sonin.mn
Израиль Улсын хувьд 18 нас хүрсэн бүх хүн эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй цэргийн албыг заавал хаах ёстой.  Харин тус улсын араб үндэстнүүд цэрэгт татагддаггүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах боломжтой. Эрэгтэйчүүдийн алба хаах нас нь 18-29 бөгөөд 32 сар буюу албан тушаалаас нь хамааран зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл сунгагдана. Эмэгтэйчүүдийнх 18-26 нас ба 24 сар буюу албан тушаалаас хамааран зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл сунгагдана. 
 
 
Хэрвээ тухайн иргэн эмч мэргэжилтэй бол 30-34 нас хүртлээ алба хаах хугацаагаа хойшлуулж болно. Харин тус улсад цагаачилж амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 27 наснаас эхлэн 20 сарын хугацаанд цэрэгт татагддаг. Сүүлийн жилийн судалгаагаар тус улсын нийт цэргийн насны залуусын 26 хувь нь цэргийн албанаас тодорхой шалтгааны улмаас чөлөөлөгдсөн аж. Израилын Батлан хамгаалахын хуулийн дагуу тус улсын Зэвсэгт хүчин орон даяар цэрэг татлага болон дайчилгааг зохион байгуулдаг. Ингээд биеийн тамирын шалгуур үзүүлэлт болон эрүүл мэндээрээ хамгийн өндөр оноо авснаар нь эрэмбэлэх маягаар үндсэн таван мотобуудлагын болон өинженер, сапёрын ангиудад хуваарилдаг. Дундаж оноотнууд нь артиллери, хуягт танк, хилийн цэргийн ангиудад хуваарилагддаг. Арай доогуур үнэлэгдсэн нь хангалт үйлчилгээ, ар тал, техникийн дэмжлэгийн ангиудад алба хаадаг аж. 
 
 
Жирэмсэн эсвэл бага насны хүүхэдтэй, шашны шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой гэдгээ нотолсон эмэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлдөг. Харин эрэгтэйчүүдийн хувьд зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх боломжтой.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин