sonin.mn
Батлан хамгаалах яамны Ахмадын хорооны санаачилга, 500 гаруй ахмадын сэтгэлийн дэмээр цугларсан нэг сая төгрөгийн хандивыг тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Ц.Энхбат, нарийн бичгийн дарга, чөлөөнд байгаа дэд хурандаа Г.Батмөнх нар Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболдод гардуулан өглөө. Аль ч цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж тэргүүн эгнээнд явдаг цэргийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчид энэ удаад ч мөн адил дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцож байгаад талархаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Халдвар тархсан улс орнуудаас ирсэн 100 гаруй иргэд тус эмнэлэгт тусгаарлагдсан бөгөөд Цэргийн төв эмнэлгийн томилогдсон бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.
Энэ үеэр хурандаа С.Батболд Ахмадын хорооны гишүүдэд хандан “Та бүхний өгсөн энэхүү хандивыг тусгаарлагдаж байгаа иргэд болон тухайн тасагт ажиллаж буй алба хаагчдадаа зориулах болно. Эхний ээлжинд нэг удаагийн амны хаалт, бээлий, нөмрөг, хувцас хэрэглэл худалдан авна. Эрүүл мэндийн яамнаас хангалт хийж байгаа ч хүрэлцээ муу, бид өөрсдийн нөөц бололцоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа” гэлээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин