sonin.mn
-ХҮҮХДҮҮД АЙДАС, ТҮГШҮҮР МЭДРЭХЭЭР ӨСӨЛТ НЬ ДОГОЛДДОГ-
 
Хөл хорионы үед иргэд сэтгэл зүйгээ хэрхэн дэмжих, дөрвөн хананы дунд удаан хугацаагаар байх шаардлагатай болсон энэ үед яавал цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлж болох талаар сэтгэл судлаач Ц.ДЭЛГЭРМЭНДТЭЙ ярилцлаа.
 
-Агаар дуслаар халдварлаж байгаа коронавируст халдвар монголчуудын хувьд нүдэнд үл харагдах “дайсан” болоод байна. Бидэнд ийм үед сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэх талаар мэдлэг хомс. Тиймээс танаас зөвлөгөө авахаар хандсан юм. Хорио цээрийн үед хүн бүр гэртээ байна. Ийм нөхцөлд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх вэ?
 
-Тайван үедээ урт хугацааны төлөвлөгөө гаргах нь чухал. Өнгөрсөн жилийн өвөл болон хавар хэрхэн өнгөрсөн билээ. Тийм жишгээр энэ жилийн өвөл болон хавар өнгөрвөл, та энэ зургаан сарыг юунд зориулж, хэрхэн өнгөрөөх вэ гэсэн асуултад хариулж, төлөвлөгөө гаргавал айдас, түгшүүрийг бууруулдаг. Өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадвар бидэнд үргэлж байдаг. Энэхүү ур чадварыг тайван үедээ ашиглаж, үр бүтээлтэй төлөвлөгөө гаргах нь чухал. Харин айдас түгшүүртэй үедээ гаргасан шийдвэр, төлөвлөгөө нь ихэвчлэн түр зуурын шинж чанартай тул эрсдэл ихтэй байдаг.
 
-Ажиглаад байхад зах замбараагүй мэдээлэл хүмүүсийг төөрөгдөлд оруулж, сандрах нэг шалтгаан нь болж байна. Иргэд үүнтэй хэрхэн тэмцэх ёстой вэ?
 
-Бид янз янзын мэдээлэл авч байна. Тэдгээрийг эрсдэл ба даван туулах арга зам гэж хоёр хувааж үзэх хэрэгтэй. Энэ хоёр төрлийн мэдээллийг иргэд ижил хэмжээгээр хүлээж авах нь чухал. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хүмүүс эрсдэлийн тухай мэдээллийг түлхүү авсан. Ер нь эрсдэлийг давах арга замуудын талаар мэдээллийг иргэд тэнцвэртэйгээр авах хэрэгтэй. Үүний үрээр хүн бүр коронавирусээр халдварлахгүй. Өөрийгөө хамгаалаагүй хүн л энэ вирусийн халдварыг авах эрсдэлтэй гэдгийг ойлгох ёстой.
 
 
 
 
Өөрөөр хэлбэл, амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг ягштал баримталбал коронавирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна. Түүнээс гадна нийгмийн сүлжээнд хэн нэгнийг буруутгах, доромжлох нь таны зан чанар болж үлдэх эрсдэлтэй тул нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд байгаа мэт биеэ авч явах хэрэгтэй. Энэ цаг үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, дархлаагаа дэмжих нь хүн бүрийн үүрэг юм.
 
 
 
-Нас насныхны онцлог өөр. Тухайлбал, ахмад буурлууд маань сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах боломжтой бол?
 
-Өдрийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүрд тодорхой унтдаг цаг, хийдэг үйлдлүүд бий. Тэдгээрийгээ тогтмол байлгах тусам нойргүйдэлд орохгүй, стресст ч өртөхгүй. Найз нөхөдтэйгөө утсаар ярих, видео ярилцлага хийх нь ганцаардах мэдрэмжийг бууруулдаг.
 
-Зуслан болон хашаа байшинд байгаа иргэд өдөрт хэд хэдэн удаа агаар салхинд гарчихна. Гэтэл байранд, дөрвөн хананы дунд байгаа хүмүүсийн хувьд байдал арай өөр. Энэ үед хэрхэх шаардлагатай вэ?
 
-Байрны үүд болон тагтан дээр гарах, гэрийн цонхоо онгойлгох гэх мэтээр байгаа нөхцөл байдалдаа дасан зохицсон байдлаар агаар сэлгүүлэх, хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах нь таныг ямар ч тохиолдолд вирусээс хамгаалах учраас хамгаалалтаа сайн хангасан үед та агаар салхи амьсгалах бүрэн боломжтой.
 
-Хорио цээрийн үед хүмүүсийн идэх дуршил нэмэгдэж байна. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой юу?
 
-Бидэнд ажлын болон амралтын өдөр гэсэн хоёр төрлийн цаг ашиглалт бий. Амралтын өдрийн цаг ашиглалтад хоол хүнсний хэрэглээг хянахгүй, чөлөөтэй байлгах тохиолдол их байдаг. Тиймээс иргэд ажлын өдрийн цагийн хуваариар гэртээ байх нь чухал. Мөн гал тогоондоо идэхэд бэлэн бүтээгдэхүүнийг бага худалдаж авах нь чухал. Савласан бэлэн бүтээгдэхүүнд сахар, тос, давсыг хэтрүүлсэн байдаг тул дахин идэх сэдэл бий болгоно. Мөн болгож бэлтгэх учир үндсэн хоолны оронд хэрэглэх санаа төрүүлдэг.
 
-Зарим хүн нойргүйдэлд орлоо гэх юм. Ийм нөхцөлд хүн өөрөө өөртэйгөө хэрхэн ажиллах ёстой вэ?
 
-Өдрийн туршид хязгаарлагдмал орон зайд байгаа учраас агаарын солилцоо, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний хэрэглээ зэргээс нойрны хэм алдагдах нь хэвийн үзэгдэл. Нойроо хэвийн хадгалахыг хүсвэл өдрийн туршид гэртээ байх хугацааг энгийн ажлын өдрийн цаг мэт ашиглах, цагийн хуваарилалтаа хатуужилтай дагаж мөрдөх нь чухал.
 
 
 
Өдрийн туршид агаар амьсгалах, хөдөлгөөн хийх, хоол хэтрүүлэн идэхгүй, унтлагын өрөөнд телевиз үзэхгүй байх, нойр хүрсэн үедээ орондоо орох, өглөө тогтмол цагтаа босох, найз нөхөдтэйгөө утсаар ярих зэргээр амьдралын хэвшилдээ тууштай, үнэнч байх хэрэгтэй.
 
 
 
 -Ойролцоо амьдардаг, эсвэл сургууль, цэцэрлэгийн хүүхдийнх нь нэгнээс коронавирус илэрлээ гээд сандрах хүн цөөнгүй байна. Тэдэнд хандаж зөвлөгөө өгнө үү?
 
-Урт хугацааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Вирус авсан хүмүүс өөрсдөө вирустэй гэдгээ мэдэхгүй тул бидний оршин суугаа хаягтай ойрхон амьдардаг хүнд ч илрэх магадлал өндөр. Нэгэнт манай хотод олон зуун мянган хүн амьдардаг болохоор тухайн вирустэй хүний эргэн тойронд олон гэр бүл амьдардаг байх нь лавтай. Та өөрийгөө хамгаалж чадаж байна уу, таны гэр бүлийнхэн дархлаатай байна уу гэдэг л чухал. Үүний дараа вирус туссан хүмүүс маань эрүүл энх эмчлэгдэн сувилагдах нь чухал. Тиймээс та өөрийн зүгээс хийж чадах зүйлийг хийгээд, түүнээс хэтэрсэн зүйлд санаа зовохгүй байх хэрэгтэй.
 
-Нийтээрээ айдас түгшүүртэй байгаа ийм үед хэлж чадахгүй ч хүүхдүүд сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөл байдалд ордог. Тиймээс эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?
 
-Хүүхдүүд айдас, түгшүүр мэдрэхээр өсөлтийн үйл ажиллагаа нь доголддог. Айдас түгшүүрийг ихэвчлэн үзэж буй телевизийн мэдээнээс биш эцэг эх хоорондын харилцааны загвараас хүүхэд мэдэрдэг. Тиймээс эцэг эхчүүд дууны өнгө, нүдний харцандаа анхаарал хандуулах хэрэгтэй. “Надад асуудал их байна, чи өөрийнхөө учрыг ол” гэдэг хандлагаар хүүхэдтэйгээ харилцах нь хүүхдэд ганцаардал мэдрүүлдэг. Тиймээс эцэг эх тайван амгалан байвал хүүхэд дагаад тайван амгалан байна.
 
-Сүүлийн үед арт терапийн талаар хүмүүс их ярих болжээ. Үүнийг хорио цээрийн ийм нөхцөлд амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой юу?
 
-Боломжтой. Зураг зурах, шүлэг бичих, бүжиглэх зэрэг урлагийн авьяасаа нээх, хөгжүүлэх цаг зав гаргах нь хүнд урамшууллын мэдрэмж өгдөг. Хүн өөрөө урлагийн бүтээлээс аз жаргал авахаас гадна даган дуурайж хийх нь тархийг шийдвэр гаргахаас амраах завсарлага болж өгдөг.
 
-Төгсгөлд нь, та манай уншигчдад хандаж зөвлөгөө өгнө үү?
 
-Энэ цаг үед бид эрүүл мэндийнхээ төлөө маш их зүйлийг золиослох хэрэгцээ шаардлага гарч байна. Таны асуудал хэчнээн том, шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан ч та ганцаараа биш гэдгийг санаарай.
 
 -Баярлалаа.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин