Олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулгатай эх орон тусгаар тогтнол, Зэвсэгт хүчний үнэ цэнийн талаар ярилцлаа.
 
Таныг техникийн талын мэргэжилтэй хүн гэж сонссон. Яагаад сэтгүүл зүйн салбартай дөрөө нийлүүлчихэв ээ?
 
-Ер нь залуугаасаа энэ талын мэдээ, мэдээлэл цуглуулах сонирхолтой байсан. Харин сэтгүүл зүйтэй холбогдсон үе гэвэл 2006 оноос юм. Дэлхий ертөнц маш их өөрчлөгдсөн.Одоо бид нэлээд аюултай, чухал эрин үед амьдарч байна. Энэ нь одоо амьдарч байгаа хүний хувьд муу зүйл. Учир нь Хятадын нэгэн эрдэмтэн “Маш сонирхолтой үед амьдрах шиг гайтай явдал байхгүй” гэж хэлсэн байдаг. Дэлхийн геополитик, улс төрийн нөхцөл байдал, хүчний тэнцвэр, эдийн засгийн томоохон сорилууд гээд хэзээ мөдгүй яг тэсрэхэд бэлэн болчихсон бөмбөлөг шиг маш том үйл явдлууд цагаа хүлээгээд байж байна.
 
Тэгвэл тэдгээр томоохон өөрчлөлтүүдэд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх ёстой вэ?
 
-Монголчууд бид 1921 оны хувьсгалын үрээр одоо амьд яваа улс. Тэр үед азаар шахуу тусгаар тогтнолоо олж авсан. Арай гэж олж авсан тусгаар тогтнолоо өвөг эцгүүд маань 1939 онд тулалдаж хамгаалсан. Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн ард түмнийг дэмжиж, ар талын томоохон бааз, суурь болж оролцож явлаа. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн хүмүүс нь сайн тулалдаж, сайн хөдөлмөрлөсөн болохоор хойч үеийнхэн бид айх аюулгүй, амар тайван амьдарч байна. Гэвч дайн ба энх тайван үргэлж ээлжлэн солигдож байдаг гэдгийг мартах учиргүй. Мөнхөд амгалан амьдардаг улс гэж хэзээ ч байгаагүй, байх ч боломжгүй. Үүнийг манай өвөг дээдэс маш сайн мэддэг байсан. “Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэж” үг бий шүү дээ. Тэгвэл одоо Монголчууд бид хэтэрхий сайхан амьдарсаар байгаад энэхүү үнэнийг нэг мөр мартсан. Цэрэг, арми гэдэг ямар ч улсад байх өстой зүйл. Аливаа улс цэрэггүйгээр оршин тогтнох үндэсгүй. Гэтэл манай Засгийн газар энэ үнэнийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдгийг батлахдаа Зэвсэгг хүчин гэдэг үгийг мартсан. Гэтэл Монгол орны хувь заяа мөнхөд зэвсэг барьсан эрчүүдээс нь шууд хамаарч байсан. Тэр дундаа эргэн тойрон хүчирхэг улс байгаа цагт энэ салбар маш чухал. Социализмын үед улсын төсвийн талыг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг байсан. Гэтэл одоо төр Зэвсэгт хүчнээ мартчихлаа. Үүнээс гарах үр дагавар нь тун ойлгомжтой. Монгол Улс, Монгол хүн гэж байхгүй болно, эсвэл гадны улсын боол болно гэсэн үг. Өөр ямарч хувилбар байхгүй. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Улс үндэстнүүдийн түүх бэлхэнээ гэрчлэж байна.
 
Таны хэлж буй зөв. Манай Батлан хамааалах салбарын төсвийн ихэнх нь бидний цалин хөлсөнд зарцуулагдаж байна. Уул нь шинэ зэвсэг техних, сургалт, дадлагад дийлэнх хэсэг нь зарцуулагдаж баймаар...
 
-Манай Засгийн газар олон улсын байгууллага, бусад цэргийн эвсэлд нэгдсэнээр Батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийг ихээр танаж болно гэж үздэг. Ер нь зарим УИХ-ын гишүүд цэрэггүй байсан ч яахав гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Ямар ч улсын аюулгүй байдал энэхүү салбарт хөрөнгө хүч хэр их хаяснаас шууд хамаардаг. Дэлхийд АНУ хамгийн их төсвийг Батлан хамгаалах салбартаа зарцуулж байна. Батлан хамгаалах зардалдаа хамгийн их мөнгө цутгадаг ТОП 100 улсыг жагсаагаад ч АНУ-ын жилийн төсөвд нь хүрэхгүй байна шүү дээ.Харин манай улсын хувьд бүр эсрэгээрээ. Та бодоод үз, тарган цагаан туулай үнэг, чоно гээд махчин амьтад байдгийг мартаад ой модонд дураараа дэгдээд байвал яах вэ. Монгол Улсын Засгийн газар ийм л болчихоод байна. Үүнээс болж гадны ямар нэг улсын түрэмгий хүчний бодлогод идэгдэж, бэлэн хоол нь болно гэсэн үг. Үүнд ерөөсөө гайхах юм байхгүй. Бусад улс Зэвсэгт хүчнээ бэхжүүлээд түүнд их хэмжээний хөрөнгө зараад байдгийн шалтгаан нь тун энгийн. Хэрвээ дайн гарах юм бол зэр зэвсэгтээ хэмнэлт хийж байсан талаас хамгийн шилдэг хөвгүүд нь эх орноо хамгаалахаар муу ч гэсэн нөгөө зэвсгээ бариад дайсны өөдөөс сөрөн тэмцээд амиа алддаг жамтай. Энэ нь ямар ч улсад ашиггүй учраас Зэвсэгт хүчиндээ нэн тэргүүнд хөрөнгө оруулалт хийдэг юм. Зэвсэгт хүчнийг орчин үөийн зэр зэвсгээр заавал хангах хэрэгтэй. Бид чинь хэдэн мянган жилийн туршид үргэлж цэрэг эрсдээ л найдаж ирсэн ард түмэн шүү дээ. Одоо ардчилалтай боллоо гээд назгайрч ер болохгүй.
 
Гэхдээ манай улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, тусгаар тогтнолоо улс төр, дипломатын аргаар бэхжүүлж байна шүү дээ?
 
-Манай улс НҮБ-ын гишүүнийхээ хувьд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох ёстой. Жил бүр олон цэргээ дэлхийн халуун цэг рүү явуулж байна. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцлоо гээд манай улсын тусгаар тогтнолын байдал өчүүхэн ч бэхжихгүй. Засгийн газрын хэдэн залуус бодохдоо “Монгол Улс хилийн чанадад энхийг сахиулснаараа гадаад улс орнуудын энгийн иргэдийг зэвсэгт босогчдоос хамгаалж байна. Тэгэхээр эргээд манай улсад олон улсын байгууллагууд, цэргийн холбоо нь тус болох байх” гэж боддог. Гэвч тийм зүйл огтхон ч болохгүйгээр барахгүй, тухайн цагийн байдлын үед бүгд Монгол Улсын эсрэг чиглэнэ гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн будлианаас болж, манай хилийг даваад орж ирсэн гадаадын цагаачдыг хамгаална уу гэхээс Монгол Улсын Засгийн газрыг хамгаалахгүй. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хилийн будлиан үүсгэсэн дүрвэгсдийг сэтгэл санаагаар дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь тэднийг өрөвдөж, хайрласан байдлаар харуулах болно. Харин газар нутгаа харийн цагаачдаас хамгаалж буй Монгол цэргүүдийг алуурчид, түрэмгийлэгчид гэх зэргээр цоллож эхэлнэ. Ингээд дэлхийн улс орнууд бидний эсрэг хориг арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл бид ганцаараа буруутан болно. Ийм жишээ, ийм явдал, ийм гайг олон ч улс амсаж байгаа гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор энхийн цагт Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх шиг зөв алхам гэж үгүй. Монгол Улс хэдэн зуун жил оршин тогтнохдоо үргэлж том гүрэн байгаагүй. Төв Азийн энэ газар нутагт Монгол үндэстэн мөнхөд эзэн сууж байгаагүй. Гэхдээ л өвөг дээдэс маань Зэвсэгт хүчиндээ бүх зүйлээ зориулдаг байсан учраас 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутгийг бидэнд үлдээсэн. Хэрвээ бүгдээрээ лам болчихсон эсвэл газар нутгаа дипломат хэв маягаар хамгаална гээд зүтгээд байсан бол бид амьд үлдэж чадахгүй байсан. Тэгвэл XXI зуунд Монголчууд бид түүхэндээ анх удаа ийм тэнэг бодпого баримтлаж эхэллээ.
 
Гэхдээ манай улс геополитикийн хувьд хоёр их гүрний дунд байрладаг учир ийм аюулаас хол байх үндэстэй биш гэж үү?
 
-Хэрвээ Монгол Улс мөхөх юм бол дэлхийн хөрөнгийн биржүүд дээр юу болно гэж бодож байна. Хариулт тун энгийн. Хөрөнгийн биржүүд дээрх үнэт цаасны үнэ хэд дахин нэмэгдэнэ. Учир нь Монголын газар нутаг эзэнгүй болоод түүний доор байгаа асар их ашигт малтмал нь чөлөөтэй мөнгө болж хөрөнгийн биржүүд рүү цутгана гэсэн үг юм. Америкчууд хамгийн сайн индианыг үхсэн индиан гэж үздэг. Учир нь индианчуудыг хядсан учраас Америкууд ийм баян улс болж чадсан шүү дээ. Тэгэхээр глобал эдийн засагт Монгол устах нь ашигтай. Тиймээс монголчуудыг монгол цэрэг, Монголын Зэвсэгт хүчин л хамгаалахаас өөр замгүй.  Та хэллээ, бид хоёр их гүрний дунд хавчуулагдсан учраас Монгол руу хэн ч  довтлохгүй гэж. Үнэндээ  тийм биш. Тийм биш гэдгийг  учир мэдэх хуучны цэргийн дарга нар мэдэж байгаа. Энэ дэлхийд бид л ганцхан хаана ч байхгүй аюулгүй газар  амьдраад байгаа юм биш. Биднээс ч илүү аюултай бүсэд байрладаг, өндөр хөгжилтэй  улс орнуудад маш аюултай хил орчмын мөргөлдөөн, будлиан болсоор байна. Ямар ч жижиг улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй  байх ёстой. Түүнээс биш  заавал Хятад, Орос шиг  хүчирхэг арми байгуулах албагүй. Байгаль дээр хүртэл ямар ч жижиг шувуу, амьтан өөрийгөө хамгаалчих хурц савар, соёотой байдаг. Заавал арслангийнх шиг соёотой байна гэвэл шувууны аманд багтахгүй шүү дээ.Зэвсэгт хүчнээсээ ангижраад сүйрсэн улс орнуудын жишээ маш их. Гэхдээ бид тэднийг төдийлөн мэдэхгүй. Учир нь түүхийг ялагчид л бичдэг жамтай. Хэрвээ Монгол Улс мөхөх юм бол дэлхий даяар уйлж гашуудах байх гэж эндүүрэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэн ч тоохгүй. “Монголын хил орчимд мөргөлдөөн боллоо”, “Монголын Засгийн газар буруу бодлого баримталснаас энэ нь үүдэлтэй юм”, “Улс орнууд нэгдэж, Монголын эсрэг хориг арга хэмжээ авлаа” гэх зэргээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ мэт цөөхөн үг бичигдэнэ. Тэгээд л хэсэг хугацааны дараа бүгд мартдаг жамтай.
 
Монгол Улсын аюулгүй байдалд энэ олон шашин, шүтлэг хэрхэн нөлөөлж байна гэж Та боддог вэ?
 
-Зэвсэгт хүчний бэлэн байдалд шашин муугаар нөлөөлдөг.Шарын шашин орж ирснээр Монголд дайтах эрчүүд ховордсон шүү дээ.Монгол хүмүүс олон шашинд хуваагдах тусмаа хүч нь төдий чинээ тарна гэсэн үг. Шашны талд засгийн газар хариуцлагатай хатуу бодлого баримтлах нь зөв. Даяаршил гээд юм бүхнийг чөлөөтэй оруулж ирээд байж болохгүй. Социализмын үед бид маш том алдаа гаргасан. Өмнө нь манай газар нутаг дээр ганцхан үндэстэн амьдардаг байсан бол одоо хоёр үндэстэн амьдрах болсон.Энэ нь манай аюулгүй байдлыг сулруулж байна.Тун удахгүй Монголд хил орчмын будлиан ч юм уу, харь улсуудын урьдаас зохион байгуулсан ямар нэгэн халдлагад өртөж  болзошгүй тийм шинж тэмдгүүд илрэх болсон.Олон улсын гэрээ, хэлэлцээр, хуйвалдаанууд ч гараад эхэлснийг бид анзаарахгүй явсаар байна.
 
Манай Засгийн газар Ззвсэгт хүчиндээ хэр анхаарал хандуулж байна вэ?
 
-Монголын төр, Засгийн газар эх оронч байх ёстой. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудыг шүтдэг хүмүүсээр төр дүүрсэн. Тэдний эх орон нь Лондонд, Брюселльд байна. Лондон дахь миний авсан хэдэн сая долларын үнэтэй шинэхэн байшинд миний хүүхдүүд сургуульдаа ирж, очоод сайхан, амгалан амьдарч байна гэж тэд онгирч байна. Харин  Монгол Улсад  дунд, ядуу давхаргын улс л амьдарч байна шүү дээ. Учир нь эх орноосоо өөр тэдэнд байх газар үгүй. Ер нь тусгаар тогтнол, эх орноо ядуу хүмүүс л хамгаалдаг. Дамдины Сүхбаатар ядуу хүн байгаагүй гэж үү. Богд хааны цэрэгт ч мөн ядуу хүмүүс л алба хаадаг байсан. Баян хүн байсан бол юу боллоо гэж буудуулж үхэхийг хүсэх вэ. Тиймээс Чингис хаан шиг цэрэгтэйгээ хүйтэнд хөрч, халуунд халж, өлсөж, цангаж үзсэн хүн л засгийн эрхэнд гарч байж манай Зэвсэгт хүчин сайжирна уу гэхээс хүүхдүүд нь Лондон, Нью Йоркд сурдаг баячууд засгийн эрхэнд байгаа цагт тэд хэзээ ч Зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэхгүй. Энэ бол гашуун ч гэсэн үнэн үг. Бид чинь Зэвсэгт хүчиндээ бүхнээ зориулж байсан түүхтэй шүү дээ. “Өөрийнхөө орны цэргийг тэжээхийг хүсдэггүй ард түмэн өөр улсын армийг тэжээх болно” гэж Напалеон Бонопарт хэлснийг  санах хэрэгтэй. Одоо Төрийн эрхэнд байгаа хүмүүс зөвхөн гадаад улс оронд сайхан амарч, зугаалхыг л түрүүнд бодож байна. Гадаадын эрх мэдэлтнүүдийн сайшаалыг хүртэхийн тулд бүхнийг хийж байна. Энэ нь манай улсад ямар ч ашиггүй. Төрийн эрхэнд гарсан даруйд Америк юм уу, Европын орнуудад л айлчлах сонирхолтой. Гэтэл тэдгээр улсыг манай хоёр хөрш аль хэдийнэ дайснаа гээд зарлачихсан.Ийм л үйлдэл, бодлогоороо бид хоёр хөршөөсөө улам л хөндийрсөөр байна. Манайх шиг ямар ч аж үйлдвэр байхгүй улсад энэ нь маш хортой.
 
Хоёр хөршийн Зэвсэгт хүчин хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
 
-Хятад улсын хувьд ойлгомжтой. Жил ирэх тусам батлан хамгаалах салбарын төсөв нь геометр прогрессоор нэмэгдэж байна. Хятадын их удирдагч Мао Зедун ХАЧА-г хүчирхэг болгоно гэснээс хойш маш их дэвшил гарч байна. ОХУ-ын хувьд өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдээс  болж АНУ-тай байдал сайжирсан учраас Зэвсэгт хүчнийхээ чадлыг бага зэрэг бууруулж болно гэж үзсэн. Тухайн үед Оросын армийн офицерууд, цэргүүд маш хүнд байдалд байсан. Цалин байхгүй, нийгмийн хамгийн шоовдорлогдсон давхарга руу унасан. Гэтэл олон жилийн дараа Оросууд Америк, НАТО зэрэг дайсан байгааг ойлгосон. В.Путин 2007 оны Мюнхений бага хурлын индэр дээр хэлсэн үгэндээ “Оросын зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахад асар их ажил хийгээд эхэлчихсэн” гэсэн. Ингэснээр ОХУ үхлийн аюулаас мултарсан. Оросын цэргүүд яагаад Сирид байлдааны ажиллагаа явуулах болсон гээч. Энэ нь тун энгийн. ОХУ бол газрын тос, байгалийн хийгээ экспортлож амь зуудаг улс. Гэтэл Сири улсын цаана Катар гэж бий. Жижиг мөртлөө маш хүчирхэг улс. Байгалийн хий ч ихтэй. Тиймээс Катарын Эмир байгалийн хийг шингэрүүлдэг үйлдвэрийг маш их хөрөнгөөр байгуулаад Япон, Өмнөд Солонгост хүртэл түүнийгээ экспортлож байна. Мэдээж шингэрүүлж, савлаж зарах нь хоолойгоор дамжуулж зарснаас хэд дахин их өртөгтэй. Тиймээс Катаруудад Сирийн нутгийг дайруулж, цааш нь Европ руу хийн хоолой татах төлөвлөгөө байсан. Ингэхийн тулд тэдэнд Сирийн Засгийн газар байх ёсгүй байв. Учир нь тус улсын Засгийн газар Оросын холбоотон. Хэрвээ Башар Асадыг төрийн сэнтийгээс унагаж, хийн хоолой Сирийн нутгаар дайрах л юм бол Оросын байгалийн хий Европт ямар ч үнэгүй болно. Катар халуун орон учир хийг боловсруулах өөрийн өртөг нь маш хямд. Гэтэл ОХУ бүр Хойд туйлын 147 дугаар өрмөөс олборлож байна. Иймээс л В.Путин Сирийн газар нутгаас салж чадахгүй, байлдааны ажиллагаа явуулж, “Лалын улс” бүлэглэлээс газар нутгийг нь чөлөөлсөн юм. Энэ бол улс орныхоо ашиг сонирхол, эдийн засгийг Зэвсэгт хүчин нь аварч байгаа явдал юм.
Оросын III Апександр хаан “Орос оронд хоёрхон холбоотон байна.Тэр нь хуурай замын цэрэг, усан флот” гэж хэлсэн түүхтэй. Бидний хувьд ч мөн ганц найдаж болох холбоотон нь Зэвсэгт хүчин.Энэ бол туйлын үнэн.Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафи атомын бөмбөг, үй олноор хөнөөх зэвсгээсээ татгалзсаны дараа жилээс улс оронд нь бослого, хөдөлгөөн гарч, өөрөө тамлуулж үхсэн. Тэр үед Ливи асар их баян улс байсан. Өдөртөө хэдэн зуун баррель газрын тос олборлодог. Хэрвээ 18 нас хүрсэн хоёр иргэн гэрлэвэл улсаас үнэ төлбөргүй байр өгдөг. Ард түмэн нь улсдаа ямар ч татвар төлөхгүй. Залуусаа улсын зардлаар дэлхийн топ их сургуулиудад сургадаг байсан. Энэ бол хичнээн баян цатгалан, тансаг байлаа гээд Зэвсэгт хүчин нь улсаа хамгаалж чадахгүй бол мөхдөгийн жишээ. Ирак ч мөн адил хувь тавиланг туулсан. Өнөөдөр Багдадын төв гудамжинд хог цэвэрлэх ажпын байрны төлөө хоёр мянган хүн өрсөлдөж байна. Гэтэл Саддам Хуссейны үед ихэнх иргэд нь машин унадаг, хижээл насны эрчүүд нь дандаа дөрвөн эхнэртэй.Гэртээ хоол хийх нь тун ховор бөгөөд гудамжиндаа сууж, халал хоолоо зооглодог тансаг улс байлаа. Одоогийн байдлаар Зэвсэгт хүчиндээ хамгийн их анхаарал хандуулж, үүнийхээ ачаар бусдаар буулт хийлгэж чадаж байгаа улс бол Хойд Солонгос байна. Нэгэнт энэ улс руу хэн ч халдаж чадахааргүй, тийм том хөзөртэй болсон. Зэвсэгт хүчин гэдэг ийм л үнэтэй олддог, тусгаар тогтнолын баталгаа юм.
 
 Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
 Эх сурвалж:  "Соёмбо сонин"