sonin.mn
Бид  энэ буландаа уран зургийн  сан хөмрөгт  мөнхрөн үлдсэн гайхамшигт бүтээлийг онцлохын сацуу  тус бүтээлтэй  холбоотой танин мэдэхүйн мэдээллийг хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Батмөнхийн 1992 онд бүтээсэн “Байтаг богд” бүтээлийг онцолж байна. Бүтээлд  Ховд аймгийн Булган сумаас урагш 100 гаруй километрийн зайд орших хилчин уул гэгддэг Байтаг богдыг  дүрсэлжээ. Байтаг богд уулын оргил далайн түвшнээс 3400 метрийн өндөр. Уулын амнаас Бүдүүн Яргайт, Нарийн, Хужирт гол эх авч урсдаг. Уул орчим байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд чулуу нь зарим газраа хүрэн, зарим газраа нүүрсэн хар өнгөтэй.
 
 
 
Эх орны минь дархан хил дээр байгалийн сайхан цогцолсон хилчин эрсийн халуун амь, бүлээн цусаар нэгэнтээ тамгалагдан үлдсэн энэ газар эр цэргүүд эх орноо хамгаалан энхийн манаанд зүтгэсээр байна. Тэртээх 1947-1949 оны хооронд эх орны баруун хязгаарт Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй манай хилчин эрс тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө олон удаагийн зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт хийж байсан түүхтэй.
 
 
 
Үүнийг түүхэнд “Байтаг богдын тулалдаан” хэмээн тэмдэглэсэн байна. 1948 оны долдугаар  сарын 8-нд  Байтаг богд, Бүдүүнхаргайт орчимд 10 хилчин эрийн амь хайргүй тэмцсэн түүхийг “Жийж” болон “Фантастик” продакшны хамт олон дэлгэцийн бүтээл болгон “Маш нууц:2 Байтаг Богд” нэртэйгээр 2018 онд олны хүртээл болгосон билээ. Энэ нь цагийн эрхээр бүдгэрч байсан халуун түүхийг үл мартах хэлхээст оруулан эрхэм зураач Ч.Батмөнх ийн уран зурагт мөнхлөн үлдээсэн бол өнөө цагийн залуус мөн түүхийг дэлгэцийн бүтээлд мөнхлөн үлдээсэн юм. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин