ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын “Apple” компани “iPhone” гар утасныхаа хуучин загваруудын цэнэг барих хугацааг уртасгахын тулд хурдыг нь зориудаар удаашруулсныхаа төлөө олон сая ам.долларыг 34 муж улсад төлөхөөр болжээ.
 
 
 
“Apple” компани “iPhone” гар утаснуудаа гэнэт унтрахад нөлөөлж буй цэнэг хураагууртай холбоотой асуудлыг ил тодоор мэдээлээгүйнхээ улмаас Калифорни, Аризона тэргүүтэй муж улсуудад 113 сая ам.долларыг төлөх ажээ. Тус компани энэ асуудлынхаа талаар хэрэглэгчдэдээ мэдээлэх юм уу цэнэг хураагуурыг солихын оронд 2016 оны 12 дугаар сард программ хангамжийн шинэчлэлт гаргасан нь хуучин загварын гар утаснуудын хурдад нөлөөлжээ.
 
 
 
“Apple” компанийн гаргасан шийдвэрийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах үед олон хэрэглэгчийнх нь сэтгэл гонсойж байсан бөгөөд зарим хүн тус компанийн үйлдлийг “batterygate” гэж нэрлэжээ. Мөн “Apple” хэрэглэгчдээ шинэ “iPhone” худалдан авхуулахын тулд ийм үйлдэл хийсэн гэж олон хүн үздэг байна.
“Технологийн томоохон компаниуд хэрэглэгчдэдээ шударга бус хандахаа зогсоож, бүтээгдэхүүнийхээ талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх ёстой” гэж Аризона муж улсын ерөнхий шүүгч Марк Брнович пүрэв гарагт мэдэгджээ. Тухайн үед “Apple” компани хэрэглэгчдээсээ хүлцэж өчиж, цэнэг хураагуурыг солих үнийг 79-өөс 29 ам.доллар болгон бууруулж байснаас гадна “iPhone”-ийн хэрэглэгчид цэнэг хураагуурынхаа хүчин чадлыг харах боломжтой цэсийг нэмж байсан юм. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг