1966 онд мэс заслын мэргэжил олгох курс
 
1973 онд мэргэжил дээшлүүлэх курс
 
1979-1980 онд клиникординатур төгссөн. Мэс заслын тэргүүлэх зэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод гавъяаныхаа амралтанд сууж, эхнэр Б.Оролмаа, үр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Эхнэр Оролмаа нь лаборант мэргэжилтэй уг мэргэжилээрээ 34 жил ажилласан.
 
 
Охин Ш.Нямсүрэн нь аавынхаа мэргэжилийг өвлөн авч эмч болсон. Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хүүхдийн эмч. Улаанбаатар хотын Мэргэжлийн хяналтын газар байцаагч их эмчээр ажиллаж байгаа.
 
 
Би 5 хүү, 2 охинтой. Том хүү Лхагвадорж хар төмөрлөгийн үйлдвэрт инженер, хүү Пүрэвдорж багш, охин Нямсүрэн хүний их эмч, хүү Бямбадорж хуульч, хүү Дагвадорж сэтгүүлч. охин Даваацэрэн эмч, хүү Нямдорж хар төмөрлөгийн үйлдвэрт оператор.
 
 
1935 онд төрсөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1964 онд АУДС төгссөн, Эрдэнэ суманд салбарын эрхлэгч их эмч. Төгрөг, Бигэр сумдын СДЭ-т ерөнхий эмч, мэс засалч. аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр 36 жил ажилласан.
 
 
Энэ хугацаанд:
 
V-VI-VII жилийн гавшгайч, засгийн газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн болон Алтан гадас одон, Монгол улсын гавъяат эмч цолоор тус тус шагнагдсан.
 
 
 
-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?
 
-Сайн сайн, сайхан л хаваржиж байна аа 
 
 
 
-Таныг манай нутгийнхан Төгрөгтийн "Бал" эмч гэдгээр чинь хөгшин залуугүй хүн бүхэн андахгүй мэднэ. Харин аль нутгийн хүн гэдгийг чинь тэр бүхэн мэдэхгүй байх. Иймд хоёулаа ярилцлагаа төрж өссөн нутаг, хүүхэд бага насыхаа дурсамжаас эхэлвэл сонин байх болов уу?
 
-За тэгэеээ. Миний төрж өссөн нутаг бол Говь-Алтай аймгийн Чандмань сум, сургууль төгсөж эмч болоод Эрдэнэ суманд жил ажилласныг эс тооцвол идэр залуу наснаасаа эхлэн ихэнх насаа Төгрөг суманд ажиллаж, амьдарч өнгөрөөсөн болохоор л Төгрөгийн гэж ярьдаг юм. Манай эхнэр Оролмааг ч гэсэн Төгрөгийн хүн гээд зарим нь намайг Төгрөгийн хүргэн гэж хүртэл ярьж бичсэн байдаг юм.
 
 
Манай эхнэр уг нь Ховд аймгийн хүн л дээ. Бага насны хувьд бол яахав бидний үед малчин айлын хөдөөний хүүхдүүд ямар нөхцөл, ямар амьдралтай байсан билээ тэр л жишгээр ус авч, аргал түүж, хонь мал саалгаж, хурга ишгээ хариулахаас эхлээд өөртөө таарсан хар бор ажил хийж бас халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөж цангах аль алиныг нь үзэж, нэг үгээр хэлбэл малын дэргэд хээрийн бэлчээрт боргошин өнгөрөөсөн дөө. 12 настайдаа бага сургуульд орж, улмаар 10 жилийн дунд сургууль төгссөн.
 
 
 
-Таны эмч болсон замнал чинь их сонирхолтой зам туулсан гэж сонссон юм байна.
 
-Энэ талаар яривал бөөн онигоо болно. Адал явдалт тууж л гэсэн үг. Товчхондоо бол биднийг сургууль төгсөж байх үед, ялангуяа захын суманд мэргэжлийн талаар мэдээлэл ховор, хүн малын эмч, багш, нягтлан бодогчоос өөр мэргэжил байдаг эсэхийг бараг мэддэггүй байлаа л даа.
 
 
Арав төгсөхдөө бидний арваад хүүхэд Улсын Их сургуулийн Анагаах Ухааны Факультетэд орно гээд саналаа өгөөд бүртгүүлчихсэн байлаа. Гэтэл их сургуульд элсэлт авахаар УБ хотоос ирсэн Жадамбаа гэдэг хүн бидний аттестатыг харж байгаад Цогт сумын харъяат Халзангийн Дашзэвэг гэдэг хүүхэд бид хоёрыг тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотод Темерязовын нэрэмжит ХАА-н Их сургуульд хуваарь өглөө.
 
 
Түүнээ аваад гэртээ очтол ээж маань: -тэр хол газар хэл мэдэхгүй хүний нутагт чамайг явуулчихаад би юу бодож, хэзээ ирнэ гэж харж суух юм билээ, явуулахгүй гээд шууд хорилоо.
 
 
Тэр үед аймгийн дунд сургуульд багш байсан манай нэг ах маань одоо Орос хэлний Их сургуулийн ректор, хэл шинжлэх ухааны доктор профессор/ Сэрээнэнгийн Галсан, манай аймгийн АДХГЗахиргааны нарийн бичгийн дарга байсан Д.Дүгэржав хоёртой Улаанбаатар орж багш нарын семинарт суухаар машинаар хэд хоног явсан юм бэ бүү мэд.
 
 
Шарласнаа мэдэлгүй явж байгаад хүндэрч комд ороод нас барсан байсан тул би ээжийнхээ үгнээс зөрж чадалгүй 8-р сарын сүүлээр хот ортол гадаад явах хүүхдүүд нөгөө Дашзэвэг маань бүгд явчихсан байв.
 
 
Тэгээд их сургууль дээр очтол манай ангийн найз Д.Цахилгаантайгаа /одоо депломатч/ таарч, хоёулаа Орос хэлний ангид ороё гэж санал тавьсан чинь зөвшөөрч шалгалт өгч тэнцээд Сангийн аж ахуйд 2 cap шахам тариа ногооны ажилд явж ирээд хичээлдээ ороход бид хоёр хоёулаа бакал гуталтай, барилдаж байгаад гутлынхаа улыг ханзалчихсан тул, гутлаа сураар ногтлоод хүлчихсэн,
 
 
Цахилгаан маань бор пүүсүүгээр хийсэн тэрлэгтэй, би 3-н давхар эмжээртэй хар жигүүнэн тэрлэгтэй хичээлд ороход бид хоёроос бусад бүх оюутнууд орос хувцастай / костюм педжак/ байсан тул орос багш нар, оюутнууд ч гэсэн бид хоёрыг их сонирхсон байдалтай хардаг байсан нь одоо сонин санагддаг юм.
 
 
Ингээд Октябрийн баярын дараа нэг өдөр дугуй зааланд лекцэнд сууж байтал дежур өвгөн орой 18 цагт Говь-Алтайгаас ирсэн гэсэн цахилгаан авч ирж өгснөөр төв холбоон дээр очиход ээж бид хоёр мэнд усаа мэдэлцээд хот хөдөөнийхөө сониноос харилцан ярилцах завсраа, би сангийн аж ахуйд явахынхаа өмнө бичсэн захиагаа авсан уу гэж ээжээс асуутал ээж маань авсаан авсан, тэр орос хэлний ангид ороод сүүлд нь бас л оросруу чинь явуулчих юм биш биз дээ гэж байна.
 
-Үгүй ээ ээжээ багш болох байх гэсэн чинь ахыг чинь багш болоод би сайн сайхныг нь үзсэнгүй. Ер нь тэгээд багш /мэргэжил/ манайд зохихгүй юм байна. Манай нутгийнхан аавын чинь удмынхан 7 үе дамжсан хэзээний оточ маарамба удамтай улс байсан гэж ярьдаг байсныг чи мэдэж байгаа биз дээ.
 
 
Иймд миний хүү өөрт чинь өлзийтэй, хүнд тустайгаар нь эмчийн ангид орвол яасан юм бэ гэж байна. Ингээд л хагас жил шахам хичээллэж байгаад орос хэлний ангиас гарч, АУФ-д шилжин орох хүсэлтэй тухайгаа өргөдөл бичиж өгөөд гарч хотын түргэн тусламжинд нэг жил шахам ажиллаж хойтон жил нь АУФ-д шилжин суралцснаар эмч болох амьдралын замдаа орж байлаа.
 
 
 
 
-Таныг хөдөө суманд, бригад багын төвд тэр ч байтугай хөдөө малчин айлын гэрт хүртэл мэс засал хийж байна гэнэ гэж хүмүүс их ярьдаг байсан. Та ер нь хичнээн хүнд мэс засал хийж, ямар ямар хүнд хагалгаанд орж байсан бол, одоо тоо хэлж чадах уу?
 
-Бидний ид ажиллаж байх үе бол захиргаадалт гэдэг муу нэртэй боловч ажилд маш их зарчимч хатуу шаардлагатай, нарийн тооцоо судалгаатай ханддаг байсан цаг. Би одоо тооцож үзэхэд 18.000 гаруй хүн гардан эмчилсэнээс, үүнийхээ 50 гаран хувь буюу 9.610 хүнд мэс заслын тусламж үзүүлж 1440 удаа сумдын холын дуудлаганд явсан гэсэн тооцоо байдаг юм.
 
 
Харин 2 дахь асуултын чинь хувьд тийм ч хүнд хагалгаа, ийм ч хөнгөн хагалгаа гэж яримааргүй байна. Учир нь мэс засалч хүнд хийх гэж байгаа, хийсэн хагалгаагаа энэ нь хүнд, тэр нь хөнгөн гэж дугаарлаж бодож мэс ажилбарын ажилд хандаж болдоггүй юм.
 
 
Яагаад гэвэл мэсээр үүсгэсэн шарх бүхний цаана хүний ажил амьдрал, жаргал зовлон, үхэл учрал, амь нас, эрүүл мэнд гэж маш. том юм байдаг болохоор гар эвгүй хөдлөж, мэс нэг халтирвал ...
 
 
 
-Төрөх эмэгтэйчүүдийн эмч, мэс засал зэрэг мэс баридаг эмч нарыг зоригоо чангалах гэж мэс хагалгаанд орохдоо заавал архи ууж ордог, тэр ч байтугай, зарим нь бүүр хундага юмны нормтой байдаг гэнэ лээ гэж хүртэл ярьдаг энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Архи уусан эмч хагалгаанд орно гэхээр миний хувьд ердөө санаанд багтаж толгойд нэг л бууж өгдөггүй юм. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж үг байдаг даа. Гэхдээ айдаггүй зүрх зоригтой хүн гээд хар муйхараар дайраад бай гэсэн үг биш л дээ.
 
 
Харин миний хувьд маш бага насны хүүхэд, өөрийн болон ойр хүндээ хагалгаанд орно гэхээс яагаад ч юм бэ нэг л эвгүй бодогдоод байдаг юм гэхдээ яах вэ. Би эхнэртээ, эгчдээ ээждээ хүртэл мэс засал хийж байсан, хэцүү дээ хэцүү хийчнээн эмчилж өвчнөөс нь салгах гэж байгаа ч гэсэн эмч хүн /над шиг мал алахаас айдаг/ ээжрүүгээ хутга бариад дэргэд нь очоод зогсоно гэдэг хүсэх ажил биш юм гэж бодогддог.
 
 
Ээж маань 1985 онд 87 настайдаа намайг хөдөө яваад ирэхэд мухар олгойн үрэвсэл болсноо мэдэлгүй халуураад 2 хонож байна гэхээр нь үзсэн чинь олгой нь үрэвсээд буглаа үүссэн бололтой бөөрөнхий зүйл тэмтрэгдэж байлаа.
 
 
Тэр үед би аймагт ганцаараа байсан болохоор өөрөө ээждээ хагалгаа хийхээс зүрхшээгээд өмнө нь манай аймагт мэс заслын эмч хийж байсан Л.Бямбаа гэдэг эмч нутагтаа амралтаараа ирээд Шарга суманд амарч байгаа сураг дуулаад мотоциклээр давхиад очтол өчигдөрхөн хотруугаа буцаад явчихлаа гэж байв.
 
 
Ингээд буцаад иртэл ээж маань миний энэ байдлыг мэдсэн бололтой чи чинь үзэгдэж харагдахгүй яагаад тойрч давхиад байна. Надаас айгаад байгаа юм уу. Хөгшин залуу олон хүнийг өвчин зовлонгоос нь салгалаа л гэдэг юм байна лээ, би ээж чинь л болохоос адилхан л хүн ялгаа юу байх вэ
 
 
Миний хүү чи чаддаг л бол ээжийгээ энэ аюулаас салгаад өгч үз гээд гуйх, шаардах зэрэгцүүлэн тулгахад аргагүйн эрхээр гараа угаасан болов ч сувилагчаа орж ээждээ цэвэрлэгээ ариутгал хийж, бүх бие, нүүр, нүдийг нь шархны бүтээлгээр хучиж далдасны дараа орж ээждээ мэс засал хийж байлаа.
 
 
Ээжийгээ гэртээ гарсны дараа нэг өдөр дуудхаар нь гэрт нь ороход ээж маань тогоо дүүрэн будаатай цай чанаад, өрөм хөвсөн аяга дүүрэн цай хийж өгөөд
 
-За миний хүү ээжийнхээ ачийг хариуллаа миний хүүг бурхан өршөөж явах болтугай гээд, нэлээд хуучирсан хадган дээр хэдэн чихэр тавьж надад өгөөд хөхөөрөө толгой дээр минь адис тавиад үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм даа хөөрхий. Энэ дашрамд ээжээ дурсахад ч сайхан байна аа.
 
 
 
-Таныг гавъяат эмч гэдэг эрхэм хүндэт цол авсны дараах цайллаган дээр чинь Хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын болон, хүний гавъяат эмч, академич, доктор профессор багш Ж.Хайруулла сайхан үг хэлж байсныг санаж байна. Та ер нь Хайруулла багшийн дотны шавь нарын нэг байж дээ?
 
-Дотонсох юу байхав. Жирийн л багш шавь хоёр харин биднийг оюутан байх үед дотрын Б.Рагчаа, мэс заслын В.Ичинхорлоо, П.Долгор, Б.Гоош, Т.Шагдарсүрэн, мэдрэлийн Г.Лодон, Б.Равдандорж, төрөх эмэгтэйчүүдийн Цэвэлмаа, Дунгаамаа, Ц.Готов, Дамбадорж, нүдний Р.Нямаа гээд ёстой бурхан шиг жинхэнэ одууд болсон багш нар хичээл заадаг байсан даа.
 
 
Гэтэл тэд маань ихэнх нь бурханы орондоо яваад, одоо ялангуяа мэс заслын багш нараас үлдсэн нь ганцхан Хайруулла багш болж байх шиг байна. Үүний дашрамд нэг дурсамж ярихад одоогоос 40-өөд жилийн өмнө намайг мэргэжил дээшлүүлэх курст суралцаад буцах гэж байтал нэг өдөр Хайруулла багш хотод ирж ажиллах уу гэж байна.
 
 
Тэр үед мэдрэлийн мэс заслийн тасаг шинэхэн байгуулагдсан, Хайруулла багш Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөх эмч Рачков, Дондов, Оюун, Баяраа гээд хэдхэн эмчтэй байлаа. Тэгээд надад зөвлөх мэргэжилтэн Рачков гуайн гарын үсэгтэй хотод ирүүлэх бичиг хийж өгөөд явуулахад нь багшийнхаа зөвлөгөөнийг биелүүлж чадаагүйдээ одоо болтол харамсаж явдаг юмаа.
 
 
Нөгөө талаар мөн одоогоос 20-иод жилийн өмнө эхнэр маань цусны даралт ихдэж тархи, толгой нь өвдөж, огиж бөөлжөөд дээрхи оношоор аймагтаа 2-3 жил эмчлүүлсэн боловч засал авахгүй Улаанбаатарт ирээд 3-р эмнэлэг дээр эхнэр бид 2 очоод хүнтэй уулзаад сууж байтал Хайруулла багштай санаандгүй уулзаад үзүүлтэл, эмч хүн байж чи ийм өвчтэй хүнийг одоо болтол зүгээр аваад явж байдаг, одоохон хэвтүүл гээд шууд бичиг хийж өглөө.
 
 
Ингээд хэвтүүлж холбогдох шинжилгээ хийгээд тархины хавдар байсныг Хайруулла багшийн зөвлөмжийн дагуу Б.Батчулуун, Болд эмч нар хагалгаанд орж, тахианы томхон 2 өндөгний дайтай хавдар авснаар эхнэр маань эрүүл саруул болж, одоо болтол үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөдийн хамт аз жаргалтай амьдарч байгаадаа буурал багшаа сайн багш, сайн эмч гэж хүндэтгэн дээдлэж явдагаа энэ  дашрамд хэлмээр байна.
 
 
Ярилцсан С.Зандан
 
Эх сурвалж: “Алтан Чагнуур”