sonin.mn

Нэгэн залуутай ханилан суугаад найман жилийг үдэв. Анх “Хайр дурлал мандтугай, хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй, тэр л надад аз жаргалыг өгнө”, миний төлөө л бол тэнгэрээс ч од шүүрээд өгнө гэж бодож, найдаж явсаар хоёр жилийг өнгөрөөв. Тэнгэр ч цэлмэг байж, нартай сайхан өдрүүд үргэлжилсээр ... Дандаа л тэнгэр цэлмэг байна гэж бодож амьдарч байтал ...

Дөрвөөс зургаа дахь жилд бороо, цас ороод л, шуураад л эхэллээ. Бид хоёр өөрсдийн дураар байж, яг л хоёр сөрөг цэнэг шиг бие биенээсээдүрвэж, залхаж, уйдаж таалагдах зүйл нэг ч үгүй болов. Миний амнаас гардаг үгс "Больё, салья, бүтэхгүй нь..." Ханийн амнаас гардаг үгс "Юу гэсэн үг юм?" Ер нь цэлмэг тэнгэр, нарлаг дулаан өдрийн тоо багасч салхи шуургатай бороо цастай өдрийн тоо ихсэв. Гэхдээ бусдын нүдэнд их сайхан харагдана.

“Сайхан хос”, “Та хоёр ер нь мууддаг юм уу” гэсэн үгс сонсоно. Долоо дахь жилээс цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэж, таамаглаж, цув хэрэгтэй үед цув, шүхэр хэрэгтэй үед шүхэр, халуун үед сэрүүцэж, сэрүүн үед дулаацаж чаддаг болов. Цас бороо, салхи шуургатай өдрүүд, цзлмэг, нарлаг өдрүүдийн тоо ч тэнцэж эхлэв. Хоёр биенийхээ аашинд зохицож, аргахэмжээг тэр дор нь авч, нэгэндээ уусч байна гэсэн үг л дээ.

Амьдралын цаг агаарт дасан зохицохыг үхэх хүртлээ сурдаг байх. Бид цаг агаарын ямар ч төлөвт зохицож чаддаг шиг амьдралд бидний давж гарч чадахуйц нөхцөл байдал бий болдог. Таны өмнө асуудал их тулгарч, шийдэх зүйл гарах тусам та хүчирхэгждэг.

С.Ундрах

Эх сурвалж: "Ган зам" сонин