Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1940 оны 6-р сарын 18-нд төрсөн
 
Тонхил суманд 7-р анги төгссөн
1960 онд УБ-хотод хүн эмнэлэгийн техникум
1971 онд Анагаах ухааны дээд сургууль
1973-онд УБ- хотод Хүүхдийн нарийн мэргэжлийн курс
1978-онд ЭХЗБ-ын мэрэгжил эзэмших курс
1981- онд Нүдний нарийн мэрэгжлийн курс
1986- онд Ленинградад нүдний нарийн мэргэжил дээшлүүлэх сургалт 1999-онд Анагаах ухааны магистрын зэрэг
1981-онд Эмнэлэгийн байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдэг
1982- онд Хөдөлмөрийн хүндэт медаль 2000-онд Алтан гадас одон 2008-онд Алтан гадас одон "Сонгуульт ажлаараа"
 
Цэдэвийн Сэрээжав
 
 
-Бага насны дурсамжаасаа уншигчидтайгаа хуваалцана уу?
 
- Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Тэртээ 1950-иад онд Тонхилын Жасрай, Б.Пүрэв /Генерал/, С.Лочин, С.Пүрэв, Ш.Шажинбат, Нанж Лхагва, Б.Донид, Т.Очирхүү зэрэг нам төрийн зүтгэлтэн, зохиолч яруу найрагчидтай хамт нэг тогооноос хоол идэж нэг тогоонд усанд орж, хамт үймэлдэж шуугиж явлаа. Т.Очирхүү бид хоёр байнга хамт явдаг, хоёулаа зохиолч болно гээд "Хорлоогийн Чойбалсан" "Дамдины Сүхбаатар" "Хүрэн морь" "Мами Жуке хоёр" гээд л тэр үеийн шүлгэлсэн найраглалуудыг олон дахин уншсаар сүүлдээ цээжлэх шахсан байв.
 
Сурах бичиг дээр бичигдсэн шүлэг найраглалуудыг тооны хүрд шиг цээжээр уралдан уншдаг байлаа. Би ер нь зохиолч яруу найрагчдын дунд ажиллаж амьдарч байсан минь сайхан санагддаг. 1971-онд Анагаахын дээдийг төгсөөд, Говь-Алтай аймгийн Бигэр суманд томилолтоор очиход их зохиолч Ч. Лхамсүрэн яруу найрагч Ш.Сүрэнжав нар тэнд томилолтоор зохиол бүтээлээ туурвиж байв.
 
Би таних айл орох байргүйгээс тэр хоёртой сайхан танилцаж нэгэн жижиг байшингийн өрөөнд 2 сар шахам хамт амьдарч байлаа. Би нэг өдөр нутаг усаа дурссан шүлэг маягын юм бичээд Ч.Лхамсүрэн гуйд үзүүлсэн чинь, чи яг үнэн сэтгэлээсээ нутаг усаа санагалзаагүй хий хоосон ганган үгээр магтсан байна, дахиад бич тэгэхээр уйлмаар болдог юм гэж билээ.
 
Би түүнээс хойш шүлэг бичилгүй дурсамж, тэмдэглэл өгүүллэг бичиж төв орон нутгийн хэвлэлд нийтлүүлж явлаа.1980-аад онд бас л зохиолч яруу найрагчидтай хамт нэг өрөөнд нэг ширээнд олон арван жил хамт амьдарсандаа. Тэдний төлөөлөл гэвэл төрийн шагналт зохиолч Д.Норов, зохиолч, сэтгүүлч С.Бадамжав, Р.Бямбаа, Г.Пүрэвдорж нар байна.
 
 
-Таны эмч болсон түүх ч бас л сонин байхдаа?
 
-Би бүр 7-р ангид байхдаа өвчтөн хүмүүст пенециллин, улаан цагаан тариануудыг булчинд хийдэг байсан. Миний нагац ах Рагчаа гэдэг эмч хүн байсан надаар хүмүүсийн цагийн тариа хийлгэж бүр сүүлдээ сумынхаа эмч сестра нарт "зөв гартай хүүхэд" гэж магтуулдаг байв. Бидний үед 7-р ангийг онц төгсвөл шууд техникумд дунд сурвал арван жилд явуулдаг байв. Би 1957-онд сургуулиа онц дүнтэй төгсөөд хүн эмнэлэгийн техникумд орсон.
 
Тэр үед 7-р ангийг хамт төгсөж байсан хүүхдүүдийн зарим нь 23 настай байлаа шүү дээ. Би анх хүн эмнэлэгийн техникумд орохоор Говь-Алтай аймгаас Газ-51 гэдэг шуудангийн машинд сууж 8 хоног яваад УБ хотод ирж байв. Харин хурдан явж ирлээ гэж гэртээ захиа бичиж байж билээ. Би ногоон торгон дээлтэй монгол гуталтай хотод ирээд бокалин гутлын бараа харж хөл хөнгөрч явлаа.
 
Хүн эмнэлэгийн техникумыг төгсөөд мөн л Алтай нутагтаа очиж, алдарт эмч зүрхний Бундантай хамт Алтайн цаад говьд 5 жил ажиллаж билээ. Би багийн бага эмч болчихоод тухайн үедээ 1500 төгрөгөөр улаан "Яав" мотоцикл авч унаад нилээд суурьшингуй амьдралтай болов. Гэтэл 1966 оны өвөл Ю.Цэдэнбал дарга манай суманд ирж эмнэлэгийн ажилтай танилцах болж даргад тавих хүсэлтийг надаар хэлүүлэхээр боллоо.
 
Сумын удирдлагууд надад баахан юм захиж бичүүлэв. Тэгээд дарга ямар хүсэлт байна вэ? гэж асуухаар нь Анагаахын дээд сургуульд явуулж өгөөч би сумандаа их эмч болмоор байна. Өөр хүсэлт алга гэчихвээ. Даргыг явсны маргааш нь намайг сумын захиргааны хурлаар оруулж хувиа хичээлээ улс нийгмээ бодсонгүй гээд хатуу донгодуулж явлаа. Тэр жилээ намын төв хорооны бичгээр анагаах ухааны дээд сургуульд орж хүний эмч болсон учир энэ ээ.
 
 
- Сургуулиа төгсөөд хаана юу хийж, ямар ажил амжуулж байв?
 
- 1971 онд сургуулиа төгсөөд мөн л өөрийн өсөж төрсөн Алтайдаа ирж, Бигэр сумын сум дундын эмнэлэгт их эмчээр томилогдсон. Уг нь би суралцаж байхдаа мэс заслын эмч болно гэж Даваацэрэн багшийн хичээллүүлдэг мэс заслын дугуйланд явдаг байлаа. Намайг халуун намраар Бигэрийн говьд ирэхэд Якутын жимсний мод цэцэглэж, сибирийн өтгөн улиас шуугиж, халуун говьд хүний гараар бүтээгдсэн суваг шуудуунууд харгиж, алим, хармаг, тарвас, үхрийн нүд, чацаргана, жимсээр зочин гийчин хүн ардаа дайлж цайлсан үлгэрийн юм шиг сайхан нутаг, намайг угтсан билээ.
 
Тиймээ би говийн хүн боловч говиос үнэндээ хол явжээ. Бигэр сумын сум нэгдлийн дарга нь нөгөө алдарт хөдөлмөрийн баатар Ч.Чулуун, сум дундын эмч нь одоогийн төрийн соёрхолт Ө.Даваасамбуу, АУ-ны доктор Д.Гомбосүрэн нар байв. Миний ажиллаж амьдарч яваа газар дандаа улс эх орондоо нэр алдар нь мандсан сайхан хүмүүс тааралдаж байв. Би өглөө бүр өдрийн сайхантай золгож өдөр бүр хүний сайхантай учирч явах ерөөлтэй байж гэж бодож явдаг.
 
Би суманд ирээд, эхлээд ноорхой цоорхой байсан эмнэлэгийн барилгыг будаг шохойгоор тордож хүний нүдэнд үзэмжтэй сайхан байлгахад анхаарч байлаа. Сум дундын эмнэлэгийн хүчин чадал нэмэгдэж аймагтаа тэргүүлэх эмнэлэгийн салбар боллоо. Аймгийн нарийн мэргэжлийн эмч нарыг дагаж Кесоров, мухар олгой, гэдэсний түгжрэл мэтийн хагалгаануудад 30 гаруй удаа хамтран оролцож 1981-онд нүдний нарийн мэргэжил эзэмших курст суралцсан.
 
1986-онд Ленинградад энэ мэргэжилээрээ сургалтанд хамрагдаж аймагтаа нүдний эмчээр 9 жил ажилласан шүү. Гавьяат эмч Э.Санжаа багштайгаа хамтарч аймагтаа глаукомын хагалгаанууд болорын мэс заслыг хийж л явлаа. Харин би мэс засалч болж чадаагүй юм. Намайг аймгийн эрүүлийг хамгаалах газарт татаж байцаагч, орлогч, газрын даргыг ч хийж л явлаа.
 
Манай аймагт Г.Сосорбарам, Р.Бямбаа, Х.Оросоо, Д.Гомбосүрэн, З.Гүнсэн, П.Нямдарь зэрэг эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалтанд олон жил ажилласан дадлага туршлагатай сайхан эмч нар олон байсан. Одоо ч байгаа. Тэр дундаас доктор Р.Бямбааг эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх сэхээтэн гэж боддог. Тэр Говь-Алтай аймагт эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар үр дүнтэй олон ажлуудыг хийж жирэмсэн төрөх эхчүүдийн амрах байр сэдвээр докторийн зэрэг хамгаалсан.
 
Монголд эмнэлэгийн салбарын олон докторууд, гавьяатууд байна. Харин Р.Бямбаа шиг өгөөжтэй доктор хэр олон байгаа бол. Тэр гавьяатуудыг төрүүлээд өөрөө ард нь үлддэг. Р.Бямбаа ЭМЯ-ны дэд сайдаас авхуулаад яамны хариуцлагатай албан тушаалуудад ажиллахдаа эрүүл мэндийн салбарын нийгмийн зүтгэлтэн, нэр хүндтэй зохион байгуулагч гэдгээ харуулж чадсан хүндээ. Харин одоо энэ хүнд гавъяатын алдар цол ойрхон байгаа байх шүү гэдгийг яам төрдөө хэлмээр санагдана.
 
Сайн ажилтай сайхан хүмүүсийг алдаршуулах ёстой. Би өөрийгөө биш өөртэйгөө хамт ажиллаж байсан хүмүүсийг илүү их санаж үгүйлдэг. Би эрүүл мэндийн төр захиргааны байгууллагад 25 жил ажилласан. Миний ажиллах хугацаанд Говь-алтай аймагт эх хүүхдийн эндэгдэл улсын дунджаас 2-3 дахин буурч хүн амд үзүүлэх явуулын тусламжийн үйлчилгээ үнэхээр сайжирч, тэр дундаа эх хүүхдэд үзүүлэх мэргэжлийн тусламжинд цоо шинэлэг хэлбэрүүд гарч чадсан гэж боддог.
 
Говь-Алтай аймгийн эмч нар хүнлэг сайхан сэтгэлтэй, үйлчилгээ нь шуурхай, мэдлэг ур чадвар сайтай сайхан хүмүүс байдаг. Тийм ч учраас манай аймгаас ардын эмч 2, гавьяат эмч 10 гаруй төрж өнөөдөр улс аймгуудаас тэргүүлж явна. Сумдын эмнэлэгийн эмч нарын 30 шахам хувь нь хөдөлмөрийн гавьяа, Алтан гадас одонтой, эмнэлгийн тэргүүний ажилтануудын тоо зуу хол давсан байх. Энэ бүхэн миний, бидний хийж явсан ажлын үр дүн гэж боддог.
 
Бидний гэсэн үгийн тодотголд Р.Бямбаа, С.Бадамжав, Б.Буриад бид гар нийлэн хүн ардынхаа төлөө хүчин зүтгэж явсандаа. Миний хийж явсан ажлын нэг нь ЭМШУИС-ын харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль юм. Би энэ сургуульд 6-жил багшилж анхны их эмчийн ангийг төгсөгсөн. Өнөөдөр эмнэлэгийн 300 гаруй шавьтай, шавь нар минь баруун аймгууд болон УБ хотын томоохон клининүүдэд маш сайн ажиллаж байна.
 
Хотын эмнэлгүүд Алтайд төгссөн эмч сувилагчдыг авах дуртай шүү. Аль ч эмнэлгээр ороход сүүн цагаан өмсгөлтэй охид, залуус багшаа гээд л гүйлдэж байх юм. Сувилагчийн анги төгсөгчид бараг бүгдээрээ ахлах, тэргүүлэх зэрэгтэй, Их эмчийн анги төгсөгчид резидент, тэргүүлэх зэрэгтэй болчихож. Миний ажил үйлсийн зам мөр иймэрхүү л явна даа.
 
"Алтан чагнуур" сонин эмч нарын минь алтан шар зам ямар яваа бол гэж санаа тавин, тэднийг хайн мөрөөдөж, санаа сэтгэлийг нь сонсож, улс орон даяар ажиллаж амьдарч байгаа үе тэнгийн нөхдөд нь ажил үйлсийг иь дамжуулж сониноороо уулзуулж байдагт нь эмч бүхэнд талархаж байна. Энэ сонинг эрхлэн гаргагчдын нөр их хөдөлмөрийг бишрэн хүндэтгэж, сонинг эрхлэн гаргагч С. Бадамжав түүний редакцид талархал дэвшүүлье.
 
 
-Та эрүүл мэндийн салбарын удирдлага зохион байгуулах чиглэлд нилээд цаг заваа зарцуулжээ. Одоо манайд эмнэлгийн тусламжийн чанар үйлчилгээ ямаршуухан байна даа?
 
-Ер нь ард түмэн ядуухан талдаа байна. Энэ ядуурлын шалтгаанд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ их нөлөөлж байна. Эрүүл мэндийн даатгал гэдэг нэртэй хөх дэвтэрийн үнэ цэнэ хүмүүсг мэдрэгдэхгүй харин онигоо маягийн юм болж байх шиг. Тэр дэвтэр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай зэвсэг нь байх ёстой. Хоёр сая гаруйхан хүнээ хайрлаж хамгаалж чадахгүй байгаа өнөөгийн төр засаг даанч өрөвдөлтэй.
 
Үнэнийг хэлэхэд хөдөө сум баг бригад хотод ч гэсэн өвгөд хөгшид нярай хүүхэд багачууд бидний хормой, хөл дор үрэгдэж байна шүү дээ. Тэд амьдарлын тарчиг дорой байдлаасаа болж хот орон явж эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авч чадахгүй байна. Хөдөөгийн эмнэлгүүдэд тэдэнд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ нэн дутагдалтай байна. Одоо хот хөдөөд арав хоногийн стандарттай гээд бүх эмнэлэг клиникүүд өвчтөнийг аравхан хоног эмчилсэн болоод л гаргаж байна.
 
Арав хоноод эдгэрдэг өвчнийг би л хувьдаа заалгаагүй. Хувийн ортой эмнэлгүүд төрөх, мэс засал гэсэн хүний амь настай холбоотой нарийн үйлчилгээнээс зайлсхийж дотор уламжлалт бариа засал гэх чиглэлээр ерөнхийлдөж, мэргэжлийн тусламжийг ор нэрийн төдий улиг болсон 1970-1980-аад оны арга барилаар явуулж зөвхөн ашгийн төлөө л зүтгэцгээж байх шиг. Одоо ортой хувийн эмнэлгүүд өвчтөнөөс хоногт 45000-60000 төгрөг авч эмчилгээний хоногийн тоо нь хязгааргүй болжээ.
 
Өөрөөр хэлбэл хувийн ортой эмнэлэгт 30 хоног хэвтхэд 1-2 сая төгрөг төлж байх жишээтэй. Хувийн лабораториудын шинжилгээний тариф мөн л уралдан өсөж байна. Компьютер томографийн шинжилгээнд 200,0 - 300,0 мянган төгрөг авч байна. Ингэхээр хүмүүсийн ядуурлыг эмнэлгийн байгууллагууд өөрсдөө улам нэмэгдүүлж байгаа юм шүү. Харин оргүй амбулаторын үйлчилгээтэй хувийн хэвшлийн эмнэлэгүүд өвчтөн хүмүүст тус дэм болж байна уу даа гэж бодогддог.
 
Одоо клиникийн төв эмнэлэгүүдэд хот хөдөөнөөс ирж буй өвчтөн хүмүүс чөлөөтэй үзүүлж учраа олоход тун бэрхшээлтэй болсон. 13-р маягтаар үзүүлэх очер авахад тэр өдөр үзүүлэх хүний тоо дууссан. 7- 20 хоногийн дараа үзүүлэх очер өгөх жишээтэй. Ингээд боломжтой нэг нь хувийн эмнэлэг бараадаж, боломжгүй нь нутаг буцаж байна. Нөгөө өвчин эмгэг газар авсан хэвээр. Иймэрхүү нийгэм төрд амьдарч байх шив дээ.
 
 
-Тэгвэл танд одоо яамаар санагдаж байна?
 
-Эрүүл мэндийн даатгалийн шинэчилсэн хуулийг УИХ-р яаралтай гаргах шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа журам нь ард түмэнд биш төрд татварын тогтолцоонд ашигтай бололтой. 10- 20 жил эрүүл мэндийн даатгалаа төлж яваад ганц удаа өвчин зовлон ирээд эмнэлэгт хэвтэх болохоор урд нь төлж байсан төлбөр огт хамаагүй болж, өндөр төлбөртэйгээр эмчлүүлж байгааг би гайхдаг.
 
Тэгэхээр үүнийг мэддэг боловсруулдаг хүмүүс тархи толгойгоо ажиллуулаачээ гэж хэлмээр байна. Монголын ард түмнийг туйлд нь хүртэл доройтуулж байгаа шалтгааны бараг 50-н хувь нь эмнэлэгийн тусламж авах тогтолцооны гажигт байж мэднэ шүү.
 
 
-Та ахмад эмч хүн. Эмч нартаа хандаж хэлэх үг.
 
-Эмч хүний санал бодол, сэтгэхүй цаанаа л нэг уян зөөлөн байдаг. Эмч хүн тэнгэрээс бууж ирсэн ховор ид шидтэн биш, эрдэмтэн багш нарын ач буянаар хүний эмч гэдэг нандин мэргэжлийг олж авсан хүмүүс. Тэгэхээр биеээ тоож бүхнээс тасарч болохгүй олж авсан мэргэжил дээрээ өсөж өндийж, хүний хүмүүний сайхан чанарыг хүмүүст, өвчтэй хүмүүст мэдрүүлж байх хэрэгтэй.
 
Бид хүмүүст мөнхийн ус уулгаж чадахгүй ч зуу зуун нас бэлэглэх сайхан сэтгэлтэй байх ёстой. Эмч хүний эрхэм зорилго энэ. Эмч хүний зан харьцааны соёл нүүрэн дээр нь ил байдаг. Өвчтөн хүндээ хичнээн дотно харьцана тэр чанараараа нэр алдар нь товойдог. Харьцаа муутай эмчид хүн дахиад очихоосоо халширдаг. Би үүнийг залуу эмч нартаа хандаж байна.
 
 
-Та заалгаж байсан багш нар, ангийнхаа нөхдийг дурсвал?
 
-Энэ бол хамгийн чухал сэдэв 40-өөд жилийн тэртээх амьдрал юугаан эргэн дурсана гэдэг сайхан байна. 1966-онд Анагаах Ухааны дээд сургуульд элсэн ороход биднийг тосож авсан олон арван багш нар бий л дээ. Б.Рагчаа, П.Долгор, Ч.Долгор, Р.Нямаа Э.Лувсандагва, Б.Жав, Л.Шагдар зэрэг нэрд гарсан эрдэмтэн профессорууд, тэдгээрийн гарын шавь Х.Гэлэгжамц, Б.Шижирбаатар, Н.Даваацэрэн, Э.Санжаа, Х.Дамдинжав гээд залуу багш нар олон байсан.
 
Харин тэд одоо цөм эрдэмтэн доктор, гавьяатууд болж, мөн л сургуульдаа багшилцгааж байна. Манай ангийн хэсгийнхэн цөм сайн сайхан явна. Дархижав, Баясгалан, Цэцэгмаа, Өлзийнаран, Батноров,Саарал нар минь мэргэжлийн ажил үүргээ тасралтгүй хийж яваа сурагтай. Энэ сониноор дамжуулан та нартаа халуун сэтгэлийн мэнд дэвшүүлье.
 
 
-Эх орны будаа тариа хураах ажил ид явагдаж байна.Та энэ ажилд оролцож явсан байх даа?
 
-Тэгэлгүй яах вэ? Би хүн эмнэлгийн техниккумд байхдаа 4-н жил, Анагаах Ухааны дээд сургуульд суралцаж байхдаа 5-н жил ангийн нөхдүүдийн хамт " Цагаан толгой", Орхонтуулын" САА-д явж байлаа. Амуу тариа халиурсан намрын шаргал өдрүүд одоо ч сэтгэлд, нүдэнд минь харагдсаар л байна. Яруу нарйагч Т. Очирхүү, 1970-д онд сангийн аж ахуйд явж байхдаа Оюутан ахуй цагаа дурсана уу, гэдэг алдарт шүлгээ бичиж нийтийн хүртээл болгож байв.
 
АУ-ны дээд сургуулийн багш Н.Манлай, М.Онолбаатар, Б.Шижирбаатар, Х.Дамдинжав гээд л олон багш нар намар намрын ургацанд оюутан залуустай хамт ажиллаж гялалзаж явсан даа. Тэр үеийг дурсан санахад даанч сайхан байна.
 
 
Ярилцсан С.Зандан
 
Эх сурвалж: “Алтан Чагнуур” сонин