sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монголын археологи - 2017” эрдэм шинжилгээний хурлын үеэр Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын доктор, дэд профессор Г.Эрэгзэнгийн тавьсан илтгэл шилдгээр шалгарсан билээ.
Тэрбээр Монгол-Солонгосын хамтарсан “Соёлын өвийн судалгаа шинжилгээ” төслийн хүрээнд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа удирдаж буй юм. Монголын археологчид Солонгосын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн судлаачидтай хамтран 2016 оноос хойш тус газарт судалгаа хийж байгаа аж. Түүнтэй судалгааных нь талаар ярилцсан юм.
 
-Хүннүгийн үеийн голлох дурсгалууд Монгол Улсад хаагуур тархсан байдаг вэ?
 
-Хүннү бол өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан том эзэнт гүрэн. Хүннүгийн газар нутаг баруун тийшээ Тэнгэр уул, зүүн тийшээ Манжийн гурван муж гэж ярьдаг Хятадын зүүн хойд нутаг, урагшаа Цагаан хэрэм, хойшоо Байгал нуур хүрч байсан. Энэ газар нутагт Хүннүгийн оршуулга, хот суурин, хадны зургийн дурсгал олноор олддог. Зөвхөн оршуулгын дурсгал гэхэд 10 хэдэн мянга илрээд байна. Тэр дотроо 12 мянга нь Монгол нутагт байгаа юм. Булшны төвлөрөл ер нь манай нутагт байдаг. Харин манай улсын гадна олдсон онцлох төвлөрлийг дурдах юм бол өвөр Байгалийн нутаг дахь 2 мянга орчим булш байна. Манай нутагт одоогоор илэрсэн нь 12 мянга шүү дээ. Эдгээр булш нийт 350 орчим дурсгалт газарт тархсан. Монголын нутагтаа аваад үзэхэд эдгээр булш төвийн бүс, Хангай, Хэнтийн нурууны нутагт төвлөрч байдаг. Түүнээс гадна Хүннүгийн язгууртны гэж ярьдаг Шаньюйн удмынхны булш мөн Монголын нутагт төвлөрдөг. Үүнд алдартай Ноён уулын дурсгалаас эхлээд, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Сэлбийн дурсгал, шинээр илэрсэн Хялганатын дурсгал гэх мэт олон тооны язгууртны булшийг нэрлэж болно. 
 
 
-Чихэртийн зоод З00 орчим булш байна гэж та илтгэлдээ дурдсан. Энэ олон булш хэр том талбайг хамарч байна вэ?
 
-Чихэртийн Зоо хэмээх дурсгалыг 2013 онд археологийн авран хамгаалах судалгааны явцад илрүүлсэн. Авран хамгаалах судалгааг тухайн бүс нутагт явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажил эсвэл уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хийдэг. Тухайн газарт Хятадын компани жоншны хайгуулын лиценз авсан юм билээ. Улмаар манай хүрээлэнгээс судалгааны баг томилогдон ажиллаж, бараг лицензтэй талбайг дүүргэх хэмжээний олон дурсгал байгааг илрүүлсэн. Булшны тоо, хэмжээнийхээ хувьд их сонирхолтой, дээрээс нь говь, хээрийн залгаа бүсэд илэрсэн томоохон оршуулгын газар учраас судалгаа хийх шаардлагатай гэж үзэн 2016 оноос малтлага судалгаа эхэлсэн. 
Бид анх судалгаагаа эхлэхдээ дурсгалын тархацын дэвсгэр зураг үйлдсэн. Уг зургийг 5 км урт, 2-3 км өргөн талбайд хийж, 287 булш бүртгэсэн. Гэхдээ 287 эцсийн тоо биш л дээ. Зураглал хийсэн талбайд л тоологдсон булш. Сүүлд энэ талбайгаас гадуур хэд хэдэн дурсгалыг илрүүлсэн. Тийм учраас энэ газарт дор хаяж 300 гаруй булш байгаа нь тодорхой бөгөөд бүртгэлээ шинэчлэх төлөвлөгөөтэй байна. Ер нь Хүннүгийн булшнууд оршуулгын газар маягтайгаар нэг дор олноороо буюу 100, 200, 300 эсвэл 10, 20, 30-аараа байдаг. Чихэртийн зоогийн дурсгалыг бусад газартай харьцуулбал нэлээд том талбай эзэлсэн, булшнууд хоорондоо нэлээд зайтай байгаагаараа онцлог юм.
 
-Нийт 300 орчим булшнаас хэдийг малтаад байна вэ? 
 
-2016 онд бид хоёр булш сонгож малтсан. Бөөнөөрөө байгаа хэсэг булшнаас сонгож байгаад 18, 12 метрийн голчтой хоёр булшийг судалсан. 2017 онд дөрвөн булш судлаад байна. Мэдээж бүгдийг нь малтахгүй. Бидэнд судалгааны зорилго гэж бий. Оршуулгын газрын он цаг, бий болсон үйл явц, бүтэц зохион байгуулалт, олдвор эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь судалж, дүгнэлт хийх зорилготой. Дараа нь бусад Хүннүгийн үеийн дурсгалтай харьцуулж, орон нутгийн соёлын ялгарал эсвэл соёлын нэгдсэн хэлбэр байсан эсэхийг тогтоох юм.
 
-Чихэртийн зоогийн дурсгалд 2017 онд хийсэн судалгааны үр дүнг сонирхуулбал? Ямар эд өлгийн зүйлс олдсон бэ?
 
-2017 оны 6.18-7.18-ны хооронд судлаачид, оюутнууд, туслах ажилтнуудаас бүрдсэн 30 гаруй хүнтэй баг малтлага хийлээ. Бид нэг том булш, түүний зүүн талд буй хоёр дагуул булш, мөн гол булшнаас урагш 200 метр орчмын зайд байрлах нэгэн булшийг судаллаа. Малтлага судалгаа маш хүнд байсан тул олон туслах ажилтан, оюутан дайчлагдсан. Газрын хөрс хатуу, шаварлаг байсан учраас жоотуугаар малтахад ч хүндрэлтэй байв. Үүдэвчгүй булш учраас малтахад багагүй төвөгтэй, кран ашиглаж малтлага явууллаа. Малтлагын явцад хүннү булшинд илэрдэг бүтэц, зохион байгуулалт ажиглагдсан. Булшны нүх 12 метр гүн байсан нь нэлээн гүнд тооцогдоно. 8 метрийн гүнээс эхлээд тэрэгний үлдэгдэл мэдэгдэж эхэлсэн бөгөөд түүнээс доош нэг метр ухсаны дараа модон бунхны таг цухуйж эхэлсэн. Булшны модон бунхан маш том хэмжээтэй, таган дээр нь хоёр сүйх тэргийг зүүн баруун талд нь шахаж тавьсан байсан. Сүйх тэрэг нь маш онцлогтой, өмнө нь гарч байсан тэргүүдийг бодвол хэлбэрийн хувьд арай өвөрмөц, дөрвөн дугуйтай байна. Ийм тэрэг өмнө нь Монголоос олдож байгаагүй. Тэрэгний зүүн талынх нь алтаар шарсан хүрэл тоногтой, баруун талынх нь төмөр тоногтой байсан. Бунхны таг доошоогоо ялзралын явцад цөмөрч орсон, дээр нь булшийг эрт цагт тонож сүйтгэсэн байсан. Бунхны өндөр 1.5 метр байсан болов уу гэж таамаглаж байна. Бунхан дотор хүн чөлөөтэй орж гарах орон зай байсан нь илт, тагийг нь цоолж ороод доторхийг нь тухтайгаар үзэж тоносон байна. Бунхны шалыг хүртэл цөмөлж шалгаж үзсэн байхыг бодвол нэлээд тухтай тоносон гэж үзэж байгаа. Тонуулчид тухтай тоносон учраас олдвор багатай, илэрсэн зүйлсийн ихэнх нь тэрэгний холбогдолтой эд зүйлс байлаа. Бунхны хойд талаас цөөн тооны олдвор олсны дотор маш жижигхэн алтан сэнсний хэлбэртэй олдвор, алтан хээгээр чимэглэсэн чий будагтай эдлэл, хүрэл эдлэл зэрэг байна. Хүрэл эдлэлийг бид юу гэдгийг мэдэхгүй байсан боловч өнөөдөр Ц.Төрбат докторын илтгэлд төстэй хэлбэр бүхий дэнгийн цөгц үзүүллээ. Тэгэхээр магадгүй дэнгийн цөгцний суурь байсан болов уу гэж үзэж байна. Мөн том хэмжээтэй чулуун бул, тухайн үед булшийг малтахад хэрэглэж байсан, оньсон текникийн үлдэгдэл хэмээн таамаглаж байгаа чулуун бул малтлагын явцад нэлээн дээрээс олон тоогоор гарсан. Өмнө нь иймэрхүү чулуун эдлэл Архангай аймгийн Гол модны дурсгалаас гарч байсан. Ер нь хүннү булшнаас иймэрхүү оньсон багажны үлдэгдэл олддог. Энэ булш нь зүүн талдаа хоёр дагуул булштай, мөн хоёулаа тоногдсон байсан. Гэвч дагуул булшнаас бугын ясан наалт, хазаарын хүрэл тоног, ясан болон хүрэл зэв гарч ирсэн. Дагуул булшнаас олдсон хүрэл зэвний хэлбэр Увс аймгийн Чандманийн дурсгалт газраас олон тоогоор олддог зэвтэй төстэй байна. Дөрөв дэх булш ч мөн тоногдож, зөвхөн тахилын хэсэг үлдсэн байсан.
 
 
-Чихэртийн зоогийн дурсгал юугаараа онцлог юм бэ?
 
-Одоог хүртэлх судалгааны үр дүнд хүннү булшийг гадна талын чулуун байгууламжийн хэлбэрийг харгалзан өмнө талдаа үүдэвчтэй дөрвөлжин болон цагариг гэж хоёр ангилан үздэг. Эхний дөрвөлжин хэлбэртэй булшийг язгууртны, ялангуяа Шаньюйн удмынхны оршуулга гэж үздэг бөгөөд маш баялаг, том хэмжээний булшнууд юм. Цагариг хэлбэрийн булш ерөнхийдөө үүдэвчтэй булшнаас хэмжээгээр жижиг, ихэвчлэн 6-10 метр орчмын голчтой байдаг бөгөөд жирийн иргэдийн булш гэж үздэг. Зарим газар 15 метрийн голчтой дугуй булшнууд ч бий.
Чихэртийн зоогийн дурсгалын хувьд газрын өнгөн хөрсөн дээр мэдэгдэж байгаа чулуун байгууламж цагариг хэлбэртэй ч голч нь харьцангуй том байна. Дунджаар 15 метр, тэгээд 20, 25 метрийн голчтой булшнууд байгаа юм. Түүнээс гадна энд 50 метрийн голчтой булш ч бий. Ийм хэмжээний голчтой булш манай нутгаас маш цөөхөн олдсон. Бидний энэ жил малтлага хийсэн гол булш 20 метрийн голчтой, одоогоор Монголд судлагдсан цагариг хэлбэрийн булшнуудаас хамгийн том нь. Эдгээр булш гадаад бүтэц зохион байгуулалтын хувьд том, нүх нь гүнзгий байсан нь жирийн иргэдийн булшинд тохиолддоггүй өвөрмөц онцлог юм. Түүнээс гадна бунхны таган дээрээс илэрсэн дөрвөн дугуйтай хос тэрэг өмнө нь гарч байгаагүй шинэ олдвор.
Булшны бүтэц, зохион байгуулалт, дагуул булшнаас гарч байгаа зэвний хэлбэрийн харьцуулалтад тулгуурлаад магадгүй НТӨ III-II зуунд холбогдох боломжтой гэж бид таамаглаж байна. Хэрвээ үнэхээр энэ он цагт хамаарах дурсгал мөн бол одоогоор Монголд илэрч малтан судлагдсан булшнууд дунд харьцангуй эрт үеийн дурсгал болох юм. Тиймээс энэ дурсгалын ач холбогдол өндөр.
Ялангуяа 50 метрийн голчтой булш анх удаа олдсоноороо онцлог. Энэ булш Хүннүгийн язгууртны булштай харьцуулахад ч томд тооцогдоно. Энэ булш ч мөн гаднаас нь харахад тоногдсон нь илт байгаа юм. Булшны ил хэсэгт оршуулгын нүхнээс гаргаж хаясан шороо нь илт мэдэгдэж байсан бөгөөд дотор нь зориудаар жижиглэж хагалсан галт уулын чулуунууд их байна. Бидний өнгөрсөн жил малтсан булшны бунхны гадна талаар ингэж жижиглэсэн чулуугаар чигжээс хийсэн байсан. Тэгэхээр магадгүй энэ булшны дотор байсан чулуу тонуулчдын гараар ил гарсан байх. Энэхүү булшны гадуур 8 ширхэг цагариг хэлбэрийн дагуул булшнууд байгаа.
Эцэст нь хэлэхэд, өмнө нь жирийн иргэдийн булшийг цагариг хэлбэртэй гэж үзэж ирсэн таамаглалыг няцаах, магадгүй язгууртны булш ч цагариг хэлбэртэй байж болохыг харуулахад энэ судалгааны ач холбогдол оршиж байна. Хүннүгийн булшнууд цагариг хэлбэртэй байж байгаад, НТӨ I зууны дунд үеэс эхлэн язгууртан, жирийн иргэдийн булшийг ялгаатай байгуулах оршуулгын зан үйл бий болсон байж болох таамаглалыг гаргаж болохоор байна.
 
 
 
-Булш тоногдсон гээд байгаа шүү дээ. Тонуулаас үлдсэн эд өлгийн зүйлсийн цаг хугацааг тогтооход хэр хүндрэлтэй вэ? 
 
-Ер нь Монголын болон Евразийн нутагт Хүннүгийн 1000 гаруй булшийг малтан судалсан байх. Тэр дунд тоногдоогүй булш маш цөөхөн. Маш цөөхөндөө нэг, хоёроос хэтрэхгүй. Булш тоногдсон гээд байгаа асуудал орчин үеийн асуудал биш юм. Хүннү гүрний мөхлийн дараа газар нутагт нь бүрэлдэн тогтсон улсуудын үед өмнөх үеийнхээ үлдээсэн зүйлсийг сүйтгэх явдал элбэг байсан. Оршуулгыг нь сүйтгээд, ясыг нь гаргаж ирж, өс хонзон авах зан үйл түгээмэл байсан нь харагддаг. Дээр нь хүннү булш асар их хэмжээний алт мөнгө агуулдагтай холбоотой сүйтгэж, тонодог байсан. Хэрвээ тоногдоогүй байсан бол асар их мэдээлэл өгөхөөр эд өлгийн зүйл, дурсгал гарч ирэх байсан нь тодорхой. Олдворуудын он цагийн шинжилгээг хэд хэдэн газарт явуулсан. Хариу нь удахгүй ирэх байх.
 
-50 метрийн голчтой булшийг энэ жил судлах уу? Цаашид уг судалгааг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
 
-Үгүй ээ. Энэ булш одоогоор Монголд олдсон хамгийн том цагариг хэлбэрийн хүннү булш. Ирээдүйд үлдээх хэрэгтэй. Одоогийн байдлаар бид Чихэртийн зоод хийсэн 2 жилийн малтлага судалгааныхаа үр дүнг хэвлэн нийтлэхээр зорьж байна. Энэхүү судалгааны тайлан номыг ирэх жил хэвлэх төлөвлөгөөтэй байна. Түүний дараа цаашид яаж ажиллах нь тодорхой болно.
 
-Археологийн дурсгалт газар нь тодорхой болсон юм чинь уул уурхайн лиценз нь цуцлагдах уу?
 
-Уг лиценз нь хайгуулынх юм билээ. Маш олон түүх соёлын дурсгал илэрсэн тул тухайн газарт уул уурхайн үйл ажиллагаа явах боломжгүй юм.
 
-Чихэртийн зоог цаашид хамгаалах ажлыг хэрхэн хийх вэ?
 
-Тухайн дурсгалыг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломж байхгүй тул газар дээр нь хамгаалах ёстой болох байх. Уг газрын ач холбогдлыг бид сум, орон нутгийнханд ойлгуулж байгаа. Судалгааныхаа тайланг өгдөг. Хамгаалалтын ажлыг Соёлын өвийн үндэсний төв хариуцдаг. Цаашдаа улсын бүртгэлд орсон, судалгааны ажлын үр дүн гарсан газар болохоор газар дээр нь хамгаалах арга хэмжээ авагдах байх.
 
-Танд баярлалаа
 
Х.Аминаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг