sonin.mn

Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг давахад 3 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тасралтгүй 1720 өдөр шөнө үргэлжилсэн энэ дайн зогсох шинжгүй. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс The Economist сэтгүүлд Вероника Соцковагийн бичсэн өгүүлэл, “Financial Times”-ын мэдээ, украины улс төрч К.Будановын ярьснаас хөрвүүлэн сонирхуулъя. Энд редакцын байр суурь тусгагдаагүй, редакцын бус хөрвүүлэг хэмээн хүлээн авна уу. 


Путиныг дэмжих гэсэн Трампын бүтэлгүйтлийг эхлээд “Financial Times”-аас сонирхоё. “Дизелийн хэлэлцээр” гэсэн лут тохиролцоо нь АНУ-ын сонгогчдыг ховсдоно гэсэн нь талаар болсон. Америкийн сонгогчдыг, бүр илүүгээр Оросыгоо мэхлэн цаасан малгай өмсүүлж жүжиглэсэн бололтой. АНУ-ыг зорьсон оросын 4 танкерын 2 нь чиглэлээ өөрчилсөн. “Leruo” танкер Бразил руу очиж яваа бол “Talisman” танкер Газар дундын тэнгист өөр худалдан авагч хайгаад Алжирын эрэг орчимд зангуугаа хаян хүлээзнэнэ. Нөгөө 2 нь АНУ-ыг чиглэн аяллаа үргэлжлүүлж байгаа гэх боловч ачааг нь хэн худалдан авах нь тодорхойгүй, америкийн компаниуд оросын дизель түлш худалдан авах сонирхлоо илэрхийлээгүй. Дайн өдөөгөөд олон улсын санкцанд орчихсон, НҮБ дээр удаа дараа дайны гэмт хэрэгтэн гээд тогтоол гаргуулчихсан Оростой Трампын хийсэн бизнес хэлцэл нь хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, цаашаа худалдан авлаа гэхэд ямар эрсдэл үүрэх, хариуцлага хүлээх тухайд Трамп ч, АНУ ч мухардалд оржээ. 


Трампын шахаж шаардаж хэлэлцээний ширээнд суулгах болсон гээд буй Орос-Украины хэлэлцээ эхнээсээ мухардал руу явлаа.



Украины төлөөлөгч К.Будановын хэлснээр Орос бол зүгээр цаг хожиж, энх тайвны төлөө дүр эсгэх, олон улсын нэр хүндээ сэргээх тоглолт хийнэ. Хэлэлцэх сэдэв нь Оросын хувьд ганц. Тэр нь дан тулган шаардлага. 2022 онд дайн дэгдээд удаагүй байхад тавьж байсан нөхцөл болзлууд яг хэвээрээ. “Үг дуугүй бууж өг!”, “Нэгэнтээ ОХУ-д хүчээр нэгтгэсэн 4 мужийг Орост сул тавьж өг!”, “Европын Холбоо, НАТО-д элсэхгүй гэсэн тангараг өргө!”, “Яг Беларусь шиг дуулгавартай зарц бай!”–ердөө л энэ ажээ. Явж явж олзлогсод солилцоод хэлэлцээ дуусна–К.Буданов. 


Европын эсрэг Оросоос “хуурамч дайн” явуулж байгаа тухай Вероника Соцкова “The Economist” сэтгүүлд бичжээ. Европ өнөөдөр ер бусын нөхцөл байдалд орсон. Украинаас баруун тийш бүх нутаг албан ёсоор Оростой дайны байдалд байхгүй байгаа. Гэхдээ энх тайван анх тогтсон байдлаасаа хэдийнээ зөрчигдсөн. Кремлиэс өдөөсөн “хуурамч дайн” сар сараар шатлан аажмаар өргөжсөн. 


- Европын аэропортууд руу Оросоос дрон нисч очдог болсон. 

- Төмөр замын шугамуудыг санаатайгаар үймүүлж бужигнуулдаг болсон.

- Худалдааны төвүүд санаандгүй байдлаар гал түймэрт автаж байна. 

- Европын батлан хамгаалах компаниуд заналхийлэлд өртөж байна. 

- Цахим-компьютерын систем халдлагад өртөж байна. 

- Нийгмийн сүлжээнд дезинформац (хуурамч мэдээ, цуурхал, гүтгэлэг) тасрахгүй байна. Энэ бүхнийг Оросын “хуурамч дайн” гэж нэрлэдэг. 



Орос нь Украины фронт дээр ялдаг хөг нь өнгөрсөн. Тийм учраас “Орос ялахгүй бол өөр хэн ч ялахгүй!” гэдэг номлолоо ил зарласан. Европыг ямагт айдсын, тогтворгүй байдалд барьж байхыг Орос зорих болсон. Оросын дайнч түрэмгий чанар илэрхий харагддаг болсон. Түүнд нь европчууд саад хийж чадахгүй, Оросын дайнч омгийн өмнө хүчгүй, тийм учраас хариу үйлдэл үзүүлж чадахгүй, ийм л байдалд байна. Европ уламжлалт хэвшмэл дайндаа бэлтгэж байна уу байна. Тэр нь шууд хоёр талаасаа байлдахыг хэлнэ. Гэтэл Оросын өдөөсөн хорлон сүйтэх ба суртал нэвтрүүлгийн дайнд бэлэн биш, гэхдээ яах аргагүй татагдан орчихоод байна.


Нэг талаасаа Европ тивд хуучны нэг загварын дайн Оростой явуулахад бэлтгэж байгааг бид харж болно. Их буу хэрэглээд, цэрэг байрлуулаад (одоо цагт бол пуужин, дрон нэмэгдэнэ). Нөгөө талаасаа мөргөлдөөний цоо шинэ хэлбэр элдэв хорлон сүйтгэл, тагнан турших, мэдээллээр бөмбөгдөх дайн одоо Европт ид өрнөж байна. Европ хүсээгүй байхад нь Орос тэднийг татан оролцуулчихсан. 


Одоо Оростой шууд зэвсэгт мөргөлдөөнд татагдан ороход бэлтгэхээс аргагүй болж байна. 2030 он гэхэд Орос нь НАТО-гийн нутаг дэвсгэрт халдан түрэмгийлж магадгүйг тагнуулын албад анхааруулж байна. Кремлиэс ийм дайн явуулахад ил цагаан бэлтгээд эхэлсэн. Хил залгаа Балтийн орнууд, Польш эхний ээлжинд өртөх магадлалтай. Европын орнууд ч гэнэт сэрсэн мэт байлдааны зэвсэг техник худалдан авч, цэргээ сургаж бэлтгэн, батальонуудаа бэлэн байлгаж, батлан хамгаалах төсвөө нэмж байна.


Зэвсэглэхээс гадна аюулгүй байдалдаа зардал гаргах тухайд хөндөхгүй байж болохгүй нэн чухал, эмзэг асуудал юм. Аюулгүй байдал гэдэг нь энх тайван цагт ч тасралтгүй хангагдаж байх ёстой. ДНБ-ий 3.5%-тай тэнцэх зардлын дийлэнх нь нутаг дэвсгэртээ түрэмгийлүүлэх тохиолдолд учрах эрсдэлд зориулагдах тухай ярьж байна. Украин нутаг дэвсгэрийнхээ нэгээхэн хэсгийг Орост алдсанаас үүдэлтэйгээр дайн Украины газар нутаг дээр явагдаж байна. Хэрэв Европын аль нэг улсад ийм явдал тохиолдвол яах вэ? Орос нь 5 дахь жилдээ “хөршийнхээ эсрэг гурван өдрийн дайн”-даа ялчих санаатай байлдаад одоо НАТО-тай сөргөлдсөн, улаан шугам давахад ойртсон байдалтай байна. 


Цэрэг-улс төрийн альянс болох НАТО-гийн улс орнууд хариуд нь ДНБ-ийхээ 1.5%-ийг аюулгүй байдлын хэрэгцээндээ зарцуулах болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэн чухал дэд бүтцүүдээ хамгаалах, иргэний хүн амаа хамгаалах, нугаршгүй байлгахад чиглэнэ гэсэн үг. Оросын хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг зөвхөн цэрэг тэмцэх бус, цагдаа, орон нутгийн эрх баригчид, хувийн компаниуд бүгд харилцан гар нийлж ажиллана гэсэн үг юм. Умард Европын орнууд энэ асуудалд аль хэдийнээс үлэмж анхаарал тавьж эхэлсэн, тэр үед Германд энэ асуудал нийтийн идэвхтэй хэлэлцүүлгийн түвшинд байхад умардынхан аль хэдийнээ бэлтгээд сургуулилаад эхэлсэн. Одоо ч тэд Оросын аюулын өмнө бэлтгэлээ хангасаар байна.


НАТО-гийн зүгээс Оросыг тогтоон барих бодлого явуулаад эхэлмэгц Орос нь уламжлалт бус аргаар хариу дарамтлаад эхэлсэн. Европынхан тэгнэ чинээ санаагүй. Орос яаж л бол яаж ажиллах олон хувилбартай.


Тийм учраас Европын орнууд уламжлалт бус тийм халдлага, атакаас урьдчилан сэргийлэх, атакаллаа гэхэд учрах хор хөнөөлийг нь багасгах бодлого явуулах ёстой.


Кремлийнхэнд ямагт дохио сануулга өгч байх ёстой. Тийм дохио сануулга нь Украиныг тууштай дэмжинэ гэсэн хатуу мэссэж юм. Энэ 11 дүгээр сард европын лидерүүд Украинд үзүүлэх тусламжийн шинэ пакетаа тохиролцоно. Киевт санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах, батлан хамгаалах хүч нөөцөө бэхжүүлэхэд нь үргэлжлүүлэн тусална гэжээ.


Кремлийн “хуурамч дайн”-ы шинэхэн баримт. Айдаст автуулах цуурхал Европ даяар тараасан нэг хэрэг дэгдлээ. Иргэний агаарын тээврийн 50 орчим онгоцонд тэсрэг бөмбөг тавьсан гэх анхааруулга дор Европ саяхны 7 хоногийн турш бужигнав. Мэдээ тэр дороо тарж, агаарын тээвэрт ноцтой саад учруулав. Шалгаж үзтэл ганц ч онгоцноос тэсрэг бодис олдоогүй. Энэ цуурхлыг Оросын тусгай алба зохион байгуулсан байх гэж сэжиглэн шалгаж эхэлсэн ба одоогоор тодорхой дүгнэлт гараагүй. Гэхдээ нийтээрээ Оросыг гэж хардаж байна.


     Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь