sonin.mn

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья арваннэгдүгээр сарын 12-нд мэдэгдэл хийж, Долоогийн бүлэг (G7)-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг шүүмжилжээ.

Тэрбээр уг мэдэгдэлд АНУ-ын Засгийн газраас Кубын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас үүссэн ноцтой үр дагаврыг үл тоомсорлосон хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн АНУ-ын хориг арга хэмжээ нь Кубын ард түмний хүний эрхийг зөрчиж, гуравдагч орнуудын бүрэн эрхт байдалд халдаж байна гэж мэдэгджээ.


Бруно Родригес Паррилья олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблей саяхан АНУ-аас Кубын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг дахин буруушаасан байхад G7-ийн орнууд Вашингтоны байр суурийг дэмжиж байгааг шүүмжилсэн байна.


Тэрбээр Долоогийн бүлэг АНУ-ын дэвшүүлж буй үндэслэлгүй тайлбарыг давтаж, Кубын эсрэг хэрэгжүүлж буй хууль бус гэж үзэж буй хориг арга хэмжээг зөвтгөхийг оролдож байна хэмээн мэдэгджээ.


Долоогийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт арваннэгдүгээр сарын 9-10-нд Францын нийслэл Парис хотноо болж, уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Кубад тулгарч буй эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн талаар дурдсан байна.


Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио арваннэгдүгээр сарын 9-нд тус уулзалтад оролцсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, АНУ Кубыг илүү сайн ирээдүйтэй болоход нь тусална хэмээн мэдэгджээ.


Г.Бямба