sonin.mn
Одоогоос яг 20 жилийн өмнө юм байна. Намрын налгар сайхан амралтын өдөр ажилчидтайгаа хамт хээр салхинд амарч байсан юм. Одоог бодвол амралтанд их дуулцгаадаг байж дээ.Өөрсдийнхөө хийсэн дөчийн бидонтой хорхогоо гаргаж шөлийг нь том аягаар дамжуулан амсацгааж, галаа тойрон хорхогны мах идэж сууна гэдэг өдрийн амралтын оргил хэсэг л дээ. Тэгээд ёс юм шиг архи гаргаж өөр аяга байхгүй юм шиг нэг аягаар ээлжлэн уудагсан. Эхний аяган “хундаганууд” ч албархуу, бас ерөөлийнх гэж болно. Сүүлдээ нөгөө тойрох аягатай архи маань дууны, дугарааны “хундага” болж хувирна даа. Эхний үед бүгдээрээ л дуулахаасаа цэрвэж гуйж гуйлгаж ичиж улайж байж дуулцгаана.
Сүүлдээ ч найр хавтгайраад эхлэхээр бараг уралдаад л дуулцгаана. Тэгж байтал дугарааны “хундага” дуунд хамгийн муу нэгэн дээр нь очоод гацчих нь тэр. Гэтэл тойрч суусан олны дундаас тэвчээргүй нэг нь “Юуг нь бодоод удаад байдаг юм, дуу олдохгүй бол моносынхоо сүлд дууг дуулаач” гэж яаруулах нь сониуч сэтгэлийг минь татаад анхааралтай чагналаа . Манайхан нэг дуу зохиочихвуу, аль эсвэл таалагдсан ямар нэг дуугаа сүлд дуу гээд өмчилчихсөн юм болов уу гээд их л сонирхон сонсч байтал нөгөө дугараа гацаасан нөхөр “Юу гэж эхэлдэг билээ?” гэв. Тэгтэл нэг нь тэндээс шууд л “Сэтгэлийн үгээ чамдаа хэльюү гээд Санааширч суусаар зөндөө удлаа...”гээд эхэлж бусад нь “Сайхан сарнай минь соёолж гүйцээд Саруул талаа чимэглэн ургалаа” гээд залгалаа. “Өө, хайрын минь ганц сарнай, Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ” гээд бүгд түрлээ. “Өө, тийм л дээ, манайхан сүүлийн үед нийлж наргих болгондоо олонтоо дуулдаг дууны нэг, одоо бүр компанийн маань сүлд дуу болж байгаа юм байна” гэж би инээмсэглэн бодлоо.
 
Манай компанийн ажиллагсдын ихэнх нь залуучууд. Ганц бие залуучууд ч олон. Хайрынхаа сарнайг хайж өр зүрхэндээ дэлбээлүүлчих санаатай нь мэдээж цөөнгүй. Тэдний нэг нь энэ дуунд дурлаж, бусдад нь таалагдаж...
 
Бас дууны ая нь амархан, тусгай хоолой шаардахгүй, согтчихоороо дахилтаа хэд ч хамаагүй дуулна. Тийнхүү нийлэх наргих болгонд дахин дахин дуулсаар манай хамт олны залуу хөгшин, ханьтай ханьгүй хүн бүхний сэтгэлд өөрийн эрхгүй хоногшжээ. Надад ч энэ дуу бас таалагдаад эхэлжээ. Харин дахилтынх нь “Өр зүрхэнд...” гэдэг нь надад огт таалагддаггүй, яаж ч хичээж дуулаад “Өр зүрхэнд” биш , “Өөр зүрхэнд ...” гэж дуулагддаг. Тэгэхээр дууных нь утга бүр эсрэгээрээ болчихож байгаа юм. Өөрийнх нь бус, огт өөр хүний зүрхэнд хайртай хүнээ хайрын сарнай болж дэлбээлээч гэхээр огт утгагүй, бараг эмгэнэл болно биз дээ. Гэхдээ үүнийг ихэнх нь анзаарахгүй дуулцгаана. “Анхны хайрын уяхан дуугаа Аялж хоёулаа дуулж үзье дээ Амгалан цэнхэр энэхэн орчлондоо Аз жаргалтай амьдарч явъя даа... Өө өө өө хайрын минь ганц сарнай Өөр зүрхэнд минь дэлбээлээч дээ. Бас өөрөөр ургуулаад бодвол хоёр зүрхтэй хүний ч дуу юм шиг. Гэтэл амьдрал дээр хоёр зүрхтэй хүн байдаг бил үү?
Дууны үгийг зөв сонгохгүй бол бүр эсрэг утгатай болж байна шүү гэж бодож суутал Сарантуяагийн дуулдаг нэгэн дуунд “Чамаас олигтойг нь би мэдэхгүй” гэж дуулагддаг нь санаанд орлоо. Дууны үгэнд хоёр утгатай үг орох бүр эвгүй. Олиг гэдэг өвчний нэр, олигтой гэхээр идээ бээр гоожсон өвчтэй амьтан, харин хүн дээр болохоор арай өөр утгатай, сайн хүнийг л хэлдэг бололтой. Гэхдээ л над шиг өвчний нэр мэддэг хүний хувьд олигтой хүн гэхээр идээ бээр гоожсон өвчин, бүр цаашлуулж бодвол бэлгийн замын хүнд өвчтэй хүн давхар санагдаад нөгөө сайхан дуу ямар ч утгагүй, сонсох ч хүсэлгүй болчихдог юм даа.
Залуучууд минь дуулсаар. “Дандаа чамайгаа мөрөөдөн мөрөөдсөөр Далай шиг сэтгэлдээ энхрийлж явъя даа. Хүнлэг орчлонд төрсний заяа Хайрын дээдээр хайрлаж явъя даа” гэж дуулмагц бүгдээрээ түрнэ. “ Өө өө өө хайрын минь ганц сарнай Өөр өөр зүрхэнд минь дэлбээлээч” гэнэ үү. Арай ч дээ, ийм утгагүй дууг сүлд дуугаа болгох гэж, өөр аятайхан дуу зөндөө л байдаг шүү дээ бодож суутал “Моносынхоо хамт олны дуулах дуртай, өөрсдийнхөө ажил үйлсийнхээ тухай сайхан дуу, ингээд дуулж байх, хамт олонд минь урам зориг өгч байх сүлд дуутай болох хэрэгтэй юм байна, удахгүй компанийн маань 10 жилийн ой болно шүү дээ” гэсэн сайхан бодол сэтгэлд зурсхийв.
 
Тэгээд л удсан ч үгүй Монос компанийнаа 10 жилийн ойд зориулж дууны үгийн уралдаан зарлав. Болоо ч үгүй бас сая төгрөгний шагналын сантай гэж байгаа. Олон ч дууны үг ирлээ. Бид баярлаад л нэг их том баяр болох гэж байгаа юм шиг цаг зав гаргаад , нэлээд хэдэн хүнтэй шалгаруулах комисс байгуулаад үзлээ. Бидний сэтгэлд таарах үг олдсонгүй. Бараг тавиад дууны үг байдаг.
 
Гэтэл шалгаруулаад дуу болгочих үг олддоггүй. Зарим нь дэндүү хуурай үгтэй, эрүүл мэндийн төлөө зүтгэе ч гэх шиг, арай амьдралд ойрхон нь монос модны дор болзон уулзах сайхнаа ч гэх шиг. Бидний хүлээлт их байсан байх, ёстой л нөгөө их санасан газар есөн шөнө хоосон гэдэг түүх ахиад л болж бүгдээрээ л уруу царайлсан сан. Баяр дөхөөд байдаг, бас дууныхаа үгийг хөгжмийн зохиолчдод өгөх, дуучнаа олох гээд олон ажил хүлээгээд байдаг.
Тэгтэл манай захирлуудын нэг “Ингэтэл та өөрөө бичвэл яасан юм, энэ хамт олон, энэ компанийн ажлыг та л сайн мэднэ, таныг залуудаа шүлэг бичдэг байсан гэж дуулсан гэдэг юм байна” гэлээ. “Нээрээн, та л бич” гээд цаг нь тулчихаад хүнд байдалд орсон хэд маань ашгүй нэг гарц олдлоо гэх шиг дуу шүү орж намайг шахлаа. “Залуу байхдаа шүлэг бичдэгггүй хэн байсан юм, дууны үг чинь их өөр “ гэж би цааргалсан боловч шаварт унасан шарын эзэн гэгчээр “Нээрэн оролдоод үзвэл яасан юм” гэж эргэлзлээ. Тэгээд бодлоо. “Нээрэн хамт олныхоо ажил үйлс санаа бодлыг би бусдаас илүү мэднэ. Тэгэхээр би л бичих ёстой юм байна. Яг л “Хайрын сарнай” дуу шиг хамт олныхоо дуулах дуртай дуу зохиох юм шүү. Ингээд бодтол “Хайрын сарнай” дууны ая , хэмнэл сэтгэлд уянгалаад эхлэв. Яг л тэр дууны ая хэмнэл дор “Монос монос мод нь цасан цасан цагаан цэцэгтэй дээ. Монос монос миний монос нь цалин цалин цагаан эмтэй дээ” гэсэн үг ороод ирсэн дээ. Тэгээд л хэдхэн минутын дотор энэ дууны үг зохиогдох нь тэр.
 
Тэгээд дууныхаа үгийг хармаалчихаад хэнд өгдөг юм билээ гээд бодож явтал Монголын нэг нэртэй хөгжмийн зохиолчтой тааралдахад би ч олзуурхаад “Та нэг цоглог аястай вальс маягийн хэмнэлтэй дуу зохиогоод өгөөч” гэлээ. Тэрбээр тун дуртай зөвшөөрлөө. Түүнээс хойш удаагүй байтал нэг халамцуухан хүн туслахыг минь тас загнаад ороод ирлээ.  
 
Цайвар саарал өмдтэй, цагаан цамц, хар савхин пиджаактай дэгжин байрын тэр хүнээс “Та юун хүн бэ?” гэж асуутал түүнийг шатааж орхилоо. “Танихгүй байна уу? Зулай цагаан алтай дууг мэднэ биз дээ, дуулдаг биз дээ?” гэж асууж байна. Мэдэхгүй хэн байх билээ. Радиогоор ч, телевизээр ч өөр дуу байхгүй юм шиг үргэлж хангинаж ёстой л моодонд, одооны хэллэгээр бол хит болчихоод байсан юм. Ялангуяа ардын жүжигчин Хавлааш гуайн дуулсан нь тэр үед хүмүүст их таалагдаж байсан юм. Гэвч өрөөнд минь дураараа орж ирсэн тэр хүний түрэмгий ааш дургүй хүргээд “Тийм дуу мэдэхгүй, сонсоогүй, дуулдаггүй” гэлээ. Тэрбээр согтуу хүн сохор ухаантай гэгчээр нүд рүү минь анхааралтай хараад адарч байгааг минь ойлгож “За дүү минь ахыгаа уучлаарай, согтуу хүний аашийг... Ах нь тэр дууг зохиосон Сангидорж байна” гэлээ. Ингэж л би авьяаслаг төгөлдөр хуурч Саянцэцэг, олон улсад нэртэй хөгжмийн зохиолч Сансаргэрэлтэх нарын аав, монголынхоо алдартай хөгжмийн зохиолчтой танилцаж, хэдий олон насны зөрөөтэй ч үерхэж нэг бус удаа гэрээр нь очиж байсан даа. Тэр үед хөгжмийн зохиолч Сангидоржийн ихэр охид болох Ихэрцэцэг, Ижилцэцэг нь загвар өмсөөд бас л эрхэмсэг хөгжмийн зохиолчийн дуунууд шиг нэрд гарч, одооныхоор бол топ модель гэгдэж байсан санагдах юм.
 
Сангидорж гуай биеэ барьсан ч уусан архи нь дотроос нь хатгаж “Чи яагаад Моносынхоо дууныхаа үгийг надад өгөхгүй тэр ...нд өгч байгаа юм бэ?” гээд намайг загналаа. “Би таныг танихгүй байсан шүү дээ” гэж аавдаа загнуулсан хүн шиг түүний өмнө тайлбар тавьснаа гэнэт л шазруун зан маань хөдөлж “Би заавал танд өгөх ёстой байсан юм уу?” гээд бас адарлаа.
 
“Чи миний анхны мэргэжлийг мэдэх үү?” гээд тэр огт өөр юм асуулаа. Би хаанаас мэдэх вэ дээ. Үнэнээ хэллээ. “Мэдэхгүй.” “Ах нь хүн эмнэлгийн техникумын эм найруулагчийн ангийг төгссөн, эм найруулагч мэргэжилтэй хүн, тэгээд л эм найруулагч, эм зүйчийн тухай нэг сайхан дуу зохиох гэсэн юм” гэлээ. Би юу юуны туханд хүрэлгүй, тэр хүний хүсэл эрмэлзлийг ойлголгүй халамцуу ч гэлээ настай хүний өөдөөс хэдэрлэж адарсандаа харамсч тэр эрхэм хүнээс уучлал гуйв. “Уучлаарай соёлын гавьяат зүтгэлтэн ...гуайд дууныхаа үгийг өгчихсөн юм, одоо яадаг билээ” гэхэд “Хм, тэр чинь симфони найрал хөгжимдөө дажгүй шүү, харин тэрний нийтийн дуу зохионо гэж юу байсан юм. Надад дууныхаа үгийг өгчих, Чи аль сайныг нь сонгоорой” гэснээ “Алив хоолой норгох юм байна уу?” гээд эвлэрсний тэмдэг гэлтэй инээмсэглэж байна. Би хэлснийг нь ойлгосон боловч надад байсангүй. Мэдэхгүй царайлж цай юу, кофе юу гэж асуугаад дуугарахгүй болохоор нь манай үйлдвэрийн ундаа гээд чацарганы шүүс өглөө. Хөгжмийн зохиолч минь дуугүйхэн хэд залгилснаа “Арай хатуу юм алга уу “ гэлээ. Би ч туслахаа гүйлгэлээ.
Ердөө л хоёр гуравхан хоногийн дараа Болгарт консервартори төгссөн, дуурийн дуучин Оюунбилгээр өөрийнхөө аяыг нь зохиосон Монос дууг дуулуулаад аваад ирсэн дээ. Үнэхээр сайхан ая зохиосон байлаа. Анх Оюунбилэгийг дуулахыг сонссон дуурийн дуучид хайрын дуунд бол бүр гоё таарах ая байна гэж дуу алдаж байсан гэдэг.
Ийнхүү Моносын минь хамт олны маань хорин жил дуулж байгаа, цаашид ч олон жил дуулах Монос дуу минь төрсөн түүх энэ юм даа. Сангидорж хэмээх агуу хүн эм найруулагч хэмээх эрхэм мэргэжлээрээ бахархаж, энэ мэргэжилдээ өртэй хэмээн шаналж аялгуу төгс дуугаар төлөх ёстой гэж сэтгэж, авьяасаараа аархаж надтай уулзсаныг эргэн санахад таатай. Монос дууны сэтгэлд шингэсэн сайхан аялгуунд энэ эрхэм хүний хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх сайхан мэргэжлээ өргөн дээдэлсэн уужим сэтгэл, хөгжмийн зохиолчийн агуу их авьяас шингэж гэж дуулах бүрийд бодогддог юм даа.
 
Лувсангийн Хүрэлбаатар