Дэлхийн түүхэнд сүүлийн дөчин жилд болсон хамгийн том улс төрийн үйл явдал нь ЗХУ бутарч коммунист эвсэл задран унасан явдал юм. Хэдэн арван жилийн туршид бүх дэлхийг залгихаар заналхийлж байсан коммунист хөдөлгөөн маш түргэн алга болж түүхийн хогийн саванд хаягдлаа. Энэ түүхэн чухал үйл явдлын гол хүн нь ЗХУ-ыг сүүлчийн зургаан жилийн хугацаанд нь удирдаж байсан Михаил Сергеевич Горбачёв байлаа.

 


1931 онд Оросын өмнөд нутгийн Ставрополь хязгаарын Привольное тосгонд төрж дунд сургууль онц дүнтэй төгсөж дөрвөн жил тракторчноор ажиллажээ. 1950- 1955 онуудад Москвагийн Их сургуулийн хуулийн ангид суралцаж байхдаа хамт суралцаж байсан Раиса Максимовна Титоренког эхнэрээ болгож авсан, 1952 онд коммунист намд элсчээ.

 

Хуульчийн мэргэжил эзэмшиж нутагтаа ирээд намын шугамаар дэвшиж 1970 онд мужийн намын хорооны дарга, 1978 онд Коммунист Намын Төв Хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргаар дэвшиж 1980 онд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн болов. 1985 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ЗХУКН-ын төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.

 


1966 онд Франц, 1967 онд Итали, 1983 онд Канад, 1984 онд Англид очиж өрнөдийн дэвшлийг нүдээр харсан учир түүнийг намын тэргүүнээр сонгогдоход түүнийг урьдын удирдагчдаасаа илүү орчин үеийн, либерал зүтгэлтэн болно гэж өрнөдөд талархан хүлээн авсан юм.

 


Засгийн эрх мэдлийг авах үед нь, ЗХУ зэвсэглэлд асар их хөрөнгө зарсаар байсан тул зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейгантай 1985-1988 онуудад Женев, Рейкьявик, Вашингтон, Москвад дөрвөн удаа уулзаж 1978 оны 12 дугаар сард Зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээг байгуулжээ. Энэ бол том гүрнүүдийн цөмийн зэвсгийг бодитойгоор хорогдуулсан анхны гэрээ байсан бөгөөд дунд тусгалын пуужингуудыг бараг бүгдийг устгасан юм.

 


Л.И.Брежневийн удирдлагын үед Зөвлөлтийн арми 1978 онд Афганистанд халдан довтолж дэлхий олон нийтийн дургүйцлийг төрүүлж АНУ тус улсын партизануудыг зөвлөлтийн агаарын хүчний цохилтын хүчийг сааруулсан “Стингер” пуужингаар хангах болсон үеэс удтал үргэлжилсэн, утга учиргүй дайнд татагдан орсон байв.

 

М.Горбачёв зөвлөлтийн цэргийн хохирлыг багасгаж улс орны нэр хүнд барсан дайныг зогсоохоор Афганистанаас зөвлөлтийн цэргийг гаргах гэрээнд 1988 оны эхээр гарын үсэг зурлаа. Гадаад бодлогодоо нааштай амжилт олохын зэрэгцээ дотоод бодлогын асуудлууддаа гол анхаарлаа хандуулж байв. Зөвлөлтийн үр ашиг муутай эдийн засгийг өөд татахын тулд “өөрчлөн байгуулалт” гэж нэрлэгдсэн өргөн агуулгатай хөтөлбөрийг дэвшүүлсэн.

 

Гэхдээ М.Горбачёв нь Маркс, Лениний сургаалыг баримтлагч, социализмд бүрэн итгэдэг хүн байсан учир коммунист тогтолцоог боловсронгуй болгох зорилгыг өмнөө тавьж байв. 1986 онд ил тод байдлыг зарласан нь түүний хамгийн хувьсгалт шинэчлэл байсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа, нийгэмд сонирхол татаж байгаа үйл явдлуудыг ил тод шууд мэдээлж байх, иргэд, хэвлэлийн газруудад улс төрийн асуудлуудыг хэлэлцэх бололцоо олгосон нь ил тод байдлын гол агуулга болж байлаа.

 

Зөвлөлтийн хэвлэлүүд засгийн газрын бодлого, коммунист намын үйл ажиллагаа, өндөр тушаалын түшмэд тэр ч байтугай Горбачёвыг шүүмжлэх эрхтэй болжээ.
1989 онд ардчилсан сонгууль явуулсан нь ЗХУ-д ардчиллын төлөө хийсэн том алхам байлаа. 1917 оноос хойш орос улсад хийсэн анхны нууц чөлөөт санал хураалтын үр дүнд хуучны удирдагчид огцорч зөвлөлтийн удирдлагад урьд нь тэрс үзэлтнүүд гэгдэж байсан хүмүүс суга дэвшин гарч ирсэн юм.

 


Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар зөвлөлтийн цэрэг байрласан европийн Болгар, Румын, Польш, Унгар, Чехословак, Дорнод Герман зэрэг зургаан оронд коммунист дэглэм тогтсон ч тэдгээр орны ЗХУ-д худалдагдсан удирдагчид нууц цагдаагийн алба, цэргийн хүчинд түшиглэн дөч гаруй жил оршин тогтнож байсан ч олны түмний дэмжлэг хүлээх байтугай дургүйцэл жигшлийг нь төрүүлж байлаа.

 


1961 онд босгосон алдарт Берлиний хана нь хоёр ертөнцийг зааглаж байсан бөгөөд Дорнод Германийг олон жилийн турш захирч байсан Э.Хонеккер ард иргэд нь өргөст торыг үл хайхран Баруун Герман руу зугтсаар байгааг болиулахын тулд 1989 оны аравдугаар сард эрс арга хэмжээ авсан нь олон нийтийн жагсаал цуглаанд хүргэв. Энэхүү хямралын үед Горбачёв Берлинд очиж өөрчлөлтийг түргэвчлэхийг Э.Хонеккерээс шаардаж жагсаал цуглааныг дарахад тус улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа зөвлөлтийн 380 мянга гаруй цэрэг оролцохгүй гэдгийг мэдэгдэв.

 


Энэхүү мэдэгдэл нь дорнод германы арми, цагдаагийн газрын үйлдэж болзошгүй байсан цуст аллагыг зогсоож жагсаалд оролцогчдын зоригийг нэмжээ. Шинээр сонгогдсон Дорнод Германы удирдагч коммунист Эгон Керенц 11 дүгээр сарын 9-нд Берлиний ханыг нээж Өрнөд рүү чөлөөтэй зорчиж болно гэж мэдэгдэв. Хэдэн сая германчууд Өрнөд Германыг нүдээр үзэж ардчилсан Герман гэгч нь дөчин жилийн туршид хэрхэн хүний эрх чөлөөг хязгаарлаж хөгжил цэцэглэлтийг чөдөрлөж байсныг мэдэрчээ.

 

Удсангүй Болгар улсад тус орныг Кремлийн заавраар удирдаж байсан Тодор Живковьг огцрууллаа. Унгарт засгийн газрын зөвшөөрснөөр 1989 оны аравдугаар сард болсон чөлөөт сонгуульд оролцсон сөрөг хүчин ялалт байгууллаа. Польш улсад коммунизмыг эсэргүүцэгчид 1990 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тус оронд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хэрэгжүүлэх шийдвэр гаргав.

 

1989 оны 12 дугаар сарын 15-нд Румыний Тимишоар хотод Н.Чаушескогийн дэглэмийн эсрэг хөдөлмөрчдийн жагсаал эхэлж хайрт удирдагч нь буудах тушаал өгчээ. Тийм харгис шийдвэрт дургүйцсэн олон түмэн “хайрт” удирдагчаа баривчилж 12 дугаар 25-ны өдөр түүнийг цаазлав. Ийнхүү Дорнод Европ дахь социализмын хамгийн сүүлчийн түшиг тулгуур унажээ.

 


Энэ бүх үйл явц нь дараах чухал үйл явдлуудын дөнгөж эхлэл байжээ. Үүнд нэгдүгээрт Чехословак, Унгараас зөвлөлтийн  цэрэг гарсан хоёрдугаарт чөлөөлөгдсөн орнуудад чөлөөт сонгууль болж коммунистууд ялагдал хүлээсэн, гуравдугаарт ЗХУ-ын холбоотон байсан бусад хэд хэдэн оронд марксист засгийн газрууд нь тухайлбал Ази тивд орших Монголд унасан, дөрөвдүгээрт хоёр Герман 1990 оны аравдугаар сард нэгдсэн.

 


ЗХУ-ын дотоодод өргөн их өөрчлөлт гарлаа. ЗСБНХУ нь хэзээ ч сайн дураар нэгдсэн улсууд байгаагүй бөгөөд үнэндээ оросын хаан байлдан дагуулалт хийж хүчээр нэгтгэн захирч байсан Оросын эзэнт гүрний залгамжлагч байсан юм. М.Горбачёвын зарласан ил тод байдлын нөхцөлд оросод хүчээр нэгтгэгдсэн олонх ард түмэн тусгаар тогтнолоо сэргээхийг хүсэж байгаагаа ил тод хэлэх болж төдсөнгүй зохион байгуулалттай хөдөлгөөн болон өрнөлөө.

 

Хамгийн түрүүнд бяцхан Литов улсад ЗХУ-аас тусгаарлах асуудлаар 1990 оны гуравдугаар сарын 11 -нд чөлөөт сонгууль болж тус улсын парламент ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнээс бүрмөсөн гарч байгаагаа зарлалаа.

 


М.Горбачёв литовчуудын шийдвэрийг шууд хууль бус гэж мэдэгдэж гаргасан шийдвэрээ нэн даруй цуцлахыг шаардаж ноцтой хор уршигтай байж болохыг сануулж эдийн засгийн бүслэлт хийснээ зарлаж сүр хүчээ харуулж тус улсын нийслэлд зөвлөлтийн танкуудын жагсаал хийлгэв. Гэвч М.Горбачёв бослого гаргасан мужуудыг хүчээр дарсангүй, литовын удирдагчийг баривчилж шоронд хийсэнгүй.

 

Ийнхүү литовчуудын бослогыг хүч хэрэглэн цус урсган дараагүй нь бусад бүгд найрамдах улсуудад нөлөөлж тэдний зоригийг бадраав Латвийн парламент хоёр cap хэлэлцсэний дараа ЗХУ-аас тусгаар улс байгаа тухай тунхаглал гаргав. ЗСБНХУ- ын хамгийн том бүгд найрамдах улс болох Орос улс 1990 оны долоодугаар сарын 12-нд тусгаар тогтнолоо зарлав. Оны сүүлч гэхэд бүх 15 бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолын тунхаглалаа гаргасан байлаа.

 


М.Горбачёвын үйл ажиллагаанаас үүдэлтэй ихээхэн өөрчлөлтөд дургүйцсэн хуучин үеийн коммунист удирдагчид, цэргийн эрхтнүүд 1991 оны наймдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гаргаж түүнийг баривчилсан. Бослого гаргагчид түүхэн үйл явцыг ухрааж болзошгүй мэт сэтгэгдэл анхандаа төрж байсан ч Оросын холбооны улсын ерөнхийлөгч Б.Ельцин зэрэг зөвлөлтийн нэр хүнд бүхий зарим удирдагч хуйвалдагчдыг эсэргүүцэж төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн юм.

 


Үйл явдал эрчтэй өрнөж Коммунист намыг эрх мэдлээс зайлуулж үйл ажиллагааг нь зогсоож хөрөнгийг хураав. 1991 оны сүүл болоход бүх бүгд найрамдах улсууд бүр мөсөн тусгаарлаж ЗХУ аяндаа алга болов. М.Горбачёв 1991 оны 12 дугаар сард байхгүй болсон улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцров.
М.Горбачёвын удирдлага дор ЗХУ-д асар их өөрчлөлт гарсан, ер нь бол зөвлөлтийн эдийн засгийн үнэхээрийн ядуу дорой байдал дэлхийн том гүрнийг задран унах, коммунист тогтолцооог сүйрэхэд хүргэсэн гол шалтгаан байсан юм.

 

Социализмын гол түшиг тулгуур болох ЗХУ-ын дотоодод гарч байсан нааштай өөрчлөлтүүд нь Дорнод Европийн социалист орнуудад ихээхэн нөлөөлж эдгээр орнууд өөрсдийн замаар урагшлах ёстой гэсэн зөвлөлтийн удирдагчийн удаа дараагийн мэдэгдэлд зоригжиж байлаа. 1989 оны аравдугаар сард Дорнод Германд олон нийтийн жагсаал эхэлж байдал туйлын эгзэгтэй болсон үед М.Горбачёв үйл явдалд биечлэн оролцож Дорнод Германий удирдагч Э.Хонеккерийг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг ятгасан төдийгүй тус улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан зөвлөлтийн цэрэгт тус улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг тушаасан юм.

 


Зэвсэглэлийг хорогдуулах, хүйтэн дайныг эцэс болоход М.Горбачёвын нөлөө маш их байлаа. Гэхдээ энэ үйл хэрэгт Р.Рейганы гавьяа их бий гэж үздэг хүмүүс бас бий. Зэвсэглэлээр хөөцөлдөхөд гарч байгаа зардлыг ЗХУ-аас илүү АНУ дааж гарч чадна гэдгийг бодитойгоор үзүүлж иймд хүйтэн дайныг зогсоох хэрэгтэй гэдгийг Р.Рейган зөвлөлтийн удирдагчдад ятган ойлгуулж чадсан хүн мөнөөс мөн. Гэвч Зэвсэглэлийг хорогдуулах гэрээ байгуулсны гавьяа М.Горбачёв, Р.Рейган нарт адилхан ногдоно.

 


Хүйтэн дайн нь АНУ, ЗХУ-д хоёуланд нь таагүй байсан гэж үзэж болохгүй Сталиний түрэмгийлэх бодлогоос АНУ айж байснаас үүдэн хүйтэн дайн эхэлсэн юм. Зөвлөлтийн удирдагчид дэлхий даяар коммунист нийгэм байгуулахаар мөрөөдөж байсан үед Өрнөдөд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс өөр арга байгаагүй юм. ЗХУ-д коммунист хоосон мөрөөдлөөс татгалзсан удирдагч гарч ирснээр хүйтэн дайн аяндаа зогссон юм.

 


ЗХУ-д коммунист намын эрх мэдлийг багасгаж ил тод байдлыг зарлаж хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг нээж улс орныг нийтэд нь ардчилах үйл явцыг М.Горбачёв санаачлан биечлэн хийсэн гавьяатай юм. Ил тод байдал нь ЗХУ эцсийн эцэст задран бутрах гол үндэс суурь болсон юм.
Коммунист дэглэмийн ялагдлыг түргэсгэхэд хүргэсэн олон үйл явдал байдаг.

 

Тухайлбал хуучин коммунист Артур Кестлер, Уиттакер Чемберс нар коммунист дэглэмийн жинхэнэ мөн чанарыг өрнөдийнхөнд тайлбарлан ойлгуулсан, зөвлөлтийн тэрс үзэлтэн Андрей Сахаров, Александр Солжиныцин нар Орос дахь “эрх чөлөөт” гэгдэгч нийгмийн үнэнийг хэлэх гэж амь насаараа дэнчин тавьж байлаа, Афганистан, Ангол, Никарагуа дахь партизанууд эдгээр улсад төрийн эрх мэдлийг коммунистуудад өгөхгүйн төлөө баатарлагаар тулалдаж байлаа, АНУ-ын улс төрийн удирдагч Гарри Трумен, Рональд Рейган нар америкийн зэвсэг, санхүүгийн арвин баялаг сан , Америкийн эрх чөлөөний үлгэр жишээг коммунист дэглэмийг дэлхий даяар түгээхийн эсрэг, уг дэглэмийг бүрмөсөн ялахын төлөө ашиглаж байлаа.


Гэвч 1985 онд М.Горбачёв төрийн эрхэнд гарах үед коммунист дэглэм мөдхөн унах нь гэж хэн ч бодоогүй байсан билээ. М.Горбачёв төрийн өндөр албан тушаалд сонгогдох үедээ ЗСБНХУ-ыг бутран тараах, ЗХУКН-ын үйл ажиллагааг зогсоох зорилго тавьж байгаагүй юм. Гэхдээ түүний явуулсан бодлого, хөдөлгөөнд оруулсан хүч нь дээрх зорилгыг биелэхэд хүргэсэн юм. Ийнхүү М.Горбачёв дэлхий ертөнцийн нүүр царайг эргэлт буцалтгүй өөрчилсөн билээ.