XX зууны Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөгч Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан нь Улаанбаатар хотноо 1959 онд мэндэлжээ. Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль / 1976/, ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл /1977/, улмаар Ленинград хотын Барилга, архитектурын дээд сургууль /1979/, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх Дууны найруулгын курс /1987/-д тус тус суралцсан. 1979-1989 онд Улсын филармонийн “Баян Монгол” чуулга, “Соёл эрдэнэ" хамтлагт дуучин, хөгжимчин, гоцлол дуучин, 1983-1985 онд Монголын АА-ийн Улиастай дахь 016-р нэгтгэлд байлдагч, түрүүч, ахлах түрүүч, ахлагч цолтойгоор алба хаасан бэлтгэл дайчин. Үндэстний “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрбээр Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашдаг. Монголын орчин үеийн эстрад, рок урлагийн “Загалмайлсан эцэг” гэгдэх эл уран бүтээлч хөрөг нийтлэлийн “Үл тасрах аялгуу” /1996/, яруу найргийн “Зүрхнээс зүрхэнд" /1999/ түүвэр болон уран бүтээлийн арав гаруй цомгийг олны хүртээл болгожээ. Түүний олон шүлэг сонин сэтгүүл, уран зохиолын эмхтгэлд багтсан байна. Орчин үеийн рок поп урлагт оруулсан жинтэй хувь нэмрийг нь төрөөс үнэлж Монгол улсын “Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм дээд цол /1998/-ыг хүртээжээ. Тэрбээр Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо /1994/ болон Монголын Урлагийн ажилтны холбооны дээд шагнал, Холливудын “Алтан од” шагнал, “Тамирчны алдар” дуугаараа МҮОХ-ны “Алтан очир” одон /2004/, Олон улсын "Азийн дуу хоолой” уралдааны 1990 оны III байрын шагнал, дэлхийн шилдэг хамтлаг шалгаруулах олон улсын уралдааны “Ямаха ” пүүсийн нэрэмжит шагналыг тус тус хүртжээ. Бид энэ удаагийн “Утгын их хоймор”-тоо Монгол улсын Гавъяат жүжигчин, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, хөгжмийн зохиолч Д.Жаргалсайханыг ийн урин залсан болой. Таалал хотлоор гүн бат оршиг ээ.


-Сая альхан зүгт алсын аянд мордоод эргэн ирэв ээ?

-Английн Лондон хотод долоо хоночихоод ирлээ. Өрнөдөд бизнес эрхлэгч монгол эмэгтэйчүүдээс шилдэг 10 хүнийг шалгаруулж, дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр уригдаж, дуулчихаад ирлээ.

-...Та УИХ-ын сонгуульд дэвшчихсэн тууж явсан уу, үгүй юү. Нэр чинь сонсогдоод байх шиг байсан.

-Үгүй чиш. Тэр чинь Иргэний зориг моригоос манай амьдай, “Том” Жагаа дэвшсэн сураг байсан шүү.

-Өө, зөв зөв. Өнөөдөр өөрөө ямар орой босч байна аа. Их унтвал юу билээ...?

-Хөлбөмбөг дэлхийг донсолгож байна. Урьд шөнө хөөрхий Орос, Польш хоёр маань нутаг буцлаа. Нутаг дээр нь болж байгаа гэсэн утгаар Польш аятайхан тоглосон бол ч... Багийн тоглолт гэдэг хэцүү л дээ. Сүүлийн үед БНСУ, Япон, Хятадын хөл бөмбөгчид их сайжирч байгаа. Будаа иддэг болохоор босч, буух нь хурдан юм аа.

-Ай хөөрхий, ер нь тэгээд дорныхон гоцолж, өрнийхөн хамтрах юм даа.

-Ганцаарчилсан тоглолтын хувьд дорно зүгийнхэн байгалиас авчихсан юм байхыг үгүйсгэхгүй. Ухаандаа Чингисийн байлдааны тактик бол цөөнхийн зовлон шүү дээ. Хэрэгтэй үедээ дайрч, хэрэгтэй үедээ зугтах нь цөөнхийн урлаг юм даа. Хамгийн сүүлд гэхэд л манай муу Ш.Гонгор баатар байна шүү дээ. Улсын баатар энэ хүн манай аавын найз. Тийм туранхай, тийм жижигхэн биетэй хүн японы арван хэдэн самуурайг нэг дор хусчихсан гэхэд үнэхээр итгэж өгөхгүй байсан. Гэхдээ яалт ч үгүй болсон явдал юм билээ. Нүдгүй цасан шуурга, нохой дах нь их тусалсан байдаг юм.

-Анхны шүлгээ бичиж эхэлсэн гэрэлт нялхын он жилүүдийн тухай юуг үгүүлэх сэн бол?

-Бүр арван жилд байхдаа “Пионерийн үнэн" сонинд шүлэг зохиол бичиж явуулдаг сан. Ангийнхаа хүүхдүүдээс ичиж өөр нэрээр явуулна. Ихэнх нь гараагүй. Хэдхэн нь л хэвлэгдсэн. Бүр анх 1974 оны намар “Хүүхдүүд ээ” гэдэг шүлэг Очир нэрээр “Пионерийн үнэн”-д хэвлэгдэж байсан маань мартагддаггүй юм. Сөгнөгөрийн голын дэргэд б-р сургуулийн Хөдөлмөр, амралтын зуслан байлаа. Тэнд бид 5-р ангиасаа эхлээд хавар эртээ очиж, ногооны талбайд ажилладаг байж.

Сургуулийн захиргаа бидэнд ком хөгжим аваад өгчихсөн. Дуртай нэг нь тоглож л байдаг. Бид хамтлаг маягийн юм байгуулж, САА-н төв, асрамжийн газар, зуслангийнхаа байранд тоглолт хийнэ. Ер нь Сөгнөгөрийн цагаан бургасанд олон сайхан аялгуу, дуу, шүлэг маань төрсөн дөө. Эцсийн эцэст хүн төрөлхтөн хоёр гайхамшигтай зүйл бий болгосны нэг нь их утга зохиол. Нөгөө нь хөгжим. Утга зохиол гэдгийг үгийн утгын хязгаар дотор элин халин нисэх шидэт оюун ухаан гэж би ойлгодог. Хөгжим болохоор үгийн утгын хязгаараас даваад эгшгийн хязгаар луу орчихдог. Ийм хоёр том эрх чөлөөг энэ хүн төрөлхтөн хоёр гартаа бариад боссон байхгүй юу. Дараа нь урлагийн гайхамшигт бүх төрлүүд жагсана даа.

-Рок урлаг Монголд хүч түрэмгийлэн орж ирсэн тэр он жилүүдийн тухай...

-Энэ л урлаг залуусын үзэл бодол, тархи толгойг их өөрчилсөн. Тэр үед бид хөрөнгөтний урлаг гэгдэж байхад нь дуу, шүлгийг нь чадах чадахгүй хүнээр орчуулуулан ойлгохыг хичээж, пянзыг нь хүмүүст захин авчруулж, тэдний хувцас хунар, бие авч яваа байдлыг нь дуурайхыг хичээж байсныг бодоход их нөлөөлдөг байжээ. Тэгээд ч рок хөгжим гэдэг чөлөөт сэтгэлгээ, ардчилсан үзэл санааны урлаг. Ээж маань хөгжимчин, аав уран барималч. Энэ утгаараа манайд урлагийнхан тэр аяараа ирдэг сэн. Тэдний үг яриа, үзэл бодол, сэтгэлийн гэрэл гэгээний хажуугаар миний бие зүгээр өнгөрөхийн аргагүй.

-Тэр үзэл суртлын чанд дэглэмийн үед залуус шүлгээ зохиогоод шууд л дуугаа хүнд хүргээд байх боломж хэцүү байсан гэх. Заавал шинэ бүтээлийг батлуулж байж дуулах эрхтэй байсан нь залуусыг их бачууруулдаг байсан байх даа.

Энэ л асуудлаар би гэдэг хүн МЗЭ-ийн хорооны босгыг 1970-аад оны сүүлээр алхан орж байлаа шүү дээ. Анх агуу их Ш.Цэндгомбо, дараа нь нэрт орчуулагч Д.Даваа ахыгаа дагаж босгыг нь элээх шахуу юм болсон.

-Нөгөө “Тэрслүүд шүлэгч Цэндгомбыг тэнгэр ганцхан дийлнэ” хэмээн бичиж байсан алдарт орчуулагч, шүлэгч нөхөр мөн үү?

-Мөн байлгүй яахав. Цогцос нь бүтнээрээ олдоогүй. Байгалийн онцгой аймшигт үзэгдэлд өртчихсөн юм. Миний бодлоор бол халуун, хүйтэн хасах, нэмэх цэнэгийн орчилдох зурвас олон хүний амийг авсан. Цэндгомбо ах тэр өдөр айлд сууж байснаа “За шуурга эхэллээ. Машинд орж сууя" гээд хоёр хүүхдээ дагуулаад гарсан байдаг. Тэгээд л суусан, Зил-130 машин нь ачаа юутай хээтэйгээ 30-40 метр дээшээ хөөрсөн гээд бод доо. Би тэр аймшигт салхины хагасыг нүдээрээ үзсэн гэрч. Хэнтийн Өмнөдэлгэр сумын Ар булаг гэдэг газар би өвөөгийндөө оччихсон байсан үе.

Салхи манай урдахнуур зурваслан өнгөрөхөд тэнгэрт хар, цагаан хоёр үүл хоёр луу ноцолдож байгаа мэт дээр доороо орж, завсраас нь гал маналзаж байгаа мэт харагдсаныг тод санадаг. Дээр үед “Наймын үнэртэй ус" гэж нэг тийм баржгар савтай ус байсан. Яг тийм том мөндөр буусан. Хөмрөөтэй ширмэн тогоо хагарах юу ч биш. 1974 оны зун цаг шүү дээ. Салхины яг замд нь нэг агент айл таараад, тэр чихэр михэр нь бууны сум шиг хурдатгал аваад мал үхрийн хүзүүнд очоод шигдчихсэн байсан гэвэл хүн үнэмших аргагүй биз дээ. Утасны шонгууд сугаран хэд нугарч үсрээд буцаад газарт зоогдож байсан гэдэг. Агаарт маш их юм авсан хар салхи тээсэн юмнуудаа Биндэрийн нутагт орших нэг нууранд хаясан гэж сонссон. Нүдээр үзсэн хүмүүс ярих нь ээ, гэр, байшингийн мод, тэрэгний дугуй, зэл, гадас... тэр байтугай агентын хуйлаастай торго хүртэл зоогдчихсон байсан гэдэг. Яг энэ аймшигт үзэгдэлд Цэндгомбо гуайгаас гадна 30-аад хүн амиа алдсан байдаг. Засгийн газраас комисс гарч цогцоснуудыг Биндэрт нутаглуулсан. Урьд хожид үзэгдээгүй байгалийн онц аюултай эл үзэгдэл XX зууны Монголын “Торнодо” байсан юм шүү.

-Тэр үед Зохиолчдын хороогоор тийн орж гарч явсан болохоор мэдээж сонин содон дурсамж их биз дээ?

-Анх “Буурал” Банзрагч найрагчийг “Цог” сэтгүүлд байхад нь, “Хар” Дагвадорж ахыг УАДБЧ-д утга зохиолын ажилтан байхад нь танилцаж билээ. Ах нар надад дууны шүлгээ өгнө. Би дуу болгох гэж үзнэ. 1980 он гарлаа. Н.Энхбаяр дарга хойноос хэдэн онд төгсөж ирлээ.

-1980-аад оны сүүлч байх аа.

-Үгүй яалаа гэж. Зохиолчдын хорооны нэг давхрын хамгийн булангийн өрөөнд Н.Энхбаяр, Х.Мэргэн, Ж.Оюунцэцэг гурав суудаг байсан юм. Би тэдэн дээр их орж, буу халж, цай, кофе ууж сууна. Нэг өдөр Энхбаяр “Жагаа, чи Англи хэл дээр зохиохгүй юмуу гээд сүүлд Ардын уран зохиолч болсон Д.Пүрэвдоржийн “Миний хайр” гэдэг шүлгийн англи орчуулгыг үзүүлж байна. Өөрөө бүр орчуулчихсан байсан. Одоо ч тэр шүлэг нь эх хувиараа надад бий. Би “Одоохондоо хэцүү байна. Эхлээд монголоороо дуулаад сурчихмаар байна. Аятайхан дууны шүлэг биччих хүн энэ хавиар хэн байна?” гэж лавласан чинь надад Л.Хуушаан, О.Дашбалбар хоёрыг санал болгож билээ.

Эднээс өмнө аугаа их Ш.Сүрэнжав найрагчтай дотно танилцаж, гэрээр нь зөндөө орж гарна. Яаж танилцсан гэхээр Сүрэнжав гуай нэг хэсэг дууны үг баталсан юм байгаа юм. Явуухулан гуай эзгүй байсан ч юм уу, хаашаа юм. Бүр сүүлд нь Дэндэвийн Пүрэвдорж, Зундуйн Дорж гуай нар баталж байлаа шүү дээ. “Тамирчны алдар” дууг Д.Пүрэвдорж гуай баталж байсан гарын үсэг нь байдаг.

-Энэ хоёр зохиолч тухайн үед ойр байсан хэрэг үү?

-Үгүй. О.Дашбалбарыг сураглаж, гэрээр нь очлоо. 5-р сургуулийн хажууд нэг өрөө байранд мань хүн хөлөө хугалчихсан, шалан дээгүүрээ хамаг юмаа хөглөрүүлчихсэн угтаж билээ. Би хэллээ. “Намайг Жаргалсайхан гэдэг. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч байна. Өөртэй чинь танилцвал зүгээр гэж Н.Энхбаяр хэллээ” гэтэл их сайхан хүлээж авлаа. Хоёулаа чихэртэй хар цай уугаад, зүгээр л гоё юм ярьсан. Оросын утга зохиол, хөгжим, Ги де Мопассан, Майн Рид... бүгдийг ярьж харанхуй шөнө болгосон. Тэр их хүн намайг бас их хүндэлж байсан. Яагаад гэвэл миний “Төрсөн өдрийн дуу” Монголоор түгчихсэн, хэрэндээ олны танил том амьтан байсан хэрэг. Тэр шөнө би түүнээс дууны шүлэг асуусан ч үгүй, тэр надад өгье гэсэн ч үгүй салсан. Нөгөөдөр нь уулзсан. Тэгээд л байнга уулздаг болсон доо. Бид хоёрын дундаас “Дарьганга”, “Гэгээн наранд ойрхон өслөө, би”, “Бага насны дурсамж”, “Наранбулаг”, “Бороо”... олон сайхан уран бүтээл төрсөн дөө. Хүмүүс андахгүй дээ.

-”Бороо” гэдэг дуу чинь юу билээ.

-Яагаав, “Зуун жил, зуун жил чамаас хагацамгүй зөөлөн бороонд зогсмоор байна” гээд л...

-”Гэгээн наранд ойрхон өслөө, би” гэдэг дуу чинь халх даяар халгиж байдаг аа. Дууны үг, ая хоёр нь гайхалтай гоё нийцсэн бүтээл юм даа.

-Балбар чинь өөрөө бас гитар гоё тоглоно. “Дарьганга”, “Гэгээн наранд ойрхон өслөө, би” гэдэг дуугаа гитардаад дуулна. Нэг өдөр мань хүн над руу утасдаж “Жагаа, Монголын байдал ороо бусгаа, нэг тийм сонин байна шүү. Хоёулаа дахиж нэг дуу хиймээр байна. Гэхдээ их том цараатай, чухал дуу хиймээр байна” гэсэн. Даанч бид хоёр түүнийгээ гүйцэлдүүлж чадаагүй. Тэр маань учир битүүлгээр амиа алдсан.

-Ингэхэд та ер нь хэдэн дууны шүлэг бичсэн хүн бэ?

-Би тоолж үзээгүй. 100 хол давсан байх шүү.

-Аугаа их Явуу найрагчийн тухай уран бүтээлчид сонин сайхан дурсамж хуучилдаг. Энэ хүн дууны шүлэг батлах эрх мэдэлтэй байсан болохоор та ч гэсэн босгыг нь давж бишгүй алхсан байх аа.

-Өө тэгэлгүй яахав, их уулзсан. Филармонийнхоо бичээчийг чихэр өгч аргадан гуйж байгаад дууныхаа шүлгийг бичгийн машинаар нь цохуулаад л аваад очно. Явуухулан гуайн өрөөний үүдэнд надтай адилхан олон олон жижигхээн “чапак”-нууд дугаарлаад зогсож байдаг сан. Одооны том зохиолчид тэнд надтай хамт үүдэн дээр нь л зогсож байлаа шүү дээ.

-Өөрийг чинь архинд гүйлгэж байв уу?

-Гүйлгүй яахав. Тэр үед Явуу гуайн татаж байсан тамхины цог нь унаад түлчихсэн дууны үгтэй цаас одоо манайд байна. Ер нь тэгээд ороход тэр их хүн нэг тийм ядарсан байдалтай, эсвэл шартсан байдалтай сууж байдаг сан. Өрөө нь нэг тийм сонин үнэртэй. Цонх нь онгорхой байсан ч үнэртэнэ. Олон онголзуулж орсон болохоор миний мэддэг үнэр л дээ. Их зохиолчийн үнэр байсан юм уу, түрхдэг байсан усных нь үнэр үү, урьд үдшийн архины үнэр үү... Их содон үнэр. Нэг орохдоо хоёр гурван шүлэгтэй орно. Нэгийг нь батлуулбал аз, батлахгүй байсан ч баярлана. Дараа нь ороход өөрөө зөвлөсөн болохоор заавал нэг шүлэг нь батлагдана. Нэг удаа Явуу гуайтай уулзаад эргэтэл “Хүү минь, чи байж байгаарай” гэж байна. Миний шүлгийг дахиж нягтлан үзэх нь гэж горьдоод байгаад л байлаа. Их хүлээлээ. Гараад ирлээ. Намайг дагуулж доош буугаад гуанзны тэндээс шуудайтай мах үүрүүлээд гэр өөдөө алхчихдаг байгаа. Их дэлгүүрийн урд талын байранд нь оруулж өгөөд цай уугаад гарч билээ. Тэр хүний үг, үйл хөдлөл залууст хууль мэт байсан. “Соёл эрдэнэ’’ хамтлагийн алдаршиж яваа дуучин их Явуугийн жаахан ард нь тампуутай мах үүрчихсэн дагаж явахдаа хэнээс ч ичээгүй. Одоо ч надад сайхан дурсамж, эргэж үл олдох бахархал хэвээрээ.

-Танд Б.Явуухулан дууны шүлэг өгч байсан уу?

-”Эх орон" гэдэг ганцхан шүлгийг “Хүү минь чи энийг үзээрэй. Юм болж магадгүй” гээд өгч байсан.

“Агийн цэнхэр утаа шиг уул талгүй униартай
Алганы танил хээ шиг ухаан санаанд тодорхой
Үд дундын сүүдэр шиг өргөн болоод саруулхан
Үнэн голын яриа шиг өр зүрхэнд минь дотнохон
Энхрий Монгол орон минь чамдаа би хайртай
Энэ яваа насандаа сэтгэл зүрхээрээ чинийх”
/дуулав/... Ах нь мартаагүй байгаа биз дээ. Энэ бол агуу шүлэг. Би ч агуу мэдрэмжээр ая хийх гэж оролдсон. Тэр агуу хүнтэй хийсэн ганцхан дуу энэ.

-Заавал гэснээс та нар уран бүтээлээ заавал батлуулах албатай байсан гэж үү. Хэрвээ батлуулахгүй бүтээлийг олонд толилуулбал хэрэгт орно гэсэн үг үү?

-Хэрэгт орох нь ч юу юм. Хамгийн гол нь батлагдаагүй бүтээлд шагнал олдохгүй. Хариуцлага, эдийн засаг хоёр чухал биз дээ. Ухаандаа радиод бичүүлэхийн тулд МЗЭ-ийн Яруу найргийн зөвлөлөөр батлагдсан үгтэй, Хөгжмийн зохиолчдын холбоогоор батлагдсан аятай байх ёстой. Батлагдсан бүтээл л Уран сайхны зөвлөлөөр орж, шагнал бичигддэг.

-Нам засгийн эсрэг санаатай болон санаандгүй буруу утгатай бүтээл хийж донгодуулсан тохиолдол бий юу?

-Дарханаас нэг намын гишүүн нөхөр “Энэ нөхөр “6.45" гэж тавин хэдэн удаа чихэн дээр чарлалаа” хэмээн Улсын филармонид гомдол мэдүүлж, бичиг сачиг ирүүлж байсан. Уран бүтээлийг цензурдах гэж үздэг байсан үе бий. Жишээлэхэд 1981 онд “Соёл эрдэнэ” хамтлагийн уран бүтээлийг хэлэлцэх нэг хурлын протокол дээр “Төрсөн өдрийн халуун мэндийг төө зайгүй чамдаа хүргэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэсэн асуудал боссон. “Төө зайгүй найз гэдэг ор дэрний найз байж таарна” гээд цээжин дээрээ гараа төөлчихөөд ярьж байсан хүнийг би мэднэ. Ойлгохгүй улс байхад ойлгодог улс ч бий. Аугаа их хөгжмийн зохиолч Гончигсумлаа гуай яг тэр хурал дээр “Бидэнд чинь төө зайгүй байтугай төрсөн бие нэг юм шиг найз ч байдаг. Ийм дэмий юм ярьж хүүхдийн урмыг хугалж болохгүй. Энэ дууг би их таалж байна. Монголын залуучууд яагаад төрсөн өдрийн дуутай байж болдоггүй юм” гэж хэлж байсан. Ийм л улс байсан болохоор миний уран бүтээл хүнд хүрч байсныг үгүйсгэхгүй.

-Хэдэн зохиолчтой хамтарч уран бүтээл хийсэн бэ?

-Өө, маш олон зохиолч бий. Агуу шүлэг заавал дуу болох албагүй байдаг юм байна. Шүлэг шүлгээрээ үлдэх хувь зохиол гэж бий. Дуу болохгүй шүлэг гэж бий. Дуунд томдох шүлэг байдаг. Яруу найргийн агуу нь магадгүй үүнд оршдог ч байж болох. Яагаад шүлэг болгон дуу болчихоогүй юм. Чи бодож үзсэн үү. Тэгэхээр жинхэнэ яруу найраг гэдэг өөрийн тусгаар тогтносон ертөнц дотор, өөр хил хязгаартаа оршдог дотоод хөгжимтэй гайхамшигт зүйл юм. Маш олон уран бүтээлчид надад шүлэг, дуугаа дурсгал болгож өгсөн. Харамсалтай нь маш цөөхөн шүлэг дуу болсон. Энэ нь миний юм уу, эсвэл хэн нэгний, бүр цаг хугацааны буруу ч байж магадгүй. Сайн ойлгохгүй байна. Зарим шүлгийг би найз нөхөддөө ая зохио, дуул гээд дамжуулж өгдөг юм. Их хэцүү шүү дээ. Бараг сум бүр нэг Явуухулантай. Мань мэтийг очингуут тавын дэвтрийн голын хуудсан дээр гараараа сайхан биччихсэн шүлгээ архины гадуур өлгийдөөд л “За дүүдээ ая хүсч байна” гээд л барина шүү дээ. Тэр бүгд тэр чигээрээ Монголын ард түмний соёлын өв юм даа. Би нэг ч шүлэг гээгүй, бүгдийг хадгалж байгаа. Тоолохын аргагүй их өв надад хадгалагдаж байна.

-Аав тань Монголд алдартай уран барималч, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэгэн байсан.

-Эх орны төлөө амиа зольсон баатруудыг аав маань хөшөө дурсгалд бие сэтгэлээ шингээн мөнхлөн үлдээсэн. Өмнөговьд Түвдэнгийн Бор, Ховдод Үндэсний эрх челөөний төлөө тэмцлийн баатар Амарсанаа ван, мөн Ард Аюуш, Улсын баатар Б.Тэгшээ, Увсад Улсын баатар Б.Гиваан, Хөвсгөлд Улсын баатар Л.Даваадорж, Булганд Улсын баатар Х.Лхагвадорж, Хэнтийд Улсын баатар Х.Дамбын хөшөө гээд аавын олон бүтээл бий. Аав минь нэг удаа надад “Амарсанаагийн хөшөөг урлаж байхдаа аав нь Чингис хаан идэр залуудаа ийм л сүр жавхлантай хүн байсан болов уу хэмээн бодож хийсэн юм шүү” гэж хэлж байсныг нь мартдаггүй юм. Хожим нь номондоо энэ тухайгаа оруулсан байдаг.

-Та ЗХУ-ын Ленинград хотод суралцаж байсан. Сургуулиа төгсгөж чадаагүй гэсэн. Факт гаргасан уу?

-Хаяж ирэхээс өөр аргагүй байсан юм. Хоёр жил сурсан болсон гэх үү дээ. Тухайн үед Ленинградын Крупскаягийн нэрэмжит Соёлын дээд сургуульд элсэх чин хүсэлтэй байлаа. Дээгүүр доогуур их хөөцөлдсөн. Бүтээгүй. Москвад монгол оюутны асуудал хариуцсан манай нэг хүн байсан. Хэн билээ дээ. Тэр л жаахан сэтгэл гаргачихсан бол асуудал шийдэгдчих байлаа. Мөн Оросын Дээд боловсролын хороонд монгол оюутны асуудлыг хариуцсан Макрацова гэж хүүхэн байсан юм. Би хоёрдугаар давхарт нь байсан төгөлдөр хуураар тоглож, өөрийн зохиосон дуу, бас орос дуу дуулж өгч билээ. Тэгтэл тэр хүүхэн маш их догдолж “Чи жинхэнэ урлагийн хүн байна. Яах гэж материйн эсэргүүцэл үзээд, туйпуу хараад суугаад байгаа юм бэ” гэсэн. Нэгэнт зүрх сэтгэл маань хөгжим, рок урлаг руу зүтгэсэн болохоор сургуулиа орхиж Монголдоо ирээд л шууд “Баян Монгол” чуулгад дагалдан дуучнаар орсон. Жил орчим агуу дуучин Л.Оюунчимэг, Галхүү, Янжиндулам нартай хамт дуулж байлаа. Тэгээд л өөрийнхөө хүсэлтээр “Соёл эрдэнэ” хамтлагг дуучин, хөгжимчнөөр орсон.

-1980-аад оны манай эстрадын одууд болох тэр ах эгч нар цэл залуугаараа хорвоог орхисны учир юунд байсан юм бол оо?

-Урлагийн хүн гэдэг сэтгэлийн хөдлөл дээр аж төрдөг улс. Манайх эстрад болон рок урлагийн ертөнцийн олон сайхан уран бүтээлчээ цаг бусаар алдсан нь үнэн. Тэднийг тухайн үе нь ойлгоогүй. Тэднийг зарим шүтэн бишрэгчид нь ойлгоогүй. Тэд амьдарч буй нийгмээ мөн ойлгоогүй. Тэд хоорондоо бие биенээ ойлгоогүй. Ийм зөрчил, сэтгэл санааны уналт бүхэн тэдний амьдралыг богиносоход нөлөөлсөн болов уу гэж би боддог. Нам засгийн зүгээс нэг их дарамт шахалт бол байгаагүй байх. Зарим нэгэнд нь гавьяа шагналыг нь цагт нь гардуулчих сэтгэл төрд дутсан тал байхыг үгүйсгэхгүй. Хүн өөрөө сэтгэлийн амьтан. Урмаар амьдардаг. Олон улсын наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, уралдааны морь шиг явсан хүмүүс.

-1990 онд Монгол хөдөлгөөнд орж, үндсэндээ бүх зүйл орвонгоороо эргэж эхэлсэн байх аа?

-1990 он биш ээ. 1989 гээч. Өөрчлөлт шинэчлэлт гэдэг манайд эрт эхэлсэн. Би ухаандаа “Чингис хаан” дууг бүр цэрэгт байхдаа үгийг нь зохиосон. Бага даргын сургуулийн дивизид байхдаа л дуулж байлаа шүү дээ. 1980-аад оны дунд үеэр армийн “Оч” хамтлаг гэдэг чинь Монголын хөгжмийн ертөнцөд танигдчихсан байсан гэж болно.

-Та нар манай дивизионыг Зөвлөлтөд байлдааны пуужингийн харвалттай хээрийн сургуульд оролцож байхад дуулж байсан тэр бахдам үеэ нэг дурсаж кайф аваач.

-Сибирийн тайгад Монголын зенит пуужинчид үнэхээр шидийг үзүүлсэн дээ. Вьетнамын дивизион бүр оноогүй. Оросын Өвөр Байгал, Алс Дорнодын ангиуд нэг муу юм оносон болсон. Харин Монголын пуужингийн дивизион яалаа. Сая долларын пуужинг манай пуужин голоор нь нэг хуваагаад, унаж яваа хамгийн том сэгийг нь дараачийн пуужин дэлбэ авсан шүү дээ. Тийм хөөрлийн дунд бид бас хөөрлийн тоглолт хийсэн. Тэр алга ташин орилолдож байсан оросын баахан охид бүсгүйчүүдийг хаанаас, хэн авчирсан юм бол. Читийн сууринд бүгд л кайфтай, цэнгэлийн манлайд хүрсэн юм даа.

-Яг одоо юун дээр ажиллаж байна вэ?

-”Монголын рок нууц товчоо” гэдэг бүрэн хэмжээний антологи бүтээл дээрээ найм дахь жилдээ сууж байна. Ер нь нэг их яарч адгахгүй нухаж л байна. Хүмүүсийн намтар түүхийг улам нарийсгаж, дэлгэрүүлж байгаа. Агуулга нь бол 2010 оноор хаагдсан. Энэ жил хэвлэгдэх байсан ч дахиад түр хойшлуулж байна.

-Мартсанаас эртээд “Сахал” Нацагаа ахтай уулзсан. Бид дарс уугаад л сонсох дууныхаа захиалгыг өгөөд л байлаа. Мань хүн бүх дууг мэддэг юм билээ. Уриалгахан аргагүй гитардаж дуулж өгөөд л... Их гоё ах байна лээ.

-Аан, өмгөөлөгч үү. Би сайн санаж байна. Тийм улсуудыг хүртэл олж тогтоож байгаа. Тэр хүн тав зургаан жил гитар тоглож байгаад хаячихсан байж магадгүй. Гэхдээ л монголын рок поп ертөнцийн түүхийг бичилцсэн гавьяатнууд.

-Би хааяа нэг дууг үнэн сэтгэлээсээ дуулахаар нэг тийм ядрал мэдрэгддэг. Та нар их гэрэл дунд олон хүний нүдний урсгал дор дуулахаар их ядардаг байх даа.

-Миний хувьд дөрвөн цаг дуулахад ядрал байхгүй. Тэр байтугай зургаан цаг ч дуулж байсан. 1993 онд манай хамтлаг Сингапурт жил орчим ажилласан. Тэгэхэд бид өдөрт зургаан цаг дуулдаг байсан. Цаг тутам 15 минутын амралттай. Тэд дуртай дуугаа захиална, түүнийг нь дуулах ёстой. Англиар ярих, дуулах ёстой. Тийм хатуу ширүүн нөхцөлд хамтлаг өөрийн гэсэн хөгжим, аппаратур хэрэгслээ авах гэж жил гаруй мачийсан даа.

-Дээхнэ өөрөө “Дөрвөн мөртийн чуулган” бүтээгээд байсан. Гайгүй шүлгүүд харагдсан. Тэр маань хэзээ ном болж гарах гээд байна вэ?

-Яахав, алтан, мөнгөн үеийнхэн намайг дэмжиж явдагт баярладаг юм. Сэтгэлгээний их чөлөөлөлт Монголын утга зохиолд ноёрхоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд зохиолч, уран бүтээлчид чадлаараа бичлээ, сэтгэлээ. Орчлонд өөрийн дуу хоолойгоо үлдээх гэж бүгд л чадлаараа орь дуу тавилаа. Гайхамшигтай олон ном зохиол мөнхрөн үлдэж буйг үгүйсгэх аргагүй. Үүнийг мань мэт биш 100 жилийн дараа монголчууд яриад л сууж байна. Бид түүхийг бүтээлцэж буй учраас энэ бол их ойлгомжтой асуудал. Ойрмогхон яруу найргийн нэг түүврээ гаргана гэж бодож төлөвлөчихөөд байгаа. Бүгдийг нь цэгцэлчихсэн байгаа. Дахиад бас нэг шигшинэ дээ. Эргээд харахад есөн шидийн юм бичдэг байж. Бодрол шүлэг ч гэх шиг.

-Эмч нар таныг архи уу гэж зөвлөсөн гэл үү?

-Архи биш ээ. Улаан дарс. Хааяа ууна аа. Эмчилгээний журмаар уувал сайн, цус төлжүүлдэг гэсэн шүү дээ.

-Тамхиа бол татаж байгаа биз дээ?

-Шууд хаячихсан. Одоо хоёр жил болчихлоо. Хүн муу зуршлаа орхино гэдэг өөрийгөө ялах их ялалт юм билээ.

-Үнэн сэтгэлээсээ баярласан мөчийг дурсахгүй юу?

-1990 онд Казакстаны Алма-Ата хотын Медио цэнгэлдэх хүрээлэнд болсон Дэлхийн 28 улс оролцсон “Азийн дуу хоолой” наадамд “Чингис хаан” дуу маань III байрт шалгарч, тухайн ханшаар 5000 рубль, эрдэнийн чулуун шигтгээ бүхий алтан цом гардан авч байсан. Ер нь “Чингис хаан” дуу маань гадаадын гурван том шагнал авсны анхных нь энэ. Дараа жил нь Японы “Ямаха” пүүсийн ивээн тэтгэлэг дор дэлхийн шилдэг 16 хамтлагийн уралдаан Токиод зохион байгуулагдахад энэ дуу маань “Ямаха”-гийн нэрэмжит шагналыг хүртэж, мөн л 5000 ам.доллар авч байсан. “Морин хуур’’-ын Батчулуун, манай муу хөөмийч Ганболд гээд бид арвуулаа явсан. Манайхан “Чиний уран бүтээл юм чинь шагналынхаа талыг ав" гэсэн. Юу боллоо гэж би тэгэх билээ. Бүгдээрээ тэнцүү хуваагаад 500 доллараараа нэг нэг приставка сугавчлаад ирж байсан.

-Та “Чингис хаан” дуугаа пэлэн хэлээр дуулсан уу?

-Үгүй. Хүмүүс англиар орчуулчихсан байдаг юм билээ. Мэргэжлийн хөгжим судлаачид, хөгжмийн зохиолчид эл дууг их таашаадаг. Тэр ч байтугай “Ямаха” пүүс энэ дууг Олон улсын хэмжээнд эрхийг нь хамгаалах гэрээг надтай хийж, гэрээнд гарын үсэг зурсан юм. Монголын ардчилалд ч гэсэн хувь нэмэр оруулсан дуу. “Таны дуунд бид маш их зоригжиж, омогшиж, ухуулах хуудсаа нааж явлаа” гээд манай ардчиллын Бат-Үүлээс авахуулаад олон хүн ярьдаг. Аугаа их Жамцын Бадраа гуай энэ дууг сонсчихоод чанга тэврэн үнсээд “Монгол залуусын үндэсний бахархлыг төрүүлэхэд энэ дуу чинь маш их түлхэц болно доо, хүү минь” гээд нүдэнд нь нулимс цийлгэнэж байсныг санаж байна.

-Бас нэг шүлгийг нь бичсэн гоё дуу чинь юу билээ дзэ. Энэ хоолой дээр байгаад байна. Байз байз...

-Олон дуу байгаа байх аа. Чиний хэлээд байгаа чинь “Ерөөлийн дуу”. Бас “Аяа, анд минь хаалгыг минь тогшооч" байна.

-"Харийн нутаг давчдаад байна” гэдэг чинь Гадаад яамны Доржийн шүлэг гэл үү?

-Тийм. Гэхдээ яахав, нэлээд зассан. Ер нь дууны шүлэгт засвар орно шүү. О.Дашбалбарын шүлгийг ч гэсэн засдаг байлаа шүү дээ. Засварт орж дуу төрөхийг аль аль нь хүлээн зөвшөөрдөг юм. Маш олон нэртэй яруу найрагчдын шүлэг дээр ажиллаж, засаж байлаа гэвэл онгирсон болохгүй байх. Хэр баргийн хүнд олдохгүй онц эрх надад байв шүү.

-Энэ жилийн эцсээр их усны түлхэлт эхлэх тухай ёр бий. Гайгүй өнгөрлөө гэж бодоход ирэх хавар наран дээр их тэсрэлт болно. Яадаг билээ гэж шаналах юм. Бид ч яахав, үр нялхаст л халаг юм даа...

-Болох ёстой бол болдгоороо болог. Галав юүлнэ л биз. Айж ичих ч юм уу, ач холбогдол өгөх ч хэрэггүй. Нар нэг л өдөр ургахаа болино. Нарны явдлыг бид мэдэхгүй байж наана нь наль наль гээд яах ч юм билээ.

-Ойрд сонгууль монгуульд дайчлагдах уу, эсвэл...

-Ирэх сарын эхээр Америкийн зүг мордлоо. Тэр улсад анх удаа гэр бүлээрээ аялах гэж байна. Миний хувьд Америк руу арваад удаа явчихсан. Авгай хүүхдүүд минь анх удаа явж байгаа гэсэн утгаар. Бага хүү маань наймтай, охин маань тавтай. Үлгэрт итгэдэг үе нь л дээ. Тийм болохоор тэндэхийн хүүхэлдэйн баатрын вант улсыг үзүүлье гэж бодсон юм аа. Ойрд уулзсангүй дүү нэг шүлэг хэлээч.

-"Чингис хааны нутаг" гэдэг уянгын магтуу шүлэг хэлэх үү.

Мянга, мянганаар нүүдэлч төрх хувиршгүй
Маргашгүй гоо сайхны цахиур нутаг
Сансрын шимт мананцар, үүлэн хоормог
Савлаж халиадаг атар үйлдлийн чуулга
Сэлмээ сугалан өндийх залаат ханхар эрс
Сэлүүн сарны орон асар тэргэл төрхөм
Сэтгэлийг бясалгах тэргүүн хуварга хүмүүн
Сүр анирхан тал, дөрөө найрагтай хязгаар
Газраар үржих од, тэнгэрт ургах цэцэгс
Галав тэнцлийн ижий дэлгэр орон зай
Гадна усны түрлэгт ертөнцийн дүлийрэл
Галт мөсний чимээтэй дорнын тэгш өндөрлөг
Тасаршгүй хатаар сунан алдлах хийморь
Талын чонын заяат ивгээлт Монгол минь
Хатан гоо сэцдийн хүр эргэл уянга
Хаан богдын өлгий, эх орон мөн өө
Чилгэр улаан эрсийн чин аргил уухай
Чингис хааны нутаг, эх орон мөн өө
Чамайгаа би эрхэс зүүдэндээ манана
Чинад мандлаар өнөд оршоон дуулна
... За баярлалаа. Ингээд түр дуусгая.

Танд болон “Чингис хаан” хамтлагт эрэмгий цоглог уран бүтээл бүхнийг хүсье. 2012.06.19


Агаржин Жа.Баяраа

Эх сурвалж: "Урлаг, утга зохиол"