sonin.mn
Энэ дугаарын зочноор хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Д.Даваасүрэнг урин ярилцлаа. Тэр бээр өмнө нь 20 шахам жил бурхны шашны мэдлэг ухаанд суралцаж, шавилан сууж байсан юм. 
 
Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Миний уугуул нутаг Өвөрхангай аймгийн Хархорин сум, эхээс мэндэлсэн газар маань Ухаа овоот хэмээх сайхан уулын орчим. Сумандаа дунд сургууль төгсөөд 1996-2000 онд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуульд суралцаж буддын гүн ухаан судлаачаар төгсөөд сургуульдаа багшилсан. 2003 оноос Гандантэгчэнлин хийдийн төв хэвлэл “Билгийн мэлмий”  сонины эрхлэгч, “Лавайн эгшиг” FM 97.5-ын захирлаар 2008 он хүртэл хавсран ажилласан. Сонин эрхэлж гаргана гэдэг зүгээр бага сага юм бичдэг хүний хийдэг, бардаг ажил биш болохыг удахгүй ойлгосон доо. 
 
Энэ үеэс эхлэн хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон уу?
 
-Тийм, 2003 оноос салбарын хэвлэлийн үүрэг, ачаанаас нь үүрэлцэж эхэлсэн.  Өмнө нь ганц хоёр нийтлэлийн чанартай материал нийлүүлж байснаас мэдээж өөр шүү дээ. Ёстой “байгалиараа” нухаад дийлэхгүй болоод ирэхээр нь Гандантэгчэнлин хийдийн захиргаанд хэлж, сэтгүүлчээр суралцах хүсэлт гаргасан. Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй захиргааныхан дэмжиж, 2004-2006 онд тухайн үеийн Радио, телевизийн дээд сургуульд элсэн суралцсан. Сурч байхдаа дөрвөн нүүрээр алдаг оног гаргадаг байсан сониноо үргэлжлүүлэн гаргаж найман нүүртэй, өнгөтөөр, тогтмол гаргадаг болсон. Сэтгүүлчээр төгсөхөд, одоогийн захирал Э.Сонинтогос багшлах санал тавьсан. Ингээд сургуульдаа цагийн багшаар ажиллаж, сонин, FM-ийнхээ ажлыг явуулж байгаад, 2008 онд РТДС-д үндсэн багшаар ажиллаж эхэлсэн.
 
Эрдэм судлалын ажил руу хэзээнээс орсон бэ, чухам юу нөлөөлөв ... 
 
-2008-2011 онд Радио телевизийн дээд сургуульд багшилсан. Дээд сургуульд багш байхын тулд багшлах эрхтэй, магистраас дээш эрдмийн зэрэгтэй байх ёстой. Тухайн үед, манай сургуульд эрдмийн зэрэг, цолтой багш цөөн, багш нараа зэрэг, цол хамгаалуулах зорилт нэн тэргүүнийх байж. Цөөн тооны багшийг эрдмийн зэрэг хамгаалах үүрэг даалгаврыг сургуулийн захиргаанаас өгч, сургалтын төлбөрийн тэн хагасыг сургууль хариуцсан юм. Нэгэнт ийм их боломж, дэмжлэг бий болж байгаа, тэгээд ч цаашдаа их, дээд сургуульд ажиллах учраас боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн. Өмнө нь буддын гүн ухааны чиглэлээр суралцаж, 20 шахам жилээ энэхүү салбарт зориулсан маань хэрэг болж, төвөд хэлээр бүтээл туурвисан монгол ламын тайлбар зохиолоор хэл шинжлэлийн салбарт эрдмийн зэрэг хамгаалсан. 
 
Таны судалгааг хараад байхад шашин судлалыг хэл шинжлэлийн ухаантай сүлэлдүүлсэн шинжтэй байсан нь ийм учиртай байж ...
 
-Тэгж хэлж болно. Өмнө нь сонссон, суралцсан бас амьдралын бага биш хугацаагаа зориулсан мэдлэг, боловсрол дээрээ түшиглэж л цааш цаашдаа ахидаг юм байна. Тэгээд ч өнөөдрийн судлаач гэгдэж байгаа хэв шинж, онцлог төрх маань хэн нэгнээс давуу бас хэн нэгнээс дутуу байж магадгүй. Буддын гүн ухаан судлаач, хийдэд дуганч, тахилч, унзадын алба ажил хашиж явсан нь бусдаас ялгарах онцлог гэж хэлж болох юм. Тиймээс нэгд, өөрт байгаа зүйлээ давуу талаа болгож ашиглах, хоёрт, Буддын шашны үзэл, онол руу нэвтэрч гүнзгийрч судлах шаардлага, эрэлт хэрэгцээ соёл, урлагийн салбарт байгааг нөхөлцөх боломж бас үүрэг гэж үзэж байгаа учраас аль болох хавсарга, салбар дундын маягаар судлахыг хичээдэг. 
 
Та 2011 онд Соёл, урлаг судлалын хүрээлэнд захирлаар томилогдсон гэсэн. Ажлын гараагаа ямар судалгаанаас эхэлж байв даа?
 
-Эрдмийн зэрэг хамгаалчхаад хэд хонож байтал, Соёл, урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос багш туслахаараа дуудуулсан. Яваад очтол, хүрээлэнгийн захирлаар ажилла гэсэн. Санал асуугаагүй. Тэгээд 2011 оны 8 дугаар сард Соёл, урлаг судлалын хүрээлэн гэдэг айлын хаалгыг албан ёсоор татсан. Очиход хүлээлгэж өгөх цаг нь болсон, болоод хэтэрсэн хоёр судалгааны ажил байсан. Хамт олонтойгоо нухаж байгаад, зарим нэг асуулга, судалгааг дахин авч, тайлан бичиж албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тэгээд, 2012 оны хаврын нэг өдөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор, дэд профессор С.Соронзонболд “Эртний дуу, хөгжмийн хэдэн зуун ая, аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нь” нэртэй суурь судалгааны төслийг салбарын яамаар дэмжүүлэн санхүүжилтийг нь шийдүүлчхээд бариад ороод ирсэн. Одоо эргээд санахад, энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж Монголын соёл, урлаг судлалд бурхны шашны өвийг оруулж, эргэлтэд оруулах л гэж хувь заяа маань намайг энэ зам руу оруулсан байна. Бас нэгэн насны сайн анд нөхөр, сайн хамт олонтой учруулах гэж, тэдэнтэйгээ соёл, урлагийн салбарын судалгаа, уран бүтээлийн замд дөрөө харшиж, мөр нийлж яваг гэж хувь заяа маань намайг шагнасан байна даа. 
 
Энэ судалгааны хүрээнд ямар, ямар ажил хийсэн бэ?
 
-Суурь судалгааны төсөл байсан юм. Монголын бурхны шашны сүм, хийдүүдийн хурлын ая дан, түүний тэмдэглэгээ зэргийг судалсан. Өөрөөр хэлбэл, Өндөр гэгээн, Ламын гэгээн, Зая гэгээний гэх гурван том дэгийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулсан. Төвөдөөр “ян-ег” (нот), монголоор “эгшиг тэмдэглээс”-ийн цахим мэдээллийн санг бүрдүүлж, ян татах биет бус өвийг тээгчидтэй ярилцлага хийж, ян данг татуулж хурааж, тэмдэглэж авах, сүм, хийдийн лам нар болон бусад салбарын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төвөд хэлээр бичигдсэн дорно дахины хөгжим судлалын онолын гарын авлагыг монгол хэл рүү орчуулах, ном зүйн бүртгэл зэрэг нэг сэдэвт судалгааны ном эмхэтгэлүүд хэвлүүлэх зэргээр ажилласан. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Ер нь бид эхний судалгааныхаа үр дүнд бурхны шашны хурлын ая аялгууг судлах, мөн чанарт нь нэвтрэхийн тулд дахиад хөгжмийн зэмсэг, ян татах үеийн бясалгалыг судлахгүйгээр юм хэлж чадахгүйг ойлгосон. С.Соронзонболд багш бид хоёр шашны хөгжмийн зэмсэг судлал чиглэлээр магистр, докторын судалгааны ажлыг удирдаж, өөрсдөө ч бас судалж, нэг сэдэвт ном хэвлүүлэх зэргээр үргэлжлүүлж байгаа. 
 
Уг судалгааны зорилго болоод ач тус нь юунд орших вэ?
 
-Монгол ахуй, соёлоос ургаж бий болсон ардын болон мэргэжлийн хөгжмийн урлагийг үндэсний онцлог, зан заншил, шашин шүтлэг, дорно дахины гүн ухааны үүднээс шат дараатай судлан тодруулах шаардлага байгаа юм. Ер нь бурхны шашин манай улсын үе үеийн түүх, соёл, сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Буддын шашин Хүннү гүрний үед анх удаа, Их Монгол Улсын үед хоёр дахь удаа, XVI зууны үед гурав дахь удаа манай улсад дэлгэрсэн. Тэгэхээр гурван мянгаад жилийн тэртээгээс бидний ахуй, соёл, зан заншилтай нэгдэн ууссан. Хурлын ян дан дээр жишээлэхэд, Монголын сүм, хийдүүдэд үндэсний уртын дууг дуулах арга барил дээрээ ян татах арга барилыг суулгаж, нутагшуулсан. Өөрийн онцлогтойгоор авсан гэсэн үг. Бас Төвөдөөс эхтэй ян татах арга барил монголчуудын дуулах урлагийн шимээс авч хөгжсөн гэсэн үг. Энэ мэтээр бурхны шашны гүн ухаан, үзэл санаа бичгийн болон аман соёл, өдөр тутмын зан үйлд идээшиж, улмаар Монголын бурхны шашин гэж хэлэгдэх болтлоо дэлгэрсэн юм. Монгол хүн бүр бурханы шашинтан байх албагүй. Гэхдээ монгол хүн болсны учир бурханы шашин түүхтэй нь, соёлтой нь, ахуй амьдралтай нь ямар холбоотой юм бэ гэдгийг судлах хэрэгтэй гэсэн байдаг шүү дээ. 
 
Та одоо судалж хэрэгжүүлж байгаа ажлаасаа сонирхуулна уу?
 
-“Зурагт ном”, “номын зураг”, “номын чимэглэл” гэх мэт ойлголтод багтах зурагт гар бичмэлүүд дээр ажиллаж байна. Учир нь дүрслэх урлаг, тэр дотроо монгол зураг судлал дотор бурхны шашны тодорхой үзэл онол, сургаалаар бүтээсэн зурагт барын болон гар бичмэл судруудыг оруулж ирэх, сургаалын утга, агуулга, зураг дүрслэлийн илэрхийлэлтэй нь зэрэгцүүлж судлах шаардлага бий гэж үзэж байна. Ахиад л шашин судлал-дүрслэх урлагийн хавсарсан судалгаа хийх хэрэгтэй гэж харсан гэсэн үг. Бас "Соёл, урлагийн тайлбар толь" төслийг хүрээлэнд байхдаа санаачилж эхлүүлсэн юм. Түүнийхээ “Театр” ботийн арга зүйг боловсруулж, ирэх хичээлийн жилээс боловсруулах ажилдаа орохоор төлөвлөж байна даа. 
 
Таныхаар эх оронч хүн гэж хэн бэ?
 
-Алдартай хүмүүс янз бүрээр хэлсэн л байдаг. Миний сайныг бас мууг нь ч хэлэхдээ “Дамдинсүрэнгийн том хүү” гэж аавын минь нэр гарна даа гэж би байнга боддог. Аавынхаа нэрийг муу юман дээр гаргачихгүй юм сан гэж хичээдэг гэсэн үг. Үүнийг томсгоод үзэхэд, намайг монгол хүн, Монгол Улсын иргэн гэнэ. Тиймээс эх орныхоо нэрийг хайрлах сэтгэлтэй хүнийг л эх оронч хүн гэнэ дээ. Хайрлах сэтгэл бол үнэ цэнийг нь ойлгосон, өв соёлоороо бахархсан, үүх түүхээ мэддэг, өвлөн дэлгэрүүлдэг байхын суурь гэж ойлгодог. Эцэстээ энэ бүхнийг биедээ цогцлоосон, үйл хэрэг, үзэл санаа, үг хэлдээ шингээсэн хүнийг л эх оронч гэж хэлнэ дээ. 
 
Тусгаар тогтнолын үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?
 
-Агаар л гэж хэлмээр байна. Тусгаар тогтнол бол тэр улсын хувьд ч, иргэний хувьд ч агаар мөн. Агааргүй бол өөр юу ч байгаад бид хэргийг нь хийхгүй, бидэнд тус болохгүй. 
 
Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
 
 
Оюутан Г.НАНДИНТУЯА
Эх сурвалж: "Соёмбо" сонин