Таныг боловсролынхон андахгүй байх. Аль нутгийн хүн билээ?

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын хүн. Монгол Улсынхаа боловсролын байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байна. Хот, аймаг, хөдөө суманд монгол хэлбичиг уран зохиолын багш, тэтгэвэртээ суусан ч зөвлөх багш хийсээр цаг мөч бүхнийг үр бүтээлтэй, нийгэм хүн орчиндоо тус нэмэр үзүүлж, сайн сайхан бүхнээр нөлөөлөх юмсан гэдэг сэтгэлээр ажилласаар байна.



Зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж байгаа юмаа даа?

-Бүхий л насаараа түмний төлөө ажиллаж, хүн болсныхоо эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх ёстой учраас тэтгэвэртээ суусан ч хийж бүтээж амжаагүй, хийхээр төлөвлөсөн олон чухал, хэн хүнд хэрэгтэй, ирээдүйд өв болон үлдэж хоцрох, улсад маань хэрэгтэй зүйлүүдийг бүтээхээр зориг шулуудан сүүлийн гурваас дөрвөн жилд оюуны нэлээд зүйл бүтээлээ.

 


Манай МАБНХ-ноос уралдаан зарлаж ахмад багш нарыгаа нэлээд идэвхжүүлдэг. Та тэдгээр уралдааны нэгэнд нь байр эзэлсэн байх аа?

-Тийм ээ. Бидний харьяалалд нь багтдаг Д.Амар тэргүүтэй Монголын ахмад нарын холбооны өнгөрсөн онд "Бүтээлч ахмад багш"-ийг шалгаруулах уралдаан зарласан юм. Уралдааны комисс миний оюуны олон бүтээлийг үнэлж үзээд гутгаар байрт шалгаруулсанд тун их баяртай байгаа. Бүр давхар баярлаж байгаа шүү.

 


Одоогоос 25 жилийн өмнө 1988 онд Монголын анхны 12 бүтээлч залуу багшийг шалгаруулсны нэг нь би болж байсан юм. Тэр бүтээлч багш нараас Увсын Гомбожав, Сүхбаатарын  Оюун, Дундговийн Дамдинжав, Булганы Ганчимэг, Хөвсгөлийн Нямжав, Хэнтийн Даваажав, Улаанбаатарын Оюунханд, Галмандах, Зулхүү нар бүгд л гавьяат багш нар болж, ажил үйлс туршлага нь орон даяар цуурайтан мөнхөрсөөр байгаа.



Та бүтээлүүдээсээ танилцуулах уу?

-Гол төлөв сурах арга барилд зориулсан 8 төрлийн 1,5-30,0 хэвлэлийн хуудас хэмжээтэй ном 8000 шахам ширхгийг  хэвлүүлэн хүмүүсийн хүртээл болгосон, яруу найргийн түүвэр, байгууллага болон хувь хүний дурсамж дурдатгалын ном 4-ийг хянан тохиолдуулж, төрөл бүрийн хэвлэлд заах арга сурган хүмүүжүүлэх арга барилтай холбоотой 12 төрлийн өгүүлэл нийтлүүлж, 5-40 минутын хугацаатай, 22-330 мв-ын хэмжээтэй, 9 сэдвээр 143 ширхэг мультимедиа буюу кино бүтээж, CD, DYD-нд буулган хүмуүсийн хүртээл болгоод байгаа.



Хүмүүс төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутаг орноо гэсэн сэтгэлээр их зүйл бүтээдэг, энэ талаар?

-Өрийн өсөж төрсөн орон нутаг, сургууль боловсролын байгууллагыг    дэмжих зорилгоор Д.Чанцалням багшийн тэргүүлдэг "Төмөр багш сан" болон өөрийн тэргүүлдэг "Наранцацралт сан"-гийн дэргэдэх "Говийн багш" нийгэмлэгтэй    хамтран Дундговь аймгийн оны шилдэг залуу багшийг жил бүр шалгаруулан "Тэргүүний багш" цол, тэмдэг, батламж, таван зуун мянган төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай болоод байна.

 

Мөн дээрх нийгэмлэг, сан хоёр бусад холбоодуудтай хамтран 13 төрлийн шагналаар 147 хүнийг шагнаж, 500 гаруй ном хэвлэлийг бэлэглэж, удаа дараа сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөөд байгаа. Нийгэмлэг болон сангийнхны итгэлийг тээсэн залуу багш нар олон байна. Тухайлбал Гурвансайхан сумын сургуулийн  багш С.Цэрэндолгор, Сайнцагаан сумын 4-р сургуулийн багш Т.Мөнхбат, Баянжаргалан сумын сургуулийн багш Д.Түвшинбаяр нар шалгаран шагнагдсан.




Маш сайн багш болоход юу чухал вэ?

-Шавь нартайгаа ойр дотно байж, тэдний нас биед тохирсон бүтээлч, сэтгэхүйг нь хөгжүүлэх, хөгжилтэй, ухаарал хайрласан дасгал дадлага хийлгэн, бага хэрнээ хүүхдэд мэдлэг өгөхөөр даалгавар өгч тухай бүрд нь шалгаж, ярилцах нь багш, сурагч, эцэг эхийн холбоог дээд зэргээр сайжруулж, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулан маш сайнаар нөлөөлнө.

 

Түүнээс гадна хичээлийн минут бүрийг үр дүнтэй өнгөрөөж, онолын мэдлэгийг багцлан зааж, хүүхдийг ядраахгүйгээр олон төрлиин дасгал дадлагыг хийлгэж хичээллэх нь хамгийн үр дүнтэй. Дасгал, дадлагууд л хөгжүүлж, авьяасыг нь нээнэ шүү дээ.

 

Ялангуяа хэлбичгийн хичээлд монгол ардын цэцэн мэргэн үгс, түүний дотроос хэлц үгээр ярилцах, маргах, зохиох, түүвэрлэх, эсрэг ойролцоо утгаар нь төрөлжүүлэн хэлэлцэх, бусдад шүүмжлэлтэй хандах зэрэг нь үнэхээр хөгжүүлдэг юм билээ. Ингээд бодоход ээлжит хичээлийн бэлтгэлээ багш үнэнхүү сайн хангах хэрэгтэй.



Дундговь аймгийн Дэрэн сумын сургууль таны нэрэмжит болоод нэлээд хэдэн жил боллоо?

-Нэрэмжит Дэрэн сумын дунд сургуулийнхаа төлөө жил бүр анхаарч өөрийн чадах бүхнээ хийсээр байгаа. Дэрэнгийн сургуулийнхан маань 2012 онд миний нэрэмжит олимпиад зохион байгуулсан. Энэ жил хэд хэдэн сумыг хамрах сурагтай байгаа. Тийм учраас тэдэнд өгөх, "Нэрэмжит олимпиадын аварга сургууль" гэдэг шилжин явах цом, дагалдах шагналуудыг бэлдээд байна.

 

Хүмүүс маань бие биедээ сайхан сэтгэл, сайхан санаа бодол бүрээсээ бэлэглэж, хамтран хийж бүтээж байхыг хүсэж байна. Аймаг, сумынхаа төлөө хийж бүтээж байгаа манай гэр бүлийнхний ажлыг маань үнэлж "Дундговь аймгийн хүндэт иргэн","Дэрэн сумын хүндэт иргэн"-ээр өргөмжилсөнд урамшсаар яваа.




Таныг уралдаан тэмцээнд их оролцдог гэж сонссон?

-Тийм шүү. "Улаанбаатар, би чамд хайртай" гэсэн сэдэвтэй ухаалаг гар утасны видео наадамд бүтэн сарын турш уралдаж, бас суралцаж, хамгийн ахмад нь болон тодорч, 13-р байрт шалгарсан.

 

Саяхан УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс зарласан "Цагаан сарын хувь, угийн бичиг" загварын уралдаанд оролцож, шилдэг 10 угийн бичгээр шалгаран, Соёл спорт аялал жуулчлалын сайдын гарын үсэгтэй "Жуух бичиг", үнэ бүхий зүйлээр шагнуулсан. Энэ бүхнээс үзэхэд өнгөрсөн жилд хийж бүтээсэн маань үр дүнд хүрсэн. Тэр бүхэн бол намайг дэмждэг, надад тусалдаг хүн бүхний сэтгэл итгэл, үнэлэмж юм даа.




Интер номын дэлгүүрт таны бүтээлүүд тааралдаж байсан?

-2012 онд "Кирилээр зөв бичих тулгуур", "Монгол бичгийн товч толь", "Монгол бичгээ 15 хоногт бие даан сурах хичээлүүд1" (5 дахь удаагаа), "Амьдрал тэмцэл - 2" гэсэн номууд, "Монгол бичгээ сурахад цээж дасгалын үүрэг", "Багш шавийн барилдлагаа", "Алдрын титэмд хүрсэн зам", "Гэрээ засаад", "Багшийн хөдөлмөр, хөгжил", "Угийн бичгээ хөтлөх монгол эрхэм ёсон" зэрэг CD, DVD бүтээлээ. Ихэнх нь тэр дэлгүүрт борлогдсоор байгаа.




Таны сурган хүмүүжүүлэх арга барил, туршлагын ном 2 дахь удаагаа хэвлэгдэж байгаа гэсэн?

-Гавьяат багш асан Ц.Өлзийхутаг, заах аргач Ө.Цэндсүрэн, багш Т.Даваахүү нарын хянан тохиолдуулсан "Нүдлэн сэтгэх зураглал буюу тулгуур дохио" гэдэг 7 жилийн турш бүтээсэн, миний 40 жил сурган хүмүүжүүлэх ажил хийсний заах арга барил, туршлага, тэдгээрийн үр дүнгийн баталгаа болсон, төрөл бүрийн үзүүлэнгүүдтэй ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, багш бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнуудад зориулсан 27 хэвлэлийн хуудас ном маань хэвлэлээс гарах гэж байна. "Хуучин зүйлээс шинийг нээх чадвартай хүн л багш байхад тэнцэнэ" гэсэн Күнзийн сургаал биелэх болтугай хэмээн ерөөж, бас мөрөөдөж, итгэж сууна даа.



Мэргэжил нэгтнүүд болон сурган хүмүүжүүлэгч залуу багш нарт хандаж хэлэх таны үг?

-Монгол Улсынхаа ирээдүйг авч явах залуусын оюуныг нээн, тэдний насан туршийн тасралтгүй хөгжлийг хангаж, зөв монгол хүн төлөвшүүлэх хамгийн буянтай ажилд сэтгэл зүрхээ өгсөн багш нар минь ээ! Хүүхэд бүрийн зан чанарыг маш зөв төлөвшүүлж, өөрийн гэсэн чин хүсэл сонирхолтой,    авьяасаа хөгжүүлдэг, хичээл хийх чадвартай, ном унших хүсэл тэмүүлэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай хүн болоход нь сайн туслаарай.

 

Хүүхдүүдийнхээ мөнхийн багш нь байж, алдахад нь түшиж, алдаршихад нь талархан, шавийнхаа хамгийн эрхэм дотно ах эгч нь болж, үргэлж сайн бүхнээр дурсагдаж байхуйцаар ажиллан амьдрахын сайн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.



Ярилцсан Н.Туяа

 

Эх сурвалж: "Багш"