-Б.Двесовын бичсэн, М.Туулын хөрвүүлснээр
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн.
Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Казахстаны Астана хотоос Базарали Двесов “Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!” гэж бичсэнийг би хөрвүүлж уншигчиддаа хүргэсэн. Энэ удаа Украины дайны зовлон туулсан монгол бүсгүй Мягмарын Туулын хөрвүүлснийг хоёр хуваан уншигчиддаа хүргэнэ. Оросын түрэмгийллийг эсэргүүцэгчид Казахстанд олуулаа байж, илээр бичиж нийтэлж байгаа нь сайн хэрэг. М.Туул бүсгүй бол твиттерт Украины дайны тухай, Оросын ялагдлын тухай олон чухал пост оруулдаг. Би уншсаар шимтсээр байгаад одоо бүр өөрөө түгээгч нь болж байгаадаа баяртай байна.
Базарали Двесов ингэж бичжээ.
Дэлхийн шинэ удирдлага, манлайлал, нэр төр, орчин үеийн түүхийн хачирхалтай сониноос. Түүх зарим хүнийг яагаад аугаа болгон мөнхөлж, харин заримыг нь яагаад мартдаг юм бэ? Гэтэл амьд ахуйдаа мартагдсан тэдгээр хүмүүс хавьгүй илүү эрх мэдэлтэй байсан шүү дээ! Тайлбарлахад маш энгийн. Нэг хэсэг нь бүхий л амьдралынхаа туршид түүхэнд нэрээ үлдээх гэж хичээдэг. Харин зарим нэг нь түүх өөрөө гэрт нь ороод ирснийг гэнэт мэддэг. Тэгээд тэд юу хийх хэрэгтэй болдог вэ? Тухайн хүнээсээ л шалтгаална. Зарим нь арын хаалгаараа зугтдаг бол зарим нь урилгагүй ирсэн зочинтой, үнэнтэй нүүр тулдаг. Тэгвэл тэдний хэн нь аугаа болж үлддэг юм бэ? Харин үүнийг түүх өөрөө шийддэг. Гэхдээ ихэвчлэн тэднийг энэ ертөнцөөс явсны дараа шүү.
Амьд сэрүүнд нь түүх тэдний ааш араншинг нь эвдчихгүйн тулд дуугүй байсан дээр гэж үздэг. Цааш нь үргэлжлүүлье! Улс орныг зөвхөн “ чухал” царайтай, болж өгвөл улс төрд олон жил ажилласан туршлагатай, намтар түүх нь сүрлэг, бас урт удаан илтгэл тавих чадвартай хүмүүс л удирдах ёстой гэж хүн төрөлхтөн яагаад ч юм үзэж иржээ.
Тэр илтгэлийнхээ утга санааг заримдаа илтгэж буй хүмүүс нь өөрсдөө ч ойлгодоггүй. Гэвч тодорхой нөхцөл байдалд хүний мөн чанарыг ойлгох, нийгмийн уур амьсгалыг мэдрэх, энгийн ойлгомжтой үгээр ярьж чаддаг байх нь дипломат ёс, дэг журмыг олон жил судалсантай дүйцхүйц чухал юм. Заримдаа бүр түүнээс ч чухал. Дэлхий дээр анхаарал татахаар, сонирхохоор өөр олон үйл явдал өрнөсөөр байна. Бид бол зүгээр л түүхэн дэх ер бусын тэр нэгэн үзэгдлийн гэрч болж байгаа болохоос жинхэнэ ач холбогдлыг нь одоохондоо бүрэн ухамсарлаж амжаагүй юм шиг санагдах мэдрэмж надаас огт салдаггүй. Магадгүй бид дэлхийн манлайллын цоо шинэ хэв маяг үүсэн бүрэлдэж буй түүхэн үйл явцын гэрч болж байгаагаа мэдэхгүй байгаа ч юм бил үү! Би Зеленскийн феноменаг жишээлж бичих гэж байна. Түүнийг магтаж, муулж, буруутгаж, бас тэнгэрт тултал өргөмжилж байгаа. Дэлхийн улс төрийн тавцанд санамсаргүй гарч ирсэн гэж зарим нь ч үздэг. Харин нэгэн цагт хошин урлагийн жүжигчин (улс төрийн ёгт шогч) асныг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн Ерөнхийлөгч нар хүртэл тооцож үзэхээс аргагүй болсон улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн гэдэгтэй бид одоо хүртэл эвлэрч чадахгүй байна. Бид цоо шинэ энэ манлайллыг хүлээн зөвшөөрч, эргэцүүлэх хэрэгтэй. Үүний тулд энэ тэмдэглэлдээ зарим санааг нэгтгэн бичье гэж бодлоо. Түүх энгийн үйлдлүүдэд дуртай. Заавал сүр дуулиантай, урьдчилан сайтар төлөвлөсөн байх албагүй. Заримдаа хэдхэн үг л хүн төрөлхтөний ой санамжинд үүрд үлдддэг. 2022 оны хоёрдугаар сарыг эргэн санацгаая. Оросын арми Киев рүү давшиж, Украины төрт улс оршин тогтнох эсэх нь тодорохойгүй, олон улс орон, маш олон хүн Украины нийслэл удахгүй унаж магад гэж хүлээж байсан цаг. Яг тэр эгзэгтэй мөчид Украины Ерөнхийлөгч нөхөдтэйгээ хамт Киевийн гудамжинд камерын өмнө ил гарч ирээд “Би энд, бид бүгд энд байна!” гэж хэлсэн. Ганц л үг, ганц л өгүүлбэр.
“Юу нь онцлог байгаа юм бэ? Ерөнхийлэгч улсынхаа нийслэлд байж л байна” гэж олонхи нь хүлээж авсан байх. Уг нь тийм л байх ёстой, тийм үү? Гэвч бидний мэддэг түүх өөр зүй тогтнолоор цааш өрнөсөн дөө.
Үхэл амьдралын заагт тулсан тэр үед хүчирхэг удирдагчдыг гэр бүлтэй нь аюулгүй газар руу гайхалтай түргэн нүүлгэн шилжүүлж, тэр чадвараа ч олонтаа харуулдаг шүү дээ. Мэдээж улс орноо аврахын тулд амь үлдэх ёстой! Харин Украины Ерөнхийлэгч тэндээ үлдсэн. Миний бодлоор яг тэр мөчид улс төрийн хувьд амжилттай, урт илтгэлээс ч хавьгүй чухал нэг зүйл тохиосон. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхийлөгч төдий биш, эх орныхоо төлөө эсэргүүцэл тэмцлийн бэлгэ тэмдэг болсон. Тэр нь бидний мэддэг тусгай суртал нэвтрүүлгийн кампанит ажлын үр дүнд ч биш, урьдчилан бүтээсэн “Үндэсний баатар”- ын дүр төрхийн ачаар ч биш. Харин хүн бүрд ойлгомжтой, энгийн нэгэн үйлдлийн үр дүн л тэр юм. Тэр зугтаагаагүй! Энэ хоёрхон үгэнд олон улсын элдэв тунхагт агуулагддаг улс төрийн агуулгаас ч илүү том утга агуулагдсан. Киевийг зөвхөн Ерөнхийлөгч нь хамгаалаагүй. Украины цэргүүд, иргэд, сайн дурынхан, үндэсний эсэргүүцлийн асар том тогтолцоо бүхэлдээ хамт байсан. Яг тэр эгзэгтэй мөчид удирдагч нь ард түмэнтэйгээ хамт үлдэж, тэдэнд итгэж байгаагаа харуулж чадсан. Чухам эндээс л ирээдүйн удирдагчийн дэлхий дахинд нөлөөлөх нэр хүндийнх нь эх үүсвэр тавигдсан. Жүжиглэхээ больсон жүжигчин Зеленскийд тавьдаг хамгийн түгээмэл шүүмжлэлүүдийн нэг нь түүний өмнөх мэргэжилтэй холбоотой.
Жүжигчин хүн ер нь ямар Ерөнхийлөгч байх вэ дээ? Сонирхолтой л эргэцүүлэл. Тэгэхлээр бүх насаараа тайзан дээр бусдын дүрд хувирч ирсэн хүн төрт улсаа заавал муу удирдах ёстой болж таарах уу? Бүх насаараа төрийн зүтгэлтний дүр эсгэж ирсэн хүнийг яагаад ч юм автоматаар мэргэжлийн хүн гэж тооцдогт би их гайхдаг.
Жүжигчний мэргэжил гэдэг үзэгчдийг инээлгэх чадвараар хязгаарлагддаггүй шүү дээ. Юуны өмнө энэ бол хүмүүсийг ойлгох чадвар! Тэдний зан чанар, сул тал, айдас, хүсэл тэмүүлэл, нэр төрөө дөвийлгөх эрмэлзэл, үйл хөдлөлийнх нь далд сэдлийг ойлгох чадвар. Сайн жүжигчин хүн бусдын дотоод ертөнцийг нэвт харж чаддаг байх ёстой. Харин улс төрийг нь гаднах сүржин чимэглэлээс нь салгачихвал ердөө л хүмүүсийн хоорондын харилцаа юм. Ард иргэд, улс төрчид, удирдагчдын хоорондын харилцаа юм.
Зеленскийд жүжигчний туршлага нь сул тал бус давуу тал болсон байж мэднэ. Тэр ярилцаж буй хүнийхээ сэтгэл зүйг маш сайн мэдэрдэг. Удирдагч байхын тулд хүмүүс ойлгохоор энгийн, хүртээмжтэй ярьж чаддаг, дуугүй байх үедээ чимээгүй болж завсарлага авдаг, уур хилэнгээрээ урт үгс урсгаж байгаа бол хүлээцтэй хандаж инээмсэглэж чаддаг, улс төрийг хүний сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжтэй холбож чаддаг, ийм ховорхон чанарууд хэрэгтэй л дээ. Хүн бүр, хэлсэн үг бүр өөгүй байх гэсэн үг биш. Цаг хугацаа өнгөрөх тусам туршлагатай гэгдэх мэргэжлийн улс төрчид дүрийнхээ үгийг олигтойхон цээжлээгүй жүжигчид шиг харагдаж байна.
Евгений Шварцын 1944 онд бичсэн “Луу” үлгэрийн баатар Ланцелотыг санацгаая! Луу олон жилийн турш хүмүүсийг айлган захирч, тэднийг эрх чөлөөгүй амьдралд нь дасгажээ.
Хүмүүс дарангуйллыг хэвийн зүйл мэт хүлээн авч, бүр өөрсдөө түүнийг хамгаалж эхэлдэг. Учир нь тэд эрх чөлөөгөө алдаад зогсохгүй, эрх чөлөөтэй байж болох тухай төсөөллөө ч алдсан байдаг. Ланцелот луугийн эсрэг тэмцэж, түүнийг ялдаг. Гэвч лууг устгалаа гээд хүмүүс тэр даруй эрх чөлөөтэй болчихгүй. Дарангуйллын тогтолцоо, айдас, сэтгэлгээ нь хүмүүсийн цээжин дотор, тархинд хэсэгтээ үлддэг. Тиймээс жинхэнэ тэмцэл гэдэг бол зөвхөн дарангуйлагчийг ялахад бус, хүмүүсийг дарангуйллыг хүлээн зөвшөөрдөг сэтгэлгээнээс нь чөлөөлөхөд л оршино. Энэ бүхэн өнөөгийн бидний амьдарч буй цаг үеийг санагдуулахгүй байна гэж үү? Учир нь авторитари дэглэмийн асуудал зөвхөн дарангуйлагч оршин тогтнож байгаад оршдоггүй. Дарангуйллыг амьдралын жам ёсны хэвийн дэг журам хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг хүний мөн чанарт ч асуудал бий. Хүчтэй нь үргэлж зөв! Жижиг нь томдоо захирагдах ёстой! Хэн илүү олон пуужинтай байна, шударга ёсны хил хязгаарыг тэр л тогтооно! Улс төрийн луугийн философи гэвэл ердөө л энэ шүү дээ. Гэтэл гэнэт харьцангуй жижиг улс, Ерөнхийлөгч гарч ирээд, дээрхи дүрмийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Түүгээр ч барахгүй, асар их цэрэг зэвсэгтэй хүнтэй бусад эгэл хүмүүнээс огт ялгалгүй харьцаж, ярьж эхэлдэг. Уламжлалт дипломат ёсны үүднээс авч үзвэл энэ нь бараг л ёс бус хэрэг шүү дээ! Учир нь олон улсын улс төр удаан хугацааны туршид хүний нэр төрийг бус, харин цэргийн хүч чадлын хэмжээг илүүтэй хүндэтгэх зарчмаар хөгжиж ирсэн. Энэ уламжлалын эсрэг өөр нэг зарчмыг сөргүүлэн тавихыг л одоо оролдож байна. Хөрш улс нь хэр хүчирхэг байхаас үл хамааран аливаа улс орон оршин тогтнох эрхтэй гэсэн зарчим юм. Би Ланцелоттой төстэй талыг нь чухам эндээс олж хардаг. Гэхдээ нэгэн чухал ялгаа бий. Үлгэрийн Ланцелот баатар өмнөө луу байгааг мэддэг.
Харин орчин үеийн улс төрийн удирдагчид бол өөрсдийнх нь үйлдэл мөргөлдөөн үргэлжлүүлэхэд хүргэхээр байсан ч энхийг сахиулагч хэмээн өөрийгөө дуртайяа нэрлэдэг тийм хүмүүстэй нүүр тулах хэрэгтэй. Хэн нь луу, хэн нь баатар, харин хэн нь зүгээр л үзвэр үзэхээр ирсэн хүн болохыг ялгаж салгах гээд үз дээ!
Ертөнцийг үзэх хоёр өөр үзлийн мөргөлдөөн хослон байна. Миний бодлоор Зеленский, Трамп хоёр зөвхөн дайн ба энхийн асуудлаар санал зөрөлдөж байгаа биш, улс төрийн манлайллын тэс хоёр өөр үзэл зөрчилдөж байна гэж боддог. Трамп олон улсын харилцааг гол төлөв тохиролцоо, ашиг хонжоо, хүч чадал, хувийн нөлөө гэсэн ойлголтоор авч үздэг. Түүний улс төрийн хэл нь зөв нөхцөл болзол, тохирох үнэ, харилцан ашигтай тохиролцоонд хүрч чадвал бараг бүх асуудлыг шийдвэрлэж болно гэдэгт итгэдэг бизнес эрхлэгчийн том хэлцэлтэй төстэй. Гэхдээ улс төрийн бүх асуудлыг мөнгө, ашиг сонирхлын солилцоогоор шийдэх боломжгүй. Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хүний эрх, эрх чөлөө бол зүгээр нэг үнэ тохироод шийдвэрлэчихэж болох зүйл биш. Харин Зеленскийн хувьд Украины бодит нөхцөл, үндэсний эрх ашиг, дайны үр дагаварыг харгалзан шийдвэр гаргахаас өөр аргагүй. Түүний хувьд газар нутгийн асуудал гэдэг нь зөвхөн өмч хөрөнгийн тухай асуудал биш юм. Энэ бол хүмүүсийн хувь заяаны тухай, тэдний гэр орон, түүхэн ой санамж, өөрсдийн хувь заяаг бие даан шийдвэрлэх эрхийн тухай асуудал юм. Буулт, харилцан тохиролцоогүйгээр олон улсын улс төр хэзээ ч оршин тогтнож байгаагүй. Зеленскийд ч бас буулт хийх гарц хайхаас өөр аргагүй үе бий. Гэхдээ харилцан буулт хийх, бууж өгөх хоёрын хооронд зарчмын асар том ялгаа бий. Хүндрэл яг эндээс л эхэлдэг.
Трамп улс төрд өөрийн хүч чадал, нөлөө, шийдэмгий байдлыг бусдад мэдрүүлж байх ёстой гэж үздэг. Мөн аливаа ажлыг энгийнээр хийхээс илүүтэйгээр өргөн хүрээтэй, сүр дуулиантай, олны анхаарал татахуйц байлгахыг илүүд үздэг. Зеленский бол өөрөөс нь хүлээж буй хариу үйлдлийг тэр бүр бусдад гаргадаггүй.
Заримдаа шуудхан хариулна. Заримдаа санаанд оромгүй хатуу үг хэлнэ. Эсвэл зүгээр л инээмсэглэнэ. Сүр хүчээ үзүүлж байгаа хүний өмнө эсэргүүцэж маргалдахын хооронд үл мэдэг инээмсэглэж байгаа хүнтэй яаж харьцах вэ? Төсөөлөөд үздээ! Тэр өөрт нь тулгаж буй дүрийг үргэлж хүлээн зөвшөөрдөггүй. Ингэснээрээ улс төрийн тайзны уур амьсгал, өрнөлийн шинж чанарыг өөрчилдөг. Гэхдээ энэ бүхнийг зүгээр л ухаалаг сэтгэл зүйн тулаан гэж үзэх нь алдаа болно. Үүний цаана сая сая хүний хувь заяа бий. Тиймээс Зеленскийн дипломат үйл ажиллагааны жинхэнэ үнэ цэнийг Трампын дэргэд хэр сүртэй харагдаж байгаагаар нь бус, харин Украин тусгаар тогтнолоо хадгалах, дэмжлэг авах, шударга энх тайванд хүрэх үйл явцыг хэр зэрэг урагшлуулж байгаагаар нь тодорхойлох ёстой. Түүхэн дундуур урагшилж яваа, дараагийн эргэлтийн цаана өөрийг нь юу хүлээж байгааг тэр бүр мэддэггүй хүнийг түүхийн замаар аялагчийн хувиар би сонирхдог. Тэгвэл тэр аялагч заавал баатар болохыг зорьдоггүй. Тэр зүгээр л өөрийн замаар явдаг. Заримдаа алдана. Заримдаа эргэлзэнэ. Заримдаа инээнэ. Харин заримдаа бусад хүмүүсийн хувь заяа шалтгаалах шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Б.Двесов.
-Үргэлжлэл бий
Баасан - 11 сарын 13,
2026
Сэтгэгдэл0