Бидний эрчүүдээс хайдаг хэдхэн нийтлэг шинж чанар байдаг. Эхнийх нь өөртөө итгэлтэй байдал. Дараагийнх нь тодорхой хэмжээний хөрөнгө чинээ. (Жирэмсний амралтаа авсан үедээ ч болов мөнгөнд санаа зовохгүй байхыг хүсдэг л биз дээ?) Хамгийн сүүлд үр хүүхдэд нь сайн аав болж чадах эсэхийг.
Гэхдээ бид хайр дурлалын нөлөөнд автаад, түүний “эцэг болох потенциал”-ыг хэмжиж үзэлгүйгээр амьдралаа даатгачих тохиолдол олон бий. Тэгвэл “Чи хүүхдэд хайртай юу?” гэж асууж түүнийг айлгалгүйгээр, сайн аав болж чадах эсэхийг нь тогтоох шалгууруудыг танилцуулж байна.


1.Тэр ээждээ сайн ханддаг.

Тэр гэр бүлийнхээ хувьд эр хүнийхээ үүргийг хэр сайн биелүүлэх бол? Ээжтэйгээ яаж харьцаж байгааг нь л эхлээд харчих. Түүнийг хүндэтгэж байна уу? Түүнтэй цуг инээлдэж байна уу? Ээж дээрээ очих дуртай байна уу? Гэрийн ажил, хүнс дөхүүлэх зэрэгт нь тусалж байна уу? Хэрэв эдгээр асуултуудад чи “тийм” гэж хариулж байвал тэр чамайг ч бас ээж болсон хойно ингэж хандана гэсэн үг.



2.Тэр аминчхан биш.

Эцэг эх болоод хамгийн түрүүнд суралцах ёстой зүйл юу байдгийг мэдэх үү? Өөрийгөө нэгт биш хоёрт тавьж сурах! Өөрийгөө хорвоогийн төв цэг дээр зогсдог гэж боддог эртэй учирсан бол болгоомжлоорой. Эгоны түвшин хэт өндөртэй залуу нялх хүүхдээсээ эхнэрээ харамлаж эхэлдэг балай гэмтэй.



3.Тэр хэт маягтай биш.

Хүүхдүүд бол хувцсаа заваартуулж, гарандаа чихэр нялж байж л хорвоог таньж мэддэг ховорхон ертөнцүүд. Тиймээс бохир живх хараад сэжиглэхгүй, хүүхдийнхээ гулгихыг хараад муухай царайлахгүй эр хүн чамд хэрэгтэй. Тийм эрчүүд л ирээдүйд охинтойгоо цуг элсэн дээр тоглож, шавартай үед ч хүүтэйгээ хөлбөмбөгдөж чадна.



4.Тэр сайн ах.

Тэр дүү нараа дагуулж кино үздэг үү? Тэр хамаатныхаа дүү нарын төрсөн өдрийг мартдаггүй юу? Тэр үеэл дүү нарынхаа зургийг Facebook дээрээ тавиад “Хорвоогийн хөөрхөнүүд” мэтийн хайр шингээсэн тайлбар бичдэг үү? Өсвөр насны дүүдээ амьдралын ухаан зааж өгч байгаа ахын ухаанаар нь ч түүнийг ирээдүйд сайн аав болохыг таньж чадна.



5.Тэр хамтрагчаасаа зөвлөгөө авахдаа дургүйцдэггүй.

Хэн нэгнээс зааварчилгаа авах дургүй, “их мэдэгч”-ийн дүртэй эрчүүдээр аав болсных нь дараа туслуулна гэж санасны ч хэрэггүй. Тэр тус болохоосоо ус болно. Хүүхдээ яаж угжих, яаж усанд оруулах, яаж өлгийдөхийг нь зааж өгөх гэж бөөн юм болох вий. Бүхнийг өөрөө мэдэж хийхийг оролддог эрчүүд нэг талаараа амар хэдий ч, гэр бүлийн амьдралд асуудал дагуулах нь их. “Томилолтоор явахдаа дахиад нэг дотоож цүнхэлчих”, эсвэл “Ирэх долоо хоногт манай авга ахын төрсөн өдөр шүү. Битгий мартаарай” гэж хэлэх тоолонд чинь цухалдах эр чамд хэрэггүй биз дээ?



6.Тэр “алиа”.

Хүүхдүүдтэйгээ сайхан харилцаатай байдаг аав нар хошин шогийн мэдрэмж сайтай байдаг. Уйлаад байгаа хүүхдээ алиалагчийн царай гаргаад л амархаан инээлгэчихдэг эр бяцхан зулзагануудынхаа хайрыг татсан аав байж чадна. Мөн тэр маш уян хатан, жижиг сажиг асуудалд сүржигнэдэггүй буурь суурьтай байх ёстой. Хүүхэдтэй болоод ирэхээр гэнэтийн төлөвлөгөө олон гарч ирдэг ба, урьдаас төлөвлөсөн олон зүйлс ч түүнийгээ дагаад цуцлагддаг. Үүнд бухимдахааргүй уужуу дөлгөөн эр хүн сайн аав болж чадна.


Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”