Улаанбаатар /МОНЦАМЭ/  ОХУ-аас Монгол Улсад бүцалтгүй тусламжаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчлан сэргийлэх 1,280,700 тун вакциныг  өнөөдөр манайд хүлээлгэнэ өглөө.
ОХУ-ын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэгдсэн О, А хэвшлийн тосон хүчлүүртэй 1,280,700 тун уг вакциныг ОХУ-ын Мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх цехийн дарга Д.В.Михайлишин Улсын мал эмнэлэгийн төв лабораторид хүлээлгэн өгсөн юм.
 
ОХУ-ын Мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх цехийн дарга Д.В.Михайлишин “Өнөөдөр Монгол Улсад хүлээлгэн өгч буй энэхүү вакцин нь 2017 оны 5 дугаар сард үйлдвэрлэгдсэн. Гоц халдварт өвчний төрлийг тодорхойлж, бүс нутгийн онцлогт тохируулан вакцинаа үйлдвэрлэхэн нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл бид зөвхөн Монгол Улсад тохирсон вакциныг үйлдвэрлэн түүнийгээ нийлүүлж эхэллээ. Түүнчлэн малын халдварт өвчин дэгдээд буй энэ үед Монгол Улсад тусламжийн гараа сунгасан анхны улс болж буйдаа баяртай байна” хэмээн онцлов.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны 6 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын ХХААХҮЯ-ны Сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн Сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Тэгвэл дээрх хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тал малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчлан сэргийлэх вакциныг нийлүүлж эхэлж байгаа нь энэ юм. Цаашид үлдсэн вакциныг тодорхой үе шаттайгаар Монгол Улсад нийлүүлэх ажлыг ОХУ-ын Холбооны мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төв, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газартай хамтран зохион байгуулах аж.
 
ОХУ-аас вакцин хүлээн авах ёслолын ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-ын Мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх цехийн дарга Д.В.Михайлишин, Нийслэлийн МЭГ-ын дарга А.Нарантуяа нар оролцлоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, 100 гаруй толгой мал устгалд оруулжээ. Түүнчлэн эдгээр бүсэд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа тухай Улсын мал эмнэлэгийн төв лабораториос мэдээллээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд нийт 260 мянган толгой мал байгаа ажээ.
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг