sonin.mn
Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч  Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
 
-Коронавирусын нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна. Энэ цаг үед Шуурхай штаб ямар эрх, үүрэгтэй ажиллаж байна вэ?
 
-Урд хөршид өвчлөл гарсны дараа урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай улс шуурхай авсан. Цаг алдалгүй хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар өвчин тухайн үед зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж чадсан гэж хэлж болно. Зөөвөрлөгдөж орж ирсэн халдварыг хяналтад бүрэн авч, ойрын хавьтлыг бүрэн тодорхойлж шинжилгээ авсан.
 
 
 
Улсын онцгой комиссын даргын тушаалаар манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулаад Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг байгуулсан.
 
 
 
Энэ дагуу корона­вирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг Улсын онцгой комисст танилцуулах үүрэг хүлээж байна. Шуурхай штабт салбар бүрийн төлөөлөл болсон 67 хүн төлөвлөлт, ажиллагаа, ар тал хангалт, санхүү, захиргаа, хэвлэл, олон улсын байгууллагын бүтцэд хуваагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг уял­дуулж зохион байгуулахад нэлээдгүй анхаарч байгаа.
Коронавируст халд­варын цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөөг боловсруулж Улсын онцгой комиссын дарга Шадар сайдаар батлууллаа. Гадаад улс орноос иргэдээ татан авах, тэднийг байршуулах, хүний нөөц, бараа бүтээгдэхүүн материалын нөөцийн судалгаа гаргах гэх мэтээр шат шатандаа хэрэгжүүлэх ажил тодорхой боллоо. Мөн коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмыг бэлэн болгож батлуулсан. Гадаад улс орноос дөрвөн удаагийн нислэгээр 1000 гаруй иргэн эх орондоо ирж холбогдох журмын дагуу тусгаарлалтад байгаа. Чартер нислэгээр ирсэн хүмүүсээс эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хоёр удаагийн нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай 100 гаруй хүн ирсэн. Харин хилээр орж гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан ч бараа бүтээгдэхүүн хэвийн үргэлжилж байна. Мөн хойд хөрш болон өвчлөл бүртгэгдсэн улс орноор дамжин орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг тусгаарлалтад авч байна.
 
-Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа. Энэ тохиолдолд 21 хонож гарсны дараа дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай юу?
 
-ХӨСҮТ-д өнөөд­рийн байдлаар шинэ корона­вирусын 12 батлагдсан тохиолдол байна. Энэ нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. Эдгээр хүмүүсийн эмнэл зүй, тархвар зүйг тандаж, дүгнэлтээ гаргаж эхэлж байна. Ирж байгаа зорчигчдыг хаагуур явсан, хаанаас халдвар авч байсан болох, хэд хоногийн хугацаанд шинж тэмдэг илэрч байгааг нарийн гаргадаг. Ингэхэд 12 хүний зарим нь хоёр хоногийн дараа, заримд нь 14-16 хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдаж байна.Хүмүүсийг тусгаарлалтад авмагцаа л шинжилгээ авч байгаа. Сая вирус илэрсэн хүмүүсийн хувьд эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илрэх үед нь олж авч чадсан. Энэ нь цаашдын өвчний явцад их ач холбогдолтой.
 
 
 
Тусгаарлалтад ав­сан хүмүү­­сийг ямар улсад хэд хоносон, ямар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлснийг хүн болгон дээр судалж байна. Ингэж эрсдэлтэй бүлгийг олж авч байгаа юм. Энэ нь тандалтын сайн тал. Хөнгөн хэлбэрийн эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд зарим хүн хэлэхгүй байх эрсдэл байдаг учраас давтан шинжилгээ авч байгаа. Ингээд давтан шинжилгээ хийхэд вирус илэрч байна.Иймд манайх тусгаарлалтын хугацаагаа 21 хоног болгосон нь  зөв юм.
 
 
 
Дэлхийн эрүүл мэн­дийн байгууллагаас өвчний нууц үе 14 хоног гэж зарласан ч зарим улс оронд цөөн тохиолдолд өвчний нууц үеийн хугацаа урт байгаа учраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань гэртээ өөрийгөө тусгаарлах чиглэл өгч байгаа. Энэ хүрээнд тусгаарлах байрнаас гарсан иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах заавар гарсан. Коронавируст халдвараас сэргийлэхэд хоёр талын хамтын ажиллагаа чухал. Зөвхөн төр засгийг харахаас илүү иргэд ухамсартай байх ёстой. Иргэд гэртээ аяга, таваг, халбагаа холихгүй байх. Гэр орон тэр дундаа ариун цэврийн өрөөндөө байнгын цэвэрлэгээ ариутгал хийх шаардлагатай. Гэрээр тусгаарласан үед өрхийн эрүүл мэндийн төв, хороо, дүүрэг хяналт тавихаас гадна МУЗН-ийн сайн дурын ажилтнууд хамтарч ажиллана. Заавал хорьж хянахаас илүү иргэд маань гэр бүл, нийгмээ эрсдэлд оруулахгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байх учиртай.
 
-Гэртээ тусгаарлагдсан иргэдийг гар утасны аппликейшнаар хянана гэсэн. Хэзээнээс хэрэгжих вэ?
 
-Тухайн иргэнийг гар утсан дээрх аппликейшнаар нь хянах боломжийг судалж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санал тавьж ирсэн. Олон хүн нэгэн зэрэг холбогдвол техникийн нөхцөл шаардлага хангаж чадах эсэх зэргийг ярилцаж байна.
 
-Олон улсад болон манай эмчилгээний арга барилаас харахад халдвар авсан хүн эдгэрээд гарах хугацааг хэрхэн тооцож, ямар эмчилгээг хэдэн төгрөгөөр хийж байна вэ? 
 
-Нэг хүний эмчилгээний зардал гэхээс илүү зөвхөн коронавирусыг илрүүлэх  шинжилгээний өртөг нь 165 мянган төгрөг болж байгаа. Энэ шинжилгээний мөнгийг иргэдээс авдаггүй. Улс орнуудын гаргасан судалгаанаас харахад хүндэвтэр өвчтөнд наад зах нь 28 хоногийн эмчилгээ шаардлагатай гэж гарсан байна лээ. Манай эмч нарын ажиглалтаас харахад ч хугацаа ижил байна. Халдвар авсан хүнийг эмчлэхэд шаардлагатай эм тариа, багаж тоног төхөөрөмжөөс эхлээд зардал  өндөр гарна. Халдвар авсан хүмүүст ДЭМБ-аас ирүүлсэн удирдамжийн дагуу эмчилгээ хийж байна. Мөн бусад улс орнуудын хийж байгаа эмчилгээний тактик удирдамж дээр ажиллах эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна.
Харин тусгаарлалтад байгаа иргэдэд ямар нэг эмчилгээ хийгээгүй. Тусгаарлах байрны түр журмын дагуу биеийн байдлыг нь хянаж, хоол хүнсээр хангаж дархлааг нь дэмжиж байна. Энэ нөхцөлд эмч мэргэжилтнүүд маань эмнэлэгт байрлаж буй иргэдтэй хамт өөрийгөө тусгаарлаж, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээр цаг наргүй ажиллаж байна. Коронавирусын халдварыг нийтийн дунд тархахаас сэргийлэхэд бэлтгэл бэлэн байдлаас эхлээд урьдчилан сэргийлэх бүх боломжийг дайчилж байна. Нэгдүгээр сарын 6-наас хойш халдвар хамгааллын дэглэмийг улс нийтээрээ сахиж, өвчин зөөвөрлөгдөн орж ирэхэд хэрхэн ажиллах талаар бэлэн байдлаа хангасны хүчинд халдварыг тогтоон барьж чадсан. Үндсэн хуульд монгол хүн хаана ч, ямар ч байдалд байсан эх орондоо ирэх эрхтэй гэж заасан. Тиймээс иргэнээ эх орондоо авчрах нь гарцаагүй.
 
-Дараагийн нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл хэр сайн хангасан бэ. Мөн иргэдийг нэг нэгээр нь тусгаарлахад хангалттай хэмжээний байр бий юу?
 
-Бэлтгэлээ сайн хангаж, зохион байгуулалтаа илүү чамбайруулсан. Шинээр ирэх иргэдийн хувьд нэг өрөөнд нэг хүнийг оруулах учраас эрсдэл хавьгүй буурна гэж үзэж байгаа. Тусгаарлаж ажиглалтад авч байгаа хүний тоо байнга өөрчлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар 2300 гаруй хүн ажиглалтад байна. Орон нутагт иргэдээ тусгаарлахаас гадна хотын ойролцоох газруудыг судалж байгаа. Нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг 2000 гаруй иргэнийг хүлээж авах боломжтой.
 
-Өнгөрсөн хугацаанд хэдэн оношлуур ашиглав. Цаашид нөөц хэр байна вэ?
 
-Япон болон ДЭМБ-ын шугамаар оношлуур ирсэн. Сэжигтэй тохиолдол бүрийг оношиллоо. Нөөц хангалттай бий. Мөн нислэг явсан тохиолдолд бусад улс орноос нэмэлтээр оношлуур авахаар төлөвлөж байна. Бид 15-20 минутад шинжилгээний хариу гарах түргэвчилсэн болон полимаризын гинжин урвалаар оношилж байна. Хүний цусанд вирусын эсрэг бие үүссэн тохиолдолд түргэвчилснээр оношлох боломжтой. Харин полимаризын гинжин урвалын хувьд сорьцыг шинжилж 12-24 цагийн дотор хариуг гаргана. Манай халдварт өвчин судлалын үндэсний төвийн вируслогийн лаборатори олон улсын сүлжээнд байдаг учраас энд шинжилгээ хийхэд Японд давхар хянагдаж байдаг.
 
-Дөрвөн аймагт коро­навирусыг оношлоход багаж төхөөрөмж, хүний нөөц хэр байгаа вэ?
 
-Яг өнөөдрийн байд­лаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид коронавиусыг илрүүлэх шин­жилгээг хийх боломж­той боллоо. Удахгүй Ховд, Дорнод, Орхон аймагт энэ шинжилгээг хийх хүний нөөц, тоног төхөөрөмж, оношлуурын  бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
 
-Коронавирусын халдвараас сэргийлэх бараа материалын нөөц хангалттай байгаа юу?
 
-Холбогдох агентлагуу­дын мэдээллийг Шуурхай штаб нэгтгэдэг. Нэг хэсэг амны хаалтны хомсдол үүссэн нь зөвхөн манай улсад биш дэлхий дахинд тулгарсан. Амны хаалт, ариутгалын бодисын дутагдлыг арилгаж, нөхөн хангахын тулд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс тодорхой санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамгаалах хувцсаар хангасан. Мөн шаардлагатай бараа материал эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Бараа материалаар бүрэн хангана гэж хэлж чадахгүй ч эхний ээлжинд амьсгалын аппарат, хяналтын монитар, эм, эмнэлгийн хэрэгслийг бэлтгэсэн.
 
-Онцгой нөхцөл бай­далд сайн дурынхныг ажил­луулдаг жишиг олон ул­сад бий. Манайх хэрхэн зохион байгуулж ажиллуулж байна вэ?
 
-МУЗН Шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа. 1000 гаруй сайн дурын ажилтныг бэлтгэж сургалт явуулж байна. Мэдээж сайн дурынхныг хамгаалалтын хэрэгслээр хангана. МУЗН орон нутагт ажиллах сайн дурынхныг ч бэлтгэж байна.
 
-Анагаахын резиден­түүдийг ажиллуулж байгаад буулгасан. Ер нь эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, хүний нөөц хэр байна вэ?
 
-Нийслэлийн эрүүл мэн­дийн газраас Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод анагаахын резидентүүдийг хамгаалах хэрэгслээр хангаад ажиллуулж байсан. Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар ажиллаж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж  байгаа. Эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажлын байран дээрээ тасралтгүй явуулж байгаа.  Резидент гэдэг бол ялгалгүй л тангараг өргөсөн эмч шүү дээ.
 
-Та бүхний авсан албан ёсны мэдээллээр коронавирусын вакцин гаргах ажил олон улсад ямар шатандаа байна вэ?
 
-Вакцин нарийн ажиллагаатай. Олон шат дамжлага дамжиж байж хэрэглээнд нэвтрүүлдэг. Нэг вакцин гаргахад хамгийн багадаа 12-18 сар шаардлагатай гэж үздэг. Хятад зэрэг улс орнууд вакцин гаргачихлаа гээд байгаа ч нарийн үйл явцтай учраас ДЭМБ-аас баталгаажуулсны дараа хэрэглэдэг учраас цаг хугацаа багагүй орно. Яг одоогоор вакцин гаргаж туршиж баталгаажуулсан зүйл алга.
 
-Олон улсын нөх­цөл байдлаас харахад Шуур­хай штаб коронавирустай тэмцэх, намжсаны дараа хариу арга хэмжээ авах ямар төлөвлөгөө байна вэ?
 
-Коронавируст халд­вараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд өндөр зохион байгуулалттайгаар шуурхай авч хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Эрсдлийг аль болох хохирол багатайгаар даван туулах зорилго тавьж ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөний хүрээнд халдварын хариу арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавьсан. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд салбар дундын оролцоо зайлшгүй шаардлагатай. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд тархалтыг таслан  зогсоох, нийгмийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар ажиллана. Хариу арга хэмжээ зохион байгуулахад иргэдийн үүрэг оролцоо, хариуцлагыг хангах ёстой. Эдгээртэй уялдуулж хууль тогтоомж эрхзүйн баримт бичгийг шинэчлэх шаардлага тулгарч байна. Бодлогын баримт бичиг нийтийн эрх ашгийг хамгаалсан, салбар хоорондын тэгш харилцааг хангахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэргүүлэх зэрэглэлээ болгон ажиллаж байна.
 
 
 
Цар тахлын үеийн болоод намжсан үед авах арга байдлаар салбар дундын оролцоог тусгаж өгсөн. Тухайлбал, цар тахал намжсан үед эрсдлийн төгсгөлийн үнэлгээ хийх ёстой. Хязгаарлалт тогтоосон үеийн үр дүнг тайлагнах зэргээр цогц судалгаа хийх юм.
 
 
 
-Халдвар авсан хүмүү­сээс хоёр нь эдгэрлээ. Мэ­дээж бүх төрлийн нарийн шинжилгээг хийсэн байх?
 
-Халдвар авсан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн баг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар бүрэн эмчлэгдсэн эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо. Энэ хүмүүст сүүлийн гурван хоногт нарийн үзлэг шинжилгээ хийлээ. Тус бүр таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийж бүгд сөрөг гарлаа. Өвчний үеийн эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан. Гэхдээ тусгаарлах байранд 14 хоног ажиглана. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, бүх холбогдох байгууллагууд хамтын хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тиймээс иргэд бидэнтэй хамтран ажиллаж байж энэ бүхний ард гарна. Хэн нэг нь хүчин чармайлт гаргахгүй бол нөгөө талын хүчин чармайлт талаар өнгөрнө. Хүн нэг бүр хэвшмэл зан үйлээ өөрчилж халдварын гинжийг таслахад дор бүрнээ зүтгэж байж хамтын хүчээр давна.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин