Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сарын аяныг өрнүүлж байгаа. Цөмийн технологи гэх энэ үг чихэнд наалддаггүй ч бид өдөр тутамдаа энэхүү технологид суурилсан үйлчилгээг авч байдаг. Цөмийн технологийн хэрэглээний талаар товч ойлголт өгөх зорилгоор МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохтой цөөн хором ярилцлаа.
 
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт аяныг өрнүүлж эхлээд байна. Аяны гол зорилго юунд чиглэж байна вэ?
 
-Энэ удаагийн сарын аяныг 2 үндсэн зорилгод чиглүүлж байгаа. Нэгдүгээрт, цөмийн технологийн дэвшил, цацрагийн хэрэглээний талаар иргэд, олон нийтэд таниулан сурталчлах. Хоёрдугаарт, хяналтын байгууллагаас хийгдэж буй хяналт шалгалтын явц, үр дүн, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр илэрч байгаа нийтлэг зөрчлийг хэрхэн бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээ мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллага болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэх, цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааг шинээр эрхлэхээр төлөвлөж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой.
 
-Сарын аян иргэд болон хэрэглэгчид рүү чиглэх нь. Ер нь иргэд цөмийн технологийн хэрэглээний талаар бүрэн ойлголт, мэдээлэлтэй байж чаддаг болов уу?
 
-Иргэдийн дийлэнх нь цөмийн технологийн хэрэглээний талаар  мэдээлэл багатай, зарим төрлийн хэрэглээнээс болгоомжилсон хандлагатай байдаг. Цөмийн технологийн хөгжил, үр өгөөжийг хүртэж, дэмжин хүлээн авч байгаа хэсэг ч бий.  Бидний хамгийн сайн мэдэх хэрэглээ болсон рентген зураг авахуулж оношилгоо хийлгэх, хавдрын туяа эмчилгээ, цөмийн онош зүйн оношилгоо, эмчилгээ зэрэг нь бүгд л цөмийн технологид суурилсан байдаг. Эдгээр үйлчилгээг авснаар өдөрт хэчнээн хүн өвчнөө эрт илрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, эмчлүүлж байгаа билээ.
 
 
Үүнээс гадна нийгмийн бусад салбарууд, судалгаа шинжилгээний байгууллагуудад өргөнөөр ашиглагдаж байгаа эдийн засгийн өндөр үр ашигтай, улс орны хөгжилд түлхэц болохуйц, ирээдүйтэй, сонирхолтой технологиуд олон. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрээс боловсруулагдан гарч буй бүтээгдэхүүний үндсэн болон дагалдах элементүүдийг цөмийн шинжилгээний аргаар тодорхойлж, зэсийн баяжмал хэлбэрээр экспортолж байгаа бүтээгдэхүүн дэх мөнгөний агуулгыг нарийвчлан тогтоох нөхцөлийг хангаснаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг олон сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.
Мөн хилийн боомтуудаар нэвтэрч байгаа иргэдийн гар тээш, ачаа барааг зөвхөн рентген багажаар хянаж шалгах бус, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, галт тэргэнд хүртэл скан хийх ажлыг портал мониторингийн төхөөрөмжүүдээр гүйцэтгэж байгаа нь ашиг тусаа өгсөөр байна. Энэ асуудлын хүрээнд тэсэрч дэлбэрэх бодис, бусад элементүүдийг илрүүлдэг рентген төхөөрөмжүүдийг шинэчлэх, шинээр суурилуулах ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Үүний үр дүнд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан болон хориглосон бодис, материал, эд зүйлсийг илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдээд зогсохгүй, хяналт шалгалтын үйл ажиллагаа хөнгөвчлөгдөж илүү хялбар болсон.
 
-Эрүүл мэнд, хил гаалиас гадна өөр ямар салбарт цөмийн технологи  ашиглагдаж байна вэ, манай улсын тухайд…?
 
-Манай улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний найрлага, гарал үүсэл, түүнчлэн хөрсний үржил шимийг тодорхойлох, үр тарианы шинэ сорт гаргаж авах, археологийн судалгаа, соёлын өвийн хамгаалалт, агаарын болон байгаль орчны бохирдлыг тодорхойлох, нүүрс, газрын тосны хайгуул, үйлдвэрлэлийн процессыг хянах, аюулгүйн үзлэг шалгалт хийх, хүнд ба хортой элементийн зөөгдлийн судалгаа хийх, геофизикийн судалгаа, малын өвчлөлийн эсрэг вакцин үйлдвэрлэх зэрэг өөр олон салбарт цөмийн технологийг ашиглаж байна.
 
 
-Археологийн судалгаанд цөмийн технологийг хэрхэн ашигладаг нь их сонирхолтой санагдаж байна?
 
-Археологийн судалгаанд цөмийн технологи, цөмийн цацраг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, эртний олдвор, дэлхийн насжилтыг цацраг идэвхт изотопоор тогтоодог. Зарим төрлийн изотоп нь олон тэрбум жилийн турш хагас задралын үетэй байхад нөгөө нь хэдхэн секунд, долийн хугацаанд хагас задарна. Жишээ нь нарны аймгийн насыг “Уран-235” изотопоор тогтоодог бөгөөд уг изотоп нь хүчтэй цацраг туяаг ялгаруулан задралынхаа үр дүнд “Хар тугалга-207” болж хувирдаг. Бидний хамгийн их сонссон цацраг идэвхт элемент уран л гэхэд эхний үедээ зуун хувийн агуулгатай байх бөгөөд 700 сая жилийн дараа тал нь хар тугалга болно. Үүнийг хагас задралын үе хэмээн нэрлэдэг. Улмаар 1.4 тэрбум жилийн дараа 75 хувь хар тугалга болж, үлдсэн нь уран хэвээрээ байх нь. Эрдэмтэд дэлхийн олон цэг, газраас дээж авч, шинжилж дэлхийн насыг тогтоосон ба судалсан дээжээс үзэхэд 1.5 хувь нь уран үлдсэн нь хар тугалга байж.
 
 
 
Үүнийг үндэслэн манай дэлхий нь ураны хагас задралын зургаан үеийг туулсан гэж тооцож 4.2 тэрбум жилийн настай хэмээн тогтоосон байдаг юм.
 
 
 
-Эрсдэлтэй гэдэг үүднээс нь цөмийн технологийн хэрэглээг хязгаарлах ёстой юу. Мэдээж цөмийн технологийг үр дүнтэй ашиглахад аюулгүй байдлын асуудал чухал байх…?
 
-Тэгэлгүй яахав. Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд тавигдах хяналт, сахилга бат, цацрагийн аюулгүй байдлын асуудал маш чухал. Тиймээс цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэхээс эхлээд ашиглах, хадгалах, тээвэрлэх, ашиглалтаас гаргах гээд бүхий л үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэшсэн, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн ажилтантайгаар, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналт болон хөндлөнгийн хяналтын доор эрхэлдэг.
 
Хэдийгээр аюулгүй байдал бүрэн хангагдсан ч гэсэн техникийн болон хүний санамсаргүй алдаа, мөн зориудын үйлдлээс болж ослын нөхцөл байдал үүсдэг.
 
-Манай улсын тухайд таны хэлсэнчлэн “Ослын нөхцөл байдал” олон  бүртгэгдэж байв уу?
 
-Монгол Улсад цацрагийн үүсгүүрийн хамгаалалтын бүрэн бүтэн байдал алдагдсан, эзэнгүй үүсгүүр болон цацрагийн бохирдолтой талбай илэрсэн, онгоцны ослын үед цацрагийн үүсгүүр гээгдсэн,  аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс эрүүл мэндээрээ хохирсон гээд ослын тохиолдлууд бүртгэгдэж байсан. Олон улсад болон манай улсад бүртгэгдэж буй ослын тохиолдуудаас үзэхэд цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Мэргэжлийн болон цацрагийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г боловсруулан Монгол Улсын Шадар сайдаар, “Цацрагийн осол, хордлогын үед мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах заавар”-ыг МХЕГ-ын даргаар батлуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Саяхан Цөмийн энергийн комиссоос “Цөмийн технологи Монгол улсын хөгжилд” нэртэй өргөн агуулгатай, сонирхолтой номыг эмхтгэн гаргасан. Энэ нь Олон улсын атомын энергийн агентлаг болон Монгол улсын Цөмийн энергийн комиссын зүгээс иргэд, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, өргөн хүрээтэй мэдээллээр хангахад онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.
 
 
 
Цөмийн технологийн ашиглалт, хэрэглээнд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах талаас нь хяналт тавьж ажилладаг бидний хувьд энэхүү сарын аяны хүрээнд иргэд, олон нийтэд ил тод, бодит мэдээллийг хүргэх бодлого, зорилттой ажиллаж байна.
 
 
 
Цөмийн технологи нь эдийн засгийн хувьд үр өгөөж өндөртэй, аливаа үйлдвэрлэлийн процессын үр ашгийг ихээхэн нэмэгдүүлдэг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд харьцангуй бага зэрэг олон давуу талтай. Олон улсын хэмжээнд цөмийн технологийн хэрэглээ нь тухайн улс орны бүс нутагтаа өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг тодорхойлох гол үзүүлэлтүүдийн нэг болдог. Тэгэхээр дэвшилтэт энэ технологийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай.