Энэ удаагийн дугаартаа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболдтой ярилцлаа.
 
-Энэ жилийн Улсын баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа. Энэ удаагийн хүндэтгэлийн тоглолт өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болох бол?
-Анх удаа Төрийн хүндэтгэлийн тоглолт гадаа болох гэж байна. Өмнө нь ихэвчлэн Соёлын төв өргөөнд, 1200 үзэгчдэд зориулсан байдлаар, дарга нарт зориулсан юм шигээр л зохион байгуулддаг байсан. Энэ жилийн хувьд монголын ард түмний баяр гэдэг утгаар олон хүнд хүртээмжтэй байдлаар хийхийг зорьж байна.
 
Наадмыг зохион байгуулах комисс ч тэгж үзсэн. Хүндэтгэлийн тоглолт долдугаар сарын 10-нд 15:00 цагаас Чингсийн талбайд болох юм. Энд бид 10 мянган хүний суудал засна. Тайзан дээр нэлээд олон тоглолт зэрэг явагдана. Ирэх сарын 04-ний өдрөөс эхлээд л Чингисийн талбайд янз бүрийн арга хэмжээнүүд “Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Одоогоор Төрийн хүндэтгэлийн тоглолтын цаг батлагдчихсан байна.
 
-Маш өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болох байх?
-Нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын нийт уран бүтээлчид, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцоно. Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд, чөлөөт уран бүтээлчид ч оролцож байна. Нийтдээ 400-гаад хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болохоор байна.
 
-Тоглолтын ерөнхий хөтөлбөр, үргэлжлэх хугацаа батлагдсан уу?
-Тоглолт үндсэндээ нэг цаг 40 минут үргэлжлэх төлөвлөгөөтэй.
 
-Найруулга, зохиомжийн хувьд ямар онцлогтой байх бол?
-Тоглолтоо маш олон хүнд үзүүлэх зорилготой учраас хүмүүсийн мэддэг, улстөржсөн агуулгаас хол, монголын ард түмний хайртай уран бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэхийг эрмэлзэж байгаа юм. Хөтөлбөрийн ерөнхий агуулга тэгж гарсан. Шинэ, содон, соргог гэхээсээ илүү түмний мэддэг зүйлүүд түлхүү байх ёстой гэж үзсэн юм. Мэдээж шинэ уран бүтээлүүд сэлбэгдэж орох ёстой. Ялангуяа төрийн тоглолтуудын үеэр шинэ уран бүтээлүүд төрөн гардаг онцлогтой. Тэр утгаараа цоо шинэ, анх удаа үзэгчдэд сонсгох уран бүтээлүүд ч багтана.
 
-Тоглолт задгай талбайд болно. Тэгэхээр зохион байгуулалтын хувьд маш их анхаарч байгаа байх?
-Нэлээд том арга хэмжээ болох учраас маш сайн зохион байгуулах ёстой. Наадмыг зохион байгуулах комисс ч нэлээд анхаарал тавьж байгаа. Дээр нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа учраас зохион байгуулалтын хувьд урьдчилаад тодорхой хэмжээний туршилтууд хийгдчихсэн. Зохион байгуулалт ч тэр хэрээрээ сайн байна.
 
-Төрийн хүндэтгэлийн тоглолтын нийт төсвийн тухай сонирхмоор байна?
-Энэ тоглолтонд 98 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа. Шинэ уран бүтээлүүд, хувцас хэрэглэл шинээр хийлгэх, тайз, гэрэл гэх мэтчилэн маш их зардал гардаг. Энэ бүхэнд энэ төсөв зарцуулагдана. Улс орны нэр нүүр харагдахуйц томоохон арга хэмжээ учраас ихээхэн ач холбогдол өгч байгаа. Нийт 10 мянган суудлын гурван мянга орчмыг нь гадаадын жуулчдад зориулж байгаа. Хөтөлбөрт маань ч жуулчдад зориулсан монголын урлагийн хамгийн шилдэг бүтээлүүд багтаж байгаа. Энэ тоглолтоос монголын урлагийн өнгө төрхийг харах учраас маш сайн бэлтгэх хэрэгтэй.
 
-Наадмыг зохион байгуулах комисс ер нь хичнээн удаа хуралдсан бэ?
-Төв комиссын хуралд би ерөөсөө ороогүй. Салбар комисс буюу соёл урлагийн арга хэмжээний комисс таван удаа хуралдчихаад байна. Салбар комиссоос салбарласан хүндэтгэлийн тоглолтын комисын хурал бараг хоёр хоноод л хуралдаж байгаа.
 
-Улсын баяр наадмын нээлтийн тоглолтонд гадны дуучдыг урьж авчирна гэсэн мэдээлэл цахим ертөн цөөр багагүй шуугиан дэгдээлээ. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Энэ талын мэдээлэл надад байхгүй. Наадмыг зохион байгуулах төв комисс дээр яригдаж байгаа асуудал байх. Энэ тэгээд ч наадмын нээлтийн үйл ажиллагаанд хамаатай зүйл ч биш байх. Тусгай шоу тоглолт л байх. Улс орон  хямарчихсан байхад гадны дуучныг өндөр зардлаар авчрах хэрэг байна уу гэж хүмүүс яриад байгаа юм.
 
Харин би энэ зүйлийг арай өөр өнцгөөс хараад байгаа. Хэрвээ гадны дуучин монголд ирж тоглолт хийвэл тэр хэрээрээ жуулчдын урсгал нэмэгдэнэ. Энэ нь монголд оруулах хөрөнгө оруулалт болно л доо. Би тэр талаас нь л бодож байна. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байх. Тодорхой мэдэхгүй байгаа учраас янз бүрийн мэдээлэл өгөх шаардлага алга.
 
-Төрийн хүндэтгэлийн тоглолтонд уран бүтээлчид ямар үнэ хөлстэйгөөр оролцож байгаа бол. Жилдээ ганц удаа зохион байгуулагддаг тоглолтонд үнэгүй оролцоод өгөх сэтгэл уран бүтээлчдэд байдаггүй юмуу?
-Чөлөөт уран бүтээлчдийн хувьд өөрсдийн хүсэл сонирхлоор оролцож байгаа хэсэг байна. Заавал тодорхой хэмжээний эдийн засгийн хөшүүрэг шаарддаг уран бүтээлчид ч байна. Тэр тал дээр жил болгон л асуудал гарч байдаг. Тухайн тоглолтын төсөв хөрөнгө ямар байхаас шалтгаалаад л уран бүтээлчидтэйгээ тохиролцдог доо. Энэ жил бол сэтгэлээрээ оролцож байгаа уран бүтээлчид бий. Гэхдээ тоглолтын хөтөлбөр эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа болохоор энэ тухай ярихад арай эрт байна. Ирэх долоо хоног гэхэд шийдэгдчих байх.
 
-Гадны жуулчид болоод монголын ард түмнийхээ сонирхлыг татахын тулд тоглолтонд тоглогдох уран бүтээлүүдийг нарийн шилж, уялдуулж байгаа байх. Энэ тухайд?
-Мэдээж гадны жуулчдын сонирхдог монголын урлагийн брэнд гэж нэрлэгддэг хөөмий, морин хуур, бие биелгээ зэрэг дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн үзүүлбэрүүд багтана. Дээрээс нь энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой тохиож байгаа учраас Өндөр гэгээний тухай өгүүлсэн номер ч багтаж байна. Харин монголынхоо үзэгчдэд зориулж тэдний чихэнд танил болсон уран бүтээлүүдийн сорчилж байна.
 
Тухайлбал, Б.Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд” эгшиглэнэ. “Жалам хар” бүжиг, “Монголын тал нутаг”, “Эрхэм төр” уртын дуу гэх мэтчилэн ард түмний мэддэг уран бүтээлүүд бий. Мэдээж ард түмний дагаад аялдаг зохиолын дуунуудыг ч багтаахыг хичээж байна. Мөн сонгодог урлагийн төлөөллүүдийг ч үзэх боломжийг олгоно.
 
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гадны жуулчдыг монголд татах зорилготой ямар ажлуудыг танай чуулгын зүгээс хийж байна вэ?
-Энэ жил манай чуулгын зүгээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцоно. Олон улсын монгол туургатны бүжгийн наадамд өнгөрсөн жил манайх оролцсон. Энэ жил ч оролцоно. Манайх жил бүр уламжлал болгон зургаадугаар сарын 12-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилдэг “Дэлхийд гайхагдсан монгол урлаг “цуврал тоглолтоо үргэлжлүүлнэ.
 
Энэ жил манай чуулгын 65 жилийн ой тохиож байгаа. Энэ ойдоо зориулж цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоор эхэлсэн шүү дээ. Үргэлжлүүлээд манай үндэсний их найрал хөгжмийн бие даасан тоглолт ирэх сарын 12-нд болно.
 
-“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтыг жуулчид нэлээд үздэг. Тэр хэрээрээ төсөв бүрдүүлж чадаж байна уу?
-Мэргэжлийн урлагийн байгууллагууд бүгдээрээ улсад орлогын төлөвлөгөөтэй ажилладаг. Гэхдээ өөр өөр. Энэ бүх мэргэжлийн урлагийн байгууллагууд дотроос манайх хамгийн өндөр орлогыг улсад өгдөг. Бид жил бүр орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг.
 
-Яг одоогоор танайх Улсын драмын эрдмийн театртай нэг байранд байрлаж байгаа. Хоёр том урлагийн байгууллага нэг дор байрлахад тайзны олдоцоос авахуулаад хүндрэл гардаг байх? 
-Энэ олон жил яригдаж байгаа асуудал. Асуудал нь янз бүрийн түвшинд яригдаж байгаад л газрын асуудал дээр очоод гацдаг. Үндэсний урлагийн чуулгад байшин барих газар олгодоггүй мөртлөө баар ресторан, гадны шашны сүм хийд баригдаад л байх юм. Тайзны хувьд асуудал гардаг нь үнэн. Монгол улсад эрдмийн дөрөвхөн театр бий.
 
Тэрний хоёр нь нэг байранд байрлаж, нэг тайзан дээр уран бүтээлээ хийж байна шүү дээ. Энэ нь уран бүтээлийн чанар, уран бүтээлүүдээ зах зээлд хүргэхэд үнэхээр хүндрэл болдог. Нэг шинэ уран бүтээл хийчихээд тэрийгээ тайзан дээр тоглох гэхэд л тайзны олдоц байхгүй. Тоглолтын бэлтгэл сургуулилт хийхэд ч тэр. Гэхдээ хүндрэлтэй байна гээд уран бүтээлээ зогсоолтой нь биш.
 
Аль болох зохицуулаад л өнөөг хүрч байна. Гэхдээ цаашид энэ байдлаар ажиллахад хэцүү болно. Жил ирэх тусам уран бүтээлийн чанар чансаа, уран бүтээлчдийн чадвар нэмэгдэж байна. Тэр хэрээрээ бэлтгэл сургуулилтын байр сав хэрэгцээтэй болно. Яг одоо ашиглаж байгаа байр маань хуучирч байна шүү дээ.
 
А.Халиун
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин