СОФИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /BTA/. "F-16 Block 70" сөнөөгч онгоцны үйлдвэрлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Lockheed Martin” компанитай хэлэлцээ хийх, суурь хэлэлцээр байгуулах эрхийг Болгарын түр засгийн газраас Эдийн засаг, үйлдвэрлэлийн сайд болон Инновац, өсөлтийн сайд нарт олгосон тухай Сайд нарын зөвлөл лхагва гарагт мэдээлсэн байна.
"F-16 Block 70" загварын найман ширхэг сөнөөгч онгоц худалдан авах гэрээг Болгар улс 2019 онд АНУ-тай байгуулжээ.
Дээрх суурь хэлэлцээрт нийт зургаан төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаас тав нь Болгарт амжилттай хэрэгжиж байгаа бол үлдсэн нэг төслийг тус улсын Батлан хамгаалах яамны хэрэгцээнд нийцүүлж, Зэвсэгт хүчинд илүү үр ашигтай байлгах үүднээс нөхцөлийг нь дахин хэлэлцэж, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Төслийг шинэчилснээр Болгарт "F-16 Block 70" системийн эд ангиудад техникийн үйлчилгээ үзүүлэх дотоодын үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх бөгөөд ингэснээр нисэх онгоцны 30 жилийн ашиглалтын хугацаанд логистикийн дэмжлэг үзүүлэх, бие даан ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 23,
2026
Сэтгэгдэл0