Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутагт зэлүүдүү хээр талд ботголсон гунжин ингэ сураггүй алга болжээ. Эзэн нь хайж сураг тавихад бууран тайлаг хөөж явсан тухай сонсоод хаашаа явсныг нь мэдэх аргагүйд хүрээд буцсан байна.

Гэтэл бууранд хөөгдөж ботгоо орхисон ингээ олсон ч ботгыг нь сурагласаар нэгэн малчин хээрээс олсныг мэдээд очиж авчээ. Хээр орхигдсон хөөрхий ботгыг эхэд нь хөхүүлэхээр хичнээн оролдоод ингэ нь ботгоо голоод яагаад ч авдаггүй гэнэ.

Ботгыг олсон малчин Сэрдамба хачигт бариулсан хөөрхий ботгыг өрөвдөж, "тэжээж үзэхээс өөр арга алга даа" гэж эзэнд нь учирлажээ. Ингэний эзэн бид тэжээж чадахгүй байх аа, танайх тэжээж авбал ав гэсэн учир авч хоцорч л дээ.

Тэдний дөрвөн настай хүү С.Буяанцогт нь хайрлаад илж таалаад байхаар нь миний хүү тэжээж тэмээ болгож чадах уу гэхэд хэвлүү банди "Би чадна. Хөөрхөн ботгоо өсгөж олон тэмээтэй болъё" гэдэг билэгтэй үгээр хээрээс олсон ботгыг өхөөрдөн хайрлаж угжин, арчилж малласан байна.

Ингэхдээ гоё нэмнээ хийлгэж, үйлдвэрийн сүүгээр угжиж, хачиг хувалзнаас нь салгажээ. Аав ээжээрээ заалган найман настай эгчтэйгээ хамтран уйгагүй арчлан малласны дүнд "хээрээс олдсон ботго" эзэнтэй болжээ.

Сүү амлуулан, амтат тэжээл өгөх бяцхан эзнээ дагаж яваа нь өрөвдмөөр, өхөөрдмөөр. Малч хүний сэтгэл гэж энэ дээ. Ажигч гярхай, хөдөлмөрч, сэргэлэн хүү буянт мал сүргээ дагасан хийморлиг малчин болно доо гэсэн бодол төрж билээ.

А.Лхагвасүрэн

Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин