sonin.mn

 

Сугарын Эрдэнэбат нь 1953 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. 1974 онд аймгийн 10 жилийг төгсч АУИС-г 1981 онд төгссөн. 1981-1985 он хүртэл Өндөршил суманд ажиллаж байгаад одоог хүртэл эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрийн мэдлэг чадвар, боловсрол, авъяас чадлаа зориулан ажиллаж ирсэн.
 
 
Тэрээр 1985 онд УБ хотноо хавдар судлалын олгох курс төгсөөд 2005 оныг дуустал 20 жил хавдрын эмч, 1990 оноос одоог хүртэл хэт авиан оношлогооны эмчээр ажиллаж байна.
 
 
1998 онд хэт авиан гүнзгийрүүлсэн сургалт, 2006 онд сургагч багшийн курст сууж аймаг орныхоо 15 сумын 32 их эмчид хэт авиан оношлогооны сургалтыг явуулж ирсэн. 2012 онд хэт авиан оношлогооны сургагч багшийн сургалтанд дахин суралцсан.
 
 
1986 онд Улсад ариун цэвэр гэгээрэлийн тэргүүний ажилтан болж Ариун цэвэр гэгээрлийн ордны хүндэт самбарт алдаршиж байв. 1987 оны өвөл Москва хотноо туршлага судлахаар УХСТөвийн захирал агсан Н.Нямдаваа захиралтай хилийн дээс алхаж зөвлөлт орны хавдрын эмнэлгийн ажил байдалтай танилцаж өөрийн орон аймагтаа хэрэгжүүлж болох зүйлийг үзэж ирж байсан.
 
 
Өөрийн ажилдаа шинээр нилээд зүйлийг хийж ажилдаа нэвтрүүлсэн ба тэдгээрээс дурдвал нүүдлийн амбулаторт хэрэглэдэг иж бүрэн радио узель, эмэгтэйчүүдийн үзлэгийн угсардаг ор, эмэгтэйчүүдийн эмчилгээний аппарат, түрүү булчирхайн аппарат, сургалтын гарын авлага гээд олон зүйлийг хийж байв.
 
 
 
Поликлиникийн шинэ байранд ороход шинээр үйл ажиллагааг явуулах товлолт цагийн үзлэг, өлгүүрийн шинэ номер өлгүүр, мэдээллийн гэрлэн самбар үйлчлүүлэгчдийн лавлах самбар алжаал тайлах өрөө зэрэг олон зүйлийг санаачлан хамт олныг удирдан зохион байгуулан ажиллаж байна.
 
 
Цаашид санаа шулуудан эрчүүдийн оношлогоо эмчилгээний төв байгуулахаар ажиллаж байна. 
Шагнал урамшуулал:
 
1986 онд улсад АЦГ тэргүүний ажилтан
 
1998 онд ЭМЯ-ны хүндэт жуух
 
2000 онд Эмнэлгийн тэргүүний ажилтан
 
2006 онд Аймгийн анхны чадварлаг эмч
 
2010 онд Улсын сайн үйлсийн эзэн шилдэг эмч өргөмжлөл,цом
 
2011 онд клиникийн профессор цол 2011 онд Төрийн дээд шагнал алтан гадас одон
 
2011 онд Аймгийн анхны шилдэг их эмч батламж энгэрийн тэмдэг мөнгөн шагнал
 
2011 онд Ж.Наранцацралт агсны нэрэмжит шагнал "Говийн шилдэг эмч" өргөмжлөл мөнгөн шагнал. 
 
 
-Та яагаад эмчийн мэргэжил сонгосон бэ?
 
Би 1974 онд 10 р ангиа төгсөөд АУДС -д конкурс өгч нутгаасаа 10 хүүхэд анагаахын дээд сургуульд элсэн орж байсны нэг нь би байлаа. Аав маань жолооч ээж маань оёдолчин жирийн ажилчин хүмүүс байсан.
 
 
Тэр үед биднийг шалгалт өгдөг байхад аав ээж үзэгдэнэ гэж үгүй одооны хүүхдүүдийг шалгалт өгөхөд нь аав ээж хамаатан садан нь дагаж, явдаггүй байлаа.
 
 
Конкурс өгөөд  хувиараа аваад очиход ээж маань байсан бөгөөд өө миний хүү сайн байна л гэж хэлсэн ба аав маань УБ хотоос орой нь ирж баяр хүргэж л байлаа. Ер нь эмчийн мэргэжлийг би өөрөө л сонгож авсан даа.
 
 
-Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
 
Анх сургуулиа төгсөөд дипломоо авах гээд яаман дээр очтол намайг Булган аймагт хувиарласан байлаа. Би чинь хүний ганц хүү аав ээж минь нас ахисан хүмүүс байсан учир тэр хоёроо орхиод өөр аймагт явах боломж байгаагүй юм.
 
 
Тэр үед ЭМЯ ны боловсон хүчин Лхагважав гэж маш хатуу зарчимч хүн байлаа.Энэ үед манай нутгийн Цэрэн гэдэг хүн эрүүл мэндийн яамны боловсон хүчний газарт ажилладаг, манай аав ээжийн танил хүн байсан бөгөөд энэ хүн дээр очоод намайг өөр нутагт хувиарлачихлаа диплом өгөхгүй байна гээд хэллээ дээ.
 
 
За яахав би ярьж өгье чи нутаг руугаа яв дипломыг чинь араас чинь явуулъя гэж хэлсэн чинь харин Булганы дарга дипломыг минь орхиод явсан байлаа. Орон нутагтаа ирсэн чинь манай аймгийн нилээд хол суманд тооцогдох Өндөршил гэж суманд салбарын эрхлэгчээр томиллоо.
 
 
Сумаас нь эмнэлгийн жолооч Намхайцэрэн гэж хүнтэй орой гараад л давхиж давхиж очоод эмнэлэг дээр нь очтол гэрэл цахилгаан байхгүй харанхуй лаатай орчин угтаж анхны уулзсан сувилагч маань нутагтаа ийжий До гэж хүндлэгдсэн насаараа сувилагч хийсэн Цэдэвдорж гэж сайхан гүндүүгүй эр хүнтэй учирч байв.
 
 
Миний ажил амьдралын бүхий л гараа энэ нутаг энэ хамт олонтой салшгүй холбоотой юмаа. Очсон сумын маань эмнэлэг түүхий тоосгоор муруй саруй барьсан нэг давхар 8 өрөөтөй хуучин барилга л байлаа. Ингээд л залуу эмч анхны ажлын гараагаа эхлэх нь энэ дээ.
 
 
-Тангараг өргөсөн шинэ эмчид бэрхшээл их тохиолдож байв уу?
 
-1980 иад онд тангараг өргөөд эмч болсон л бол аймгийн төвд ажиллана гэж үгүй бүгд л хөдөө суманд 5 аас доошгүй ажилладаг бичигдээгүй хуультай байлаа. Бид хөдөө ажиллаж байлаа гээд нэг ч алдсан зүйл үгүй бөгөөд ирээдүйд эмч болж төлөвших бүхий л зам мөрөө олж авсан гэж бодож явдаг даа.
 
 
Үзэхгүй өвчин, хүн гэж үгүй бөгөөд тэр хол сумаас аймаг оронд өвчтөнг явуулна гэдэг асуудал хүнд учир хамт олонтойгоо мэдэхээсээ аваад мэдэхгүйгээ хүртэл л ажиллаж байлаа. Дөнгөж очоод -1,2 cap ажиллаж байтал 3 настай нэг хүүхэд халуураад биеэр нь тууралт гарлаа гэж дуудлаа.
 
 
Очиж үзээд ямар өвчин байж болох бэ гэж бодоод байтал менингит өвчтөй тун төстөй байсан ба лавшруулан хам шинжүүдээ үзтэл мөн юм шиг байнаа. Ингээд аймагруу халдвартын бурхан эмч гэдэг байсан Адьяа эмчтэйгээ ярьж зөвлөгөө авлаа.
 
 
За миний хүү наадах чинь чиний хэлж байгаа өвчин чинь бараг мөн байна чи нугасны ус авч чадах уу гэж байнаа. Оюутан байхдаа Налайхад дадлага хийх хугацаандаа нэг удаа халгалт хийж үзсэн гэж хэллээ. Тэгвэл нугасны усыг нь аваад эргэж өвчтөнийхөө талаар дахин яриарай гэв.
 
 
Ингээд зөвлөгөө авсныхаа дараа нугасны пункц хийхэд нилээд даралттай булингартай шингэн гарсан ба хүүхдийн биеийн байдал оройноосоо эхлээд дээрдэн засарч эрүүлжиж эмнэлгээс эдгэрэн гарч билээ. Энэ суманд менингит өвчин урд өмнө нь гарч байгаагүй ба онош эмчилгээ таарсан юм билээ.
 
 
Энэ хүүхэд УБ хотоос ээж аавтайгаа амралтаараа ирээд өвдсөн бөгөөд одоо УБ хотод 30 гаруй насны сайхан залуу эрүүл саруул, эрдэм номтой хүн байдаг гэнэ лээ. Хөдөө суманд чинь дуудлаганд явахгүй өдөр гэж үгүй байлаа шүүдээ.
 
 
Миний ажиллаж байсан сумаас урагш 40 гаруй км т орос цэргийн анги байдаг байлаа. Нэг өдөр уг ангиас орос эмэгтэй төрөх гээд өвдөөд байна гээд Урал гэж байлдааны ачааны, машинтай орос дарга жолоочтойгоо ирээд аваад явлаа.
 
 
Очоод үзтэл ус нь гарчихсан төрхөд бэлэн болсон эмэгтэй байсан ба төдөлгүй төрж бяцхан орос хүүг эх барьж авч байлаа.Орос хүүхнүүдийг төрөхдөө их орилж чаралдаг гэсэн гайгүй л юм билээ. Одоо мөн л 30 гаруй насны хүн байгаадаа, гэж бодож суудаг юм.
 
 
За тэгээд тэр үед чинь хүүхдийн өвчлөл маш их байдаг байсан юм. Харин одоог бодвол сумдад шуудангийн царцаа ногоон нэртэй АН 2 гэж онгоц явдаг мөн ч их сууж явлаа даа. Одоогийн шинэ эмч нарт сумаас онгоцоор өвчтөн зөөдөг үздэг гэж хэлвэл зарим нь худлаа ярьлаа гэж хэлнэ дээ. Яриад байвал ч мөн их зүйл байна даа.
 
 
-Хөдөө ажиллаж байхад чинь хамт ажилладаг ахмад эмч сувилагч нар их өмөг түшиг болно биз?
 
-Тэгэлгүй яах бэ? Миний өдий зэрэгтэй явна гэдэг чинь хамт ажиллаж мөр зэрэгцэн явсан, мэргэжил, нэгт нөхдийн минь тус дэм ач гавьяа шүү дээ. Миний ажиллаж байсан сумын хамт олон үнэхээр сайхан хүмүүс байсан ба нилээд нь хорвоогийн мөнх бусыг үзэж дээ.
 
 
Одоо хамт ажиллаж, гавьяаныхаа амралтыг эдлэж байгаа эх баригч Шануу, бага эмч Төмөртогоо, Цэрэнчунт, жолооч Намхайцэрэн гээд бусад хамт ажиллаж байсан та нартаа энэ сонингоор дамжуулан энэ хорвоогийн хамгийн сайн сайхан эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөж байна. Хорвоогийн мөнх бусыг үзсэн алтан гартай сувилагч Цэдэвдорж, Жалам, Батсуурь нартаа гүн эмгэнэл илэрхийлье.
 
 
-Та Москва хотод туршлага судлахаар явж байсан гэсэн ба энэ талаараа яриач?
 
-Өндөршил сумнаас 1985 оны 10 сард аймагт шилжин ирээд улмаар УБ хотод хавдар судлалын эмч бэлтгэх анхны аймгуудын 3 сарын олгох курст суралцаж ирээд нэгдсэн эмнэлэгт анхны бие даасан хавдрын кабинет байгуулан ажиллаж байв.
 
 
Дараа жил нь улсад тэргүүний АЦГ н ажилтнаар ажлаараа шалгарч улмаар АЦГэгээрлийн ордны хүндэт самбарт зургаа тавиуллаа. Ийнхүү 1986 онд хавдрын эмч нараас ажлаараа шалгаран өвөл нь ХСТөвийн захирал Нямдаваатай Москва хотын хавдрын төв ВОНЦ, болон хотын раойны эмнэлгийн ажил байдалтай 21 хоног танилцаж ирлээ.
 
 
Хөдөөгийн жирийн эмч хүнд тэр бүр тохиолдохгүй аз завшааныг олгосон ХСТ захирал агсан Нямдаваа багшдаа одоог хүртэл баярлан, бид хоёрын Арбатын гудамжны зурагчинд авахуулсан дурсгалын уран сайхны гэрэл зургаа харан дурсан суудаг юмдаа.
 
 
Нямдаваа захирал маань тэр үед авчирсан хавдрын өвчний олон улсын ангилал гэсэн номоо сүүлд орчуулан гаргаж гарын авлага болгон хэвлүүлсэн нь одоо ч эмч нарын гарын авлага болон хэрэглэгдэж, байдаг.
 
 
-Та одоо ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
 
-Би хавдрын эмчээр 20 жил ажилласан.1990 онд мөн л анхны аймаг дүүргийн хэт авиан оношлогооны мэргэжил олгох 3 сарын курст суралцаж ирээд өнөөдрийг хүртэл эхогийн эмч хийж байгаа бөгөөд давхар поликлиникийн эрхлэгчийн ажлыг хийж байна.
 
 
Эрүүл мэндийн системд 32 дахь жилдээ ажиллаж байна. Хавдрын эмч хийж байх тохиолдолд олон арван, сэтгэл эмзэглүүлэх асуудлууд, гуниж харуусах зүйл, эрт үед нь илрүүлсэн хавдар гээд баярлах бахархах их зүйл тохиолдож байлаа.
 
 
Эхогийн эмч болсноор элэг, цөсний, эмгэгийг, болон бусад төрлийн хавдар өөр эмгэгүүдийг оношлон эрт үед нь илрүүлэх боломж олдож байгаагаараа онцлог давуутай тал болж өгсөн.
 
 
Хүн залуу насандаа цаг завгүй ажилладаг бөгөөд хожим хийж бүтээсэн зүйлээ эргэн дурсаж хардаг хувийн тэмдэглэл гэдэг зүйлийг ховор хөтөлдөг нь эмч бидний алдаа байдаг юм билээ.
 
 
Энэ тэнд явж байх, өвчтөн үзэж байхад та намайг үзээд оношлож өгөөд би ийм тийм эмчилгээ хагалгаа хийлгээд одоо ингээд эрүүл саруул явж байна гэж байгаа хүнтэй таарч байхад сайхан л байдаг.
 
 
Сүүлийн жилүүдэд өөрийн үзэж маш яаралтай оношлон хамтран ажиллаж хагалгаа эмчилгээ хийсэн, эмч эмчлүүлэгч нарынхаа, судалгааг гаргаж үзхэд 60 гаруй эмчлүүлэгчдийн 98% нь эмчлэгдэн өнөөдөр эрүүл саруул амьдарч гэр бүл үр хүүхэд хамт олонтойгоо байгаа нь эхогийн эмч болсны бахархал гэж үздэг.
 
 
Нэгдмэл хамт олонгүйгээр хүн амжилт нэр хүнд олно гэж үгүй шүү дээ. Миний ажлын гол зорилго үйлчлүүлэгч нартаа эзэмшсэн мэрэгжлээрээ үнэн зөв баттай оношлогоо хийж хамтран ажилдаг ажилтнууддаа өвчний талаар зөв мэдээлэл өгч чиглүүлэх л чухал гэж үздэг.
 
 
Үзэж оношлосон хүний маань онош нь таарч эмчлэгдэж эдгэрэхийг харж мэдрэх шиг сайхан зүйл үгүйдээ. Цаашилвал өөр орон нутаг хотын эмнэлгүүдэд үзүүлсэн үйлчлүүлэгч нарын онош зөрөхгүй байх нь зөвхөн миний нэр биш аймаг орны, эмч эмнэлгийн ажилчдын нэр төртөй холбоотой.
 
 
Хүн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж эзэн нь байх л чухал гэж үздэг. Улаанбаатар хотод байдаг мэргэжил нэгт нөхөд маань миний бичсэн оношлогоог үзээд танай эмч чинь үзсэн бол бид үзээд яахав гэж хэлж байгаа нь л надад ажиллах эрч хүч ямарч гавьяа шагналаас илүү нэр хүнд олгож байдаг шүү гэж та бүгддээ хэлье дээ.
 
 
-Таны мэргэжлээрээ сурч сургасан шавь олон уу?
 
Өөрийн эхогийн чиглэлийн сургалт хурал зөвлөгөөнд тогтмол оролцож мэргэжил нэгт багш эмч нартайгаа үргэлж холбоо харилцаатай ажилдаг. Дүрс оношлогооны чиглэлээрээ клиникийн профессор цолтой.
 
 
2006, 2012 онд дүрс оношлогооны сургагч багшийн сургалтанд суралцан ирж 15 сумын 38 эмч нарт сургалт хийж шавь нартай болсон. Түүнчлэн Өмнөговь аймгийн Таван толгойн УБ хот Говь сүмбэр, Шивээ-Овоо, орон нутгийн сумдад ажиллаж байгаа. Шавь нар маань нэр төртөй сайн ажиллаж амьдарч л байвал бидний бахархал.
 
 
-Таны бусдаас ялгагдах чанар юу вэ?
 
-Би сургуульд байхаасаа техникийн талаар сонирхол ихтэй шинэ зүйл санаачлан хийдэг хүүхэд байлаа. Сургуульд байхдаа авиа загварын дугуйланд суралцаж пуужин хийж баяр бүрээр хөөргөдөг байсныг тэр үеийн хүүхдүүд багш нар маань л мэднэ дээ.
 
 
Анагаахын дээд сургуульд байхдаа эмийн тэнхимд эмийн үйлчлэл харуулсан гэрэлт самбар, эрүүл ахуйн тэнхимд ус цэвэршүүлэх үзүүлэн макет хийж өгч байлаа. Энэ дашрамд ааваа дурсан дурьдахгүй байж болохгүй. Аав маань нутагтаа уран цагаан Сугар гэдэг хүн байсан.
 
 
Миний аавд аливаа зүйлийг хийж чадахгүй мэдэхгүй гэдэг тийм ойлголт байгаагүй гэж би одоо болтол бодон суудаг. Ганц жишээ хэлхэд монгол хүн сансарт ниснэ гэдгийг аль 1965 онд төсөөлөн бодож "Од ертөнц өөд" нэртэй баримлыг Чойр буюу одоогийн ГовьСүмбэрийн вокзалын зүүн талд босгосон нь одооч сүндэрлэн байгаа.
 
 
Энэхүү хөшөөг тэр үеийн төмөр замын намын хорооны дарга агсан Д.Цэгмид гэж хүн хийлгэснийг нутгийн ард олонд нь дуулгахад сонин болов уу?  Аавын маань дээрхи зан чанар надад нөлөөлж аливаа нэг шинэ зүйл санаачлан хийж, бүтээх гэж боддог ба өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмжийг засварлах.
 
 
ажил хөнгөвчилсөн зүйл хийх зэрэг хоббитой. Эмэгтэйчүүдийн эмчилгээний аппарат хийгээд телевизээр явагдаад байгаа зохион бүтээгч нэвтрүүлэгт орох гэтэл нас заасан учир орж чадаагүй юм. Шинээр эмчилгээ оношлогоонд нэвтрүүлж болох хэд хэдэн зүйл хийсэн ч хаана хэнд хандахаа одоогоор мэдэхгүй л байна даа.
 
 
-Та хэт авиан оношлогоогоор оношлож байсан ховор тохиолдолуудаасаа дурдана уу.
 
-Нэг удаа Дэлгэрцогт сумын харьяат Ц.Батдорж 29 настай, мотоциклоос унаж дэлүү гэмтсэнийг оношлож яаралтай хагалгаанд орж дэлүү тайруулан эдгэрсэн. Одоо хөдөө мал маллан аж төрж байна.
 
 
Ярилцсан С.Зандан
 
Эх сурвалж: “Алтан чагнуур” сонин