sonin.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн ОХУ, АНУ, Украины гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ. Үүний дараа Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн дипломат уулзалт, хэлэлцээ эрчимжсэн байна.


Арваннэгдүгээр сарын 12-нд АНУ-ын төлөөлөгчид Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, улмаар орой нь Ирландын нийслэл Дублин хотод хүрэлцэн очиж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийжээ.


Эдгээр уулзалтын талаар Оросын шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ, ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх болгоомжлол, ашиг сонирхлыг олон улсын хэлэлцээний түвшинд анхаарч эхэлсэн хэмээн үзэж, Европын орнуудыг илүү бодитой байр суурь баримтална гэдэгт найдаж байгаагаа онцолсон байна.


ХТРТ-ийн сэтгүүлч Алексей Прокины мэдээлснээр, Абу Дабид болсон гурван талт хэлэлцээ өндөрлөснөөс хойш нэг хоног ч өнгөрөөгүй байхад АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Москвад хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Дипломат уулзалтууд ийнхүү богино хугацаанд дараалан өрнөж байгаа нь Орос, Украины хоорондын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх хэлэлцээний цаашдын төлөвт Оросын шинжээчид болгоомжтой өөдрөг хандах үндэслэл болж байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.


Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Улс төрийн онолын тэнхимийн профессор Кирилл Коктыш ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх байр суурийг тайлбарлажээ.


Тэрбээр ОХУ 2021 онд болон 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Европ дахь цэргийн хүчний байрлал, зохион байгуулалтад өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхгүй байгаад санаа зовниж буйгаа удаа дараа илэрхийлж байсныг сануулсан байна.


Кирилл Коктышийн үзэж буйгаар, ОХУ-ын тухайн үед дэвшүүлж байсан асуудлуудыг одоо анхааралтай сонсож эхэлсэн бөгөөд АНУ ч эдгээр асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Мөн Москвагийн уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгчид Европын орнууд Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцох сонирхолтой байгааг уламжилсан байна.


Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын орнууд байр сууриа тодорхой болгох шаардлагатайг онцолж, энх тайвныг тогтоохыг хүсэж байна уу, эсвэл дайныг үргэлжлүүлэхийг дэмжиж байна уу гэдгээ шийдэх ёстой хэмээн мэдэгджээ.


Г.Бямба