sonin.mn
МУИС-ийн Ази судлалын танхимын багш, хятад судлаач, доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Мэнэрэлийн ЧИМЭДЦЭЕЭТЭЙ ярилцлаа. Тэрбээр хятад хүний сэтгэлгээний онцлог, энэ улсын соёлыг дагнан судалдаг Монголын цөөн судлаачийн нэг юм.
 
- "Нэг бүс, нэг зам" хэмээх санаачилгыг өрнүүлээд таван жил өнгөрлөө. Энэ санаачилгыг энгийнээр тодорхойлбол?
 
-БНХАУ сэргэн мандаж, хүчирхэгжин, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц зах зээлийг хөгжүүлээд зогсохгүй даян дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өргөн уудам орон зайг буй болгож, Ази, Европыг холбосон, XXI зууны эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ хэв загвар цогцлоохыг зорьж байна. Учир нь, "Нэг бус, нэг зам" төсөлд зам дагуу орших 65 улс, 4.4 тэрбум хүн хамрагдах бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 63 хувийг эзэлдэг. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин "Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй. Улс орнууд нэгэн дэлхий дээр зэрэгцэн оршиж байна. "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалт нь хамтдаа хэлэлцэх, бүтээх, хамтдаа хүртэх зарчмыг баримтална. Хаалттай бус нээлттэй, уужуу хүртээмжтэй байна. Дан ганц Хятад улсын гоцлол биш зам дагуух улс орнуудын их найрал байна" гэж онцолсон байдаг. Энэ бол "Нэг бүс, нэг зам"-ын мөн чанарыг илтгэсэн үг. Тухайн төсөл санаачилгын зарчим нь хамтдаа бүтээж, хамтдаа хожиход оршино. Өмнө нь харилцан ашигтай гэж ярьдаг байсан бол одоо хамтдаа хөгжих бодлогыг хэрэгжүүлдэг болжээ. Мэдээж Хятад улс дэлхий ертөнцөд нөлөөгөө ихэсгэх гэсэн хэтийн том зорилт тавьж, энэ санаачилгыг эхлүүлсэн. Гэхдээ энд хамрагдаж буй улсууд бүгд ашиг хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, чи бага, би ихийг авна, чи мууг, би сайныг нь авна гэсэн үг биш. Ийм том зорилтод Монгол Улс идэвх санаачилгатай оролцох ёстой. Гэтэл манай улсын оролцоо тун бага байх шиг санагддаг.
 
-Тэгэхээр "Нэг бүс, нэг зам" нь улс төр, эдийн засгийн төдийгуй үндэстэн, улс орны соёлын хүрээг хамарсан лут санаачилга байх нь ээ?
 
-Өнөөдөр улс орон бүр ижил хөгжиж, хүн төрөлхтний хувь заяаны тэгш нэгдлийг бий болгохыг зорих боллоо. Хүн төрөлхтөний янз бүрийн соёл иргэншил үнэ цэнийн хувьд эрх тэгш бөгөөд бүгд өөр өөрийн давуу, бас сул талтай. Дэлхий дээр төгс төгөлдөр соёл иргэншил гэж байхгүй Соёл иргэншилд дээр доор, сайн муугийн ялгал гэж үгүй. Соёл иргэншил бүхэн өөрийн өвөрмөц онцлогтой. Соёл иргэншлийн тухайд яг хуулбарлан дуурайх, хүчээр нялзаах нь боломжгүй төдийгүй, туйлын хортой. Гагцхүү уужуу өгөөмөр байваас "соёлын мөргөлдөөн" гэгч үгүй болж, соёл иргэншлийн зохицол буй болно. Дэлхий ертөнц улам бүр даяаршиж, энэ давалгаа нь ямар ч хүч тогтоон саатуулж үл чадах нэгэн их түрлэг болсоор, дэлхийн эрдэмтэн мэргэд "Даяаршихуй болбоос дотносон ойртохуйн утга" хэмээн нэгэн дуунаар баталж байна. Улс гүрнүүдийг үзэл суртлын хана хэрэм, эдийн засгийн хөгжлийн түвшингээр нь зааглан хуваадаг асан үе нэгэнт улирч, одоо соёл иргэншлээр нь бүлэглэн ангилах болжээ.
 
-"Бүс ба зам" санаачилгаас бид юу хожих вэ?
 
-Даяаршиж буй энэ үед бид хөрш орнуудтайгаа зэрэгцэн хөгжих нь чухал. Манай улс Торгоны болон Цайны замын эртний уламжлалтай орон. Хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улсын хувьд "Нэг бүс, нэг зам" бол том боломж. Энэ боломжийг ашиглах ёстой. Ингэхийн тулд хоёр орны интеграцид оролцох нь зайлшгүй юм. Гэхдээ "Нэг бүс, нэг зам" бол туйлын боловсронгуй сайхан зүйл гэж хэлэхгүй. Их гүрнүүдэд ашигтай, жижиг оронд ашиггүй байх сөрөг тал бий. Бид тэр бүхэнд тохирсон төрийн бодлого баримталбал, "Нэг бүс, нэг зам"-аас хожих нь гарцаагүй. Тиймээс улсынхаа зорилгыг тодорхойлоод, бодлоготой, тооцоотой оролцох нь чухал. Ялангуяа Хятад, Оросын хооронд байгуулж буй томоохон бүтээн байгуулалтад манай улс заавал оролцох шаардлагатай.
 
-Таагүй байсан Орос, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Ази, Европыг холбосон Орос, Хятадын стратегийн бодлого Монголоор дайрах юм бол юуны түрүүнд манай эдийн засаг сэргэхэд үр өгөөжтэй. Дагаад дэд бүтэц хөгжинө. Энэ том боломжууд манай улсыг дайралгүй даялаад өнгөрвөл бидэнд харамсалтай. Манайхны бодлого тодорхойлох, хэрэгжүулэх тогтолцоо Орос, Хятадын хурдыг гүйцэхгүй байна. Гэхдээ нэг хэсэг таагүй байсан Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа сайжрах нь манай улсад тустай. Гагцхүү бид зөв тоглолт хийх хэрэгтэй. Хятад улстай хаяа залгаа байгаа минь сайн. Бас сөрөг муу зүйл байна л даа. Тэр нь Хятад гүрэн ямар нэгэн байдлаар донсолж эхлэх юм бол манайх бас дагаад ганхана. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын эрх баригчид төрийн үйл ажиллагааны бүх түвшиндээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дээдэлж, монголчуудын сонголтыг хүндэтгэнэ гэсэн байр суурь илэрхийлдэг.
 
ӨНӨӨДРИЙН ХЯТАДУУД 1950, 60-ААД ОНЫХООС ӨӨР БОЛСОН
 
-Та бол Монголд ховорхон хятад судлаачийн нэг. Монгол, Хятадын харилцаа хурцадмал байх үед энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?
 
-Хоёр улсын харилцаа туйлын хүнд "мөсөн уул" шиг байсан 1970-аад онд би МУИС-ийн хятад хэлний ангийг төгссөн. Тухайн үед бид хүссэн мэргэжлээ тэр бүр сонгож чаддаггүй байлаа. Багшийн хэлснээр л явна. Би Чой. Лувсанжав багшийн тушаалаар хятад судлаач болсон доо. МУИС-ийн монгол хэл, уранзохиолын ангид суралцаж байхад минь Чой. Лувсанжав багш хятад хэлний ангид хуваарилсан юм. Тэгээд гуравдугаар курсээсээ хятад хэлний ангид шилжиж суралцаад монгол хэл, уранзохиол, хятад судлаач гэсэн хос мэргэжилтэй 1979 онд их сургуулиа төгссөн. Хоёр улсын харилцаа хөндийрч эхэлсэн 1950-аад оны үеэс Монгол Улсын их сургуулийн хятад хэлний ангийг хаасан юм билээ. Чой.Лувсанжав багш 1974 онд энэ ангийг дахин нээлгэж Монгол дахь хятад судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хятадын орчноос бурэн тасарсан, монгол багш нар хичээл заадаг, уншиж сонсох, дадлага хийх ном сурах бичиг, лингафон танхим байхгүй бид зөвхөн ханз үсгээ зурж цээжлэх аргаар л гурван жил сурч төгссөн. Би Монголдоо бэлтгэгдсэн хятад судлаач гэдгээрээ бахархдаг.
 
-Хятад судлалын талаар ярилцъя. Монгол Улс дахь хятад судлалын уламжлал, хөгжлийн талаар дурдана уу?
 
-Монгол Улс хятад судлалын олон зуун жилийн түүхтэй орон. XIII зуунаас эхлээд манайхан Хятадын ном судрыг авчран орчуулж, тэр нь өдий хүртэл хадгалагдан уламжилж ирсэн. Орчин үеийн хятад судлалд бол энэ улсын төрийн бодлого болон хоёр орны харилцаа, түүхийг судлах тал нь давамгайлж байна. Манай улсын хятад судлаачид ч хоёр орны харилцаа, түүх соёлыг олон талаас нь түлхүү судалж байна. Монгол, Хятад улс бол өнө мөнхийн хөршүүд. Тиймээс хөрш орныхоо иргэдийг зөв таньж мэдэх нь чухал. Ялангуяа Монгол Улсын тусгаар оршин тогтнох дархлаанд ийм мэдлэг нэн чухал. Хятад хүний сэтгэлгээний онцлог, дэлхий ертөнцийг үзэх үзэл нь ямар, ерөөс хүний мөн чанарыг юу гэж таньдаг улс вэ гэдгийг нь мэдчихвэл бидний харилцаанд зөв ойлголт тогтож эхлэх юм. Тийм ч учраас би "Бидний мэдэх хийгээд мэдэхгүй хятад орон: Сэтгэлгээ, соёл" нэртэй ном бичиж хэвлүүлсэн. МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс "Монголын хятад судлал" сэтгүүлийг эрхлэн хэвлүүлж, Монголын хятад судлаачдын бүтээлүүдийг олон нийтэд түгээж байна. Монголд Олон улс судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулиудад хятад судлалын тэнхим бий. Харин нэгдсэн гол бодлого байхгүй гэж хэлж болно. Үндсэндээ нэг дор зангиддаг төв цэг үгүйлэгдээд байна.
 
-Гэхдээ монголчуудын дунд энэ улсын талаар айдастай ойлголт бий. Таны бодлоор бид Хятадыг судлахдаа юуг нь орхиод байна вэ?
 
- Монгол Улсад харьцангуй бага судлагдсан салбар нь хятад хүн судлал гэж би судлаачийн хувьд дүгнэдэг. Хятад хүний сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маягийг судлах ажил их чухал гэж хувьдаа боддог юм. Хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хүн судлал хамгаас чухал. Өнөөдөр дэлхий даяар "Нэг бүс, нэг зам"-ын аварга том бүтээн байгуулалт өрнөж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын таван чухал зүйлийн нэг нь улс орон, иргэд хоорондын сэтгэл зүрхний холбоог улам бэхжүүлэх зорилго юм. Хятад хүний сэтгэлгээ, уламжлалт соёл ямар онцлогтой болох талаар бид тэр болгон нарийн мэддэггүй. Өнгөрсөн түүхээ бус ирээдүйгээ харж урагшлах хэрэгтэй. Бидний дунд санаатайгаар болон санамсаргүйгээр "Хятадын аюулд орлоо" гэсэн яриа гардаг. Энэ мэт яриаг нэр хүнд олж авах гэсэн хүмүүс ашиг хонжооныхоо хэрэглүүр болгож байна. Бид аливаа улс орны хөгжлийг зөв үнэлэх нь зүйтэй. Ялангуяа Хятад улсын төрийн бодлогыг зөв мэдрэх хэрэгтэй. Монголчууд бол төсөөллөө бодит мэт ярьдаг ард түмэн. Харин хятад хүн зөвхөн бодит төлөвлөгөө, тодорхой тоо ярьдгаараа ялгаатай. Ер нь хятад хүнийг таньж мэдэхэд туйлын бэрх. "Гадаадын хүн байтугай хятад хүн өөрийн үндэсний хүнтэйгээ өчнөөн ярилцаад ч дотоод сэтгэлийг нь нээж чаддаггүй" гэж Хятадын эрдэмтний бичсэн нь буй. Өнөөдрийн хятадууд 1950, 60-аад оныхоос өөр болсон. Хятад хүн гэхээр хөх хувцастай тариачин байсан цаг хэдийнэ өнгөрчээ. Хүн амын дийлэнх хувь нь газар тариалан эрхэлдэг ч шинэ зуунд хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байгаа том гүрэн. Уулын мод урттай богинотойн адил хятад хүний дунд ч сайн муу хосолж байгаа. Баян чинээлэг хүмүүс байхад өнөө маргаашаа яая гэж байгаа ядуу тариачид ч байна. Харин төрийн бодлого нь хүн төвтэй байдаг. Энэ бүгдийг бид судлах хэрэгтэй. Би Хятадын уламжлалт соёлоор нь дамжуулан хятад хүний сэтгэлгээний онцлогийг судалж байна.
 
-Хятад хүний сэтгэлгээний онцлогоос дурдвал?
 
-Хятадууд бусад угсаатнаас олон зүйлээрээ онцгойрдог. Нэгдүгээрт, аливаад цогцоор хандаж, сэтгэдэг. Хоёрдугаарт, ямар ч зүйлийг бүр нарийн утгаар нь ухаж ойлгож, аливааг бодитоор харж тусгадаг. Хийсвэрлэн сэтгэх сэтгэлгээ бага байдаг гэсэн үг. Гуравт, дотоод сэтгэл, оюун бодол нь учир битүүлэг бөгөөд шууд хараад таньж мэдэхэд төвөгтэй байдаг.
 
ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГОД ТӨВД ТЭМҮҮЛЭХ ХҮЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
 
-Бээжин хотноо саяхан болсон олон улсын номын яармагийн үеэр таны орчуулсан хэд хэдэн номын нээлт болсон. Хатуу хяналттай, тодорхой заалттай улсад номоо хэвлүүлэхэд амаргүй биз?
 
 -Чиндаогийн хэвлэлийн газраас миний орчуулсан Күнзийн "Шүүмжлэл өгүүлэл" номыг Хятад улсад хэвлэсэн. "Нэг бүс, нэг зам" санаачилгад нэгдсэн 65 оронд энэ номыг орчуулж хэвлэх төсөл хэрэгжиж байна. Номын ажлаар Чиндаогийн хэвлэлийн компанийн төлөөлөгчидтэй уулзахад "Хятад улс-Шинэ их аян" номыг монгол хэлнээ хөрвүүлэх хүсэлт тавьсан. Хятад улсаар аялсан Австралийн сэтгүүлчдийн тэмдэглэл, гэрэл зургийн бүтээлүүдээс бүрдсэн энэхүү номын монгол хэлээрх хувилбарыг Бээжингийн их сургуулийн монгол судлалын салбарыч эрдэмтэдтэй хамтран орчуулсан. Хятадын Улаан арми хүнд бэрх нөхцөлд 1934-1936 онд шилжилт, ухралт хийсэн түүхийг "Их аян" хэмээдэг Энэ уйл явдлын мөрөөр сэтгүүлчдийн баг аялж, тухайн орон нутагт өнөөдөр бүтээн байгуулалт хэрхэн өрнөж буйг өгүүлсэн ном юм. Бээжинд болж, 90 гаруй улсыг нэгтгэсэн номын яармагийн үеэр миний орчуулсан Күнзийн "Шүүмжлэл өгүүлэл", "Хятад улс-Шинэ их аян" номын нээлт болсон. Миний орчуулгын бүтээлуүдийг хэвлэх саналыг Хятадын тал тавьдаг. Ер нь Хятад улсад ном хэвлүүлэхэд амаргүй. Тусгай хяналтын хороогоор заавал хянуулдаг.
 
-Та мөн Ши Жиньпиний "Төр улсыг засах тухай өгүүлэх нь" номыг эх хэлнээ хөрвүүлсэн байх аа?
 
 -Бээжингийн гадаад хэлний хэвлэлийн газрын захиалгаар Ши Жиньпиний "Төр улсыг засах тухай өгүүлэх нь" номыг хоёр орчуулагчийн хамт эх хэлнээ хөрвүүлсэн. Энэ ном бол Хятадын гадаад, дотоод бодлогыг багтаасан бөгөөд Ши Жиньпиний бичсэн номын I боть юм. Дэлхийн 20 гаруй хэлнээ уг номыг орчуулсан байдаг.
 
-Хятад улсын дарга Ши Жиньпиний талаар дэлхийн хэвлэлүүд янз бүрээр л бичих юм. Хятад судлаачийн хувиар түүний бодлогыг тодорхойлж хэлбэл юу гэх вэ?
 
-Ши Жиньпин бол шинэ цаг үеийн шилдэг улстөрч болохоо батлан харуулсан. Хятад улсын өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилд хэрэгжүүлсэн бодлогыг Ши Жиньпин тууштай залгамжилж байна. Түүний нэр хүнд Хятад төдийгүй дэлхийн тавцанд өндөр байгаа юм. Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар ажиллаж эхэлснээс хойш энэ улсын хөгжлийн зам тодорхой болж, 200 жилийн зорилт дэвшүүлсэн.Үүнийг Хятад улсын мөрөөдөл гэж нэрлэсэн шүү дээ. Хятадын ард түмэн мөрөөдлөө биелуулэхийн төлөө зорилго тавин цуцалтгүй ажиллаж байна. Ши Жиньпиний хэрэгжүүлж буй томоохон бодлогууд дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тухайлбал, авлигын эсрэг аян. Тэрбээр хээл хахуулийн эсрэг урьд өмнө байгаагүй тэмцэл өрнүүлж, нийгэм зөв хөгжих эхлэлийг тавьсан.
 
-Ши Жиньпин тавьсан илтгэл, эгүүллэгтээ Монгол Улсын талаар баримтлах бодлогыг хэрхэн тусгасан байдаг вэ?
 
-БНХАУ хөрш орнууд, их гүрнүүд, Африкийн улсуудтай хэрхэн харилцах талаар Ши Жиньпиний  "Төр улсыг засах тухай өгүүлэх нь" номд нарийвчлан заасан. Үүнээс хөрш орнуудтай харилцах бодлого бүлэгт Монгол Улстай хэрхэн харилцах талаар тусгасан. Хятад улс баян, амгалан, найрамдалт хөрштэй байхыг эрмэлздэг. Хятад улс баян болбол хөрш орон нь чинээлэг болно гэсэн зарчим. Энэ бол Бээжингийн зүгээс хөрш орнууддаа явуулдаг бодлого юм. Тиймээс бид Ши Жиньпиний номыг сайтар судлах шаардлагатай. Тоймлоод хэлбэл, хөрш орнууд маань бидэнтэй адил хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлэх ёстой гэж хятадууд үздэг. Манай улсыг бусад хөрш орон шигээ баян, хөгжилтэй, амгалан байгаасай гэж боддог.
 
-Барууны улс орнууд гадагшаа чиглэсэн бодлого баримталдаг бол Хятадын төрийн бодлого эсрэгээрээ байх шиг санагддаг?
 
-Энэ бол ернө, дорнын сэтгэлгээний ялгаа, түүний дотор хятад хүний сэтгэлгээний онцлогтой холбоотой. Цөөн үгээр тайлбарлавал, өрнө дахины сэтгэлгээ ямагт гадагшаа чиглэсэн, төвөөс зугатах хүч үйлчилж байдаг. Харин хятад хүний сэтгэлгээ нь ямагт дотогшоо хандсан, төвд тэмoүлэх хүчний нөлөөнд оршдог. Европчууд гадагшаа чиглэсэн бичигтэй, гар сунган мэндчилдэг бол хятад хүний мэндчилгээ, ханз үсгийг хумиж зурдаг. Өрнийн хүн нэг зорилго тавиад шууд хүрдэг бол хятад хүн зорилгодоо алгуур тойруу замаар дөхдөг. Ер нь хятад судлал өнөөдөр дэлхий нийтэд хүчээ аваад байна.
 
- Хятад ном зохиолыг эх хэлнээ орчуулахад хугацаа шаарддаг байх. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
 
-Хятад ном орчуулах нь тийм ч амархан зүйл биш. Маш их цаг хугацаа, судалгаа шаарддаг. Би Күнзийн дөрвөн номоос гурвыг нь орчуулахад бараг хориод жил зарцуулсан. Ийм номыг хайнга орчуулж болдоггүй болохоор хятад эрдэмтэдтэй уулзах, мэргэжил нэгтнүүдээсээ туршлага судлах зүйл маш чухал байдаг. Күнзийн суртлын дөрвөн ном бий. Би Монгол Улсын судлаачдад зориулж Күнзийн "Шүүмжлэл өгүүлэл", "Ёс суртахуун", "Тив дундын ёсон" гэсэн гурван номыг орчуулж гаргасан. Одоо Мэнзийн сургаалыг орчуулж байна. Хэдийгээр Мэнз цаг хугацааны хувьд Күнзээс алслалтай ч түүний сургаалыг шууд өвлөсөн хүн. Монголын уншигчид Күнз гэдэг нэрийг маш сайн мэддэг. Эртний уламжлалт ном бичигт маш их тэмдэглэгдэж ирсэн боловч яг ингэж Күнзийн сургаалыг иж бүрнээр нь орчуулж гаргасан нь үгүй. Тиймээс яг Күнз гэж хэн бэ, Күнзийн сургаал, хятад уламжлалт соёл гэж юу юм бэ гэдгийг хүмүүст таниулах нь чухал гэж боддог.
 
-Таны бүтээлийг үнэлж Хятад улсын Засгийн газраас томоохон шагнал олгосон гэж дуулсан. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
 
-Хятад улсын Засгийн газрын хэмжээний "Хятадын ном зохиолд онцгой хувь нэмэр оруулсны төлөө" шагналыг 2015 онд хүртсэн.
 
-Хятадын 56 үндэстний нэгд монгол угсаатан багтдаг. Тиймээс Хятад дахь монгол судлал ямар түвшинд байна вэ?
 
-Хятад олон сая хүнтэй, том гүрэн. Монгол Улсыг хамгийн чухал хөршийн нэг гэж үздэг. Тэр утгаараа Монголын зохиолчдын зохиол бүтээлээс орчуулж хэвлэсэн нь бий. Манай Ц.Дамдинсoрэн, Б.Ринчен, Д.Нацагдорж тэргүүтэй эрдэмтэн зохиолчдын бүтээлээс орчуулсан байдаг. Мөн орчин үеийн зохиолчдын бүтээлийг монгол бичгээр Өвөрмонголд түгээмэл хэвлүүлэх болсон.
 
ХЯТАДЫН УДИРДАГЧИД КҮНЗИЙН СУРГААЛААС ЭШ ТАТДАГ
 
-Күнзийн институтийг Монгол Улсад нээгээд 10 гаруй жилийг үджээ. Институтийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
 
-Манайх Монгол Улс дахь Күнзийн анхны институт гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын их сургуулийн дэргэдэх Күнзийн институтээ 2006 онд байгуулж байлаа. Тухайн үед олон нийт сөрөг хандлагатай хүлээн авсан. МУИС-ийн Күнзийн институт нь Күнзийн сургаал номлолыг судлах, түгээх зорилго байхгүй. Энэ бол Күнзийн нэрээр нэрлэсэн сургалт, судалгаа, солилцооны төв юм. Хятад хэлний сургалт, хятад судлалын ажил эрхэлж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хятад улсыг дэлхий ертөнцөд төлөөлж чадах цорын ганц хүн нь Күнз гэж үздэг учраас ийнхүү нэрлэсэн. Дэлхий дахинаа ийм жишиг олон бий. Жишээлбэл, Орост А.Пушкиний, Германд Гетёгийн, Энэтхэгт Индра Гандийн институт бий. Ер нь хятад судлалын ажлын гол чиглэл нь Күнз судлал гэж хэлж болно. Күнз судлал манай улсад төдийлөн хүчтэй хөгжөөгүй, одооноос л судалж ном, сурах бичиг орчуулж хэвлэж, ярьж бичиж эхэлж байна. Күнзийн институтын төв нь Бээжинд байдаг. Бид хэл судлалаас гадна Хятадын уламжлалт соёл, ололт амжилт, өв уламжлалаас танилцуулах, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 140 улсад Күнзийн 510 институт үйл ажиллагаа эрхэлж байна. Манайх хятад хэлний дипломын бус сургалт явуулах, хятад судлалын ажил эрхлэх, хоёр орны хүүхэд залуучуудын дунд соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр ажилладаг.
 
-Тэгэхээр хятад судлалын түлхүүр нь Күнз байх нь ээ?
 
-Хятад хүний ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, соёл, амьдралын хэв маяг, ажил төрөл, ахуй амьдрал, хүнтэй харилцах харилцаа, хандлага, ахуй амьдралдаа баримталдаг , ёс суртахууны зарчим бүхэн Күнзийн сургаалтай холбоотой, түүнээс үүдэлтэй байдаг. Тийм учраас хятад хүнийг сайтар таньж мэдэх, амьдралын гүн ухааныг ухаж ойлгохын тулд Күнзийн сургаалыг судлах, мэдэх шаардлагатай. Чухам энэ үүднээс өнөөдөр дэлхий ертөнц, өрнө, дорно дахин Күнзийн сургаалыг цоо шинээр маш өргөн хүрээтэй судалж байна. Хятад улсын төрийн гадаад, дотоод бодлого чиглэл ихэнхдээ Күнзийн сургаалд суурилдаг. Хятадын удирдагчид нэр хүндтэй хурлын индэр, илтгэлдээ түүний сургаалыг олонтаа дурдсан байдаг. НҮБ-ын 60 жилийн ойн нэгдсэн хуралдаан дээр Ху Жинтао илтгэл тавьж, үг хэлэхдээ "Манай улсын төрийн гадаад бодлого эртний сэтгэгч Күнзийн сургаал дээр үндэслэсэн" хэмээсэн. Тухайлбал, Хятад улсын дэвшүүлсэн "Зохиролт дэлхий ертөнц"-ийн тухай буюу дэлхийн улс гүрнүүд эв найртай зэрэгцэн оршиж, өөрийн сонгосон замаар замнан, олон соёл иргэншил эе зохистой харилцан хүртээлтэй оршиж, мөргөлдөж тэрсэлдэх бус, харин зохирч нийцэж байх тухай үзэл онол нь чухамдаа Күнзийн сургаалаас эх улбаатай юм. Күнзийн сургаалыг "Хүмүүн болохуйн ухааны сургаал" хэмээн нэрлэх бөгөөд эш сургаал нь өршөөл энэрэл, элбэрэл хайр, тахимдуу ёсон, ёслол, журам, итгэл, хэв дундыг сахихуй, ёс суртахуйг эрхэмлэхүй, засаглахуй, зохирохуй зэрэг олон талыг өвч багтаасан байдаг. 
 
-Хятадын төдийгүй Япон, БНСУ-ын хөгжилд Күнзийн сургаал чамгүй нөлөөлсөн мэт санагддаг?
 
-Япон, БНСУ, Вьетнам улс Күнзийн соёлын хүрээнд багтдаг. Ялангуяа Япон, Өмнөд Солонгосын нийгэм төдийгүй угсаатны сэтгэлгээнд Күнзийн суртал нэвт шингэсэн байна. Дорнын соёл, сэтгэлгээний түүхэнд Күнзийн оруулсан хувь нэмэр их. Тэр их өв хөмрөгийн дотор түүхийн нугачаанд улам тодорч гийсэн, дурдваас зохилтой хоёр чухал зарчим байдаг нь "Өгөөмөр шударгуу" ба "Өршөөл уучлал" ажээ. Күнз "Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэюү, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгоюу, өөрийн биеэр үлгэрлэн, ойр адил болгоюу" хэмээн сургасныг "өгөөмөр шударгуу ёс"-ны сургаал хэмээдэг.
Эдүгээ БНХАУ-ын дэвшүүлээд байгаа "Нэг бүс, нэг зам" хэмээх стратегийн асар том үзэл баримтлал нь чухамдаа Күнзийн дээр өгүүлсэн сургаал номлолоос эх улбаатай. Тэрхүү сургаал номлолын бодитой биелэл мөн хэмээн судлаачид тэмдэглэж байна. Күнз "Бусад лугаа санаа зохирон найрамдах агаад сохроор эс дагалдахуйн" үзлийг анх түрүү номлож, "Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун" хэмээн сургасныг "Өршөөл уучлалын ёс"-ны сургаал хэмээнэ. Күнзийн энэхүү эш номлолыг БНХАУ-ын дэвшүүлсэн "Зохиролт дэлхий ертөнц"-ийн үзэл баримтлалын соёл сэтгэлгээний эх үндэс гэж үздэг. Орчлон ертөнц дээр олон соёл тэрсэж бус, зохирч оршихуй нь энэ үзэл баримтлалын үндэс юм. 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин