sonin.mn

Хойд хөршийн Эртний түүхэн хот Эрхүүд хүйтний эрч хэдийгээр ид чангарч, бараг 30 хэмийн хүйтэн байсан ч манайх шиг утаа байхгүй нь сайхан юм. Уг хотод ёстой л өнөө Сибирийн тасгим хүйтэн эхэлсэн байв. Эрхүүгийн төв хэсэгт нэг давхар модон байшингууд нь хэвээр... Хотын захиргааны удирдлагууд төв хэсэгтээ шинээр барилга байшин барихгүй, харин хотын захад шинэ хорооллуудыг сүндэрлэн босгох зорилго тавьсан нь илт байв.

 

Өнөөдөр Эрхүү тэлж байгаа учир Ангар мөрөнг түшиглэж дөрөв дэх УСЦ-аа барьж байгаа сураг дуулдсан. Эрхүү хотын төв захад “Монголд үйлдвэрлэсэн” гэх тэмээний ноосон оймс, хантааз, нурууны бүс зэрэг бараа хаа сайгүй байх юм. Эдгээр бараа үнэхээр манайд үйлдвэрлэсэн үү, эсвэл Эрээнээс орж ирснийг тодорхойлоход бэрх юм билээ.

 

Энэ захын хажууд Шанхайн зах бас байх бөгөөд тэнд хятадууд “Made in China” гэсэн шошготой бараа худалдаалж харагдана. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Оросын Засгийн газраас хүнс болон барааны зах дээр гадаадын харъяат иргэдийг зогсоохгүй гэсэн шийдвэр гарсныг санах юм. Гэтэл Эрхүүгийн зах дээр Хятад иргэд олноороо наймаа хийж байсан нь дэгтэй улс хойно зөвшөөрөл авсных биз.

 

Нэг хятадаас Орос руу бараагаа нийлүүлэхдээ ямар арга зам, ямар боомтоор оруулдаг вэ гэж сонирхон асуухад,

-Бид Манжуураар зохих бичиг баримтаа бүрдүүлээд бараагаа оруулж ирдэг. Манай бараанд ямар ч мапаан байхгүй, чанар сайтай, Шанхай болон Хонконгын бүтээгдэхүүн гээд л бараагаа бөөн магтаад авна лээ. Гаалийн татварт их мөнгө өгч бараагаа оруулна биз гээд өөр нэг хятадаас асуухад, би сайн мэдэхгүй. Манай боос л мэднэ гэв.

 

Яг энэ асуултаа хэд хэдэн хүнд тавихад олигтой хариу авч чадсангүй. Харин оросоор овоо ярих нэг нь гаалийн татвар гэхээсээ оросууд хахуульд дуртай улс, шуналтай шүү дээ. Тиймээс ном дүрмээрээ явах нь ховор. Хамгийн шалгарсан арга бол хахууль. Энэ нь барааг түргэн оруулахад гол хөшүүрэг болдог гэв. Энэ захын ихэнх хятадууд оросоор ярина, гэхдээ зөвхөн наймааны хэллэгтэй. Харин орос эхнэр авсан хэд нь арай дээр ярьдаг юм байна.

 


Албан бус мэдээгээр наймаачин монголчууд Эрхүү болон Ангарск хотод 600-гаад суурьшисан гэх. Ихэнх нь гэр бүлтэйгээ бараг арав гаруй жил амьдарч байгаа сураг дуулдсан. Харин хамгийн их удсан нь 20 жил болсон байна. Тэд голдуу арилжаа наймаа хийнэ. Тэд одоогоос 2-3 жилийн өмнө хятад бараа борлуулдаг байсан бол өнөөдөр Монголынхоо бүтээгдэхүүнээр амь зууж, овоо орлоготой байдаг аж.

 

Олсон мөнгөө түрээсийн байранд өгнө, хүүхэд шуухдаа сургууль соёлын мөр хөөлгүүлнэ, үлдсэн хэдийгээ идэж ууна гээд өндөр өртөгтэй газар бол рубль бараг юу ч биш байдаг бололтой. Ар гэртээ мөнгө явуулах боломж байдаг уу гэхэд, за яахав дээ. Орлоготой үед мөнгө гуйвуулна, гэхдээ банкаар биш, энд шимтгэл нь өндөр. Тиймээс хувь хүнээр явуулдаг гэв. Монгол наймаачид бараагаа хаана зардаг, борлуулалтын суваг хэр байдаг гэж асуухад.

 


-Энэ тал дээр хэцүү болсон. Дээхэн үед зах дээр гараад зогсдог байв. Одоо гадаадын иргэдийг зах дээр зогсоохоо больсон. Тиймээс зарим нөхөд оросуудыг цалинжуулж зах дээр зогсоодог, харин өөрсдөө ард нь байдаг. Ер нь ихэнх хүмүүс энэ тэнд зохиогддог үзэсгэлэнд оролцоно, тосгоноор явуулын наймаа хийнэ дээ. Оросын зах зээл багтаамж сайтай, худалдан авах чадвар бас чиг сайн шүү.

 

Эрхүүгийн наймаачид бид хүүхдүүдэдээ боловсрол эзэмшүүлэх зорилгоор арилжаа хийж, амьдарч байна. Нэлээд хэдэн жил болсон хэд нь эх орон руугаа явах дургүй байдаг. Өөрөөр хэлбэл, энд идээшсэн хэрэг. Орост өртөг өндөр ч хоол хүнс нь аюулгүй, амт чанартай. Дээр нь агаар нь бохирдоогүй, сайхан байгальтай. Ер нь энэ нутгийг муулдаг нэг ч монгол байдаггүй гэв.


-Та бүхэн Эрхүүд оршин суух зөвшөөрлөө хэрхэн шийдвэрлэдэг вэ. Бас визний асуудлыг?

-Эндхийн ихэнх монголчууд удаан хугацааны визтэй. Харин зарим нь богино хугацааных. Оросын виз 80-150 ам.долларын үнэтэй, энэ бол нэг удаагийнх. Сард олон удаа орж гардаг хүнд визний энэ хураамж өндөр тусдаг. Тиймээс бид Эрхүүд суугаа Монголын Консулын газраас урилга авах гэж бөөн юм болно шүү. Учир нь энэ урилга дээр хоёр хүн бичүүлдэг, үнэ нь ердөө 70 ам.долларых бөгөөд урилга 90 хоногийн хугацаатай байдаг.



-Сибирь нутагт зохиогддог үзэсгэлэнд та хэд алгасахгүй орно биз? Үнэ өртгийн хувьд хэд байдаг бол?

-Ямар сэдэвтэй гэдгээс нэлээд хамаарна. Хөдөө аж ахуй, газар тариалан, хувцас хунар гээд төрөлжсөн үзэсгэлэнд ороход ашигтай. Энд нэг метр үзэсгэлэнгийн талбайн хөлс 4500- 5000 рублийн үнэтэй, дээр нь бүртгэлийн хураамж гэж 5000-6000 рубль авна.



-Та бүхэнд ямар нэгэн хэрэг тохиолдвол Консулын газартаа ханддаг уу?

-Уг нь тэгэх ёстой. Бид урилга гуйх гэж Консулын газар дээр ирэхээс биш, бидний арилжаа наймааг зохицуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргадаггүй. Тэд ч зохицуулах алба байхгүй байх. Ер нь дэмжлэг туслалцаа энэ газраас бараг байдаггүй гэж хэлж болно гэснээр Эрхүүд суурьшсан монголчуудтай уулзсан яриа өндөрлөсөн юм.

 


Эрхүүгийн ид хүйтний үед буюу энэ сарын 7-ноос 12-ны өдрүүдэд Оросын “Сибэкспоцентр" компаниас “-Шинэ жилийн бэлэг дурсгал” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Монголын 20 гаруй компаниуд бараа бүтээгдэхүүнтэйгээ оролцсон юм. Уг үзэсгэлэнг МҮХАҮТ нь Эрхүүд суугаа Монголын Консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

 

Ноолуур болон тэмээ, хонины ноосон эдлэл эрэлт хэрэгцээтэй байснаас гадна тус үзэсгэлэнд нохойн арьсаар урласан өвлийн гутал нэлээд гүйлгээтэй байв. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Чинбатын Шүрэнцэцэгийн эсгийгээр гараар оёсон ороолт малгай, шааль зэргийг оросууд ихэд сонирхож байсан бөгөөд энэ хөдөлмөрч эмэгтэй нэгэн зэрэг гурван дэлгуүрийн эзэдтэй худалдааны гэрээ хийгээд амжсан юм.

 

Түүнээс гадна тэмээний ноосоор оймс үйлдвэрлэдэг “Дулаан кашмир”, тэмээний ноосон хөнжил хийдэг “Камэл Лэнд” компаниуд бараагаа тогтмол нийлүүлж байх түншээ олоод авна лээ. Ер нь энэхүү үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд бүгд л дор дороо олз омогтой ирснээс үзвэл Монголын ноос, ноолуур, арьс ширний бараа бүтээгдэхүүнд Сибирь нутагт эрэлт хэрэгцээтэй хэвээр байгааг харуулна.

 

Сибирийн хэдэн сая хүн амыг манайхан эх орны чанартай бөгөөд дулаан хэмээн тооцогдох, экологийн цэвэр гэж үзэх боломжтой бараагаар бүрэн хангах боломжтой. Харин манай үйлдвэрлэгчид Монголынхоо түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, барааныхаа сав баглаа боодол дээр анхаарч, ёстой жинхэнэ чанарт анхаарлаа хандуулбал, юун Орос орон, дэлхийн олон улсад экспорт хийх уг нь боломж бий.

 

Аж ахуйн нэгж экспорт хийхийн тулд тухайн улс орны зах зээлийг судлах нь эн тэргүүний зорилго. Энэ зорилгоо биелүүхэд хамгийн түрүүнд зардал бага орох үзэсгэлэнд оролцож байх нь чухал юм. Монголд гадаадад зохиогддог аливаа үзэсгэлэнд Монголын компаниудыг тогтмол татан оролцуулдаг газар бол зөвхөн МҮХАҮТ юм. Ийм үйлчилгээг явуулдаг цорын ганц төрийн бус байгууллага нь том жижиг, бичил гэж ялгалгүй бүх л бизнес эрхэлж буй хүмүүсийг гадаад үзэсгэлэнд хамруулж, үүнээсээ ашиг олох зорилго агуулдаггүй аж.

 

Танхимаас зохион байгуулдаг гадаад арга хэмжээнд идэвхтэй оролцсон цөөнгүй компаниуд өнөөдөр бичлээсээ албан секторт шилжиж, зарим хэсэг нь овоо хөрөнгөжиж, гадаад улс оронд өөрийн салбартай, дэлгүүртэй болсон бол тодорхой хэд нь шинэ төрлийн бизнест хүчээ сорьж яваа. Тэд бидэнд Танхимаас өөр байгууллага ингэж дэмжлэг үзүүлдэггүй.

 

Танхимд баярлаж явдгаа танай сониноор дамжуулж хэлье гэж Эрхүүгийн үзэсгэлэнд оролцогч нар санал бодлоо илэрхийлсэн юм. ОХУ-д ганзагаар бараа бүтээгдэхүүн болон хүнс оруулж ирэхийг хуулиараа хориглоод нэлээд хэдэн жил болж байгаа билээ. Галт тэрэгний зорчигчдын хувийн хэрэглээний жин 50 кг- аар доогуур байх журамтай бөгөөд хэрвээ арилжааны шинж чанартай, нэр бүхийн барааны тоо 3-аас дээш байх юм бол хилээр оруулахгүй гэсэн журамтай.

 

Хэрвээ зорчигч ОХУ-ын Наушки боомтоор арилжааны шинж чанартай барааг хураалгасан тохиолдолд тухайн бараанд захиргааны шийтгэл оногдуулж, уг барааг үнэлүүлэхээр Улаан-Үдийн Гаалийн газрын шинжээчид руу явуулдаг байна. Уг барааны зах зээлийн үнэ ханшаар үнэлүүлсэн нийт үнийн 50-200 хувийн торгуулийг Наушка дахь Гаалийн албаны захиргааны хэрэг хариуцсан байцаагч тухайн барааны эзэнд оногдуулдаг аж.

 

Хэн сайн ойлгуулж, материалаа зөв бүрдүүлж өгсөн нь товлосон хугацаанд нь ирж хамгийн доод талын торгууль болох 50 хувиар торгуулдаг байна. Бараагаа хураалгасан хүн хэд хоног, эсвэл сарын дараа товлосон цагт нь ирэх нь нэлээд төвөгтэй гэнэ. Оросын виз дахин авна, хоол унааны зардлаас гадна шаардлагатай гэж үзвэл орчуулагчийн зардал энд нэмэгдэж орно.

 

За тэгээд гаалийн байцаагч нь нэлээд хүнд сурталтай товариш бол Наушки дээр хэд хонуулч мэднэ. Энэ бүгдээс манайхан залхаад, хуралд нь ирдэггүй юм байна. Харин хураалгасан бараа шууд улсын орлого болж, хүүхэд болон том хүний асрамжийн газарт хүргэгддэг байна. Монголчууд угаасаа овсгоотой ард түмэн. Тиймээс галт тэргээр тогтмол Орос руу явж наймаа эрхэлдэг хүмүүс бараа таваараа хоорондоо ченж хийж, хилээр гарна.

 

Дээр нь ямарч бараагүй яваа зорчигчдод хэдэн рубль өгч, бараагаа гаргуулна. Харин их хэмжээний бараатай хэсэг нь Алтанбулаг-Хиагт боомтоор нутгийн иргэдэд мөнгө өгч хилээр гаргуулдгийг Орос, Монголын гаалийн ажилтнууд бүгд мэддэг аж. Хилээр бараа бүтээгдэхүүн гаргах асуудал сэлэнгэчүүдийн бас нэг бизнес болоод удаж байгаа бөгөөд харин цаад талд нь буриадууд, цөөнгүй оросууд ажилладаг байна.

 

Мөнгө хийх энэ далд ажиллагааг манай хоёр улсын аль ч тал нь асуудал болгодоггүй, орж л байдаг, гарч л байдаг гэсээр өдийн жил хүрсэн байх юм. Орост гадаад худалдаанд оролцогчид гаалийн бүрдүүлэлтээ бараг хоёр сарын өмнө интернэтээр урьдчилж мэдүүлж болох журам өнгөрсөн онд гарсан билээ. Одоогоор Монголын талаас энэ журмаар явж байгаа аж ахуйн нэгж байдаггүй юм байна.

 

Оросын нутагт экспортын бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар оруулах нөхцөлд дамжуулах болон вагоны хуудас, тээврийн бичиг болоод худалдааны бичиг баримт бүрдүүлдэг журамтай. Худалдааны бичиг баримтад гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, гарал үүслийн гэрчилгээ, даатгалын болон техникийн бичиг баримт, дээр нь бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд ордог байна.

 

Хойд хөршид манайхаас цөөн тооны экспортын бараа нийлүүлэгддэг. Тиймээс хоёр улсын хоорон дахь гадаад худалдааны тэнцвэргүй баланс, тариф болон тарифын бус зохицуулалтын асуудлаар Улаанбаатар хотод саяхан болж өнгөрсөн Монгол, Оросын Засгийн газрын хоорондын хуралдаанаар ярилцжээ. Дугаар шилжих мөчид дээрх асуудал хэрхэн шийдэгдсэн нь мэдэгдэхгүй өнгөрөв.

 

Дэлхийн Худалдааны Байгууллагад элсээд удаагүй байгаа ОХУ-ын импортын гаалийн татварт автомашинаас бусад бараанд хараахан өөрчлөлт ороогүй байна. Тэгвэл дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль нь мэдлэгт суурилсан мэргэжпийн өндөр ур чадвартай үйлчилгээгээ үзүүлэх соёлд суралцах үлдлээ дээ. .


Б.Нарас

Эх сурвалж: “Бизнес Таймс”