Монголын уран нугараачид олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цом хүртлээ. ОХУ-д цахим хэлбэрээр зохион байгуулсан уг тэмцээнд дэлхийн 19 орны өсвөр насны 200 гаруй циркийн жүжигчин шилдэг 60 үзүүлбэрээр өрсөлджээ. Эх орноо төлөөлөн оролцсон “Икс роузис” уран нугаралтын төвийн 8-11 насны уран нугараачид олон улсын тэмцээнд анх удаа оролцож, “Тэнгэрийн цэцэгс” уран нугаралтын үзүүлбэрээр ийнхүү мөнгөн цом хүртсэн байна.

 

Уг тэмцээний талаар Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Т.Буд хэлэхдээ “ОХУ-ын Соёлын яамнаас олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнийг онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Тэмцээнд дэлхийн 19 орны өсвөр насны 200 гаруй циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдлөө. Олон улсын мэргэжлийн 26 шүүгч тэмцээнийг шүүж ажилласан.

 

 

Монголын уран нугараачдын хувьд олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн цом хүртлээ. Энэ жилийн онлайн тэмцээний алтан цомыг БНХАУын уран нугараачид хүртсэн” гэжээ. Сонирхуулахад, Т.Буд нь БНХАУ-ын Вухань хотод зохион байгуулдаг олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнд акробат шидэх банзны төрлөөр жүжигчдийн хамт оролцож алтан цомын эзэн болж байжээ.

 

 

Түүний авсан цом Монголын циркийн урлагт Вуханийн наадмаас авсан анхны алтан цом гэдгээрээ онцлогтой аж.

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин