БЕРЛИН. /RIA Novosti/.  Герман улс Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлийг лхагва гаргаас буюу өнөөдрөөс даргалж эхэллээ.
 
 
 
Герман улсыг ЕХ-ны интегралчлал, эдийн засгийн хөгжлийн "хөдөлгүүр" гэж үздэг билээ. Тус улс нь ЕХ-ны ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн санхүүгийн хямрал болон еврогийн бүсийн өрийн хямралаас үүдэлтэй Европын орнуудын эдийн засгийн асуудлуудыг шийдэхдээ Германы эрх баригчдын саналыг заавал харгалздаг байна.
 
 
 
Өнөөгийн хямралын үед Герман улс ЕХ-нд манлайлагч гэдгээ харуулж, цар тахлын эхний давалгааг амжилттай даван туулжээ. Тус улсын эрх баригчид иргэд, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн томоохон хэмжээний багц тусламжийг үзүүлж, түүнчлэн Францын эрх баригчтдтай хамтран ЕХ-ны эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэ нь тус холбоог даргалах үедээ баримтлах тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж буй юм.
 
 
 
Европыг дахин хүчирхэг болгоно
 
Хамгийн сүүлд Герман улс 2007 оны эхний хагаст ЕХ-ны Зөвлөлийг даргалж байв. Энэ үед дэлхийн санхүүгийн хямрал дөнгөж эхэлж байсан бөгөөд ЕХ-ны хувьд чухал жил байсан билээ. Харин энэ жил Герман 13 дахь удаагаа даргын үүргийг гүйцэтгэнэ.
ЕХ-ны гишүүн орнуудыг даргалах ажлыг гүйцэтгэхдээ Европын зөвлөлийн дарга /Шарль Мишель/ болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчтэй /Жозел Боррель/ нягт хамтран ажилладаг байна.
Германы эрх баригчид “Хамтдаа. Европыг дахин хүчирхэг болгоцгооё” хэмээх үг хэллэгийг уриа болгон сонгосон бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2015-2016 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын сурталчилгаандаа хэрэглэж байсан “Америкийг дахин агуу болгоё” /”Make America great again”/ уриа үгтэй төстэй юм. Гэхдээ Германы эрх баригчид "Gemeinsam” буюу хамтдаа гэсэн үгийг эхэнд нь байрлуулахаар шийдсэн бөгөөд үүнийг хоёр дахь хэллэгээс цэгээр тусгаарлаж, багаар ажиллахыг онцолжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг