sonin.mn
Сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр өөрийн хоёр дахь бүтээл буюу “Ухаалаг сэтгэл хөдлөл” номоо өлгийдөн аваад байна.
 
Юуны өмнө EQ-н талаар бидэнд хамгийн ойр байж болох тайлбарыг хүргэхгүй юу?
 
-EQ гэдэг нь шинжлэх ухааныхаа нэр томьёонд Emotional intelligence гэж тэмдэглэгддэг. Монгол хэлнээ сэтгэл хөдлөлийн оюун ухаан хэмээн орчуулагдсан. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн чадамж бүхий цогц шинжтэй ойлголт, сэтгэцийн үзэгдэл. Хөрсөн дээр буулгаж, маш энгийнээр тайлбарлавал сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар юм. Ганц хоёр үгээр хамгийн ойр байдлаар тайлбарлавал ийм. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, түүнийгээ удирдан зохицуулах, бусад харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, мөн удирдах гэсэн дөрвөн хүрээгээр тодорхойлогдоно. Эдгээр нь голлох амин бүрдэл хэсэг. Өөрийгөө сэдэлжүүлэх, дасан зохицох, шийдвэр гаргах гэх мэтчилэн дэд бүрэлдэхүүн хэсэг байдаг. Ингэж тодорхойлж болох юм.
 
Хүний хөгжлийг зөвхөн IQ-тай холбож тайлбарладаг байсан цаг үе EQ-гаар солигдож байх шиг. Үүнээс үүдээд EQ чухал IQ нь тийм биш гэсэн ойлголт хэт томорч байна. Нэг талыг барих нь зохимжгүй санагддаг ...
 
-IQ, EQ-ыг хооронд нь харьцуулж ярих нь бий л дээ. Бараг сүүлдээ IQ нь чухал биш EQ нь нэн чухал хэрэгцээтэй мэт болох нь. Тийм биш л дээ. IQ нь intelligence буюу хүний оюун ухааны уламжлалт үзүүлэлтүүд болох танин мэдэхүйн, сэтгэн бодох зэрэг чадвар цаашлаад суралцах, боловсрох үйл явцтай холбогдоно. Тодорхой асуудал шийдвэрлэх чадвартай ч бас. Мэдээж дээрх чадварууд нь хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас хойш амьдралд тохиолдож байгаа хүндрэл, бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхэд голлох нөлөөг үзүүлж байсан. Одоо ч гэсэн ач холбогдолтой хэвээрээ байгаа. EQ-ыг яагаад илүүтэй онцолж байна вэ гэхээр IQ-гаас дутахааргүй чухал ач холбогдолтой гэдгийг нь гол болгосон хэрэг. IQ-ын ач холбогдлыг нь бууруулсан зүйл огт байхгүй. Хүний амьдрал маш олон төрлийн чадваруудыг шаарддаг.
 
Мөн тухайн хүн ямар төрлийн хөдөлмөр, үйл ажиллагаа эрхэлж байгаагаас шалтгаална. EQ-ын онцлог нь хүн ямар ч ажил мэргэжилтэй, юу хийдэг байхаас үл хамааран бидний амьдралд нийтлэг тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд нэлээд дөхөм, ахиц авчрахуйц ач холбогдолтой чадвар. Тэгэхээр хүн амьдралд бүтэлгүйтэх, сэтгэл санаагаар унах, түүнээс болоод амьдрал нь доройтох зэрэг асуудалтай илүү холбогдож байгааг харж болохоор. Өөрт болон хүнд үүсэж байгаа сэтгэл хөдлөлийг зохицуулж, зорилго руугаа чиглүүлж чадахыг EQ шаардаж байгаа юм.
 
Энэ талын ойлголтыг нийгэмд, ялангуяа боловсролын салбарт хүртээмжтэй байдлаар хүргэж ач холбогдлыг нь таниулсан, өөрөөр хэлбэл хөрс нь болох тийм орны жишээг дурдвал ...
 
-EQ гэх ойлголт нь шинжлэх ухааныхаа сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг томьёоллоороо судлагдаж эхэлсэн үе нь 1980-аад оноос хойш. Саяхан гэж хэлж болох ч сэтгэл хөдлөлтэй үзэл баримтлалууд сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Мөн МЭӨ сопистуудын үзэл баримтлалуудтай ч холбогддог. Энэ чиглэлээр хүнийг хөгжүүлэх төлөвшүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, EQ-ын чадвар нь тун чухал, хүнд хөгжиж төлөвшдөг. Ач холбогдол өгөөд сургалтаар дамжуулан системтэйгээр судлуулах боломж бий юу гэвэл тийм. Харин ч IQ-ыг бодвол EQ-ын коэфицент илүү өсөх боломжтой. Амьдралын аль ч үед өсөж, хөгжих боломжтой гэдгээрээ онцлог. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд EQ-г хөгжүүлдэг тодорхой багц оруулсан улс, орнууд байна. Ялангуяа АНУ, Европын орнууд Финлянд зэрэг тодорхой үр дүнд хүрсэн улс орныг нэрлэж болно. Манай улсын хувьд танин мэдэхүйн чадвар буюу IQ-тай холбоотой үзүүлэлтүүдийг дэмжих, хөгжүүлэх талын сургалтын программ руугаа илүүтэй хэлбийдэг. Тус үзүүлэлтүүдийг нь илүү өндөр оноогоор үнэлдэг болсон.
EQ-г хөгжүүлдэг, түүнийг нь бас оноогоор үнэлдэг систем манай сургалтын хөтөлбөрт бага зэрэг учир дутагдалтай байгаа нь үнэн.
 
Энэ чиглэлийн сэдвийг барьж аваад докторын судалгааны ажлаа хамгаалсан хүний хувьд явцын дүн шинжилгээ, арга туршлага, онцлогийн талаар ярих нь зөв байх ...
 
-Судалгааны ажлыг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол хүмүүс болон сэтгэл хөдлөлийнх нь коэфицент онцлогийг нь судлаад үр дүнг тодорхойлохыг хичээсэн. Ер нь EQ гэлтгүйгээр үндсэндээ монгол хүний сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох, олон талаас нь судалж, үндэсний хэмжээний суурь судалгаануудыг хийсэн.Төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага гээд маш олон талбарт ач холбогдолтой, үр шимээ өгөхүйц ийм дата, суурь бааз манай улсад байдаггүй юм билээ. Дээрх асуудалд нөлөө үзүүлж чадахуйц EQ-ын үр нөлөөг судалсан. Судалгааны ажлын хүрээлэл маань 18-25 насныхан буюу дийлэнх нь оюутнууд болсон. Үүн дээр тулгуурлаад сургалтын үйл ажиллагаа, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг чиглүүлэх, оюутанд сэтгэл хөдлөлийн оюуны ухааны аль бүрэлдэхүүн чадвар нь дутмаг байдаг, түүнийг нь илүү хөгжүүлэх чиглэлд анхааръя, гарц гаргалгаатай болъё гэсний үндсэн дээр судалгааны ажлаа эхлүүлсэн. Судалгааны үр дүнгээс оюутны өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар нэлээд дутмаг байгаа нь харагдсан. Энэ чадвар хичээл хийх, боловсрох, тодорхой зорилт руу өөрийгөө чиглүүлэх, цаашлаад ажил мэргэжлээ сонгох, хүсэл мөрөөдлөө зөв таних, зорилтоо зөв тодорхойлох, оновчтой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, шийдвэрийг илүү цэгцтэй болгож өгөх юм. Үүнд тулгуурлаад EQ-г хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан судалгаанд оролцсон хүмүүст туршиж, үр дүнгээ баталгаажуулсан. Өргөн хүрээгээр нь харахад манайд боловсролын чанар хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь сэтгэл хөдлөлийн чадварыг нь хөгжүүлээгүйтэй холбоотой, энэ нь цаашдаа амжилттай суралцахад тийм ч сайн нөлөө үзүүлдэггүйг харж болохоор.
 
Таны хэвлүүлсэн “Ухаалаг сэтгэл хөдлөл” ном уншигчдын гар дээр хүрээд буй. Энэ талаар ...
 
-Десартацын судалгааны ажлын хүрээнд хийгдэж хадгалагддаг гэхээсээ илүүтэйгээр нийгэм, олон нийтэд ач холбогдлоо өгч байх хэрэгтэй гэдэг үүднээс судалгааны ажил дээрээ үндэслэн, түүнийгээ шинжлэх ухааны хялбаршуулсан хэл найруулгатайгаар эмхэтгэсэн. Баримтат номын нэг төрөл гэж хэлж болохуйц. Мэдээж десартацын ажил хүнд, тэр бүр хүрээд байдаггүй. Гэхдээ десартацын ажлаа механикаар ном болгосон ч юм биш. Хүмүүст хүртээмжтэй байх бололцоотой гэдэг үүднээс сонирхолтой жишээ баримтаар баяжуулж ном болгон хэвлүүлээд байна. Номын тухайд дөрвөн бүлэгтэй. Нэгд, сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаар хөндсөн. Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь хүн болон амьтны аль алинд нь бий. Харин сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хүнтэй л холбож тайлбарлах зүйл. Энэ бүлэгт хүний сэтгэл яаж хөдөлдөг талаар, түүнээс улбаалан сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ-ыг тайлбарлахыг оролдсон. Хоёрдугаар бүлэг нь сэтгэл хөдлөлийн оюун ухааны бүтцийн талаар. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлийн оюун ухаанд байдаг дэд чадваруудын талаарх ойлголтууд бий. Дараагийн бүлэгт нь хүмүүст илэрдэг сэтгэл хөдлөлийн онцлог буюу хэв шинжийг тодорхойлж өгсөн. Долоон төрлийн хэв шинж байна. Үндсэндээ долоон төрлийн хэв шинжтэй хүмүүс байдаг гэсэн үг л дээ. Тухайн хэв шинжийн хүмүүс ямар онцлогтой, тэдэнтэй яаж харилцвал илүү үр дүнтэй байдаг зэргийг дурдсан байгаа.
 
Сүүлийн бүлэгт сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлэх энгийн буюу хялбаршуулсан зөвлөгөө, загварчлал бий. Товчилсон загварчлал гэж хэлж болно. Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөндсөн түгээмэл тархацтай, баримтат материал тун ховор юм билээ. Тэдгээрийн дийлэнх нь орчуулагдсан бестселлэр бүтээлүүд байдаг. Харин энэхүү ном олон баримтат тулгуурласнаараа илүү ач холбогдолтой гэж хэлж болохоор. Энэ чиглэлээр эх хэл дээрээ судлаад тодорхой ойлголттой болох хүсэл, сонирхолтой хүмүүст нээлттэй. Мөн монгол ахуйтай их холбож тайлбарласан, жишээ баримтаар баяжуулсан гэдгээрээ бусдаас ялгарч болох онцлогтой.
 
Сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдах нь харилцагчтайгаа ойлголцоход илүү хялбар байдаг талаар дурдсан байна лээ ...
 
-Эрт дээр үед хөгжсөн хүний лимбийн тогтолцоо гэж бий. Энэ тогтолцоо нь хүний сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг зохицуулдаг. Сэтгэл хөдлөлийн гол амин сүнс буюу тархинд бүх командыг өгдөг бүтэц байдаг. Оюун ухааны чадвар өндөр хөгжсөн хүн байдаг хэдий ч сэтгэл хөдлөлөө зохицуулах боломж бас харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, өндөр IQ-тай хүн амьдралдаа алдахгүй байна гэсэн баталгаагүй. Тэр баталгааг нь харин EQ олгохыг зорьдог. Сэтгэл санааны байдлаас хамаарч алдаа, эрсдэл гаргах үе цөөнгүй шүү дээ. ЕQ тэр эрсдэлийг л бууруулдаг гэсэн үг. Хөгжих тусам бууруулна. Танин мэдэхүйн тархи буюу IQ нь тодорхой зам туулдаг. Сэтгэл хөдлөлийн тархи ч гэсэн мэдээлэл хүлээж аваад хариу үйлдэл үзүүлэхдээ бас зам туулна. Уншигчдад илүү үйлгомжтой байх үүднээс хэлэхэд сэтгэл хөдлөлийн тархины туулах зам нь арай богино, хурдтай. Хүн харилцаагаа ширүүсгэж юм авч шидэх, зохисгүй үг хэлэх, дайрч давшлах зэрэг нь танин мэдэхүйн тархиа хяналтаас гарч байгаагийн нэг шинж.
 
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгжих тусам үүнийг хянах боломж ихэсдэг. Хүн бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх нь хамгийн чухал болох нь үүнээс харагдаж байгаа байх. Үндсэндээ хүний сэгэл хөдлөл, мэдрэмжийг таних асуудал. Ихэнх тохиолдолд бид өөрт үүсэж байгаа сэтгэл хөдлөл, төрж байгаа мэдрэмжээ бусдад тулгадаг сул талтай. Үүгээрээ хариуцлага үүрэх, удирдан зохион байгуулахыг бас хичээдэг. Энэ бол алдаа. “Ухаалаг сэтгэл хөдлөл” номд бичигдсэн нэг жишээн дээр тайлбарлая л даа. Нэг айл орой болгон тугалаа хашихдаа тодорхой асуудалтай тулгарч түүнийгээ ямар нэгэн байдлаар шийддэг байж л дээ. Нэг алаг бяруу л хашуулах гэж их асуудал үүсгэдэг. Хашаа руугаа ордоггүй тул хүмүүс хамжиж оруулна. Бярууны эзэн араас нь дагаж ороод бярууг зоддог. Иймэрхүү үйл явдал орой бүр болдог. Яагаад ингэдэг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Бярууг зоддог нь зэл рүү орохгүй, хашуулдаггүй учраас. Эзнээ бухимдуулдаг, сэтгэл хөдлөлийг нь ойлгохгүй учраас зодуулдаг. Харин бяруу яагаад хашаандаа орохгүй байгаа талаар эзэн хэзээ ч бодож байгаагүй. Үүнд л гол асуудал бий. Асуудлыг хэрэгжүүлж, удирдаж байгаа субъект эхлээд бодох хэрэгтэй гэсэн үг л дээ. Бярууг зоддог учраас хашуулдаггүй гэсэн логикийг ойлгочхоод өөр арга барилаар асуудалд хандвал шийдэгдэх бололцоотой. Ерөнхийдөө бид нар бусад харилцагчийнхаа сэтгэл хөдлөл ямар байгаа талаар тэр бүр боддоггүй, анзаардаггүй. Гэх мэтчилэн олон жишээ баримт бий.
 
Тэдгээр жишээн дунд цасан бөмбөлөг их сонирхол татсан. Яагаад ийм жишээг иш татсан юм бэ?
 
-Цасан бөмбөлгийг өнхрүүлэх тусам томордог. Бид өөрт байгаа таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө зохицуулалгүй удаан хугацаанд зууралдаад байвал тэр нь томордог. Танд мөнгөний их хэрэгцээ гарлаа гэж бодъё. Мөнгө олдохгүй удсанаас болоод танд таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд үүсэж эхэлж болзошгүй. Мөнгөнөөс болж үүсэж байгаа хямралтайгаа ажиллахгүй, мөнгө олох талаар л бодоод байна. Хямрал, таагүй мэдрэмжийг үүсгэж байгаа хүчин зүйлтэйгээ л ажилддаггүй. Тэгэхээр өнөөх мэдрэмж томроод үр дагавар нь асуудалд эрүүл хандах боломжуудад хаалт хийж эхэлдэг гэсэн үг. Тиймээс таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дор дор нь гадагшлуулж, зохицуулах шаардлагатай. Бодит байдал ийм тааламжгүй байгаа учраас бид амьдралынхаа багагүй хугацааг аз жаргалгүй өнгөрөөж байна.
 
Уншигчид сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ гэсэн асуултын хариултыг нэхэх байх ...
 
-Бид хоёрын хооронд өрнөж байгаа ярилцлагаар үүнд бүрэн дүүрэн хариулт өгөх боломж бас хомс. Хүлээсэн үүрэг даалгавар, аливаа ажлыг гүйцэтгэхдээ маш их ач холбогдол өгч, цаг хугацаа зарцуулж, үр дүнд хүрдэгтэй адил сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэхэд хүнээс чармайлт шаардана. Процессын хувьд сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд өөрт байгаа асуудлыг тодорхойлж, гаргаж тавиад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө, онцлогуудаа таньж мэдэх нь тун чухал. Өөрийгөө сайтар таниагүй учраас хүнтэй харилцахад хаалт бий болчихдог. Ихэнхдээ зөнгөөрөө л харилцаагаа авч явдаг. Тэгэхээр хамгийн эхний алхам чин үнэнчээр таньж мэдэх юм.
 
Юунд дуртай, хэнтэй харилцахад хялбар, ямар үед эрч хүчтэй эсвэл сул дорой байдаг гэхчлэн мэдээллээ цуглуул. Бодит мэдээлэлд дүн шинжилгээ хийж өөрийгөө судал. Үүний үр дүнд өөрийгөө удирдан зохицуулах боломж өснө. Бусадтай харилцах, бусдыг ойлгох чадварууд хөгжиж ирдэг. Бид нар хүүхдийг хүмүүжүүлэхдээ энэ ямар тоо, ямар өнгө вэ гэх зэргээр танин мэдэхүйн чадваруудыг нь хөгжүүлэх гэж оролддог шүү дээ. Хэн нэгний зургийг үзүүлээд энэ хүн царайнд нүүрний ямар хувирал байна, баярлаж байна уу, гуниглаж байна уу гэдгийг хэзээ ч асуудаггүй. Тиймээс хүүхдийг багаас нь сэтгэл хөдлөлийн ийм илрэл, шинж тэмдгүүдтэй харьцаж сурах арга барилыг хүмүүжлээр дамжуулж олгох нь зөв. EQ-ыг хөгжүүлэхэд энэ ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Хүүхдийн мэдлэгт гэхээс илүүтэй мэдрэмжүүдийн талаар анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд, багш нар голлох үүргийг хүлээх нь мэдээж. Төрж байгаа мэдрэмжийг нь хүүхдээс асууж байвал сайн. Алсдаа хүүхэд өөрийн болон хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньж мэддэг, ойлгодог болно. Үүнд тулгуурлаад харилцаагаа удирдаж эхэлнэ. Академик түвшинд авч үзвэл EQ-ыг хөгжүүлдэг хөтөлбөр, сургалтуудад хамрагдаж болно.
 
Бодлогоор гаргаад ирсэн тиймэрхүү хөтөлбөр манай улсад байдаггүй шиг санагдаж байна ...
 
Мэдээж тийм. Хайгуул хийгээд үзвэл гаднын улс орнуудаас иш татаж болохоор. Орчуулаад танилцаж болно. Бас дээрх төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сэтгэл зүйн төвүүдэд хандах эрх нь ч танд нээлттэй.
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин