sonin.mn
Сүүлийн үед Төрийн ордон болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа эмийн чанар болон үнийн асуудлаар Монгол Улсын төрийн шагналт, Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатартай ярилцлаа.
 
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголд буй гурван эм тутмын нэг нь хуурамч гэж яригдсанаас үүдээд ард иргэдийн дунд бухимдал үүслээ. Энэ үнэн үү?
 
-Ташаа мэдээлэл. Маш их харамсаж байна. Хүмүүс телевизээр энэ талаар сонсоод үнэхээр их бухимдаж сандарч тэвдэж байна. Зарим нь Монголоосоо эм авах осолтой боллоо. Болдогсон бол гадаадаас онлайнаар авахсан гэж байна. Маш олон хүн над руу утасдаж таны адил энэ үнэн үү гэж лавлаж байна. Би ч гэсэн гайхаж холбогдох хүмүүстэй ярилцлаа. Хуурамч эмийн асуудлаар шинээр албан ёсны судалгаа хийгдээгүй юм байна. Сүүлийн арван жилд Эрүүл Мэндийн Яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар хуурамч эмийн судалгаа ердөө хоёр удаа албан ёсоор хийгдсэн юм. Эхнийхийг 2013 онд, дараачийнхийг 2017 онд хийсэн байдаг юм. Тэр судалгааны материалуудтай дахин танилцлаа.
 
2013 онд хийсэн судалгаагаар хуурамч эм бэлдмэл илрээгүй. Харин 2017 онд хийсэн судалгаагаар нэг хуурамч эм илэрсэн юм. Тэр нь Виагра гэж олны дунд нэршсэн бэлгийн сулралын үед хэрэглэдэг Силденафил цитрат хэмээх бэлдмэл бөгөөд зах дээрээс илрүүлжээ. Ямар компани хувь хүн ийм хуурамч эм бэлдмэл оруулж ирж бүхэл бүтэн эм хангамжийн салбарын нэр хүндийг унагав, ямар арга хэмжээ тооцсон юм бол гэж хайгаад олсонгүй.
 
Уг нь бол ЭМЯ, Мэргэжлийн Хяналтын Газар тэр хуурамч эм оруулж ирсэн байгууллага, хувь хүнийг олоод хариуцлага тооцох ёстой.
 
-Тэгвэл яагаад ийм ташаа мэдээлэл төрийн түшээд хийх болов?
 
-Би бас л гайхаад лавлаж тодрууллаа. Долоон жилийн өмнөх судалгаагаар судалгаанд хамрагдсан эм бэлдмэлийн гуравны нэг нь эмийн бүртгэлийн болон стандартын зөрчилтэй байжээ. Үүнийг л хуурамч эм гэж эндүүрцгээсэн юм билээ. Төрийн түшээдийг мэдээллээр хангаж буй хүмүүс судалгааг сайн тайлбарлаж өгөх ёстой байсан болов уу. Ямар эмийг хуурамч эм гэдэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны аргачлал тодорхойлолт байдаг юм. Зөрчлийн ихэнх нь Монгол Улсад бүртгэгдээгүй эм. Уг нь эм импортлох зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд импортлох эмээ тусгай журмын дагуу Монгол Улсад хэрэглэх зөвшөөрөл болох эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой юм. Түүний дагуу мэргэжлийн байгууллагууд импортлох эмээ бүртгүүлж импортолдог. Гэтэл мэргэжлийн бус байгууллага, хувь хүмүүс ийм бүртгэл зөвшөөрөлгүйгээр эм импортолж байна. Уг нь хил гаалийн байгууллагууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэлийг хилээр оруулахгүй байх хууль дүрэм журамтай. Нөгөө талаар бүртгэлгүй эм бүр чанарын баталгаагүй гэсэн үг биш. Харин 2017 оны судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн зөрчил эрс багассан байна.
 
-Монгол Улсын эмийн бүртгэлд хичнээн эм бүртгэгдсэн байдаг вэ?
 
-8000 гаруй. Зарим эм тун болон эмийн хэлбэрээсээ хамаарч хоёр гурван янзаар бүртгэгддэгийг тооцвол 5000 орчим нэрийн эм.
 
-Импортолж буй ийм олон эмийг хянах систем тогтолцоо бий юү?
 
-Байлгүй яах вэ. Эмийн компаниуд зөвхөн бүртгэгдсэн эм импортлох бөгөөд ЭМЯ-ны агентлагаас жил бүр импортлох зөвшөөрөл буюу лиценз авдаг юм. Уг лицензийн дагуу гэрээ хийж түүний дагуу хил гааль оруулдаг. Мэргэжлийн Хяналтын Газар үүнийг хянадаг. Харин энэ систем зохих ёсоор ажиллаж чадахгүй болохоор төрийн түшээд эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах талаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд эм хангамж үйлдвэрлэлийн салбарыг бид талархан дэмжиж байгаа юм.
 
-Стандартын зөрчилтэй эм гэж ямар эмийг хэлдэг юм бэ?
 
-Үүнд эм бэлдмэлийн стандарттай холбоотой зөрчлүүд ордог. Хаяг шошго, эмийн хэлбэр, өнгө, үнэр гээд олон үзүүлэлт байдаг. 2013 оны судалгаагаар стандартын зөрчилтэй эм арав гаруй хувь байсан бол 2017 оны судалгаагаар гурав дахин буурсан байна лээ.
 
 
 
Сүүлийн үед эх орны Нахиа, Энхийн шүүдэр, Монос зэрэг олон эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг нэвтрүүлж үйлдвэрлэж буй эмийн чанар нь олон улсын түвшинд хүрээд байна. Уг нь Монгол Улсын эмийн хуулиар эх орны бүх үйлдвэр энэ стандартыг хангах ёстой.
 
 
 
Тэгвэл стандартын ийм зөрчил байхгүй болох учиртай. Иймээс ийм стандарт хангаагүй үйлдвэрүүдтэй төр засаг тулж ажиллах шаардлагатай.
 
-Эмийн үнийн талаар ч иргэд төөрөлдөж байна. Сангийн сайд эмийн үнэ хил гаалийн үнээс 68 хувиар нэмэгддэг гэж ярилаа.  УИХ-ын зарим гишүүн эмийн үнэ 5-6  зарим нь 10 дахин өндөр байна гэж байна. Алинд нь үнэмших вэ?
 
-Сангийн сайд зөв мэдээлэлтэй ярилаа гэж бодож байна. Импортолж буй эм бэлдмэл хилээр орж ирмэгц гаалийн болон НӨАТ-ын 15.5 хувийн татвар, дээр нь эмийн бөөний худалдааны зардал 10 хувь, эмийн сангийн зардал 15-18 хувь, дээр нь тухайн байгууллагуудын ашиг 5-10 хувь гэхэд ойролцоо байгаа биз. Гэхдээ зарим нэг эмэн дээр хэт өндөр байгааг судалж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Ер нь эмийн зарим жижиг компани хувь хүн гаалийн болон нэмүү өртгийн татвар бага төлөх гээд хилийн үнээ багаар хуурамчаар мэдүүлсэн тохиолдлууд гарч байсан болохоор түүнтэй төстэй тохиолдол байх гэж таамаглаж байна. Ер нь эмийн үнийг хямдруулахын тулд төр засгаас тодорхой арга хэмжээ авах болов уу гэж найдаж байна. Ялангуяа зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хямдруулах ёстой.
 
 
 
Ихэнх оронд зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, үнийг хямдруулахын тулд гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвараас чөлөөлдөг. Манай улс ч энэ жишгийг дагах нь ард иргэдэд ашиг тусаа өгөх болов уу гэж бодож байна. Мөн зайлшгүй шаардлагатай эмийг үйлдвэрлэж буй үйлдвэрт хөнгөлөлттэй зээл өгөх, дэмжиж туслах зэрэг нь энэ төрлийн эмийн хангамжийг сайжруулахад чухал.
 
 
 
-Монголчуудыг маш их эм хэрэглэдэг гэж ярьцгаадаг?
 
-Дэлхийн нэг хүнд ногдох эмийн дундаж хэрэглээ 140 доллар байна. Өнгөрсөн онд бид 92 сая долларын эм импортолсон, хорь гаруй сая долларын эм үйлдвэрлэсэн болохоор Монголын нэг хүнд дунджаар 40 долларын эм ногдож байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй гурав гаруй дахин бага байгаа юм.
 
 
 
С.ЛХАМСҮРЭН
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"