Энэ удаагийн дугаартаа “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, "Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлаг ажилласан залуу уран бүтээлч О.Цэнгэлтэй ярилцлаа. Түүний гол дүрд нь ажилласан “Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх юм.
 
-Тун удахгүй нээлтээ хийх “Эр хүн болгож өгөөч" кинонд ажилласан. Энэ киноны ямар дүрд ажиллав?
 
-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж уран бүтээлч хүний хувьд шинэ уран бүтээл төрөх бүрт шинэ хүнээ хүлээж байгаа эцэг, эх шиг л догдолж баярлаж байдаг. Тийм ч учраас үзэгчидтэй “Эр хүн болгож өгөөч", уран сайхны киноныхоо нээлтээр уулзах гэж байгаадаа их баяртай байгаа. 
 
“Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино маань УГЗ, найруулагч Ч.Ганхуягийн зохиолыг нь бичиж найруулсан драмын жүжиг байсан юм. Тухайн үедээ үзэгчдийг шуугиулж байсан сайн уран бүтээл байсан юм билээ. Харин өнөөдөр Э.Батхүү найруулагч маань дэлгэцийн бүтээл болгон өнөө цагийн үзэгчдэд хүргэж байна. Миний хувьд энэхүү киноны Нарангийн дүр дээр ажилласан.
 
-Өмнө нь ажилласан дүрүүдээс ямар онцлогтой, юугаараа ялгаатай дүр байсан бэ?
 
-Миний өмнө нь ажиллаж байсан дүрүүд ихэвчлэн гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй, амьдралд дөнгөж алхан орж байгаа, цагаахан цаас шиг тийм охины, дүүгийн, найзын дүр байсан. Харин энэ киноны Нарангийн дүр тэдгээрээс бүх талаараа өөр байлаа. Мөн хувь хүний зан чанарын хувьд “Сайн уу амьдрал минь" киноны Сарнай, “Боолын гэрээ” киноны Соко, “Гоёлын даашинз” киноны Мойлоо, “Хамтран амьдрагч” киноны Баянаа нар хувь хүн Цэнгэлтэй илүү ижил төстэй характертэй байсан. 
 
Харин “Эр хүн болгож өгөөч” киноны Наран Цэнгэлээс их ондоо хүн байлаа. Өөрөөр хэлбэл гарал үүсэл, амьдралыг үзэх үзэл, дотоод хүнийхээ хувьд бас нэг өөр хүнийг дотроо бүтээж ажиллахыг надаас шаардсан учраас илүү шинэлэг, илүү бэрх байлаа даа.
 
-Цаашдаа дэлгэцийн урлагаараа явах болов уу, тайзны уран бүтээл дээр ажиллахуу. Өөрөө алинд нь илүү сонирхолтой вэ?
 
 
-Би МУИС-ийг Утга зохиол судлаачийн мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн жүжигчин биш хэдий ч зохиолтой танилцах, дүрээ судлах тал дээр надад миний өөрийн мэргэжил нэлээд тус дэм болдог. Гэхдээ мэргэжлийн жүжигчин биш учраас тайзны уран бүтээлд өөрийгөө тохирно, чадна гэдэгт эргэлзэж эмээдэг. 
 
Магадгүй намайг тоож, үнэлдэг ах эгч нар маань санал тавибал мэдээж татгалзахгүй. Оролдоод үзэх юмсан гэсэн хүсэл бол бий. Мэргэжил минь хэдий ондоо ч урлагийн төлөө цохилох сэтгэл зүрх надад бий учраас тэр энэ гэж ялгалгүй дэлгэц, тайзыг хүндэлж хайрладаг даа.
 
-Мэргэжлийн бус хүн кино урлагт хүч үзэхэд хүндрэл гарч байна уу?
 
 
-Мэргэжлийн ч бай, бус ч бай бүгд л алдаж онож, давтан суралцаж байж амжилтад хүрдэг. Яахав мэргэжлийн бус учраас онолын хувьд, туршлагын хувьд дутах, чадахгүй байх зүйлс тохиолддог ч уран бүтээлч найзууд, ах эгч нар маань тусалж, зөвлөж, дэмнэж байгаад л нэг мэдэхэд хамтдаа нэг уран бүтээлийн ард гарчихсан байдаг нь их сайхан.
 
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг л ахмад уран бүтээлчдээсээ суралцаад, оролцсон уран бүтээл бүрээсээ мэдэхгүйгээ мэддэг болох гээд хичээгээд л явж байна. Чадахгүй биш мэдэхгүй зүйл л хүнд байдаг, мэдчихсэн тохиолдолд чадах эсэх нь тухайн хүний хөдөлмөр, зүтгэлээс хамаардаг гэж би боддог.
 
-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юу. Яагаад жүжигчний ажлыг хийхээр сонирхов?
 
-Урлагийн хүн бол байхгүй. Гэхдээ миний ээж, өвөө хоёр маань урлагийн мэдрэмжтэй, дуулж, бүжиглэх дуртай хүмүүс. Багадаа сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож, ангийнхныгаа урлагийн талаар нь удирддаг идэвхитэй хүүхэд байлаа. Үүн дээр МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг олон жил хөтөлсөн маань урлагт хайртай болоход маань нөлөөлсөн. 
 
Учир нь телевизийн найруулагч, багш нар маань Соёл урлагийн их сургуулийг төгссөн уран бүтээлчид байсан учраас тодорхой хэмжээнд жүжиглэх, өгүүлэх урлагаас зааж өгдөг байсан. Жүжигчин Б.Навчаа эгч, “Хэцүү анги” олон ангит киноны ерөнхий найруулагч Н.Ариунжаргалын гарын шавь шүү дээ би.
 
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд ажиллаад амжсан. Ихэвчлэн ямар дүрүүд таарч байна вэ?
 
-“Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино миний ажилласан тавь дахь дэлгэцийн бүтээл. Ихэвчлэн сэргэлэн, цоглог охины дүр л таардаг байсан. Одоо харин насны минь онцлогоос хамаараад ч юм уу эмэгтэйлэг, бүсгүй хүний дүр л таарч байна даа.
 
-Сүүлийн үед шинэ уран бүтээлийн саналууд хэр ирж байгаа вэ. Хэрхэн хүлээн авч байна?
 
-Киноны саналууд ирдэг боловч би тоог биш чанарыг илүүтэй эрхэмлэдэг. Зохиолтой нь танилцаад хамтарч ажиллах найруулагч, зураглаач нар маань ямар хүмүүс байх вэ гэдэгт илүү анхаарч үздэг. Учир нь кино урлагт нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт бас дахин зохиол чухал байдаг шүү дээ. 
 
Мөн кино өөрөө багийн уран бүтээл учраас нэгдэж нэг цул болж ажиллах нь тухайн уран бүтээл үзэгчдэд амжилттай хүрч чадах эсэхийг тодорхойлж өгдөг. Т эгээд л надад санал болгосон дүр дээр ажиллах эсэхээ шийддэг дээ.
 
-Жүжигчин хүний хувьд өөрийгөө эвдсэн дүрд тоглохыг хүсдэг байх. Ямар дүрд ажиллахыг хүсдэг вэ?
 
-Түүхэн болон эсрэг дүр уран бүтээлчийн шүүсийг сайн шахаж өгдөг юм шиг санагддаг. Тийм болохоор түүхэн уран бүтээлд тоглох юмсан гэж хүсдэг. Би өөрөө намтар кино үзэх их сонирхолтой тийм болохоор хэн нэгэн хүний дүрийг бүтээж амилуулах нь миний мөрөөдөл.
 
-Яг одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
 
-Одоогоор нэг кино зохиолтой танилцаж байгаа ч яг тоглох эсэхээ бас шийдээгүй байна.
 
 
-"Эр хүн болгож өгөөч" киногоор үзэгчдэд юуг хэлэхийг хүссэн бол. Киноны тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Ажилласан уран бүтээлээ шүүх юм уу, шүүмжлэх эрх уран бүтээлчдэд байхгүй гэж би боддог. Шүүх, тунгаах нь үзэгчдийн ажил болов уу. Учир нь би өөрөө энэхүү уран бүтээлд тоглосон учраас сайхан болоосой, сайн болоосой, олон хүн үзээсэй л гэж хүсч илүү эерэг шүүмж, сэтгэгдэл хэлэх нь тодорхой шүү дээ. 
 
Зохиолыг уншсан уншигчийн үүднээс хандаж хэлэхэд яг л одоогийн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх сайн зохиол байсан, аль ч цаг үед хоцрогдохгүй сэдэв байсан. Онцгой нэг хайрын, гэр бүлийн үнэ цэнийн тухай сонирхолтой, “амттай” зохиол байсан. Чухам энэ зохиолыг кино маань харин хэр харуулж, үзүүлж чадсаныг үзэгчид, уран бүтээлчид шүүж тунгаах байх аа.
 
-Залуу уран бүтээлчид хамтран ажилласан болохоор хөгжилтэй зүйлүүд байнга гарч байсан байх?
 
-Нэгдүгээрт, Э.Мөнхтөр ахтайгаа найман жилийн дараа дахин нэг уран бүтээл дээр таарсан нь маш сонин бас төлөвлөгдөөгүй учрал байсан. Яг л анхныхаа “Сайн уу, амьдрал минь” кинон дээр Сарнай, Эрхэмээ хоёр болж байсан тэр үедээ эргээд очиж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. 
 
МУАЖ С.Сарантуяа эгчийг ихэмсэг, халдахад хэцүү тийм хүн байхдаа гэж төсөөлдөг байлаа. Гэтэл миний бодлоос огт өөр, халуун дулаан, ямар сайхан эмэгтэй, ямар мундаг жүжигчин бэ гэж өдөр болгон биширч байлаа. Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар ах маань их хөгжилтэй, залуучуудыг үргэлж урмаар тэтгэж, зураг авалтын туршид халуун дулаан энерги үүсгэж байлаа. Тайз, дэлгэцнээс “од” гэж шүтэж биширч явдаг алтан үеийн жүжигчидтэй хамтарч ажиллах, суралцах боломж олгосонд их баярлаж, өөрийгөө азтай гэж бодож байгаа шүү.
 
-Байнга л олны нүдэн дээр байдаг эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа хэрхэн анхаардгийг нь сонирхмоор байна?
 
-Мэдээж тодорхой хэмжээнд надаас үлгэр дууриалал авдаг, хүндэлдэг, үнэлдэг хүмүүс байдаг болохоор өөртөө анхаарч, гадна төрөхөөс илүү дотор хүнээ илүү хөгжүүлж, зөв бодол үйлдлээр охид хөвгүүдийг чиглүүлж өгөхсөн гэж хүсдэг л дээ.
 
Гоо сайхны хувьд аль болохоор арьсаа амрааж, шаардлагатай л биш бол будаг бага хэрэглэж, эрүүл зохистой хооллоход анхаарч, өөрийгөө байнга хөдөлгөөнтэй идэвхитэй байлгахыг хичээдэг. Хамгийн гол нь үргэлж болно, бүтнэ, чадна гэж өөртөө итгүүлж эрч хүчтэй байлгахыг зорьдог. Тэр чинээгээрээ ч ажил үйлс илүү бүтэж байгаа юм шиг санагддаг шүү.
 
-Жүжигчний мэргэжлээр ажиллахад хүссэнээрээ амьдрах боломж хэр байдаг вэ. Санхүүгийн хувьд сонирхох гэсэн юм л даа?
 
-Тухайн хүний хэрэглээнээс л хамаарах болов уу. Миний хувьд үнэтэй, гоё гэсэн бүхнийг хэрэглэх сонирхол их бага. Гоёж гоодохоос илүү ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг. 
 
Эмэгтэй хүний хувьд ч тэр харсан болгоноо, хүний өмссөн зүүсэн бүхнийг харж атаархаж дууриахаас илүү, өөрийнхөө ертөнцөөр, надад зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй зүйлд л мөнгө зарцуулдаг. Шүүгээ дүүрэн хувцастай байснаас шүүгээ дүүрэн номтой байхыг илүүд үздэг болохоор санхүүгийн хувьд хүндрэл гараад байдаггүй.
 
-Урлагийн эмэгтэйчүүд цаг наргүй уран бүтээлийнхээ хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулахад хүнд байдаг байх. Гэр бүл зохиож амжсан уу?
 
-Гэр бүлийн хувьд ул суурьтай шийдэж, төлөвлөнө гэж зорьдог болохоор одоохондоо ганц бие байхыг илүүд үзэж байгаа.
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин