Хавайн нийслэл хот Хонолулуд явган зорчигчид зам хөндпен гарч явахдаа утсаар ярих, мессеж бичих эсвэл Кэнди краш тогловол торгох тухай шинэ хууль баталжээ. Энэ хуулиа “Ухаалаг утастай зомби” гэж нэрлэсэн бөгөөд энэ сарын 25-наас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
 
Хуульд зааснаар замын цагдаа нар “утаснаасаа дүүжлэгдсэн” хэнийг ч 35 ам.доллараар торгох эрхтэй гэнэ. Ийнхүү АНУ ухаалаг утасны хэрэглээг хориглосон анхны хоттой болов. Тус улсын Хурдны замын аюулгүй байдлын нийгэмлэгээс “2016 онд авто зам дээрх нас баралт 11 хувиар нэмэгдэж, 6000-д хүрч байна. Энэ нь ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой” гэж мэдээлжээ. Түүнчлэн Өсвөр насны хүүхэд утсаараа оролдож яваад трамвайд мөргүүлснээс хойш Германы Аусберг болон ОХУ-ын Москва хотод дээрхтэй адил арга хэмжээ авчээ. Мөн Хятадын Чуньчин хотод 2014 онд ухаалаг утасны хэрэглэгчдийг хурдан галт тэргэнд дайруулахаас сэргийлж, “ухаалаг утас”-тай зорчигчдын зам гэж тусад нь гаргажээ. Харин Энэтхэгт энэ оны гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд сельфитэй холбоотой ослын нас баралт 127 бүртгэгдсэн тул “Сельфи хориотой бүс” байгуулжээ.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр сонин"