sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19”-ийн тохиолдол анх бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотын 57 мянган сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр сургуульдаа эргэн оржээ.
Гэхдээ тус хотын бүх сурагч танхимын сургалтад эргэн ороогүй, зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явж эхэлжээ. Дунд болон бага ангийн сурагчдын танхимын сургалт эхлэх тов тодорхойгүй байгаа аж.
Сургуулиуд танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчныг халдваргүйтгэжээ. Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуульд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар Хятадын өдөр тутмын хэвлэлд дурдсан байна.
 
 
Энэ оны нэгдүгээр сараас хойш сургууль нь хаагдсан, цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд дөрөвдүгээр сараас хойш аажмаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ гэж БСШУСЯ-наас мэдээлэв.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг