sonin.mn

Бид энэ удаа ээлжит булангаараа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, хэлмэгдэж явсан Ц.Лоохууз нарын хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөриин баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав:



-Та ханийхаа тухай нэгэнтээ ярьж байсан. Таны ханийг хүрээний сайхан хүүхэн байсан гэдэг. Сайхан хүүхний нөхөр байх "амаргүй" биз?

-Тиймээ. Хот цөөхөн хүнтэй байсан учраас тэр үед хүмүүс сайхан хүүхэн, харчуулаа мэддэг байсан. Ялангуяа Төв театрын сайхан хүүхнүүдийг андаггүй байсан. Лхагвсүрэн жанжны эхнэр Дашцэдэн, за, тэгээд Цогцолмаа, Лодойдамба гуайн Долгорсүрэн, миний хань Төв театрын бага Долгорсүрэн, гээд.

Бид хоёр 60 гаруй жил хамт амьдралаа. Тэгш сайхан амьдрах сайхан шүү дээ. Ямар ч газар, гэр бүл дотроо нэрээ хугалахгүй байхыг зөв амьдарна гэнэ. Ер нь амьд явах л их чухал. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шүү дээ. Хүн өнгөрсөн хойноо нэрээ дуурсуулахаар амьдрах хэрэгтэй. Ухаант хүний үр хорвоогоос чимээгүй явж үл болно.

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж:



-Та бол Монголын алдар нэртэй хүмүүсийн нэг. Таныг амжилтанд хүрэхэд тань ямар зан чанар нөлөөлсөн гэж та боддог вэ?

-Энэ бол миний хариулах асуулт биш байна. Яагаад гэвэл би өөрийгөө амжилтанд хүрсэн хүн гэж хэлэхгүй. Учир нь уран бүтээлч, зохиолч хүн бол хамгийн сүүлийнхээ бэх нь хатаагүй зохиолыг харж суухдаа үүний дараа энэнээс илүү юм хийх юмсан гэдэг сэтгэлийн хөрөнгө эсгэж байдаг.

Тийм болохоор өөрийнхөө өмнө тавьсан зорилгыг бүрэн биелүүлж чадаагүй байж "Хөшөөний суурь тавигдах, би дээр нь зогсоё" гэж хэлэх эвгүй. Би ингэж боддог, Ер нь бол уран бүтээлч төдийгүй аливаа хүн өөрийгөө чамлаж амьдрах учиртай. Хүн өөртөө хязгааргүй дурлаад "Би болж байна" гээд өөрийгөө өргөмжлөөд байвал хөгжиж чадахаа байдаг. Тиймээс надад хийгээгүй юм их байна.

Цогт-Очирын Лоохууз



-Та бол хамгийн их бэрхшээл үзсэн. Бэрхшээлийг даван гарах тухайд та амьдралын туршлагтай хүн. Энэ талаар та хэлнэ үү...?

-Ямар ч хүнд их, бага бэрхшээл заавал тохиолддог. Бэрхшээл бол хөгжих дэвшихийн суурь нь юм. Зовлон үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй гэдэг үг ч байдаг. Би арван настайдаа ээжээсэээ өнчирч үлдээд тэр жил ахыгаа дайнд алдаж, аав, дүүтэйгээ үлдэн амьдралын бэрхийг үзсэн учраас аавыгаа их хайрладаг.

Ер нь хүн бэрхшээлийг тэмцэн байж давж гардаг. Даван туулж болохгүй бэрхшээл гэж байдаггүй. Бэрхшээлийг хүн даван туулснаар улам хүмүүжнэ, ухаажна, мэдлэгтэй болно, ажилд хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй болж, баярлаж зоригждог юм.

Бүх хүнд ижилхэн ухаан байдаг боловч хүн түүнийгээ хэр зэрэг дайчилж чадсанаас бүх амьдрал хамаарна. Мөн өөрөөсөө ах хүнтэй нөхөрлөж бай. Тийм хүн бол чиний хийх гэж байгаа алдааг өөрийнхөө биеэр үзчихсэн байдаг юм.


Эх сурвалж: "Бизнес таймс" сонин