sonin.mn

Архи сурталчлах гээгүй шүү! 

Архиар ашиг олох тухай санаа! 

Тэгэх тэгэхдээ экспорт болгоод мөнгө юүлэх санаа!

Шимийн амттай нэрмэлийг чинь булааж авч гадаад хүнд уулгах гээгүй!


Чимхлүүр үгс: Яг л “Цагаан алт” хөтөлбөр гэдэг шигээ (шар тос-“Шар алт” гэсэн ч яадаг юм?) тусгай хөтөлбөр болгоё. Чиглэл нь дотооддоо биш гадаад руу. 


Юун брэнд: Аймаг сумдыг өрсөлдүүлж дэлхийд гаргах боломжит үйлс, нэрийн хуудас, брэнд, бөөн орлого. Монгол Улсын брэнд байсан ч яадаг юм. Сая сая доллар миний нүдэнд харагдаад болдоггүй?


Яагаад: Манайхан сакэ, сөжү, маотай, самагон, водка гээд хөрш, ойр орнуудынхаа архийг андахгүй болсон. Хэрэглэж дассан, дасч ч байна. Тэгвэл зөрүүлээд! 


Тэгвэл зөрүүлээд, Өвөр Монголоос өрсөөд Зүүн Ази руу, тэр дундаа Япон руу юуны өмнө шууруулчмаар санагдах юм. Оросууд тоож авахгүй байж магад гээд Оросыг орхилоо.


Япон, наашаанаа Өмнөд Солонгос, Хятад гээд “МОНГОЛЫН СҮҮНИЙ АРХИ”, сүүнээс гаргаж авсан нэрмэл архи гээд шуугиулах томхон кампанит ажил өрнүүлэх тухай саналаа буулгаж байна. 


Таван хушуу малын сүүг тэр бүр бид ашигладаггүй, худлаа биш. Өөрсдөө хэрэглэж, зун намартаа, цагаан сараар ууж, цалгихаа орхихгүйгээр, Монгол Улсын 21 аймаг, бүх сум, нийслэл ба бусад том хотын малтай айл өрх бүрийг татан оролцуулсан кампанит ажилд уриалан дуудаж энэ нийтлэлээ толилуулан байна.   


Ингэ, гүү, үнээ, эм хонь, ямаанаас саадаг бүгдийг төрөлжүүлээд архи болгож нэрээд ийм ваар сав (яаж л бол яаж ч зохиомжилж болно), шошготой, шошго нь экспортлох орны төрөлх хэлээр бичээстэй, өөр юу ч гэдэг юм, нэн яаралтай үйлдвэрлэн гадаадад гаргаж зарж эхлэхгүй бол тун удахгүй өвөрмонголчууд өрсөөд зах зээл эзлээд авчихвал бид яалтай билээ?


Иймийн тулд бүх аймаг, аймаг нь сумддаа үүрэг болгоод тэр жилийн Хятадын “Их үсрэлт” гэдэг шиг кампани ажил улс даяараа өрнүүлээч, оройтлоо!


Бодож сэтгэж, хөдөлж үзнэ үү! Герман, Чех пивороо, Франц коньяак, шампаньскаараа, Итали виногоороо...Монгол шимийн архиараа, явж өгнө дөө. Уул уурхайг давж гартал урсан орж ирэх орлого бэлээхэн хаяанд байна!  


Д.Баярхүү