sonin.mn

ИСЛАМАБАД, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн цохилт өгөх шийдвэрээ цуцалсан ч энх тайвны хэлэлцээ дахин эхлэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа энэ үед Иран улс лхагва гарагт Ормузын хоолойд хоёр хөлөг онгоцыг саатуулж, стратегийн ач холбогдол бүхий тус хоолой дахь хяналтаа чангарууллаа. 


Ираны далайн худалдаанд тавьсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бүслэлтийг Д.Трамп хэвээр үлдээсэн бол Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф мэдэгдэхдээ “АНУ бүслэлтээ бүрэн зогсоосон тохиолдолд гал зогсоох хэлэлцээр утга учиртай байх болно" гэсэн байна. 


“Гал зогсоох хэлэлцээрийг ийм бүдүүлгээр зөрчиж байгаа нөхцөлд хоолойг эргүүлэн нээх боломжгүй” хэмээн тэрбээр X нийгмийн сүлжээнд бичжээ. Хоёр тал тодорхой шийдэлд хүрэлгүй гацаанд орсон хэвээр байгаа нь дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчим хувь дамждаг Ормузын хоолой хаалттай хэвээр үлдэж, дэлхийн улс орнуудын эдийн засагт дарамт учруулсаар байна. 


Ираны “Тасним” агентлаг өмнө нь мэдээлэхдээ, Исламын хувьсгалийг хамгаалагчдын корпус далайн тээврийн дүрэм журам зөрчсөн гэх үндэслэлээр хоёр хөлөг онгоцыг саатуулж, Ираны эрэг рүү явуулсан гэжээ.


Д.Трамп сунгасан гал зогсоох хэлэлцээрийн дуусах хугацааг тогтоогоогүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг