Өнгөрсөн 10 дугаар сарын 9-ний өдөр болсон “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд др.Я.Ганбаатарын тавьсан илтгэлийг уншигчдад хүргэж байна:
Энэ илтгэлдээ би гарчигт буй гурван асуудлыг 4 ангилж ярьна. Эхний хоёр нь манай өмнөх үеийн ахмад эрдэмтдийн судалгаанаас эш татаж танилцуулна. Нэгдэх нь др.Ш.Гаадамбын 1961 онд бичсэн “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэдэг үгийн учир” өгүүлэл, хоёрдахь нь проф.Б.Сумьяабаатарын 2020 онд бичсэн “Тэнгэрийн хөвгүүн хэмээх хэллэгийн учир” өгүүлэл. Гуравдахь нь “Тэнгэрийн гүүр” хэмээх хэллэг бөгөөд мэдээллийн чанартай, манайханд бол шинэ зүйл, хятад, өвөр монголчуудад хуучин зүйл, өөрөөр хэлвэл би, өмнөд хөршид ийм юм байдаг юм байна шүү гэж мэдээлж байгаа юм. Дөрөвдэх нь онгин тамгыг хятадын ижил төстэй ханз үсэгтэй харьцуулсан судалгаа, энэ бол аль алинд нь шинэ зүйл байх аа.
1.Тэнгэр шүтлэгийн үндсэн үзэл ойлголт – нүүдэлчдийн болох тухай. Энд би Тэнгэр шүтлэгийг дэлгэрүүлэн дурдахгүй. Харин нэг чухал зүйлийг хөндөн ярилцахыг хүсч байна. Үүнийг тэртээ 1960-аад оны эхээр др.Ш.Гаадамба гярхай олж харж, гүнзгий судлан “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэдэг үгийн учир” хэмээх маш сонирхолтой судалгааны өгүүлэл бичсэн ажээ. Ш.Гаадамба “Монголын нууц товчооны судлалын зарим асуудал” Улаанбаатар хот, 1990 он, “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэдэг үгийн учир” өгүүлэл 25-30-р тал.
Эртний нүүдэлчин ард түмнүүдийн бөөгийн шүтлэгийн ёсоор бол, дэлхий дээрх бүх амьд бодгаль юмс тэнгэрийн заяагаар төрдөг ажээ. Хүн ч тэр, тэр дундаа хаад дээдэс, харц ард ч тэр, бас адгуус амьтад ч тэр. Тийм ээ, хаад дээдэс, харц ард, адгуус амьтад.
Улмаар Гаадамба гуай тэнгэрийн заяаны гурван өөр түвшин байна гэж үзэж, тэр гурвыг “дээд тэнгэрийн заяа”, “тэнгэрийн заяа”, “тэнгэр-газрын заяа” гэж ангилжээ. Шашингүйн үзэл суртал туйлдаа хүрчихсэн байсан тэр хатуу чанга цаг үед маш зоригтой судлан тогтоож, дэвшүүлэн гаргаж ирсэн чухал, сонирхолтой үзэл дүгнэлт юм шүү. Чингис хаан дээд тэнгэрийн заяагаар төрсөн бол, Хулан хатан зэрэг эгэл жирийн хүмүүс тэнгэрийн заяагаар, харин адгуус амьтад тэнгэр-газраас заяат төрдөг ажээ. Зөвхөн ганц МНТ-нд ч биш, “Гүүний сүүний сацлын судар оршивой” зэрэг эртний янз бүрийн сударт Бөөгийн шүтлэгийн ойлголтод ийм байдгийг Гаадамба гуай олж гаргаж ирсэн байна.
Тэрээр цааш нь бичихдээ: “Энэ нь эртний бөө мөргөлийн тэнгэрийг тахин шүтэх ёсонд дээд тэнгэр, тэнгэр, мөн тэнгэр-газрын заяа гэх мэт ухагдахуун ялгаран салж, нэлээд нарийн төвөгтэй, эрэмбэ дараатай ухагдахуун тэр үед нэгэнт үүссэн байсныг харуулж байж ч болох юм. Юутай ч болов, энэ бүхнийг бид эртний бөө мөргөлтөн монголчуудын ертөнцийг үзэж байсан үзлийн нэг илрэл гэж юуны өмнө үзэх үндэстэй байна. Сүүлийн үед зарим эрдэмтэн Монголын уламжлалт шүтлэг нь бөөгийн мөргөл хийгээд тэнгэрийг тахих явдлын нийлбэр мөн байсан гэж үзэж байгаа нь үүнтэй уялдаж магадгүй.” Ш.Гаадамба “Монголын нууц товчооны судлалын зарим асуудал” Улаанбаатар хот, 1990 он, “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэдэг үгийн учир” өгүүлэл 27-28-р тал. Нэрт эрдэмтний энэ үг маш чухал мэдээллийг агуулж буйн хамгийн чухал нь “Тэнгэрийн заяа”-ны тухайт гүн ухааны шинжтэй цогц үзэл ойлголт бол нүүдэлчдийнх, монголынх, балар эрт цагт хүн-байгаль хоёр бие, сэтгэлээрээ нэгдмэл, нэгэн цул мэт оршиж байсан цаг үеийн нүүдэлчдийн нялх балчир сэтгэлгээний илэрхийлэл байжээ.
МНТ-ны нэгдүгээр зүйлд Чингис хааны угсаа гарлын тухай өгүүлдэг “Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэдэг энэ хэллэг бол бүр Хүннүгийн үед нэгэнт тогтсон Хүннүгийн шаньюйг нэрлэдэг үг хэллэг байсныг бид Хүн улс Хан улсын хооронд солилцож байсан 12 тооны захидал харилцааны бичгүүдээс тодорхой үзэж болно. XIII зууны монголчууд бол 2000 жилийн тэртээх хүннүчүүдийн угсаа залгамж мөн болохыг сүүлийн үеийн олон төрлийн шинжилгээ судалгааны үр дүнгүүдээс улам бүр тодорхой болсоор буйн нэгээхэн жишээ нь эдгээр бичиг захидалд тэмдэглэгдсэн үг хэллэг буй заа.
Тухайлбал, нтө176 онд Хүннүгийн Моодун шаньюйгаас Хан улсын Вэньди хаанд илгээсэн захидалдаа өөрийгөө: “Дээд тэнгэрээс заяатай төрсөн Хүннүгийн их шаньюй” гэж өргөмжилсөн байдаг. Тэгвэл нтө179 онд Хан улсын Люйхоу хатан хаанаас Моодун шаньюйд ирүүлсэн захидалдаа: “Тэнгэр газар заяан төрүүлсэн Наран эхт, Саран эцэгт Их Хүн улсын эзэн” хэмээсэн байдаг нь Хүннү нар өөрсдөө ч ингэж үздэг байж, хятадууд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг байжээ. Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” Улаанбаатар хот 2008 он, 149-р тал.
2.Тэнгэрийн хөвгүүн хэмээх үзэл – Монголынх болох тухай. Тэнгэр хэмээх ойлголттой холбоотой миний жагсаасан лавтайяа жар гаруй үг хэллэг байна. Зуу хүрч ч магадгүй. Цаг хэмнэх үүднээс тэдгээрийг энд дурдахгүй. Зарим нь цэвэр нүүдэлчдийн гаралтай бол нөгөө зарим нь суурин соёл иргэншилт хятад үндэстний үзэл сэтгэлгээгээр нэмэгдэж баяжсан ийм үндсэн хоёр чиглэл бүхий үзэл ойлголт болон хөгжжээ. Энэ асуудлыг др.Б.Сумьяабаатар XXI зууны эхнээс анхаарч үргэлжлүүлэн судалж, шинэ мэдээгээр баяжуулан нотолжээ. Тэрээр 2020 онд “Тэнгэрийн хөвгүүн” хэмээх хэллэгийн тухай сонирхолтой судалгаа хийж “Тэнгэрийн хөвгүүн хэмээх хэллэгийн учир” нэртэй томоохон өгүүлэл бичсэн байдаг.
Одоо түүнээс иш татья: “Тэнгэрийн хөвгүүн” гэдэг хэллэг Нангиад болон Нангиадын соёлын хүрээний орнуудад их хэрэглэгддэг, түүх судар эртний бичиг зохиолд нь олонтаа гардаг тул Нангиад зүгийн гаралтай байх гэцгээдэг. Би “Тэнгэрийн хөвгүүн” гэдэг хэллэгийн гарлыг бөөгийн шашинт, Тэнгэр шүтээнт түмний, тухайлбал монголчуудынх байж магадгүй гэсэн саналаа хэдэнтээ дэвшүүлсэн удаатай. Монголчуудын дээд өвөг гэж баталсан, Хүннүгээс удамт Сяньби нар “Тэнгэрийн хөвгүүн” гэж хэлэлцдэг байсан байна. Монголын нууц товчоон”-д энэ хэллэг бас бий.”
Чингис хааны өв соёлын хүрээлэн “Монголын нууц товчоон судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, Улаанбаатар хот, 2020 он, “Тэнгэрийн хөвгүүн хэмээх хэллэгийн учир” өгүүлэл, 262-р тал.
2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан ОУМЭ-дийн XIII Их хуралд проф.Б.Сумьяабаатар “Тэнгэрийн хөвгүүн” гэдэг хэллэг монгол гаралтай болох нь“ гэдэг өгүүлэлдээ энэ санаагаа улам гүнзгийрүүлэн тайлбарласан юм.Түүний хэлсэнчлэн, “Тэнгэрийн хөвгүүн” хэмээх үзэл ойлголтыг бид Хятадынх гэж л үзэж ирсэн. Гэтэл эргэж харууштай зүйлүүд үүний цаана оршсоор байгаа аж.
Тэгвэл энэ хоёр эрдэмтний дэвшүүлсэн санааг Ак.Ш.Бира бас тодорхойлсон байдаг ажээ: "Тэнгэрийн үзэл бол Хятадын их Цагаан хэрэмнээс хойш орших Дотоод Азийн өргөн уудам хээр тал нутгаар тархан оршиж байсан эртний нүүдэлчин улс түмний дунд анх үүсч, улмаар тэдний ухаан санааг нь эзэмдэн гайхалтай удаан хугацаанд үеийн үед дамжин уламжлагдан явсаар, монголчуудын их өрнөлтийн үед хөгжлийнхөө дээд цэгт хүрч, үнэхээр ертөнц дахины шинж чанартай болж, тухайн цагийнхаа дэлхий даяар түгэн тархаж байсан билээ" гэж үзсэн байдаг.
3.“Тэнгэрийн гүүр” хэмээх хэллэг Монголынх тухай. Манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Мао Зедун өнгөрсөн зууны дундуур он жилүүдэд Чингис хааны тухай ийм нэг үг хэлсэн нь өнөөдөр нэгэнт тогтсон хэлц хэллэг болон тархжээ. Мао Зедун Чингис хааныг “一代天桥” гэж хэлсэн нь монголчилвол “Нэгэн үеийн Тэнгэрийн гүүр” гэсэн утгатай. Энэ хэллэгийг Хятадын сайтаас татан авч үзэх нь бидний дээр өгүүлэн буй нүүдэлчдийнх гэдэг ойлголтыг улам бататгаж өгнө:
天骄: 天之骄子。汉朝称北方匈奴为“天之骄子”。《汉书·匈奴传》引匈奴王给汉朝皇帝的信说:“南有大汉,北有强胡;胡者,天之骄子也。”这原是匈奴人的自称,后泛指强悍的边地民族。“一代天骄”语出毛泽东词《沁园春·雪》:“一代天骄,成吉思汗”。
Үүнийг орчуулвал: “Тэнгэрийн гүүр: Тэнгэр газрыг холбосон гүүр. Эртний Хан улс умрын Хүннү нарыг “Тэнгэрийн гүүр” гэдэг байсан. Бань Гу-гийн “Хан улсын бичиг, Хүннүгийн цадиг”-т: “Хүннүгийн хаан Хан улсын хуандийд илгээсэн захидалдаа: “Өмнө зүгт их Хан улс амуй. Умардад хүчирхэг Ху нар амуй. Ху нар бол Тэнгэрийн гүүр болой” гэсэн байдаг. Энэ бол анх хүннү нар өөрсдийгөө нэрлэдэг байсан үг. Хожим нь умрын нүүдэлчин ард түмнүүдийг нэрлэх үг болон удамшжээ. Мао Зедун “Синь-юаньчунь, Цас” хэмээх шүлэгтээ: “Нэгэн үеийн Тэнгэрийн гүүр Чингис хаан” гэж хэлсэн билээ...”
Мао Зедуны “Нэгэн үеийн тэнгэрийн гүүр” гэсэн энэ үгийг Өвөр Монголын эрдэмтэд “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн” гэж оноон орчуулсан нь нэгэнт тогтсон хэллэг болсон байдаг. Гэхдээ тун саяхны хүн болох Мао Зедун хэлсэн юм биш, харин бүр хоёр мянганы тэртээх хүннүчүүдийн өөрсдийнх нь үзэл ойлголт байсныг эртний их түүхч Бань Гу судар бичигт оршоон мөнхөлсөнд нь өнөөдөр бид талархууштай. Бань Гу-гийн энэ хөлгөн судрыг миний шавь др.Г.Элдэв-Очир 2020 онд монголчлон орчуулсныг та бид сайн мэднэ ээ. Энд өнөөх “Тэнгэрийн хүү”, “Тэнгэрлэг хөвгүүн” гэсэн хэллэг, үзэл ойлголт явж байгаа бөгөөд, урагш нь харвал нтө I зууны үеийн Хятадын түүхч Бань Гу-гийн “Ханьшу” буюу “Хан улсын бичиг” хэмээх түүхийн хөлгөн судартаа тэмдэглэн үлдээсэн дээрх өгүүлбэрт “...нүүдэлчин хүннү нар өөрсдийгөө “Тэнгэрийн гүүр” гэдэг байсан...” гэсэн энэ тодорхойлолт нь хятадууд биднийх биш, тэднийх гэснийг нь, энэ үзэл ойлголт суурин иргэдийнх биш, нүүдэлчдийнх гэснийг нь маш тодорхой хэлж өгч байна.
Хоёр мянганы тэртээд энэ үзэл ойлголт нүүдэлчдийнх байгаад, аажмаар суурин иргэдийн дунд хүрч тархсанаар тэдний үзэл ойлголт болж, бас түүнээс янагших түүхийн урт удаан цаг хугацааны туршид нүүдэлчин ард түмнүүд ч хэрэглэсээр ирсэн энэ үзэл ойлголт XX зуунд хүрч ирэхэд нүүдэлчдийн удам хойчис болсон бид өөрсдөө мэдэхгүй болтлоо орхиж мартжээ. Халаглалтай, харамсалтай.
4.Онгин тамганы утгын илэрхийлэл – эртний нүүдэлчдийн гүн ухааны сэтгэлгээний төгс жишээ. Онгин тамгыг монголчууд Чингис хааны тамга тэмдэг гэж үздэг. Түүхийн ухааны доктор (Ph.D), зоосон мөнгөний цуглуулагч Б.Нямаа: “Чингис хаан Хорезмын хаант улсыг эрхшээсэн үед буюу 1221 онд Самарканд хотноо дэлдүүлсэн нэгэн зоосон дээр “Чингис хаан. Чингис хааны мөнгө. Самарканд 1221 он” хэмээн арабаар бичээд энэхүү тамгыг сийлсэн байдаг” гээд цааш нь: “Монголын эзэнт улсын хаадууд төр улсынхаа мөнгөн дээр өөрсдийн нэр цол, он цаг, газар орныг тэмдэглэхийн сацуу омог угсааныхаа тамгыг тавьдаг тогтсон уламжлалтай байсан нь түүхэн баримттай зүйл. Чингис хааны нэрийг бичсэн энэ зоосон дээрхи ширээтэй онгин тамга өөр ямар ч хааны зоосон дээр үзэгдээгүй тул үүнийг гагцхүү Чингис хааны овгийн тамга байх хамгийн их магадлалтай гэж олон орны нумизмат судлаачид санал нэгджээ” гэжээ.
Доктор Б.Сумъяабаатар энэ тамгыг НАР, ДЭЛХИЙ, ХҮН буюу ГУРВАН ИХ ОРШЛЫН БЭЛГЭДЭЛ хэмээн тайлсан. Цөөнгүй эрдэмтэн судлаач Онги тамгыг “Чингис хааны сүлд” гэж үзсэн байдаг. Тэрээр цааш нь ”Дугариг, босоо, хөндлөн гурван махбодоос бүрдэх Онги тамганы дугариг нь ТЭНГЭР буюу НАР, хөндлөн нь ДЭЛХИЙ буюу ЭТҮГЭН, босоо зурмыг төлөөлөх нь ХҮН хэмээн тайлаад, эдгээр гурвыг дорно дахины гүн ухаанд ертөнцийн “Гурван их оршил” хэмээдэг. “Гурван их оршил” хэмээх ойлголт Монгол газар, монгол түмэнд түгээмэл байсан тул Онги тамгандаа шингээн авч хоцорсноор барахгүй, Чингис хаан “Гурван их оршил”-ын гүн ухаан, уугал утга, учир холбоог сайтар мэддэг байсан учир дархлан мөнхөлж, сүлдээ болгосон байна” гэсэн байдаг.
Онги, онгин гэдэг үгийн утгыг үзье. Я.Цэвэлийн тайлбар тольд “онги, онгин” гэдэг нь юмны ишийг углах нүх, шанаганы онги, хүрзний онги, сумны онги, онгин тамга, дундаа хоосон дүгрэг тамга гэж тайлбарлажээ. Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар хот, 2013 он, 576-р тал.
Др.Д.Бадамдорж: “Монголчуудын Тэнгэр, Хүмүүн, Этүгэн гурвын амин холбоог илэрхийлдэг Онги тамга бол утга төгөлдөр дүрслэл юм. Эзэн богд Чингис хаан онги тамгыг ургийн тамга болгон дээдэлж байжээ. Эл Онги тамганы дээд дугариг нь Тэнгэр, суурийн ширээ, хөндлөн зураас нь Газар, тэнгэр газар хоёрыг холбосон гулд зураас бол Хүмүүнийг илэрхийлдэг ажээ” гэж тайлбарласан байна. Д.Бадамдорж “Мөнх тэнгэрийн эрчимт Тэмдэг хэлний утгазүй” Улаанбаатар хот, 2022 он, 11-р тал.
Одоо онгин тамганы талаарх өөрийн үзэл дүгнэлтээ уншигчдад хүргэсү: Онгин тамганы бүтэц нь ямар байна вэ? Доод зураасыг нь ширээ гэдэг байна. Дээрээ дугариг дүрстэй, түүнээсээ доош босоо зураасаар доор байгаа хөндлөн зураасыг холбосон, ийм гурван хэсэг зурлагаас бүрддэг нэгэн цогц дүрс байна. Эдгээр зурлагыг др.Б.Сумьяабаатар бас махбод гэж нэрлэсэн байдаг.
Онгин тамганы дээд талын дугариг дүрсийг судлаачид нар гэж тайлбарладаг. Нар мөн байх. Бас хийсвэр сэтгэлгээгээр үргэлжлүүлвэл, энэ бол орчлон ертөнц, сансар огторгуй, бидний хэлэлцэн буй мөнх хөх тэнгэр авай. Тийм ээ, “Мөнх тэнгэр”. Энд өнөөх “Тэнгэр шүтлэг”, “Тэнгэрийн үзэл” хэмээх ойлголт гарч ирнэ.
Доод талын хөндлөн зураас нь бидний нийтлэг ойлголтын газар дэлхий мөн. Харин дундахь босоо зураас нь тэнгэр-газрыг холбосон утгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлвэл, тэнгэр газрыг холбосон холбоосыг, гүүрийг хэлж байна, энэ утгаараа “Нэгэн үеийн тэнгэрийн гүүр” хэмээх хэллэгийг илэрхийлж байна. Энд “Тэнгэрийн хүү”, “Тэнгэрлэг хөвгүүн” гэдэг ойлголт гарч ирнэ. Ингэж үзвэл Чингис хаан, түүний арав дахь үеийн өвөг дээдэс Бодончар мунхаг, хорин хоёр дахь үеийн өвөг дээдэс Бөртэ Чоно гурвуулаа “Тэнгэр”-ээс бууж ирсэн, “Дээд тэнгэрийн заяагаар төрсөн” хүмүүс, энд өгүүлэн буй утгаар “Тэнгэрийн гүүр” болсон хүмүүс юм аа. Одоо Хятадаас дахин нэг жишээ татах хэрэгтэй болж байна. Тэр бол хятад ханз үсэг. Өгүүлэн буй сэдэвтэй холбогдуулан энд 旦 ханз үсгийг жишээлэн авч үзье. Энэ дань гэсэн дуудлагатай ханз үсэг бол үүр цайх, нар хөөрөх, нар мандах гэсэн утгатай бөгөөд зурлагуудыг нь тайлбарлавал дээр нь байгаа 日 тэмдэг бол нар гэсэн үг. Доор нь байгаа хөндлөн зураас нь газар, дэлхий гэсэн утгыг илэрхийлдэг. Нийлээд газар дээгүүр, дэлхий дээр нар ургаж байна, нар хөөрч дээшилж байна, үүр цайж, өглөө болж байна гэсэн утгыг заадаг. Ханз үсэг анх үүссэн 5000 жилийн тэртээд хятад хүн дундаа цэгтэй бөөрөнхий дүрс зурж нарыг илэрхийлдэг байжээ.
Хятад хэлний тайлбар толиудад энэ ханз үсгийг “Хамгийн анх нтөXVII-XI зууны үед Хятадад оршиж байсан Шан улсын үеийн яст мэлхийн хуяг дээрх бичигт гардаг, энэ үсгийн дүрс нь газар дэлхий дээгүүр нар ургаж буйг дүрсэлсэн, үүр цайж, өглөө болж буй утгыг илэрхийлдэг” гэж тайлбарласан бий. Тэгэхлээр энэ ханз үсэг нь 3500 жилийн настай байна. Монголын онгин тамга, хятадын旦хэмээх ханз үсэг хоёрын анхдагч дүрс илэрхийлэл буюу үзэгдэх дүрс нь хоорондоо адилхан байгаатай хэн ч маргахгүй байх, бас илэрхийлэх бодит утга, агуулж буй хийсвэр агуулга нь ч ижил төстэй байна.
Цаг хугацааны хувьд хятад ханз үсэг нь хоёрдогч шинжтэй, бодит утгатай бол монгол онгин тамга нь анхдагч шинжтэй, хийсвэр сэтгэлгээний үр дүн болсон гүн утгатай: Тэнгэрийн хүү, тэнгэрийн хөвгүүн, тэнгэрлэг хөвгүүн, тэнгэрийн гүүр.
Хоёр дүрсийг харьцуулан ажиглахад онгин тамга нь дундаа босоо зураастай, энэ нь тэнгэрээс газар дэлхийд бууж ирсэн “тэнгэрийн гүүр” гэсэн утгыг зааж байгаа бол хятад ханз үсгэнд ийм зураас байхгүй нь тэнгэр газрыг холбосон гүүр гэсэн утга байхгүй, тэнгэр гэсэн илэрхийлэл ч байхгүй, харин зөвхөн газар дэлхий дээгүүр нар мандаж байгаа утгыг л зааж байна. Үүгээрээ энэ хоёр дүрс тэмдэг ялгаатай. Өөрөөр хэлвэл, Хятадын旦хэмээх ханз үсэг бодит утга заадаг бол, Монголын онгин тамга хийсвэр утга илэрхийлнэ. Юуны өмнө чухам үүнд энэ хоёр дүрс тэмдгийн үндсэн ялгаа оршиж байна. Чингис хааны онгин тамга, хятадын ханз үсгийн хооронд ямар нэгэн холбоо бий эсэхийг шууд хэлэхэд хэцүү. Харин цаг хугацааны хувьд нүүдэлчдийн сэтгэлгээний үр дүн болсон онгин тамга илүү эртний угшилтай, хятад ханз үсэг нь хамаатуулж болох тодорхой цаг хугацаатай гэж хэлэхийг хүсч байна.
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D.) Я.Ганбаатар, 2026 оны 10 дугаар сар.
Баасан - 11 сарын 13,
2026
Сэтгэгдэл0