sonin.mn
"Хобби" булан маань уншигчдад хүрсэн цагаасаа нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм сонин, содон гэмээр цуглуулгатай олон ч эрхмийг онцолсон. Энэ л жишгээр А.Эрхэмбаярынх хэмээх олон хүүхэд шуугилдсан нэгэн айлд өнжлөө.
Та гаднын орнуудаар эсвэл аль нэгэн дэлгүүрээр зочлохдоо гоёмсог хэлбэр, хийцтэй агаад гарын атганд ч багтах хэмжээтэй жижигхэн архи, виски, виног анзаарч байсан уу? Тэгвэл тэр бүхнийг зүгээр л анзаараад өнгөрөлгүй хорхойсож, цуглуулга болгосон хүн бол А.Эрхэмбаяр юм. Түүний цуглуулгыг согтууруулах ундаа бус бэлэг, дурсгалын шинж чанартай зүйлс гэдэг талаас нь хүлээж авсан юм. Гэрийн хоймор хэсэгт байх шилэн хаалгатай том модон шүүгээнд өрсөн эдгээр чамин шил, боодол, лонхтой “хатуу” чанарын ундаанууд цуглуулгынх нь нэгээхэн хэсэг нь аж. Учир нь өдий хэмжээний цуглуулга хайрцганд хав дарагджээ.
 
 
Ер нь ч цуглуулгын тоо ихсэхийн хэрээр багтаах зай, завсар олдохоо байдаг нь "Хоббитон"-уудад маань тохиолддог нийтлэг бэрхшээл аж. А.Эрхэмбаяр ч хав дарсан цуглуулгаасаа танилцуулна гээд гав шав хийж гарлаа. Энэ хооронд өнөөх өндөр шүүгээний хамгийн дээр заларсан хүний гавал хэлбэртэй лонхнууд улаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон гэрэлтэх нь нүдэнд торлоо шүү. Хажууханд нь хуучны "Форд" машиныг дуурайлгасан нь ч байх юм. Багадаа “Амьдралын нахиа” гэдэг киног үзчихээд архи гээч зүйлийг хэрхэн жигшсэн талаараа Б.Эрхэмбаяр аавдаа ярьж байсан тухайгаа энэ зуур хуучлаад амжсан. Бүхий л насаараа спиртийн төрлийн зүйлээс харшилтай мэт холуур дөлж явсан нь цуглуулгын тоогоо 1000 дөхүүлж, бүгдийг нь лацтай чигээр нь салхи оруулалгүй хадгалахад нөлөөлсөн юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Тэрээр залуус, дүү нартаа битгий уу гэж хэлэхгүй ч сархад гэгчийг тааруулж хүртэж байгаарай гээд үргэлжлүүлэн цэргийн холбогдолтой чамин цуглуулгаасаа сая нэг “сарвайхад” ёстой л загатнасан газар маажих шиг болов. Эхлээд дундад зууны үеийн цахиур буу, "АК" загварын буу, мина зэргийг гаргаж үзүүллээ. Доторхыг нь харахгүй бол мина нь жинхэнэ гэж ойлгогдохоор ажээ.
 
Болор шилийг хүртэл гоёлын "Revolver" гар бууны хэлбэрт оруулсан Tequila ч байх юм. Энэ бол А.Эрхэмбаярт их “тоогдож” араас нь нэхэн нэхэн явсан ч олдоогүй удсан эд. Харин нэг л өдөр өөрөө гэрт нь “гүйх” шахам ороод ирсэн гэнэ.
 
Эрэл сурал болсон энэ "гайхал" бэлэг болоод өөрийнх нь мэдэлд ирэхээр бага зэрэг гайхсан ч санасандаа хүрсэндээ ихэд олзуурхжээ. Зөвхөн өөрийн эрэл хайгуулаар 1000 гаруй цуглуулгатай болсон гэвэл өрөөсгөл юм. Танилын хүрээ, ойр дотнынхон нь түүний “эрдэнэсийн сан"-г нь баяжуулсаар өдий зэрэгтээ хүргэсэн гэвэл үнэнд нийцнэ. Тухайлбал, түүний эхнэр нь анхдагч гэх тодотголтой цуглуулгыг нь түүчээлж зарим сонирхолтой дурсгалын зүйлсийг ч авчирсан. "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг шиг аавынхаа үлгэрлэлийг хүү нь өвлөж байгаа тухай яриа ч бидний дунд өрнөсөн. Эднийх хоёр охин, нэг хүүтэй. Хүү нь утас цуглуулдаг хоббитой. Samsung Galaxy S1, Iphone 4 зэрэг 20 гаруй утас байдаг аж. Зарим нь хуучирч сэв зураасандаа баригдсан ч хэвийн ажилладаг. Гэр бүлийнх нь хүний хувьд, сүрчиг цуглуулдаг бөгөөд нийт цуглуулгын тоо мөн л 20 хүрээд байгаа аж. Би ч гэр бүлийн бусад гишүүдийг цуглуулгаа гурван оронтой тоонд хүргэхээр нь эргэн уулзахын ерөөл тавиад хөл хөөрцөг боллоо. А.Эрхэмбаяр бүх цуглуулгаа хаанаас, хэзээ, ямар үнээр авсан гээд түүхийг нь 10 хуруу шигээ нэвтэрхий мэддэг юм байна. Бид зах зухаас нь л онцолж, уншигч танд болгоож байна. Бүгдийнх нь талаар бичнэ гэвэл сонины зай, талбай багадаж таарна. Чухамдаа л цуглуулгынхаа өлөн тоосыг арчиж, байсан байранд нь буцаагаад өрөхөд нэг хоног ч багаддаг гэнэ.
 
А.Эрхэмбаяртай манай Зэвсэгт хүчинд ч өвөрмөц хоббитой хүмүүс байдаг талаар ярьж сэдэв хазайгаад авсан. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ аж.
 
Мэдээж энэ талаар нэхэн сурвалжилж ямар хоббигоор өвчилсөн хүн бэ гэдэг асуултын хариуг нь олох болно. Ер нь ч тэгээд танил, найз нөхөд нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хаадаг учир энэ салбарт ч их элэгтэй хүн шиг санагдсан. Санасан ажил бүтлээ хэмээн биднийг буцах гэтэл хананд өлгөөстэй мөнгөн тэмдэгтийн цуглуулгууд уяж орхив. Ингээд А.Эрхэмбаярыг хэсэг зуур “шалгаах боллоо”. Ардын хувьсгалаас өнөөдрийг хүртэлх он жилүүдэд хувирч гандсан бас шинэ хэвлэлтээс гарсан болон тэмдэглэлт ойн баяруудаар үйлдвэрлэгдсэн зоосон мөнгөнүүд ч бий аж. Хожим ийм хоббитой болсон гэх авч хүүхэд байхдаа зоосон мөнгө цуглуулж эхэлсэн байна. Түүнд төрөл бүрийн цуглуулгууд бий.
 
 
Зарим нь бүр "Swarowski" шигтгээтэй гоёлын зоос ч байх аж. Мөн 1937 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн зоосон мөнгө ч байна. Германы таван маркийн мөнгөн зоос аж. Нүүрэн талдаа хоёрдугаар Рейхийн хөрөгтэй. Эсрэг талдаа Гитлерийн Нацистын бэлгэдэл хас тэмдэг, бүргэдтэй. Яг ийм зоосыг хэд хоногийн өмнө UNEGUI.MN дээрээс нэг сая төгрөгөөр үнэлсэн байхыг олж харснаа гэнэт санав. Ер нь тэгээд цуглуулга гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улам өсдөг жамтай. Харин цуглуулгаа арвижуулах гэж хүн өмнөхөөсөө илүү их хөдөлмөрлөдөг, бүтээлч чанарт суралцдаг гэдгийг А.Эрхэмбаяр сонирхол нэгтнүүддээ манай сониноор дамжуулан уламжилсан юм.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин