Манайханд нэг том асуудал бий. Бид хагас жилийн өмнөөс аймгийн Засаг даргынхаа санаачлагаар "Архигүй Хэнтийчүүд" хөтөлбөр хэмээн тунхаглаж, орон даяар сурталчилан сүр дуулиантайхан нэгэн ажил эхлүүлж багагүй хөрөнгө мөнгө заран байж амжилт ололт хоёрыг хослууланхан яваа.
 
Өдгөө эхний жилийнхээ төлөвлөгөөг хагас жилийн дотор давуулан биелүүлж, олон ч аавын хүүг архи хэмээх агуу дайснаас иь салгаж, амь амьдралд нь эзэн болгож, гэр оронд нь гэгээ цацруулсан байна. Хөтөлбөрийн эргэн тойронд хамтран ажиллагч байгууллагууд ч чамгүй идэвх санаачлагатай ажиллаж байгааг хэн хүнгүй л мэднэ.
 
Тиймдээ ч эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан иргэд архины хамаарлаас бүрэн ангижирчээ. Мэдээж энэ бол маш сайн хэрэг. Гэвч шил шилээ дарсан энэ олон ой, баярёслол, найр хурим, аялал зугаалга, тэмдэглэлт өдрүүдэд харин "Архигүй Хэнтийчүүд" маань "Архитай Хэнтийчүүд" болон хувираад байгаа нь нууц биш.
 
Аливаа баярт үйл явдлын эргэн тойронд архины худалдаа эрхлэгчдийн түрийвчийг түнтийлгэдэг уламжлалт хуй босдогоороо босч, дайрдагаараа дайраад өнгөрдөг нь хэвээрээ. Ой болоод баяр ёслолын үеэр архи амсдаггүй аав битгий хэл хүү ч алга, ажилтан бүү хэл дарга ч алга.
 
Эрүүл саруул баярлахыг хүүхэд мэт хэмээн ойлгодог учраас эгэл даруухан баярлаж цэнгэх хамт олон ч үл олдох ажээ. Олон жил дасал болсон энэ ундаанаас салахад нийгэм хараахан бэлэн бус байгааг бэлхнээ илтгэж буй нь тэр аж.
 
Бид, Тэртээ тэргүй монгол улсад архидалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц хэмжээнд газар авсан хэмээн зөвтгөж болох ч ахиц дэвшил гаргаж, амжилт ололтоо харж суугаа нөгөө хөтөлбөрөө мартаж болохгүй юм.
 
Архины хамааралд орж, ахуй амьдралаа алдсан архи хэтрүүлэн хэрэглэгчдээсээ бид гэрлийн хурдаар салж чадаж байгаа юм чинь гэм зэмгүй, гэдэс цатгалан эрхэм архи хэрэглэгчдээсээ салахад илүү хялбар байж болох ч тал бий. Тэгвэл хавтгайрсан энэ нэргүй архидалтаа яах вэ?
 
Магадгүй энэ сэдэв "Архигүй Хэнтийчүүд" хөтөлбөрийн дараа дараагийн шат дараалсан алхмуудын нэг нь ч байж болох мэт. Хамгийн гол нь архи байгаа газарт л архидалт байдгийг хэн хүнгүй санахад  илүүдэхгүй биз ээ. Ямартай ч бид дараа дараагийн дугаартаа энэ асуудлыг дэлгэрэнгүй хөндөхийг зорьж байна.
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин