sonin.mn
“Мандухай сэцэн хатан” кинон дээр зуун ингэ буйлуулж, зуун эхийг уйлуулах юм болдог доо. Тэгэхэд Мянхай үймээн дэгдээж “Ноёд та нар биднийг хэзээнээс шороо шиг үзэж ирдгийн чинь жишээ энэ” гээд цамнаад байдаггүй юу. Түүн шиг зан ааш гаргамаар явдал эмнэлэг дээр боллоо.
 
Эрүүл биетэй болохоор өвчин зовлонг мартчихжээ. Хамаатны хүн эм аваад явуулна уу гэхээр нь эмнэлгээр оров. Эмч семинарт явсан гэнэ. Тэгээд ч өглөө дугаар авах ёстой байдаг юм байх. Уучлал гуйгаад гарлаа. Маргааш нь Чингэлтэйн эрүүл мэндийн нэгдэл дээр 7:30 гээд очтол урт хонгилийг нь дүүргэсэн дугаарын очер байх юм. 
 
Хэсэг зогсож байтал шүд, нүдний дугаар дууссанг зарлав. Өглөө эрт ирээд зогссон хүмүүсээс тал нь толгой гудайгаад явчихлаа. Урдах хүмүүс цөөрч байгаад баярлах ч шиг. Ингэж ингэж дугаар авах гээд очтол “11:40-өөс үүдэнд нь очоорой” гэж хэлээд л гүйцээ. Үүнийг л сонсох гэж цаг гаруй зогссон юм байж.
 
Тэгээд хэлсэн цагт нь яваад очтол дахиад л бөөн хүн сууж байна. Настай хүмүүсийг хараад урдуур нь орчихож зүрхэлсэнгүй. Араас нь дугаарлалаа. Эргээд бодохнээ үүдэнд нь дугаарлуулах байсан юм бол өглөө юунд ажил үрсэн юм бол. 
 
Өнөө баавгай туулай хоёрын онигоо байдаг даа. Юм хэлье гэж 100 давхраас доош нь дуудчихаад уруулаа цохиод ингэж чадах уу гэсэн гэдэг. Шинэ ажил сэдэж болно. Түүнийгээ зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Төрийн албанд ажиллаж байгаа хэдэн хүнээс бусад нь хийх ажилгүй биш шүү дээ. Ядаж өвдөж зовсон хүмүүс ч очдог газрыг хэлэх үү.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин