгчдийн бүрэлдэхүүний талаар ...
 
Мэдээж хамтран зохион байгуулагч Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүрэлдэхүүнээс шүүгчид томилогдоно. Мөн Монголын нэрт ардын дуучид, Төрийн шагналт зохиолчдын төлөөлөл гээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллана.
 
Ямар тоглолт үзүүлэх бол гэсэн хүлээлт үүсгэдэг шилдэг баг манай Зэвсэгт хүчинд олон доо. Тэдгээрээс дурдвал ...
 
-Газрын цээжинд давхидаг хэдэн сайхан морьдоо хэлээч гэвэл уяач хүн шиг бахархал дүүрэн нэрлэх ангиуд маш олон байна. “Цагаан сар-Монгол түмний уламжлалт баяр” тэмцээнд харуулын цэргээс ангийн захирагч нь хүртэл оролцдог Зэвсэгт хүчний 032 дугаар анги байна. Тэд бол Т.Онон уяачийн уяа сойлго нь яг таарсан хүлгүүд шиг байдаг. Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн “Алтан хорол” баг байна.
 
 
 
Давс, хужрыг нь яг таг тааруулж, чамбай бэлддэг багуудын нэг. Мөн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг жилээс жилд улам чангарч байдаг. Зэвсэгт хүчний 015 дугаар анги бол хөгжөөн дэмжигчдээрээ алдартай. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн мэндчилгээг дурдалгүй өнгөрч болохгүй. Маш содон, шинэлэг байж шүүгч, үзэгчдийг алмайруулж чаддаг.
 
 
 
Тэрчлэн тодруулбал, Зэвсэгт хүчний 032 дугаар анги өгүүлэмж, дүрийн тоглолт руу их анхаардаг драмын угшилтай. Гэтэл Зэвсэгт хүчний 311 дүгээр анги үндэсний хөгжмийн бүтэн хамтлагтай бэлдэж орж ирдэг. Зэвсэгт хүчний 013 дугаар анги үндэсний хувцас, хэрэглэл маш сайтай. Харин Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн залуучууд мэргэжлийнхээ онцлогийг тайзтай сайхан холбож чаддаг гээд дурдаад байвал шилдэг ангиуд олон бий.
Төгсгөлд нь хэлэхэд, иргэн бүр Монголын соёлын бахархлыг тээгч болохоор улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёлын үнэт өвийг уламжлан хөгжүүлэх эрхэм зорилготой тэмцээндээ ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн сэтгэл зүрхээ нэгтгэн оролцохыг уриалж байна. Энэхүү тэмцээн нь та биднээр дамжуулан үр хүүхэд, гэр бүлдээ үндэсний уламжлалт өв соёлоо түгээж байгаа чухал хэлбэр юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин