sonin.mn

XYIII-XX зууны Халимагийн уран бүтээлчдийн түүхийг орос орон бөглүү зэлүүд "баавгайн ичээнээсээ" гарч тухайн орчин үеийнхээ эдийн засаг, соёл, шинжлэх ухааны өндөр хөгжилтэй европоос суралцан их гүрэн болж байсан үетэй нь холбон үзэх шаардлагатай билээ.

Халимагийн урлаг XYIII -XX зууны эхэн үед
Түүхэн хувьслын явцад гаднын шууд нөлөөгөөр тусгаар тогтнолоо алдан /1771 он/ оросын бүрэлдэхүүнд орохоос өөр аргагүй болсон халимагуудын хувь заяа, түүх соёлд цаг үе нь нөлөө тусгалаа олсон байдаг. Сийлбэрч Феодор Калмык, "Оросын Рафаэль" алдрыг хүртсэн халимаг уран зураач А.Н.Егоров, мөн сийлбэрч халимаг Н.Н.Аберда нар европ, герман, оросын урлагийн од болон түүхэнд уран бүтээлээрээ мөнхөрсөн монголчууд билээ.

Социализмын үеийн Халимагийн уран зураач барималчид \1917-1990/ 1917 оны Октябрийн хувьсгалаас 1990 оны өөрчлөн байгуулалт /социализмын төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт арга буюу мухардан шилжих болсон /хүртэлх урлагын социалист реализм нь ажилчин, тариачин эгэл жирийн хүмүүсийн амьдралыг бахдан дуулсан коммунист намын үзэл суртлын нарийн цензуртай үе байлаа.

Халимагийн анхны мэргэжлийн уран барималч Никита Санджиёв 1924 оны 1 дүгээр сарын 24-нд халимагийн "Их Чонос" сууринд төржээ. Никита багадаа өнчрөн Элстэйгээс холгүй Вознесенскийн асрах газарт өсчээ. Тэрээр уран зураач болох хүсэлтэй байсан боловч тухайн цаг үед нь боломж олдоогүй аж.

Дэлхийн II дайны аюул тулгарсан хүнд үед Никита Астраханийн цэргийн нисэхийн сургууль болон Киробадад нисэхийн тусгай сургуулийг нь тус тус төгссөн байна.

Халимагийн ард түмнийг ЗСБНХУ -ын Дээд Зөвлөлийн 1943 оны 12 сарын 27-ны өдрийн зарлигаар автономит улсыг нь устган бүгдийг нь ачааны вагонд мал адил ачин дүн хүйтэн өвлийн жавар тачигнасан үеэр Сибирьт цөлсөн билээ. Нэг зуун тавин мянга гаруй халимагуудаас 53% нь замдаа өлсч даарч цангаж үхсэн байдаг.

Никита Санджиев ч үндэстнийхээ нэгэн адил Сталины хэлмэгдүүлэлтэд өртөн Новосибирскийн "Главсибпром"-ын нисэх группэд олон жил ажиллажээ. Энд байх үедээ Анна Степановна Москвина гэдэг орос бүсгүйтэй ханилж 1949 онд хүүтэй болжээ.

Хүү Димитрий Санджиев нь оросын уран зургийн Академийн академич, оросын гавъяат зураач, дэлхийн олон оронд 150 гаруй удаа үзэсгэлэнгээ гаргасан нэрт уран зураач болсон билээ.

Никита Санджиев 1946 оноос Новосибирскийн дуурийн театрт тайз чимэглэгчээр ажиллаж байгаад 1950 оноос мөн хотын зураачдын нөхөрлөлийн архитектур-барималын урланд ажиллахын зэрэгцээ зураачдын эвлэлийн студидэд гурван жил, дараа нь Минскийн уран зургийн дээд сургуульд сонсогчоор үргэлжлүүлэн суралцжээ. 1958 онд ЗХУ-ын зураачдын эвлэлийн гишүүн болсон тэрбээр Халимаг нутагтаа эргэн иржээ.

Н.Санджиевийн уран бүтээлд нутаг нэгтэн Н.Шагшукова /1963/ .О.И.Городовиков /1975/, Баатар Баасангов /1977/, Давид Кугультинов нарт зориулсан хөшөө, хөрөг зэрэг олон арван алдартай бүтээл бий. ЗХУ-ын баатар О.И.Городовиковт зориулсан хөшөөг барималч Роберман М.Е . Роберман Л.Е. нартай хамтран Элстэйд урлажээ.

Мөн А.С.Пушкины хөшөө, "Дружба" паркад дэлхийн II дайнд ялалт байгуулсан зөвлөлтийн ард түмэнд зориулсан дурсгалын хөшөө болон монументаль баримал нилээдийг бүтээсэн аж. Германы алдарт сийлбэрч монгол Феодор Калмыкийн барималыг мөн урлажээ. Алдартай бүтээлээс нь заримыг нь дурдваас:

-Төрөлх нутагтаа илгээсэн захидал 1958 он

-Бор нуурын өвгөний хөрөг 1962 он

-Буратин хамтралын бүсгүйчүүд 1962 он

-Б.Манджиевын хөрөг 1962 он -Сунжирсан тайлбар /зохиомж/ 1962 он

-.С.Д Харечко /хөрөг/ 1962 он

-П.П.Жемчуев /хөрөг/ 1962 он

-"Жангарч" 1964 он

-Д.Сычоев /хөрөг/ 1963 он

- Дурсгалын цогцолбор 1963 он /Элстэйд/

-Нарма Шапшукова /хөрөг/

-Домборч эмэгтэй 1964 он

-Д.Кугультинов /хөрөг/ 1967 он

-Фашизмд хэлмэгсэдийн дурсгалд зориулсан хөшөө 1967 он

-28-р армид зориулсан хөшөө 1968 он/ Халимаг улсын соёлын өвд бүртгэгджээ./

-С.Буденный /хөрөг/1972 он зэрэг олон арван алдартай уран бүтээл туурвижээ. Н.А.Санджиевийн уран бүтээл нь Халимагийн дүрслэх урлагын нэгэн бүтэн үеийн төлөөлөл бөгөөд залгамж халаа залуу үеийнхэндээ үлгэр дууриал болж байдаг билээ. Н.А.Санджиев 1994 онд төрөлх нутагтаа таалал төгсчээ.

Гун-Аажав овогтой Галсанжамцын Уламнэмэх I 2014-02-27/

Оросын холбооны улсын гавъяат зураач, уран зургийн академийн жинхэнэ гишүүн, "Фабер-Кастель"-ийн нэрэмжит хүндэт шагналт уран зураач - хүү Д.Санджиев

Димитрий Санджиев 1949 оны 10 сарын 10-нд Новосибирскт оросын ардын зураач, Халимагийн урлагын гавъяат зүтгэлтэн, О. И. Городовиковын нэрэмжит төрийн шагналт зураач Н. А. Санджиевийн хүү болон төржээ. Эцэг нь халимаг ард түмнийхээ нэгэн адил цөллөгөнд байхдаа Анна Степановна Москвина гэгч орос бүсгүйд хайр сэтгэлтэй болон ханилсан ажээ.



Аав нь 1957 онд нийт нутаг нэгтнүүдийн хамт цагаатгагдан төрөлх Халимаг нутагтаа буцсан байна. Димитрий 1970-1974 онд Ярославлийн уран зургийн сургуульд, 1975-1980 онд Москва хотноо Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд зураасан зургийн зураач мэрэгжлээр Н. А. Пономарев , Б. А. Успенскийн урланд тус тус суралцйж онц дүнтэй төгссөн байна.

Зураасан зурагтаа бол европ сэтгэлгээтэй нь уран бүтээлээс нь харагддаг. "Хүний сайн нөхөд" сэдэвт цувралдаа янз бүрийн үүлдрийн нохдыг үүлдэр гаралыг нарийн судлан тухайн амьдардаг орчинд нь зурсан байдаг. Жишээ нь японы "Хин" үүлдрийн нохойг анх Солонгост гарган авч Японы язгууртнууд тэжээдэг болоод дараа нь Англид аваачснаар европод тархсан байдаг гэхчилэн нарийн судлаж байж уран бүтээлээ хийдэг байжээ.

Харин уран зураг нь тэс өөр монгол ахуй, дорнын соёл сэтгэлгээтэй. Тухайлбал "Дарь эх мэндэлсэн нь", "Малчны бэлэвсэн гэргий" , "Зун толгой", "Хулхут" , "Зуны шөнийн зүүд" зэрэг бүтээлүүд нь удамшсан сэтгэлгээ, хүслийнх нь илрэл гэлтэй байдаг. Димитрий халимагууд буддын шашинтай учир би ялаа, шумуул ч алж чаддаггүй юм.

Ээж минь үнэн алдартны шашинтай, аав буддын шашинтан учир миний уран бүтээлд шашины нөлөө удамшин их туссан байх. Тэгээд ч би бүх амьдралаа оросууд дунд өнгөрөөж сүм хийд олон байдаг Ярославльд хэдэн жил суралцсан болохоор тэр биз гэдэг.

Харин хожим нь түүний ертөнцийг үзэх үзэл хэрхэн төлөвшсөнийг түүний хэлснээс үзэж болно. Хүмүүс өөрсдөө янз бүрийн шашин шүтлэг зохиож бий болгодог боловч бүхнийг дээд оюун санаа л захирдаг юм гэж үздэг. Тэрээр аавынхаа төрөлх нутаг Халимагт олон очиж уран бүтээл туурвисан байдаг.

Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд суралцаж байх үед түүний өвөрмөц сэтгэлгээ, онцгой авъяас чадвар нь тодорчээ. Ярославлийн уран зургийн сургуулийн оюутан ахуйн найз Юрий Вороновтай хамт Николай Самвеляны нэгэн өгүүллэгт зориулан зарласан Бүх Холбоотын зурган чимэглэлийн уралдаанд ирүүлсэн зургийг мань хоёр оюутан шалгаруулах болсон нь жирийн нэг тохиолдол байсангүй.

"Студенческий меридиан" сэтгүүлийн анхны даалгавраа амжилттай биелүүлснээр уг сэтгүүлийн редакцийн орон тооны бус ажилтнууд болж ерөнхий редактор Юрий Ростовцевтай хамт ЗХУ-ын бүх нутгаар томилолтоор явж алдарт зохиолч, яруу найрагчдын зургийг зурдаг болжээ.

Димитрийд халимагийн яруу найрагч зохиолч Д. Кугультинов , Дагестаны алдарт Расул Гамзатов, Түркмений Кайсын Кулиев нарыг зурах аз завшаан тохиожээ. Тэр үеийнхээ тухай Димитрий дурсахдаа: Биднийг хаана ч очсон хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг байлаа. Нэг удаа бүр хонь гаргаж дайлсан гээч.

Суриковын нэрэмжит УЗДС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа "Малчны бэлэвсэн гэргий" сэдэвт цуврал бүтээлээрээ алдаршин уг зургийн зургааг нь Третъяковын уран зургийн галерей худалдан авсан нь түүний онц гойд авъяасын нэгэн үнэлэмж болжээ. Тэрхүү цувралаас үлдсэн гурван зураг нь Нюрнбургт зохиогдсон олон улсын уран зургийн П /триенналь/ үзэсгэлэнд "Фабер-Кастель"-ийн нэрэмжит шагналыг хүртжээ.

Түүний "Зуны шөнийн зүүд", "Ажиглагчид", "Миний Халимаг нутаг", "Дарь эх мэндэлсэн нь", "Гараг дэлхийн домгууд" болон зураасан зургууд нь ертөнцийг үзэх үзэл, өрнө дорнын уламжлалыг бүтээлчээр хөгжүүлж, байнгын бүтээлч эрэл хайгуул хийж байдаг өвөрмөц сэтгэлгээний тусгал үр дүн юм.

Суриковын УЗДС төгсөөд өөрийн найз кино найруулагчийн дээд курсын төгсөх ангийн оюутан Гена Воронины дипломын ажил болох "Мостик" киноны зураг авалтад оролцон анх удаа кинонд тоглож байгаа жүжигчин хүн найруулагчаасаа бүрэн хамаардаг болохыг ажиглан утсан хүүхэлдэйгээр дүрсэлсэн байдаг.

Димитрий нь 1981-84 онд ЗХУ-ын Уран зургийн академийн аспирантурт суралцаж төгсчээ. Д. Санджиев 1984 онд уран бүтээлийн амжилтаараа ЗХУ-ын уран зургийн Академийн гишүүн болсон байна. 1987 оноос арав гаруй жил ЗХУ-ын дотоод явдлын яамны дэргэдэх Верещагины нэрэмжит уран зургийн студэд мэрэгжил нэгт нөхөдтэйгээ хамт ажиллажээ.

Тэнд иргэний болон эх орны дайны үед хэв журам хэрхэн сахиулж байсан үе зэргийг дүрслэх сонирхолтой сэдэв өгч бүтээлч санаа зохиомжийг нь дэмждэг байжээ. "Хууль бус анчин" зурганд нь амандаа загас зуусан цахлай шувуу байх бөгөөд тэртээ дор машинтай сэргийлэгч байгаа харагддаг.

ЗХУ задарснаар нэг хэсэг үе зураачдын уран бүтээл борлогдохгүй хэцүү үе байлаа. Нэг өдөр Уран зургийн Академийн гадаад харилцааны хэлтсээс түүнд утасдан Шведийн төлөөлөгчдийг урланд хүлээж авахыг даалгасан нь завшаантай хэрэг болов.

Тэдэнд түүний бүтээлүүд таалагдсан бөгөөд худалдаж авахыг хүссэн боловч хилээр ямар хууль журмаар авч гаргахыг мэдэхгүй байсан учир Димитрийг жилд 2 удаа Шведэд урьдаг болсноор 600 гаруй зургаа тэнд борлуулсан байна. Шведэд эхний удаа очиж ирээд л 8 жил өгч чадаагүй өрөө өгсөн гэдэг.

ЗХУ-ын үед Соёлын яам гадаадад үзэсгэлэнд оролцуулах бүтээлийг олон улсын жишгээр бол 20-30 мянган ам. доллар байдаг атал 500-хан ногооноор үнэлж даатгуулдаг байснаас Наташа Нестерова, Таня Назаренко нарын олон зураачдын үнэлэмж гадаад зах зээлд буурч хохирч байжээ.

1990 онд ЗСБНХУ -д өөрчлөн байгуулалт эхэлж социализмын төлөвлөгөөт эдийн засгаас арга буюу зах зээлийн буюу капитализмд шилжин орох / перестройк/ үед хоол хүнс ховордон картын системд орсон бэрх цагт түүний найз Юра Воронов төрөлх Вологда хотдоо хурим хийх болжээ. Тэр үед зөвхөн хуримд зориулан кило хагас зайдас, масол 1 кг г. м. өгдөг хэцүү үе байлаа.

Димитрий найздаа хурим хийхэд нь туслахаар шийдэж хотын захиргаанд очиж "Студенческий меридиан" сэтгүүлээс явж байна. Манай ажилтан хурим хийнэ. Москвагаас өчнөөн олон сурвалжлагч ирэх гэж байдаг гэтэл ширээ засах хүнс юм юу ч алга гэхэд айсан бололтой ажилтан олны дунд "үхэгсэд ба үлдэгсэд" гэж нэрлэгддэг байсан гэрлэх ёслол болон оршуулгын ажилд зориулсан барааны дэлгүүрийн эрхлэгчэд "Маша наад сонин хэвлэлийнхэндээ хүссэн бүхнийг нь зар" гэсэн байж билээ гэж дурссан байдаг.

Д. Санджиев 2001 онд Оросын уран зургийн Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ. Тэрээр 2001 оны 9 сарын 11-ны өдрийн эмгэнэлт явдлын жилийн ойд зориулан "эвийг эвдсэн мөч" нэртэй зураг бүтээн АНУ-ын конгресст бэлэглэжээ.

Димитрий Санджиев гадаад, дотоодод 150 гаруй удаа , бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байна. Шанхайд зохиогдсон олон улсын уран зургийн шоунд тэргүүн байрын шагнал авсан юм. Түүний алдартай бүтээлүүд нь Третъяковын уран зургийн галерей, Дорнын ард түмний урлагын музей, германы Людвигийн дэлхийн цуглуулага болон Америкийн Метрополитен музейд хадгалагддаг.

Димитрий эртний соёл иргэншлийн төв Энэтхэг, Египет, Мексик болон олон улс орноор аялсан нь түүний уран бүтээлд тусгалаа олсон байдаг юм. Багадаа археологч болох хүсэлтэй байсан тэрээр египетийн нэг хотод муур-бурханд шүтэж мөргөдөг домог зохиож зурсан байна.

Мөн хүмүүст таалагддаг болохыг нь мэдэж уран бүтээлд зориуд эртний шинж оруулдаг кракельюр гэдэг аргыг сурч эзэмшсэн байна.

Гун-Аажав овогтой Галсанжамцын Уламнэмэх / 2014-02-28/

Эх сурвалж: "Хөх толбо" сонин