sonin.mn
Зузаан гэгч нь цааснууд давхарлаад торондоо хийчихсэн байснаа үзүүлээд “Тусгаарлалтаас гэртээ гарч байгаа хүмүүс рүү утсаар ярих, биеийн байдлыг тандах судалгаанд эгч нь ажиллаж байгаа юм.
Утас завгүй яриад байдаг нь ийм учиртай” гэсээр яриагаа эхэлсэн түүнийг А.Оюундэлгэрэх гэдэг. Баянзүрх дүүргийн Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн. 50 гаруй насандаа олон нийтийн сайн сайхны төлөө ямар нэгэн цалин, хөлс авахгүйгээр оролцож, хөдөлмөрлөх нь түүний өөрийнх нь сонголт байсан. 20 гаруй жилийн хугацаанд амьдрал, үр хүүхдийнхээ хажуугаар энэ ажилдаа дурлан, тууштайгаар хийж байгаа.
Цаг үеийн онцгой нөхцөлд галын шугаманд тэргүүн эгнээнд байлдаж байгаа эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтынхан гээд тангараг өргөсөн албан хаагчдын ар талд чимээгүй  дэм болж байгаа олон зуун сайн дурын ажилтнуудын нэг нь тэр юм. Хариу нэхдэггүй тус гэдэг тэдний хувьд ямар үнэ цэнэтэй зүйл болохыг харуулахаар энэ эмэгтэйг “Амьдралын тойрог” булан онцолсон нь энэ.
 
Хуучин хувцасны нярав охины бага нас
 
 
А.Оюундэлгэрэх есөн хүүхэдтэй айлын долоо дахь охин. Аав Авирмэд нь түүнийг таван настай байхад нь таалал төгсч, ээж нь олон нялх хүүхэдтэй үлдэж хоцорчээ. Тиймээс тэд багаасаа ээждээ туслахын тулд байгаа зүйлээ хэмнэх, эмх журамтай амьдрахад суралцаж өсчээ. Ээж Энэбиш нь худалдагч хийдэг. 360 мянган төгрөгийн цалингаар хүүхдүүдээ тэжээхдээ, хамгийн гол нь боловсролтой л болгоно гэж зүтгэсэн байна. “Тэр үед манай ах, эгч, бид нар ажлаа хуваарилж аваад хийчихдэг байсан. Бүх ажлаа тэнцүү хуваагаад хурдан хийчихнэ. Манай ээж олонтойгоо хуваалцаад сурчихсан, үүнийг байнга захиж хэлдэг байлаа. Манай орцонд 20 айл байдаг. Бүгд бие биенээ сайн танина. Аль нэг айлд нь асуудал гарвал бүгд тусалдаг тийм сайхан цаг байж. Олон хүүхэдтэй ээжид минь хамаатан садангууд минь ч их тусалдаг байсан. Бид бас ах эгч нарынхаа хүүхдүүдийг харж өгөх, хөдөөнөөс ирсэн хүмүүсийг эмнэлгээр дагуулж явах гээд ер хойш сууж байсангүй. Байгаа зүйлээ хэмнэж, хуваалцаж өссөн болохоор идэх зүйлээр лав дутаагүй ээ. Өглөө эрт толгой цувдайны мухлагт ээлжилж дугаарлана. 10 цагийн үед очоод өдөр хоёр гурван цагийн үед авдаг байсан. Ямар ч байсан хоосон хоноогүй. Юмхнаар юм хийгээд амьдарч сурсан. Том ах, эгч хоёр юм оёдог. Бид шинэ хувцас авдаггүй, зүгээр л даавуу авдаг байсан. Дүү нартаа өмсөх хувцсыг нь оёод өмсүүлчихдэг байв. Яагаад ч юм над дээр ихэнх хувцаснууд шилжиж ирнэ. Хуучин хувцасны нярав нэртэй жоохон охин явлаа даа. Бие биендээ дэмтэй тустай л байвал болдог юм байна гэсэн хүмүүжлийг ээж минь, гэр бүл минь надад өгсөн. Энэ бол миний хүмүүжлийн хамгийн том суурь юм уу даа” гэж тэрээр ярив.
 
Оюундэлгэрэхийг найман нас хүрэх жил нь ээж нь одоогийн аав Намхайдагватай нь гэр бүл болж хоёр дүү гаргаж өгснөөр өнөр өтгөн айл бүр олуулаа болжээ. Жолооч ажилтай хойд аав нь тэднийг өөрийн хүүхдүүд мэт харж ханддаг , сайн ярилцдаг байсан нь тэднийг багаасаа л эв найртай, биендээ туслах хүмүүжилтэй болгож өсгөжээ. Хуучин хувцасны нярав гэж дуудуулдаг байсан охин Худалдааны сургуулийг төгсөөд Хүнсний бөөний бараа баазад няраваар ажилд оржээ. Энэ байгууллагадаа амьдралынхаа ханьтай танилцаж ханилан сууж хоёр хүүгийн аав, ээж болцгоожээ.
 
Ганц үнээгээр өл залгуулсан он жилүүд
 
 
Сайн дурын сургалт, судалгааны ажлууд.
 
10 жил ажилласан хүнсний баазаасаа 1995 онд гарсан нь Оюундэлгэрэхийн хувьд уналтын жилүүд байжээ. “Амьдрал минь тэр үед үнэхээр доошоо орсон” гэж тэр тодотгосон юм. Цахилгааны мөнгөө төлж чадахгүй харанхуйд сууж, дан цагаан будааг үсүгээр амтлан иддэг байснаа дурсав. “Хүн амьдралд ам алдаж болдоггүй гэдгийг ухаарсан он жилүүдийг эгч нь туулсан. Дунд сургуулийнхаа найзад би архаг архичинтай суусан ч хүмүүжүүлээд авч чадна гэж ярьдаг байлаа. Яг л тэр замаараа явсан даа. Нөхөр маань баазад ачигч хийдэг байсан юм. Балгах дуртай. Гэрийнхэн, ажлынхан хүртэл маш их хорьсон. Тэр маань найман хүүхэдтэй айлын хүү. Би ч хүний олон нь сайхан гэж зөрсөөр байгаад гэр бүл болсон. Архи уугаад ирэхэд нь аашилж загнахгүй, их тэвчээр гаргасан. Харин эрүүл болсных нь дараа энэ амьдрал сайхан байна уу гэж хэлээд л орхидог байсан. Тэгсээр хань минь архинаас гарсан. Ханилан суугаад 35 жил болж байна шүү дээ” гэв.
 
 
 
Баярмөнх, Оюундэлгэрэх хоёулаа цомхотголд өртөж ажлаасаа гараад амьдралын төлөө зүтгэж эхлэв. Хүнсний баазаасаа төдийлөн гүйдэггүй давс гэх мэт барааг аваад зах дээр аваачин 5-10 төгрөг нэмж зарж хоолны мөнгөө олдог байж. Тухайн үед бараа баазад цуг ажиллаж байсан няравууд нь барааг нь зарагдсаны дараа мөнгийг нь авах зэргээр түүнд их тусалжээ. Оюундэлгэрэх өөрөө ажилтай байх үедээ тэдэндээ их тусалдаг байсных нь хариу гэж боддог аж.
 
 
 
Ингэж явсаар 1998 онд Гачууртад ирж суурьшсаных нь дараа түүний ээж нэг үнээ худалдан авч өгчээ. Ингээд үнээнийхээ сүүгээр амь зуусаар. Үнээн дээрээ нэмээд туулай авч үржүүлж үзсэн байна. Гэвч тухайн үед туулайг эмчилгээний зорилгоор худалдан авах сонирхолтой хүн их байсан тул өрөвдөөд үржүүлэхээ больсон гэдэг. Гахай маллаж үзсэн ч хөрш айлууд нь дургүйцсэн тул бас л больжээ. Ингээд нэг тахиа худалдаж аваад үнээнийхээ сүүн дээр нэмэрлэн гэр бүлээ тэжээж эхлэв. Яриан дундуураа тэрээр “Ээж минь бидэнд тэтгэврийнхээ талыг албатай юм шиг л өгдөг байлаа. Ээжийнхээ өмнөөс амьдарч байгаа аятай л байж дээ” гэж санаа алдав.
 
Өрхийн бяцхан аж ахуйгаа босгох гэж зүтгэж байх үед нь бас нэгэн харамсалтай явдал энэ айлыг дайрчээ. 2000 онд нөхөр нь барилгын ажил хийж байгаад бетонон хананд даруулж гэмтжээ. Бага хүү нь дөнгөж ой хүрч байсан. Үнээнийхээ сүүгээр амьдрал залгуулдаг бүсгүй хаа байсан Гачууртаас Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа нөхрөө сахих боломжгүй. Үүрийн дөрвөн цагт босч үнээгээ саачихаад хоол хийгээд хүүгээ хажуу айлдаа гуйж орхиод эмнэлэг явна. Бага ахыгаа гуйж нөхрөө сахиулна. Том ах нь эмнэлгийнх нь бүх төлбөрийг төлж өгсөн гээд түүнд талархах хүн олон байж. Том хүү нь зургадугаар ангид сурдаг, хоолоо хийж, усаа авна. Тэр үед хүүгийнх нь ангийн найзууд мөн ч их тус болсныг дурсан ярилаа. Ус авч өгнө, ногоог нь усалж өгнө, хашаа хорооных нь эвдэрснийг сэлбэж засчихаад явчихдаг байж. Хүний тус дэм гэдэг хэзээ ч багаддаггүйг тэр маш сайн ойлгож авчээ. Тэр хүүхдүүдийн тусч сэтгэл амьдралд нь асар их дэм болж, сэтгэлийн тэнхээ өгснийг өнөөдөр дурсаж сууна. Эмч нар нөхрийг нь 5-6 жил босохгүй гэж хэлжээ. Тухайн жилийнхээ намар нөхөр нь эмнэлгээс гарч гэртээ хэвтэрт байх болов. Оюундэлгэрэх 24 цагийн дэлгүүрт ажиллах болов. Ингэж өдөр, шөнийг ялгахаа больтол зүтгэсний эцэст ердөө гуравхан сарын дараа нөхөр нь өндийгээд иржээ. “Чи надад ямар ч гэсэн суга таяг олоод өг” гэж нэхсээр байгаад бага багаар босч хөл дээрээ боссон доо. Их зоригтой боссон” гэж ярилаа. Одоо хань нь харуул хамгаалалтын компанид ажилладаг гэсэн. 
 
 
 
Ногоон амьдралтай холбогдсон нь
 
Түү­­ний зааж өгсний дагуу Гачууртад 30 орчим, Хужир­буланд 15, Улиастайд 15 айл өдгөө ногооны бизнес эрх­лэн ам­жилттай ажиллаж байна. 
Үхэр, тахиагаар амьдрал залгуулж байсан тухайн үед мод бут, ногоо жимс тарих ажлаа тэр эхэлжээ. Улаанбаатар хотын зургадугаар арван жилийн сургуульд сурахдаа “Хөдөлмөр” амралтын зусланд “Агрономийн үндэс” хичээл заалгаж байсан сурагч насныхаа мэдлэгт тулгуурлан өрхийн бяцхан тариалангаа эхэлжээ. Хожим олон улсын байгууллагын төсөлд хамрагдаж сургагч багш болсон байна. Энэ үедээ Улаанзагалмайн нийгэмлэгтэй холбогдож сайн дурын идэвхтэн болсноор айлуудад хүнсний ногоо тариалах сургалт явуулж эхэлжээ. Хужирбулан, Улиастай орчим жилдээ 500 орчим өрхөд сургалт явуулж, багаж, үрээр хангажээ. Ногооны сургалтаа хийхийн хажуугаар эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийллийн төс­лүүд дээр ажиллаж, сургалт, судалгаа хийдэг байна. Одоо Оюундэлгэрэх эгч хашаандаа 20 гаруй төр­лийн мод, бут ургуулжээ. Түү­­ний зааж өгсний дагуу Гачууртад 30 орчим, Хужир­буланд 15, Улиастайд 15 айл өдгөө ногооны бизнес эрх­лэн ам­жилттай ажиллаж байна.
 
“Мэдээж анхны юм бүхэн л хэцүү байдаг. Айл бүртээ очиж зааж өгнө. Зарим айл дараа нь очихоор өгсөн үрийн төмсөө идчихсэн эсвэл зарчихсан байдаг. Тэр үед та одоо нэг шуудай төмсөө зарах уу эсвэл намар үүнийгээ 40 шуудай болгоод авах уу, аль нь дээр вэ гэж асууна” гэв.
А.Оюундэлгэрэх эгч сүүлийн 20 жил Баянзүрх дүүргийнхээ 20 дугаар хорооны айлуудын гудамжуудаар тасралтгүй алхаж байна. Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын ажил, дээрээс нь Баянзүрх дүүргийнхээ халамж, амжиргаа дэмжих төсөлд давхар ажилладаг аж.
“Явган их явна. Нохой шувуунд хөөгдөнө. Чулуу модоор зэвсэглэнэ. Гэхдээ тэр сүртэй асуудал биш ээ. Хүнтэй харьцах л хэцүү. Ямар хүнтэй уулзах бол гэж бодож очно. Эхлээд хүнээ яриулна. Хэрэв буруу яривал асуудлаа гаргаж чадахгүй тул ухаантай байх хэрэгтэй болно. Бас хүлээцтэй л байхгүй бол янз бүрийн ааш авиртай хүн таарна. Надад ч гэсэн уур уцаартай, бусдыг цохиж авч байсан залуу нас байсан. Айлуудаар яваад хүмүүстэй уулзаад ирэхээр маш сайн сонсч сурдаг юм байна. Өмнө нь дөрвөн жил хорооныхоо хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа 500 орчим өрх хариуцдаг байлаа. Айлуудаараа их явдаг байсан. Сүүлдээ хаясан хогоор нь хүртэл таньдаг болчихдог юм шүү дээ. Нэг үеэ бодвол иргэдийн амьдрал харьцангуй дээшилж байна. Дээ үед байсан тартагтаа тулсан ядуу айл цөөрсөн байна. Гэвч хэчнээн гоё ганган айл байлаа ч эхнэр, нөхөр нийлж архидаад зодолдож, хүчирхийлэл үйлдээд, дунд нь хүүхэд хохироод үлддэг олон эмзэглэм үйл явдлуудтай тулж явна даа. Залуучууд архийг л болимоор байна” гэж Оюундэлгэрэх эгч сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ
 
Баянзүрх дүүрэгт л гэхэд 400 гаруй сайн дурын идэвхтэн байдаг аж. Дүүрэг бүрээс нэг хүн тодруулдаг “Энэрэнгүй үйлстэн” шагналын өнгөрсөн жилийн эзэн болсон.  Гэхдээ тэр их даруухан. “Говь Хангай мебель” компанийн салбарт үйлчлэгч хийдэг. Ажлынхан нь түүнийг ажлынхаа хажуугаар ямар их ажил амжуулдгийг төдийлөн мэддэггүй гэнэ. Өөрөө ч хэлдэггүй аж. “Чамайг ингээд сайн дураараа бусдад туслаад явахаар хэн хэдэн төгрөг өгөх юм бэ” гэсэн асуулт түүнд их ирдэг гэнэ. Хариулт нь “ Хүн өөрийнхөө ёс суртахуун, төлөвшлөөр л явж байгааг ойлгох хэрэгтэй. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зарчимтай амьдардаг. Надад ямар хүнд хэцүү үеүд тохиолдож байсан. Тэр цаг үед надад ирсэн тус дэм хэрхэн босгосныг би ярьсан. Харин миний тус дэмээр нэг ч гэсэн хүний амьдрал дээшилвэл эргээд л буян заяа нь ирнэ гэж боддог. Хэзээ ч би чамд өгсөн одоо чи надад өг гэж хандаж болохгүй. Жишээ нь би цэцгийн үрсэлгээнүүдээ 3000 төгрөгөөс илүү үнээр зарж байсангүй. Бусад дэлгүүрт арав гаран мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тэртэй тэргүй би нэг үрийг 3000 төгрөгөөр аваад 20 хувааж үрслүүлж байхад шуналтах шаардлага байхгүй шүү дээ. Надаас авсан цэцэгнүүд сайхан ургаж байгааг сонсохдоо баяртай байдаг.
 
 
 
Орон гэргүй, үнэр танар нь жигтэйхэн хүмүүсийг сүрьеэгийн үзлэгт хамруулахдаа сэжиглэж байсангүй. Тэд ч бас хүн. Эдгэх хэрэгтэй. Хандлага зөв байхгүй бол сайн дурын ажилтан хийнэ гэж байхгүй” гэлээ.
 
 
А.Оюундэлгэрэх хоёр хүүтэй. Том хүү, бэр нь тогооч. Ээжийгээ сайн дурын ажилд явахад нь огтхон ч дургүйцдэггүй байна. Харин амралт, ажлаа сайн зохицуулаарай гэж байнга сануулдаг аж. Үндсэн ажил, сайн дурын ажил, хашааныхаа ногоо цагааны ажил гээд түүний нэг өдөр тун завгүй өнгөрдөг юм билээ. Хажуугаар нь сургалтанд суух боломж гарвал мэдлэгээ дээшлүүлэхийг хичээдэг гэсэн. Бусдын төлөө гэж гүйдэг хэрнээ өөр дээрээ ирсэн асуудлаа шийдэж чадахгүй, хойшлуулаад яваад байдаг муу зан байгаагаа тэр хэллээ. Жишээ нь түүний бага хүү зургадугаар ангиасаа хойш шалтгаан нь тодорхойгүйгээс өсөлтийн бэрхшээлтэй болсон байна. Гэртээ өөрийгөө тусгаарлаж, сургуульд явахаасаа дөлсхийж байгаа хүүгээ тэр өнгөрсөн жил л хөөцөлдөж байж группд оруулсан гэнэ. Нэг алхахад л мөнгө гүйдэг энэ нийгэмд тэр бүр сайн сайхан зүйл яриад явж чадахгүй байгаа нь аргагүй үнэн билээ. Оюундэлгэрэх эгч жил хагасын дараа тэтгэвэртээ гарна. Тэр үедээ хашаагаа маш гоё тохижуулж, өрхийн аж ахуйгаа өргөжүүлээд, хажуугаар нь сайн дурын ажлаа идэвхтэй хийсээр байх болно гэсэн.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин